Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 143

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

хохирогч М.Роза,

шүүгдэгч Б.Охиндоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Баянгол овогт Батхүүгийн Охиндоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000000106 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс захчин, дээд боловсролтой, кадастр геодизи мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 45-9 тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн, регистрийн УД92053117 дугаартай, Баянгол овогт Батхүүгийн Охиндоо нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хороо 47-р байрны 1  давхрын 16 тоотод М.Розаг казак гэж доромжлон, хамар, нүд, толгой руу цохих, үстэх зэргээр зодож биед нь тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун дээд доод зовхи, хүзүү чихний дэлбээнд цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Охиндоо нь Налайх дүүргийн 2 дугаар хороо 47-р байрны 1  давхрын 16 тоот гэртээ М.Роза, Ж.Отгонбаатар, С.Сийлэгмаа, К.Жулдиз нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 02 цагийн орчим К.Жулдизийг янхан гэж хэлэхэд нь болиоч гэж хэллээ гэх шалтгаанаар М.Розаг зодсон үйл явдал болсон байна.

        Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Охиндоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Розагийн өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би хоёр найзын хамт Улаанбаатар хотоос Налайхад ирсэн. Манай найз охин Охиндоотой үерхдэг учир уулзахаар гэрт нь орсон. Тэгээд бид хэд “М” шөнийн клуб орж хэдэн пиво уусан. Клубээс гарч Охиндоогийн гэрт буцаж очоод Отгонбаяр унтаад өгсөн, би 00 орж бие засаад ирэхэд Охиндоо манай хоёр найзыг хэл амаар нэлээн доромжилсон сууж байхаар нь би нэлээн тэвчсэн. Сүүлдээ тэвчээр алдарч “болиоч” гэж хэлэхэд намайг хүртэл хэл амаар доромжилж, гэнэт над руу аяга шидсэн. Би аягыг буцааж шидсэн боловч оноогүй. Гэтэл Охиндоо босч ирээд намайг цохиход хамраас цус гарсан. Би нүүрээ дараад сууж байхад үстэж чирээд миний нүүр үү дэвсэж, өшиглөсөн. Зодооныг салгасны дараа над руу дахиж дайраад байсан. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг болон улсын яллагч, өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Отгонбаярын өсгөн: “хүмүүс шуугилдаад байхаар нь босоод харсан чинь Роза нь доошоо суучихсан хамраас нь цус гарчихсан Охиндоотой маргалдаад байх шиг болохоор нь Охиндоог тэврээд хэрүүл маргаан хийгээд яахав одоо больцгоо гэрээс гаръя гээд бөөнөөрөө орцны гадна гарсан” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 08 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Сийлэгмаагийн өгсөн: “Охиндоо нь Роза руу дайрч хэл амаар доромжилж Розагийн хамар руу нэг цохисон түүний дараа нүд рүү дахиж нэг цохиж үснээс зулгааж газар унагаагаад толгой гэдэс руу өшиглөж зодсон” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч К.Жулдизийн өгсөн: “Охиндоо нь Роза руу дайрч хэл амаар доромжилж Розагийн хамарлуу нэг цохисон түүний дараа нүд рүү дахиж нэг цохиж үснээс зулгааж газар унагаагаад толгой гэдэс руу өшиглөж зодсон” мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/274 дүгээр:

1. М.Розагийн биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, хүзүү, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 18 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 39 дүгээр хуудас/

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 40-44 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Охиндоо нь Налайх дүүргийн 2 дугаар хороо 47-р байрны 1  давхрын 16 тоот гэртээ М.Роза, Ж.Отгонбаатар, С.Сийлэгмаа, К.Жулдиз нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа М.Розаг нүүр рүү цохих, үстэж унагаан толгой хэсэг рүү нь дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, хүзүү, зүүн чихний дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Охиндоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэвч шүүгдэгч Б.Охиндоо нь Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор: 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй үүрэг хүлээлгэсэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинээр санаатай үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан ба Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэснийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Охиндоо нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.                                                                                                  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т заасныг журамлан Б.Охиндоод Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэснийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

2. Шүүгдэгч Баянгол овогт Батхүүгийн Охиндоог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Охиндоод 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцэх 1 /нэг/ сар 20 /хорь/  хоногийн хорих ял дээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Охиндоод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Б.Охиндоо нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Охиндоод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ