Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/00449

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/00449

Улаанбаатар хот

 

 

                    

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шаравын гудамж Ивээл хотхон, 41б байр, 1102 тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн Мөнхбаатарын /РД:МО84121131/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шаравын гудамж, Ивээл хотхон, 41б байрны 13 давхарт  байрлах “Монь-Ивээл” ХХК-д холбогдох

Олгогдоогүй цалинд 4 500 000 төгрөг, хамтран ажиллах гэрээний  урамшуулал 40 630 400 төгрөг, нийт 45 130 400 төгрөг гаргуулах,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шаравын гудамж, Ивээл хотхон, 41б байрны 13 давхарт  байрлах “Монь-Ивээл” ХХК-ийн,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шаравын гудамж Ивээл хотхон, 41б байр, 1102 тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн Мөнхбаатарт холбогдох

Орон сууц захиалгаар бариулах гэрээний үлдэгдэлд төлбөрт 19 045 450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Б.Мөнхбаатар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Монь-Ивээл ХХК-д борлуулалтын менежерээр ажилласан. Ажилласан хугацааны буюу 2016 оны 1 дүгээр сарын цалин 640 000 төгрөг, 2 сарын цалин 2 360 000 төгрөг, 3 сарын цалин 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийн цалинг олгосон мэтээр нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн атлаа тухайн саруудын цалинг олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлий 49.1 дэх заалтууд болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан цалин хөлс авах эрхийг зөрчсөн. Тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2015 оны 2 дугаар сарын 29-ний өдөр одоогийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 3 хороо, С.Шаравын гудамж Ивээл хотхоны 41Б байрны 74.58 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 149 160 000 төгрөгөөр худалдаж авахаар тус компанитай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус компанитай Хамтран ажиллах гэрээ байгуулж, компанийн барьсан барилгыг борлуулж үйлчилгээний хөлсөнд Хан-Уул дүүргийн 3 хороо, С.Шаравын гудамж Ивээл хотхоны 41Б байрны 74,58 м.кв талбай бүхий 3 өрөө байрны нийт үнийн дүнгийн 40 хувийг хасах буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн урамшуулал олгохоор тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу ажил үүргээ гүйцэтгэж 41Б байрны 74.58 м.кв талбай бүхий 3 өрөө байрны нийт үнийн дүнгийн 40 хувийн урамшууллаар байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцсон боловч 20 000 000 төгрөгийг хасаад үлдэгдлийг хасаж тооцоогүй, өнөөдөр хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, урамшуулал 40 630 400 төгрөгийг гаргаж өгөхгүй байна. Иймд Монь-Ивээл ХХК-иас гэрээний дагуу нийт 45 130 400 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б.Мөнхбаатар нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад хуульд заасны дагуу татгалзал, тайлбар гаргаж байна. Би 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд “Монь-Ивээл” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тодорхой нөхцөл болзолтойгоор ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2015 оны 2 дугаар сарын 29-ний өдөр одоогийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 3 хороо, С.Шаравын гудамж Ивээл хотхоны 41Б байрны 74.58 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 149 160 000 төгрөгөөр худалдаж авахаар тус компанитай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус компанитай Хамтран ажиллах гэрээ байгуулж, компанийн барьсан барилгыг борлуулж үйлчилгээний хөлсөнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамж Ивээл хотхоны 41Б байрны 74,58 м.кв талбай бүхий 3 өрөө байрны нийт үнийн дүнгийн 40 хувийг хасах буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн урамшуулал олгох 2 янзын тохиролцоог гэрээнд тусгасан. Энэхүү тохиролцооны дагуу миний бие ажил үүргээ гүйцэтгэсэн боловч 41Б байрны 74.58 м.кв талбай бүхий 3 өрөө байрны нийт үнийн дүнгийн 40 хувийн урамшууллаар байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцсон тохирооноос 20 000 000 төгрөгийг хасаад үлдэгдлийг хасаж тооцоогүй, өнөөдөр хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа үлдэгдэл төлбөр 12 696 967.70 төгрөг, алданги 6 348 483.85 төгрөг нийт 19 045 451. 55 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Б.Мөнхбаатар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд Монь Ивээл ХХК-нд борлуулалтын менежерээр ажиллаж байсан, гэтэл компаниас 2016 оны 1, 2, 3 сарын цалинг нь нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн боловч өгөөгүй. Цалинг байрны төлбөрт суутгасан гэж байгаа боловч энэ талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, энэ талаар тохиролцоо хийгээгүй. Бид хариуцагчийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахад л мэдсэн. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэхгүй. Мөн ажиллаж байх хугацаандаа байр авахаар болж 149 160 000 төгрөгний үнэ бүхий 3 өрөө байрыг худалдан авч, гэрээ байгуулсан. Уг байрны төлбөрийг ХААН банкнаас зээл авч урьдчилгааг нь төлсөн, үлдэгдэл төлбөрийг нь хамтран ажиллах гэрээнд заасан урамшууллаар төлөх байсан. Өөрөөр хэлбэл ажиллаж байх хугацаандаа 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар ажиллаж байх хугацаандаа байр борлуулсны урамшуулалд байрны үнээс 40 хувийг хасахаар болсон, тэгэхлээр 149 160 000 төгрөгний 60 630 000 төгрөгийг хасах байтал 20 000 000 төгрөгийг нь хасаад үлдэх 40 630 000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү. Учир нь нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээнд заасан үүргийг бүрэн гүйцэтгэж дууссан. Урамшуулал бодох журмыг мэдэхгүй, энэ талаар танилцуулж байгаагүй. Нэхэмжлэгч нь 150 байрыг болон түүнээс ч илүү 241 байрыг борлуулсан гэдэг. Тиймээс шаардах эрхтэй, мөн борлуулаагүй гэж хариуцагч зөвшөөрөхгүй байгаа бол нэхэмжлэгчийн бүх борлуулсан байрны талаарх баримтуудыг гаргуулах хүсэлтэй байна. Гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, мөн гэрээний 3.2.1-д гэрээг цуцласан бол гэрээнд заасан урамшууллыг бүрэн авах эрхтэй гэсэн байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь уг байрын төлбөрийг төлсөн, тиймээс зөвшөөрөхгүй гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Мөнхбаатарын нэхэмжилсэн 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь огт үндэслэлгүй. Б.Мөнхбаатар нь 2015 оны 9 дүгээр сараас хойш орон сууцны борлуулалт хийгээгүй тул цаашид тогтмол ажиллуулах шаардлагагүй гэж үзэн 2015 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлсөн. 2016 оны 1 дүгээр сард 8 хоног ажилласан бөгөөд ажилласан хугацааны цалин болох нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг хассан дүн 492 302 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрөөс суутган тооцсон. 2016 оны 2, 3 дугаар сарын цалингийн хувьд Б.Мөнхбаатар нь компаниас худалдан авсан байрны үлдэгдэл төлбөр болох 99,160,000.00 төгрөгт Хаан банкны 8 хувийн ипотекийн зээлд хамрагдан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 15/430 тоот дугаартай шийдвэр авчирч өгсөн боловч мөнгө нь орж ирээгүй байсан тул мөнгө орж ирэх хугацаа хүртэл ажилгүй болж болохгүй, иймд нийгмийн даатгалын дэвтрийг тасалдуулахгүйгээр төлж туслаач хэмээн ерөнхий захирал Г.Баяраатай уулзан зөвшөөрүүлж харилцан тохиролцсон. Түүний 2, 3 дугаар сарын тооцсон цалингийн өмнөөс нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар 1 138 600 төгрөг, борлуулалтын 94005866 тоот утасны 1, 2, 3 дугаар сарын төлбөр 84 569 төгрөг нийт 1 190 071 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баатар дулаан хан ХХК-д төлөх төлбөрөөс суутган тооцсон. Гэтэл одоо цалин өгөөгүй гэж байгаа нь байгууллагыг гүтгэн доромжилж байгаа үйлдэл болно.

Б.Мөнхбаатар нь хамтран ажиллах гэрээний дагуу урамшуулал 40.630.400 төгрөг нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй. Учир нь Монь-Ивээл ХХК нь Б.Мөнхбаатартай 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууцны борлуулалтын хувиар урамшуулал олгох тухай хамтран ажиллах №01 тоот гэрээг байгуулан ажилласан. Уг гэрээнд 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаанд 150 орон сууц борлуулах ба 135-150 орон сууц борлуулсан тохиолдолд өөрийнхөө хувьдаа худалдан авч буй 41Б байрны 1102 тоот орон сууцны нийт төлбөр болох 164,076,000 төгрөгийн 40 хувь болох 65 630 400 төгрөгийг урамшууллаар тооцохоор гэрээндээ заасан. Гэрээнд зааснаар 1 орон сууцны борлуулалтын урамшуулал 437 536 төгрөг байна. Манай компани гэрээнд заасан хугацааны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ны хооронд 41Б байрнаас 26, 41В байрнаас 23 нийт 49 орон сууц борлуулсан ба үүнээс 41Б байрнаас 3, 41В байрнаас 2 орон сууцны гэрээ цуцлагдсан байдаг боловч компанийн зүгээс цуцлагдсан гэрээг үл харгалзан 49 орон сууц борлуулснаар тооцон гэрээний нөхцлийн дагуу борлуулалтын урамшууллыг бүрэн бодож 21 479 040 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Мөнхбаатарын худалдан авсан орон сууцны нийт төлбөрөөс суутган тооцсон. 2015 оны 8 сарын 01-ний өдөр компанийн ерөнхий захирал ВАIҮILА-н баталсан журмын дагуу Б.Мөнхбаатарт дараах урамшууллыг олгосон байдаг. Уг журамд борлуулсан орон сууцны талбайн хэмжээнээс харгалзан урамшуулал олгохоор заасан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3 байрны борлуулалтын урамшуулал 2 132 999 төгрөгийг бэлнээр олгож 1 519 199 төгрөгийг Б.Мөнхбаатарын худалдан авсан орон сууцны нийт төлбөрөөс суутган тооцсон. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1 байрны борлуулалтын урамшуулалд 517 370 төгрөгийг бэлнээр олгож 289 685 төгрөгийг мөн орон сууцны төлбөрөөс нь суутган тооцсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.Мөнхбаатар нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай компанитай В55/1102 дугаартай гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамж, Ивээл хотхоны 41Б байрны 11 давхарт, 1102 тоотод байрлах 74.58 м.кв тайлбайтай 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Манай компани гэрээний үүргээ биелүүлж Б.Мөнхбаатарын захиалсан орон сууцыг хүлээлгэн өгсөн, улмаар ХААН банкны зээлэнд хамрагдан орон сууцаа авч, одоо орон сууцандаа амьдарч байгаа. Б.Мөнхбаатар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний 3.2-т заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.Мөнхбаатартай тооцоо нийлэхэд төлбөрөө 2017 оны 01 дүгээр сард багтаан бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч энэ үүргээ мөн биелүүлээгүй. Иймд Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт үлдэгдэл 12.696.967,70 төгрөг, алданги 6.348.483,85 төгрөг, нийт 19.045.451,55 төгрөгийг /19.045.450 болгон тэглэв/ Б.Мөнхбаатараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин олгоогүй гэсэн боловч 2016 оны 1 сард 8 хоног л ажилласан бөгөөд өөрөө банкны зээл гарах хүртлэх хугацаагаар гээд гуйгаад бичилт хийлгэсэн юм. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, өөрөө дэвшин ажиллах боллоо гээд л компаниас гарсан. 2014 оны 10 сарын 14-нөөс 2016 оны 3 сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд Монь Ивээл ХХК-нд борлуулалтын менежерээр ажиллаж байсан талаар маргахгүй. Ажиллах байх хугацаандаа хамтран ажиллах гэрээг байгуулсан нь үнэн. Хэрвээ компанид ажиллаж байгаагүй бол түүнтэй энэ гэрээг байгуулахгүй байсан. Нэхэмжлэгч нь гэрээний 2.5.1, 2.5.2, 3.2.1-д зааснаар урамшуулал нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Бид борлуулалтаас шалтгаалан 40 хүртлэх хувийг хасна гэж байгаа. Гэрээнд зааснаар 150 байрнаас 135 байрыг борлуулснаар 40 хувь авна, гэтэл нэхэмжлэгч нь 49 орон сууц борлуулсан учир 21 479 040 төгрөгийг хассан. Энэ талаар харилцан тохиролцсон, хүлээн зөвшөөрөөд урамшууллын мөнгийг авсан. Гэрээг байгуулахдаа урамшууллын талаар танилцуулсан. Хамтран ажиллах гэрээг 2015 оны 11 сарын 01-нд байгуулсан боловч түүний үүнээс өмнө ажиллаж байх хугацааны бүхий л хийсэн борлуулалтыг тооцоод урамшуулал олгосон. Мөн үүнээс хойш хийгдсэн борлуулалтад тооцогдох урамшууллыг түүний орон сууцны төлбөрөөс хасаад л тооцож байсан. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч гаргах, манайхаас гаргуулах эрх нь нээлттэй байсан. Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй, хэзээнээс хэдний хоорондох хэдэн байр борлуулсан эсэх нь ч тодорхойгүй хүсэлт гаргаж байгаа тул зөвшөөрөхгүй байна, хэргийн оролцогчид тэгш эрхтэй. Бид өөрсдийн зүгээс нэхэмжлэгчийн бүхий л борлуулсан байрны жагсаалтыг шүүхэд ирүүлсэн. Үүнийг танилцаад илүү дутуу байгаа талаар хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Мөн сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь компанид ажиллаж байхдаа байр худалдан авч гэрээ байгуулсан. Байрны төлбөрийг ХААН банкнаас 99 160 000 төгрөгний зээл гарч төлсөн. Үлдэгдэл 50 000 000 төгрөгний 21 479 040 төгрөгийг урамшууллаар төлсөн, үлдэх 15 823 993 төгрөгийг бид гэрээний хугацаа дууссан байсан ч борлуулсан байрнаас нь урамшуулалд тооцож хассан. Иймд үлдэгдэл төлбөр 12 696 967 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 6 348 483 төгрөг, нийт 19 045 450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                              

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхбаатар нь хариуцагч “Монь-Ивээл” ХХК-нд холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин 4 500 000 төгрөг, хамтран ажиллах гэрээний урамшуулал 40 630 400 төгрөг, нийт 45 130 400 төгрөг гаргуулах, хариуцагч “Монь-Ивээл” ХХК нь нэхэмжлэгч Б.Мөнхбаатарт холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөрт 12 696 967 төгрөг, алданги 6 348 483 төгрөг, нийт 19 045 450 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

           

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь “Мон-Ивээл” ХХК-нд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд борлуулалтын менежерээр ажиллаж байсан болох нь түүний №0462298 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээ, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4-5, 87-90-р хуудас/

            Мөн ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч Б.Мөнхбаатар нь хариуцагч “Монь-Ивээл” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №01 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хариуцагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдахдаа нэхэмжлэгч Б.Мөнхбаатараар маркетингийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийг хийлгэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 14-15-р хуудас/

            Нэхэмжлэгч нь борлуулалтын менежерээр ажиллаж байсан хугацааны цалин болох 2016 оны 1 сарын цалин 640 000 төгрөг, 2 сарын цалин 2 360 000 төгрөг, 3 сарын цалин 1 500 000 төгрөгийг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн боловч олгоогүй тул цалин гаргуулах, мөн хамтран ажиллах гэрээний дагуу олгогдох урамшуулал 40 630 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацааны цалинг олгосон, 2016 оны 1 сард 8 хоног л ажилласан, нийгмийн даатгалын дэвтэрт банкнаас зээл гарах хүртлэх хугацаанд бичилт хийсэн, мөн хамтран ажиллах гэрээг дүгнэж урамшуулалд 21 479 040 төгрөгийг олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

            Хэрэгт авагдсан “Монь-Ивээл” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №34 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.3-т зааснаар тус компанийн В, С блокын орон сууцны борлуулалт болон маркетинг зар сурталчилгааны асуудлыг бүрэн хариуцаж, БНХАУ-аас оруулж ирэх импортын бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах үүрэгтэйгээр Б.Мөнхбаатарыг борлуулалтын менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №4 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-д зааснаар тус компанийн В, С блокын борлуулалтын ажил зогсонги байгаатай холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хэргийн 18-19-р хуудас/

            Зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа борлуулалтын менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа маргаагүй болно.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 оны 1 сард 8 хоног л ажилласан тул 1, 2, 3 сарын цалин олгох үндэслэлгүй гэж маргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр цуцласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь ажилласан хугацааны цалинг шаардах эрхтэй байна .

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Мөнхбаатар нь ажилласан хугацааны цалин хөлсийг олгохгүй, эрх зөрчиж байгаа талаарх гомдлыг холбогдох байгууллагад гаргаагүй, энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаснаар буюу 2017 оны 11 сард мэдсэн гэж тайлбарласан боловч ажил олгогч нь ажилтанд цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно”, 60 дугаар зүйлийн 60.1-д “ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа тогтоосон өдөр олгоно” гэж зааснаар 2016 оны 1, 2, 3 сарын цалинг тогтоосон өдөртөө олгоогүй бол эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн, мэдэх ёстой байсан гэж үзэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй, 2016 оны 1, 2, 3 сарын цалин олгогдоогүй болох нь түүний шүүхэд ирүүлсэн ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн олгогдоогүй 2016 оны 1 сарын цалин 640 000 төгрөг, 2 сарын цалин 2 360 000 төгрөг, 3 сарын цалин 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. /хэргийн 6-13-р хуудас/

 

            Зохигч талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №01 тоот хамтран ажиллах гэрээний 2.3-д “ХУД-ийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамж, Ивээл хотхон 41В, С байрны нийт 150 ширхэг орон сууцыг борлуулахаар, гэрээнд заасан орон сууцнуудыг 9 сарын хугацаанд борлуулах /2015 он 07 сарыг дуустал/”, 2.5.1-д “үйлчилгээний хөлс Ивээл хотхоны 41Б байрны 11 давхарын 74,58 мкв В талбай бүхий 3 өрөө орон сууцны нийт үнийн дүнгийн 40 хувийг хасах буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн урамшууллыг олгох болно. /байрны нийт үнэ 164 076 000 төгрөгний 40 хувь болох 65 630 400 төгрөг байна/”, 5.5.2-д “гүйцэтгэгч 150 орон сууцны 90 хувь буюу 135 байр борлуулснаар 2.5.1-д заасан урамшууллыг авах бөгөөд 145 байрнаас бага борлуулсан тохиолдолд урамшууллын үнийн дүнгээс хувьчлан хасаж тооцох болно” гэжээ. /хэргийн 14-р хуудас/

            Зохигч талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан талаараа маргаагүй, борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа уг гэрээг байгуулж хөдөлмөрийн гэрээнд заасан борлуулалтын үр дүнгээс урамшуулал тооцохоор болсон гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэх, хариуцагч нь түүний ажлын үр дүнгээс урамшуулал тооцон олгохоор харилцан тохиролцсон байна гэж үзэв.

            Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан ажлын хөлс буюу урамшууллыг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргийг гүйцэтгэсэн бол ажлын хөлс буюу урамшууллыг олгох үүрэгтэй болно.

            Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлсэн, гэрээний 2.5.2-д зааснаар 150 орон сууцыг худалдан борлуулсан, мөн гэрээг хугацаанаас өмнө цуцласан тул гэрээний 3.2.1-д зааснаар урамшууллыг бүрэн авах эрх үүссэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн 49 орон сууц худалдан борлуулсан тул гэрээний 2.5.2-д зааснаар урамшууллын үнийн дүнг хувьчлан хасч тооцсон гэж мэтгэлцсэн.

            Хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан, гэрээний хугацаа 2016 оны 7 сард дуусна гэж, хариуцагч нь гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан, гэрээний хугацаа нь 2015 оны 7 сард дууссан гэж маргасан боловч гэрээний 2.5.1-д Ивээл хотхоны 41Б байрны 11 давхарын 74,58 мкв В талбай бүхий 3 өрөө орон сууцны нийт үнийн дүнгийн 40 хувийг хасах буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн урамшууллыг олгох болно. /байрны нийт үнэ 164 076 000 төгрөгний 40 хувь болох 65 630 400 төгрөг байна” гэсэн, хэрэгт авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээгээр уг хамтран ажиллах гэрээнд дурдсан Ивээл хотхоны 41Б байрны 11 давхарын 74,58 м.кв орон сууцыг худалдан авсан болох нь тогтоогдож байх тул хамтран ажиллах гэрээг 2014 онд байгуулсан буюу орон сууц захиалан бариулах гэрээнээс өмнө байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан, гэрээний хугацааг нэхэмжлэгчийн борлуулалтын менежерээр ажиллаж байх үеийн борлуулалтыг оруулахаар тооцсон гэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хэрэгт авагдсан 2015 оны 9 сарын 28-ны өдрийн “Мөнгө олгохыг хүссэн баримт”-аар орон сууцны боруулалтын хамтран ажиллах гэрээний дүгнэлт урамшуулал “урамшуулал-Бонус 2014.10.01-2015.7.31 хүртлэх хугацааны 21 479 040 төгрөг” гэсэн байх бөгөөд энэ нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №01 тоот хамтран ажиллах гэрээний урамшууллыг тооцсон талаар зохигч талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, мөн энэ гэрээнээс өөр урамшуулал тооцох талаар харилцан тохиролцсон хэлцэл хийгээгүй гэсэн болно. /хэргийн 43-р хуудас/

            Гэвч нэхэмжлэгч нь уг урамшуулал нь буруу тооцогдсон 150 байтугай 241 байр борлуулсан гэж маргасан боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41 В, С байрны 150 ширхэг орон сууцыг борлуулсан гэдгийг баримтаар нотлоогүй, хамтран ажиллах гэрээний 4.1.1-д “гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлын хөлсийг шаардах эрхтэй” боловч уг гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэдгийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

            Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 4.1.8-д “гүйцэтгэгч нь батлуулсан маркетингийн төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлын тайлангаа 7 хоногт нэг удаа тайлагнах үүрэгтэй” гэж зааснаар худалдан борлуулсан ажлын тайлангаа шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн хийгдсэн ажлын тайлан буюу борлуулсан орон сууцны талаарх тооцоолол, тайланг үнэн зөв гарсан эсэх талаар маргаагүй, уг тайлан тооцоололд хэдэн байр дутуу тусгагдсан эсэх талаар баримтаар нотлоогүй. 

            Мөн хамтран ажиллах гэрээний 3.2.1-д “гүйцэтгэгч талаас үл шалтгаалах нөхцлөөр гэрээг захиалагч талаас хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд гэрээний 2.5.1-т тусгасан урамшууллыг бүрэн авах үүрэгтэй” гэж заасан боловч хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан, хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаал нь үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэгч нь холбогдох газарт гомдол гаргаагүй байна.

            Хариуцагч нь борлуулалтын урамшууллыг “Монь-Ивээл” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан “Орон сууцны борлуулалтад олгох урамшууллын журам”-ыг баримталж, Б.Мөнхбаатарын борлуулалтын мэдээ тайланг үндэслэн /Ивээл хотхоны 41Б блокын 2014.11.09-2015.9.29 хүртэлх 27 ширхэг, 41В блокын 2014.11.04-2015.8.10 хүртэл 22 ширхэг/ урамшууллыг тооцож гаргасан 21 479 040 төгрөг олгосон нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь уг журамтай танилцаагүй гэсэн боловч хамтран ажиллах гэрээний 2.5.2-д 145 байрнаас бага борлуулсан тохиолдолд урамшууллын үнийн дүнгээс хувьчлан тооцож болохоор харилцан тохиролцсон байна. /хэргийн 53-54, 141-147-р хуудас/

            Иймд нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлсэн, 150 орон сууцыг борлуулсан эсэх талаараа баримтаар нотлоогүй, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн бүхий л борлуулсан байрны талаарх баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ эрх нь нээлттэй байсан, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримттай танилцаж, тайлбар өгөх эрхийг хангаж хойшлуулсан байх тул шүүх хуралдааны явцад нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн урамшуулалд дутуу олгогдсон 40 630 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.

 

            Хариуцагч нь зохигч талууд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр В55/1102 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан, гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч үнийг төлөөгүй байгаа тул орон сууцны төлбөрийн үлдэгдэл 12 12 696 967 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 6 348 483 төгрөг, нийт 19 045 450 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч нь орон сууцыг шилжүүлэн өгсөн талаар маргаагүй боловч орон сууцны төлбөр болон алдангийг зөвшөөрөхгүй, гэрээний үүрэг дуусгавар болсон, хамтран ажиллах гэрээний дагуу урамшуулал болон цалинг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцсон гэж маргасан.

            Зохигч талууд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ №В55/1102 тоот гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамжны нутаг дэвсгэрт байрлах холбогдох хууль тогтоомжийн дагуу баригдаж буй Ивээл орон сууцны хотхоны 41б байрны 11 давхарын 1102 тоот 74,58 хэмжээтэй м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, орон сууцыг шилжүүлсэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв. /хэргийн 16-20-р, 124-р хуудас/

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авсан тул түүний үнийг төлөх үүрэгтэй, хариуцагч нь шаардах эрхтэй байна. 

            Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1-д “орон сууцны үнэ нэгж үнэлгээгээр 1 м.кв талбай нь 2 000 000 төгрөгөөр тооцогдоно. Захиалагч нь гэрээ батлагдсанаас хойш календарийн 3 хоногт хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлнө. 2015.9.28-нд 14,5 хувь 21 479 040 төгрөг, 2015.9.29-нд 18,5 хувь 27 680 960 төгрөг, 2015.10.20-нд 67 хувь 100 000 000 төгрөг, нийт 149 160 000 төгрөг” гэжээ. /хэргийн 17-р хуудас/

            Зохигч талууд орон сууцны үнийг 149 160 000 төгрөг болох талаар маргаагүй, мөн уг үнээс ХААН банкны зээлээр 99 160 000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хамтран ажиллах гэрээний урамшуулалд 21 479 040 төгрөгийг тооцож орон сууцны үнээс хассан байна.  /149 160 000-99 160 000-21 479 040=28 520 960/. /хэргийн 66-68-р хуудас/

            Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг дуусгавар болсон, орон сууцны үнийг цалингаас суутгаж, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний урамшууллаар 63 630 400 төгрөгийг хасч тооцохоор тохирсон гэсэн боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, урамшуулалд 40 430 400 төгрөгийг дутуу олгогдсон, гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэсэн нь үндэслэлгүй, 21 479 040 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу  хасч тооцсон байх тул орон сууцны үлдэгдэл үнийг төлөх үүрэгтэй болно.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууц худалдан борлуулсны урамшууллыг урамшуулал тооцох журмын дагуу тооцож 2015 оны 10 дугаар сарын 20-нд В55/1102 гэрээний урамшуулал 1 519 199 төгрөг, 2016 оны 4 сарын 29-ний өдрийн В11/1102 тоот гэрээний урамшуулал 1 500 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн С55/1102 тоот гэрээний төлбөрт 289 685 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн  В11/1102 тоот гэрээний урамшуулал 1 534 586 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн В11/1102 тоот гэрээний урамшуулал 1 500 000 төгрөг, 2016 оны 7 сарын 31-ний  В11/1102 тоот гэрээний урамшуулал 1 500 000 төгрөг, 2016 оны 9 сарын 20-ны В11/1102 тоот гэрээний урамшуулал 1 399 439 төгрөгийг буюу нийт 15 823 993 төгрөгийг орон сууцны үнээс хасч тооцсон гэж тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчээс орон сууцны үлдэгдэл үнэ болох 12 696 967 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.  /хэргийн 192-197, 44-50-р хуудас/

            Хариуцагчаас нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, орон сууцны үнийг орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.2-д “2015.09.28-нд 21 479 040 төгрөг, 2015.9.29-нд 27 680 960 төгрөг, 2015.10.20-нд 100 000 000 төгрөг” гэж заасныг зөрчсөн тул гэрээний 7.2-д зааснаар алданги 6 348 483 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан.

            Зохигч талуудын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 7.2-д “захиалагч нь 4.1-т заасан төлбөр төлөх хугацааг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч утсаар болон бичгээр сануулах ба сануулга авснаас хойш 7 хоногийн дотор төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 03 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн талаар сануулга өгч байсан гэсэн боловч нэхэмжлэгч нь энэ талаар сануулга утсаар болон бичгээр өгч байгаагүй, борлуулалтын орлогоос болон цалингаас орон сууцны үнийг тооцохоор тохирсон гэж маргаж байх тул хариуцагчийн нэхэмжлэгчээс алданги шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            Иймд нэхэмжлэгч Б.Мөнхбаатарын хариуцагч “Монь-Ивээл” ХХК-нд холбогдуулан гаргасан олгогдоогүй цалин 4 500 000 төгрөг, урамшуулал 40 630 400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Мөнхбаатараас орон сууцны үлдэгдэл төлбөрт 12 696 967 төгрөг гаргуулж хариуцагч “Монь-Ивээл” ХХК-нд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6 348 483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 155.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 129.1-д зааснаар олгогдоогүй цалин 4 500 000 төгрөг, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар урамшуулал 40 630 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхбаатараас 12 696 967 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Монь-Ивээл” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6 348 483 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 650 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 253 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 218 101 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН