Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01286

 

 

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01286

 

 

Б.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00449 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монь Ивээл ХХК-д холбогдох,

 

Олгогдоогүй цалинд 4 500 000 төгрөг, хамтран ажиллах гэрээний урамшуулал 40 630 400 төгрөг, нийт 45 130 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Орон сууц захиалгаар бариулах гэрээний үлдэгдэл төлбөрт 19 045 450 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Жавзмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Б.Мөнхбаатар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Монь-Ивээл ХХК-д борлуулалтын менежерээр ажилласан. Ажилласан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 640 000 төгрөг, 2 сарын 2 360 000 төгрөг, 3 сарын 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийн цалинг олгосон мэтээр нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн атлаа тухайн саруудын цалинг олгоогүй.

Тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2015 оны 02 дугаар сарын 29-ний өдөр одоогийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 3 хороо, С.Шаравын гудамж Ивээл хотхоны 41Б байрны 74.58 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 149 160 000 төгрөгөөр худалдаж авахаар тус компанитай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус компанитай Хамтран ажиллах гэрээ байгуулж, компанийн барьсан барилгыг борлуулж үйлчилгээний хөлсөнд Хан-Уул дүүргийн 3 хороо, С.Шаравын гудамж Ивээл хотхоны 41Б байрны 74,58 м.кв талбай бүхий 3 өрөө байрны нийт үнийн дүнгийн 40 хувийг хасах буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн урамшуулал олгохоор тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу ажил үүргээ гүйцэтгэж 41Б байрны 74.58 м.кв талбай бүхий 3 өрөө байрны нийт үнийн дүнгийн 40 хувийн урамшууллаар байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцсон боловч 20 000 000 төгрөгийг хасаад үлдэгдлийг хасаж тооцоогүй, өнөөдөр хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, урамшуулал 40 630 400 төгрөгийг гаргаж өгөхгүй байна. Иймд Монь-Ивээл ХХК-иас гэрээний дагуу нийт 45 130 400 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Миний бие хөдөлмөрийн болон хамтран ажиллах гэрээний үүргээ гүйцэтгэсэн боловч 41Б байрны 74.58 м.кв талбай бүхий 3 өрөө байрны нийт үнийн дүнгийн 40 хувийн урамшууллаар байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцсон тохиролцооноос 20 000 000 төгрөгийг хасаад үлдэгдлийг хасаж тооцоогүй, өнөөдөр хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа үлдэгдэл төлбөр 12 696 967 төгрөг, алданги 6 348 483 төгрөг нийт 19 045 451 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхбаатарын нэхэмжилсэн 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь огт үндэслэлгүй. Б.Мөнхбаатар нь 2015 оны 9 дүгээр сараас хойш орон сууцны борлуулалт хийгээгүй тул цаашид тогтмол ажиллуулах шаардлагагүй гэж үзэн 2016 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлсөн. 2016 оны 1 дүгээр сард 8 хоног ажилласан бөгөөд ажилласан хугацааны цалин болох нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг хассан дүн 492 302 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрөөс суутган тооцсон.

2016 оны 2, 3 дугаар сарын цалингийн хувьд Б.Мөнхбаатар нь компаниас худалдан авсан байрны үлдэгдэл төлбөр болох 99 160 000 төгрөгт Хаан банкны 8 хувийн ипотекийн зээлд хамрагдан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 15/430 тоот дугаартай шийдвэр авчирч өгсөн боловч мөнгө нь орж ирээгүй байсан тул мөнгө орж ирэх хугацаа хүртэл ажилгүй болж болохгүй, иймд нийгмийн даатгалын дэвтрийг тасалдуулахгүйгээр төлж туслаач хэмээн ерөнхий захирал Г.Баяраатай уулзан зөвшөөрүүлж харилцан тохиролцсон. Түүний 2, 3 дугаар сарын тооцсон цалингийн өмнөөс нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар 1 138 600 төгрөг, борлуулалтын 94005866 тоот утасны 1, 2, 3 дугаар сарын төлбөр 84 569 төгрөг нийт 1 190 071 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баатар дулаан хан ХХК-д төлөх төлбөрөөс суутган тооцсон.

Б.Мөнхбаатар нь хамтран ажиллах гэрээний дагуу урамшуулал 40 630 400 төгрөг нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй. Учир нь Монь-Ивээл ХХК нь Б.Мөнхбаатартай 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцны борлуулалтын хувиар урамшуулал олгох тухай хамтран ажиллах 01 тоот гэрээг байгуулан ажилласан. Уг гэрээнд 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаанд 150 орон сууц борлуулах ба 135-150 орон сууц борлуулсан тохиолдолд өөрийнхөө хувьдаа худалдан авч буй 41Б байрны 1102 тоот орон сууцны нийт төлбөр болох 164 076 000 төгрөгийн 40 хувь болох 65 630 400 төгрөгийг урамшууллаар тооцохоор гэрээндээ заасан. Гэрээнд зааснаар 1 орон сууцны борлуулалтын урамшуулал 437 536 төгрөг байна.

Манай компани гэрээнд заасан хугацааны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 31-ний хооронд 41Б байрнаас 26, 41В байрнаас 23 нийт 49 орон сууц борлуулсан ба үүнээс 41Б байрнаас 3, 41В байрнаас 2 орон сууцны гэрээ цуцлагдсан байдаг боловч компанийн зүгээс цуцлагдсан гэрээг үл харгалзан 49 орон сууц борлуулснаар тооцон гэрээний нөхцлийн дагуу борлуулалтын урамшууллыг бүрэн бодож 21 479 040 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.Мөнхбаатарын худалдан авсан орон сууцны нийт төлбөрөөс суутган тооцсон. 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр компанийн ерөнхий захирлын баталсан журмын дагуу Б.Мөнхбаатарт дараах урамшууллыг олгосон байдаг. Уг журамд борлуулсан орон сууцны талбайн хэмжээнээс харгалзан урамшуулал олгохоор заасан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3 байрны борлуулалтын урамшуулал 2 132 999 төгрөгийг бэлнээр олгож 1 519 199 төгрөгийг Б.Мөнхбаатарын худалдан авсан орон сууцны нийт төлбөрөөс суутган тооцсон. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1 байрны борлуулалтын урамшуулалд 517 370 төгрөгийг бэлнээр олгож 289 685 төгрөгийг мөн орон сууцны төлбөрөөс нь суутган тооцсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.Мөнхбаатар нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай компанитай В55/1102 дугаартай орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Манай компани гэрээний үүргээ биелүүлж Б.Мөнхбаатарын захиалсан орон сууцыг хүлээлгэн өгсөн, улмаар Хаан банкны зээлэнд хамрагдан орон сууцаа авч, одоо орон сууцандаа амьдарч байгаа. Б.Мөнхбаатар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний 3.2-т заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б.Мөнхбаатартай тооцоо нийлэхэд төлбөрөө 2017 оны 01 дүгээр сард багтаан бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч энэ үүргээ мөн биелүүлээгүй. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт үлдэгдэл 12 696 967 төгрөг, алданги 6 348 483 төгрөг, нийт 19 045 451 төгрөгийг Б.Мөнхбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 129.1 дэх хэсэгт зааснаар олгогдоогүй цалин 4 500 000 төгрөг, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар урамшуулал 40 630 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхбаатараас 12 696 967 төгрөгийг гаргуулж, хариуцагч Монь-Ивээл ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6 348 483 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 650 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 253 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 218 101 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаандаа гараагүй нь нэхэмжлэгчийг цаг хугацааны хувьд хохироосон.

Б.Мөнхбаатарыг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монь Ивээл ХХК-ийн борлуулатын менежерийн албан тушаалаас чөлөөлж, 2016 оны 1, 2, 3 саруудын алжын хөлс нийт 4 500 000 төгрөгийг орон сууцны төлбөрт суутгахаар тохиролцон баталгаа хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдаг. Уг тохиролцооны дагуу хариуцагч нь дээрх орон сууцны үлдэгдэл төлбөрөөс 1 сарын цалин 640 000 төгрөгөөс 492 302 төгрөгйг орон сууцны үлдэгдэл төлбөрөөс хасч тооцсон болохоо мэдүүлдэг, харин 1 сарын цалингийн зөрүүү 147 698 төгрөг, 2 сарын цалин 2 360 000 төгрөг, 3 сарын цалин 1 500 000 төгрөгийг суутгаагүй, олгох үндэслэлгүй болохоо нотлоогүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд цалин суутгах тохиролцоо баталгааг хэрхэн үгүйсгэж нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байгаа тухай ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй, мөн 216 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, шүүх ... хариуцагч 1, 2, 3 сарын цалинг олгохгүй гэж маргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан тайлбар, үүссэн нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтад хамааруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд Б.Мөнхбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэрээний 5.5.2-д бага борлуулсан тохиолдолд урамшууллын үнийн дүнгээс хувьчлан хасаж тооцож болно гэж заасан байхад шүүх хариуцагчийн үндэслэлгүй тайлбараар борлуулсан орон сууцны үнийн дүнгээр тооцож байгаа нь гэрээний заалттай зөрчилдөж байна.

Урамшууллыг 149 160 000 төгрөгийн үнийн дүнгийн хувьд 40 хувь буюу 63 630 400 төгрөг гэж гэрээгээр тохиролцсон. Харин шүүх хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг буруулан тооцож дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхбаатар нь хариуцагч Монь-Ивээл ХХК-нд холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин 4 500 000 төгрөг, хамтран ажиллах гэрээний урамшуулал 40 630 400 төгрөг, нийт 45 130 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөрт 12 696 967 төгрөг, алданги 6 348 483 төгрөг, нийт 19 045 450 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Б.Мөнхбаатар нь Монь Ивээл ХХК-нд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаанд талууд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 01 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдахдаа нэхэмжлэгч Б.Мөнхбаатараар маркетингийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийг хийлгэхээр харилцан тохиролцсон үйл баримтын талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны 1, 2, 3 сарын цалин болон хамтран ажиллах гэрээний урамшуулал нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Монь-Ивээл ХХК-ийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 тоот тушаалаар Б.Мөнхбаатар нь тус компанийн борлуулалтын менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, тус компанийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 оны 1 сард 8 хоног л ажилласан тул 1, 2, 3 сарын цалин олгох үндэслэлгүй гэж маргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цуцласан болох нь тус компанийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4 тоот тушаалаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь ажилласан хугацааны цалинг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсан тушаал авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор ажилласан хугацааны цалинг шаардаж шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж 2016 оны 1, 2, 3 сарын цалин нийт 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний ажилтан Б.Мөнхбаатар нь 9 сарын хугацаанд 150 ширхэг орон сууцыг борлуулах, Монь-Ивээл ХХК нь 3 өрөө орон сууцны нийт үнийн дүнгийн 40 хувийг хасах буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн урамшууллыг олгохоор, 150 орон сууцны 90 хувь буюу 135 байр борлуулснаар урамшууллыг авах, 145 байрнаас бага борлуулсан тохиолдолд урамшууллын үнийн дүнгээс хувьчлан хасаж тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн гэж, хариуцагч нь ажилтны худалдан борлуулсан 49 орон сууцны урамшууллыг тооцож 21 479 040 төгрөгийг олгосон гэж талууд маргажээ.

 

Хамтран ажиллах гэрээнд заасан Ивээл хотхон 41 В, С байрны нийт 150 орон сууц худалдан борлуулахаас нэхэмжлэгч нь 49 орон сууц худалдан борлуулсан болох нь Монь Ивээл ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан орон сууцны борлуулалтад олгох урамшууллын журмыг баримталж, Б.Мөнхбаатарын борлуулалтын мэдээ тайлангаар тогтоогдсон бөгөөд гэрээний 2.5.2-т зааснаар урамшууллын үнийн дүнгээс хувьчлан тооцсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн урамшуулалд дутуу олгогдсон 40 630 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Мөн зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, Ивээл орон сууцны хотхоны 41Б байрны 11 давхарын 1102 тоот 74,58 хэмжээтэй м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, орон сууцыг шилжүүлсэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

 

Талууд орон сууны үнийг 149 160 000 төгрөг болох талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь Хаан банк ХХК-иас зээл авч 99 160 000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон ба хариуцагч талаас Б.Мөнхбаатар нь нийт 15 823 993 төгрөг төлсөн гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар үнэлж, хамтран ажиллах гэрээний урамшуулал 21 479 040 төгрөгийг тус тус орон сууцны үнээс хасч тооцон, нэхэмжлэгчээс орон сууцны үлдэгдэл үнэ болох 12 696 967 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн талууд гэрээний 7.2 дахь хэсэгт захиалагч нь 4.1-т заасан төлбөр төлөх хугацааг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч утсаар болон бичгээр сануулах ба сануулга авснаас хойш 7 хоногийн дотор төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн талаар сануулга өгч байсан гэсэн боловч нэхэмжлэгч нь энэ талаар сануулга утсаар болон бичгээр өгч байгаагүй, борлуулалтын орлогоос болон цалингаас орон сууцны үнийг тооцохоор тохирсон гэж маргаж байх тул хариуцагчийн нэхэмжлэгчээс алданги шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн нэрийг буруу бичсэнийг анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00449 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 383 650 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА