Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01558

 

О.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШШ2017/00180 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1654 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч О.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.П-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 17 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.П-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч Б.Пүрэвтогтоо, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний талийгаач нөхөр Ж.Баатаржав Б.П-гоос 57-31 УНЗ улсын дугаартай автомашиныг 30 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 14 930 000 төгрөгийг бэлнээр болон дансаар, Тоёота королла автомашиныг 5 000 000 төгрөгт, Мицубуши пажеро маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт тооцож, нийт 27 930 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө цувуулаад өгье гэж Б.П-той тохирсон. Гэтэл 2016 оны 12 дугаар сард шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг автомашиныг хурааж авсан бөгөөд Б.П-гийн өөрийнх нь буруутай үйлдлээс уг автомашин хураагдаж, бид эзэмших эрхгүй болсон тул автомашины үнэд өгсөн мөнгөө буцааж авъя гэж шаардсан. Бид бэлнээр болон дансаар өгсөн 9 930 000 төгрөгийг Тоёото королла автомашиныг өөрийнх нь зөвшөөрөөд байгаа үнэ буюу 3 000 000 төгрөгөөр, Мицубиши пажеро маркийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр тооцоод 27 930 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 17 930 000 төгрөг болгож байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2014 оны 04 дүгээр сард иргэн Баатаржав, эхнэр О.Э-ын хамт ирж миний мөнгөний барьцаанд авсан 57-31 УНЗ автомашинаар “Жилийн мандал” ХХК-д ажил хиймээр байна. Ах нь “өөрийн гэсэн машинтай болмоор байна. Сардаа 9 000 000 төгрөгний түрээсэнд явах ажил байна. 6 000 000 төгрөгийн ашиг олно түүнийгээ хувааж авъя, 11 сард машины үнэ болох 35 000 000 төгрөгнөөс 18 000 000 төгрөгийг төлье, урьдчилгаа 9 000 000 төгрөг өгье, үлдсэн төлбөрийг дараа өгнө” гэж тохироод 7 830 000 төгрөгийг дансаар, бэлнээр 1 000 000 төгрөг өгсөн. 2014 оны зун ажил нь эхлээгүй, 7 дугаар сард Тоёота кролла машиныг 3 000 000 төгрөгөөр тооцож өгсөн. 2 сар унаад Баатаржав, О.Э- эгч бид 3 ченжид 1 900 000 төгрөгөөр зарж, мөнгийг би авсан. 2015 оны 01 дүгээр сард би ямар ч унаагүй байсан учраас Баатаржав ахын санал болгосноор 6 000 000 төгрөгт тооцож Пажеро машин аваад 500 000 төгрөгөөр засвар хийсэн. Тэгж байтал Баатаржав ах нас барж, О.Э- эгч надтай уулзаад Пажеро машиныг завсар хийсэн мөнгийг хасаад 5 500 000 төгрөгөөр тооцохоор, машины үнийг 30 000 000 болгож өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Баатаржав, О.Э- нарт өгсөн автомашин И.Ганчимэгийн нэр дээр байсан. И.Ганчимэг 10 000 000 төгрөг өгөөд нэрээ шилжүүлж ав авахгүй бол машинаа авна гэж хэлсэн. Үүнийг О.Э- эгчид дамжуулж хэлсэн. 2016 оны 08 дугаар сард И.Ганчимэг бид хоёрын асуудал шүүхээр орж, 15 000 000 төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулсан. О.Э- эгч мөнгөө өгөхгүй байсаар байгаад шийдвэр гүйцэтгэл автомашиныг хурааж авсан. Одоо шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас 17 830 000 төгрөг авсан гэдгийг зөвшөөрч байгаа. Баатаржав, О.Э- бид гурав ашигаа хуваана гэсэн учраас “Жи Энд Юу Голд” ХХК-д ажил хийгээд 16 000 000 төгрөгийг дүү нь авсан байсан. Үүний тал хувийг надад өгөх ёстой. Тэр мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг надад өгнө гэж тооцоод миний зөвшөөрөөд байгаа 17 830 000 төгрөгнөөс хасч тооцооч гэж Б.Баярмаагаас гуйж байгаа. Энэ нөхцлөөр эвлэрэх боломжгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШШ2017/00180 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар хариуцагч Б.П-гоос 17 930 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 62 600 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Б.П-гоос 247 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1654 дүгээр магадлалаар Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШШ2017/00180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “493 дугаар зүйлийн 493.2, 495 дугаар зүйлийн 495.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 149 800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Ж.Баатаржав, О.Э- нар 2014 онд миний мэдэлд байсан 57-31 УНЗ ачааны машинаар ажил хийж ашигаа хуваая гэж надтай тохирсон юм. Тэд энэ машиныг авч яваад ажил хийж ашиг орлого олж байсан. Ж.Баатаржавыг нас барсаны дараа түүний эхнэр О.Э- 2015 онд 57-31 УНЗ машинаар Баянхонгор аймагт “Жи энд Юу Голд” ХХК-ийн алтны уурхайд ажил хийж 16 000 000 төгрөгний ашиг олсон боловч надад хувь өгөөгүй юм. Би О.Э-аас 16 000 000 төгрөгний хагасыг буюу 8 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

О.Э- миний мэдлийн 57-31 УНЗ машиныг 1,5 жил хэрэглэж хамгийн багадаа 16 000 000 төгрөгний ашиг олчихоод надаас 17 000 000 төгрөг авахаар шүүхийн шийдвэр гаргуулсан нь аман хэлцлээс мөнгөгүй үлдэж байгаа миний эрх ашгийг хөндөж байна. Миний бие хангагдсан мөнгөн дүнгээс 8 000 000 төгрөгийг авах ёстой гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч О.Э- нь хариуцагч Б.П-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагаврыг буюу төлбөрт төлсөн мөнгөө буцаан авах талаар шаардлага гаргаж, 17 930 000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч Б.П- нь нэхэмжлэлийг татгалзаж, гэрээний зүйл болох автомашиныг ашиглаж олсон орлогын тал хувийг буюу 8 сая төгрөгийг шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2., 495 дугаар зүйлийн 495.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч О.Э- нь талийгаач нөхөр Ж.Баатаржавыг хариуцагч Б.П-гоос автомашин худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч төлбөрийн зарим хэсгийг төлсөн боловч гэрээний зүйл өөр этгээдийн эд хөрөнгө болох нь тогтоогдож, автомашиныг эзэн нь авсан учир гэрээний харилцааг дуусгавар болсон гэж үзэж, Ж.Баатаржавын төлсөн төлбөрийг хариуцагч Б.П-гоос шаардсан байна. Хариуцагч Б.П- нь талийгаач Ж.Баатаржавтай худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй харин автомашиныг түрээсэлж, ашиг олох зорилгоор хамтран ажилласан гэж тайлбарласан байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах, түрээсийн, хамтран ажиллах гэрээний алин нь ч байгуулагдсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Ж.Баатаржав болон хариуцагч Б.П- нарын хоорондох гэрээний харилцаа дуусгавар болсон, хариуцагч Б.П- нь гэрээний зүйл болох автомашиныг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх эрхгүй этгээд байсан, Ж.Баатаржаваас 17 000 000 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Талуудын хооронд хамтран ажиллах, эсхүл түрээсийн гэрээний харилцаа байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, улмаар хариуцагчид түрээсийн, эсхүл ашиг орлогын төлбөр төлөгдөх учиртай гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй нөхцөлд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад тулгуурлан шаардлагын эрх зүйн үндэслэлийг худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсаны эрх зүйн үр дагавар гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөх, түүнчлэн, хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх тухай Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2., 495 дугаар зүйлийн 495.1.-д заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.   

Харин хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1654 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН