Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01568

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01568

 

 

 

Г.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01685 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Оын нэхэмжлэлтэй

Хариуцагч У.Чид холбогдох

 

Өмчлөх, ашиглах эрхээ эдлэхэд саад учруулж буй үйлдлийг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.О

Хариуцагч У.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь 10 дугаар байрны зоорийн В1 давхрын 3 тоот авто зогсоолыг худалдаж авсан. Хариуцагч 1, 2 тоот авто зогсоолын эзэн У.Ч нь автомашинаа хийхээс гадна, эд юмс хураах агуулахын зориулалтаар ашиглахаар авто зогсоолын 2 талын ханыг тоосгоор битүүлж шавардаад хаалга хийн битүүлэх гэж байхад нь байрны оршин суугчид бид эсэргүүцэж хаалгыг нь хийлгүүлээгүй. У.Чийн байшин дотор байшин барьсан уг үйлдэл нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт болох Барилгын норм, дүрмийн 5.35-д газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг тусдаа бокс болгон хаалтаар тусгаарлахыг хориглоно гэж заасныг, мөн Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т барилга байгууламжийн ундсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх гэснийг тус тус зөрчиж байна. Хариуцагч У.Чийн үйлдэл нь 3 тоот авто зогсоолын өмчлөгч Г.О миний авто зогсоолоо саадгүй чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна. Найрамдалд байрлах уг байрны оршин суугчид өөрсдийн авто зогсоолдоо машинаа үлдээгээд олон хоногоор явах, өвлийн хугацаанд машинаа дулаан зогсоолдоо үлдээх тохиолдол их байдаг. Энэ хугацаанд галын аюултай нөхцөл байдал үүсэхэд галын дотуур усан хангамжийн усны цэгийг хааж хана барьсан нь олон хүний өмч хөрөнгө цаашлаад дээр амьдарч байгаа хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь 10 дугаар байрны зоорийн В1 давхрын авто зогсоолыг Орон сууцны батлагдсан зураг төслийн дагуу анхны төлөв байдалд нь оруулж, хууль журам зөрчин барьсан 2 ханыг нураах буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Найрамдал зуслангийн 143 айлын орон сууцны В1 давхрын 1, 2 тоот авто зогсоолыг Молор трейд ХХК-аас 30 000 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авахдаа зогсоолынхоо 2 талд хана барьж болно гэвэл 2 зогсоол авна болохгүй гэвэл 1 зогсоол авна гэж хэлэхэд болно гэсэн учир шууд гэрээ хийсэн. Би анхнаасаа Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг үндэслэл болгон автомашинаа бусдын гэмт халдлагаас хамгаалах хана барьсан. Г.Оод Молор трейд ХХК нь стандартын шаардлага хангахгүй, үндсэн хэмжээ хязгаараасаа бага зогсоол зарсанд байгаад байгаа юм. Анх Молор трейд ХХК-аас хана барьж болно гэж аман зөвшөөрөл авсан байсан учир хана барих тоосго цементээ өөрийн автомашины зогсоол дээр буулгасан. Буулгахаасаа өмнө Молор трейд ХХК-ийн ерөнхий инженер н.Батцэнгэл рүү утсаар ярьж одоо тоосго, цементээ буулгалаа шүү гэж хэлсэн түүний хариуд тэгээ тэг асуудалгүй гэж хэлсэн. Хамгаалалтын ханаа барьж дуусаж байхад 3 тоот зогсоолын эмэгтэй гэх хүн орж ирж биднийг үг хэлээр доромжилж бас 20 000 000 төгрөг нэхэж дарамталж байгаад л гараад явсан. Мэргэжлийн хяналтад өгсөн өргөдөл гомдлын дагуу акт нь захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор хүчингүй болсон мөн онцгой байдлаас надад нэрлэсэн мэдэгдэл байсан. Ирүүлсэн мэдэгдэл нь дүгнэлт биш гэдгийг иргэн Г.О нь ойлгохгүй байгаа бололтой. Энэ нь тодорхой хугацааны дотор ирж бичгээр хариу мэдэгд гэсэн байсан. Би очиж уулзаж хариу мэдэгдсэн. Түүний хариуд галын орц гарц хаагаагүй байна гэсэн бичиг хийж өгсөн. Харин та өөрийн хөрөнгө мөнгөөр гомдол гаргасан эмэгтэйн З тоот зогсоолын ард галын шланкыг буюу галын колистраацийг нэмэлтээр байрлуулж зөрчлөө арилга гэсний дагуу би бүх юмыг авч суурилуулахад бэлэн болгосон зураг нь энд хамт байгаа. Барьсан ханандаа анхнаасаа хаалга үүд хийх зорилгогүй байсан. Г.О нь нэхэмжлэлдээ агуулахаар ашиглах гэж байна гэсэн. Би зориулалтынх нь дагуу л ашиглаж байсан. Цаашид ч зориулалтаар нь ашиглана. Хаалга үүд хийх шаардлага байхгүй учир паар болон агааржуулалтыг хаахгүй одоо ч хаагаад битүүмжилсэн зүйл байхгүй ээ. Мөн нэхэмжлэлдээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 5.35 дахь зүйл заалтад газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг бокс болон хаалтаар тусгаарлахыг хориглоно гэж заасан нь 1-рт Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиудад , монгол улсын хууль нь хоёрдмол утга санаагүй байна гэж заасан зүйл заалтуудыг зөрчсөн утга санааны илэрхийллийн хувьд алдаатай тушаал юм. Мөн нэхэмжлэлдээ барилгын тухай хуулийн 46.1.3 дахь зүйл заалтыг дурджээ. Тухайн 46.1.3 дахь зүйл заалтанд барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх гэж заажээ. Би үндсэн хийцийг нь өөрчилж, хана туурга эвдэж нураасан, сүйтгэсэн зүйл байхгүй. Харин ч бүтээн байгуулалт хийсэн. Би өөрийнхөө өмчлөлийн зүйлийг тордон хамгаалж явах нь Иргэний хуулийн 101.1-д заасан үүрэг болон эрх. Би авто зогсоолыг өмнө нь ч авто зогсоолынх нь чиглэлээр ашиглаж байсан, одоо ч ашигласаар байна, цаашид ч авто зогсоолынх нь чиглэлээр ашиглана. Би тухайн хамгаалах ханаа барихдаа барилга байгууламжийн үндсэн хийцэд нөлөөлсөн зүйл байхгүй. Хана туургыг нь нурааж бүтээцийг нь өөрчлөөгүй, харин ч үндсэн нурууны доогуур тулгуур хана баригдсан болно. Мөн нотлох баримтандаа Молор трейд ХХК нь Бид хана барихыг зөвшөөрөөгүй, хаалга хийх гэж байхад нь болиулсан гэсэн байна.

Шүүх: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь 10-р байрны зоорийн В1 давхрын хариуцагч У.Чийн өмчлөлийн 1, 2 дугаартай авто зогсоолын тусгаарлах хануудыг албадан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Чоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 396,000 төгрөг гаргуулан Эм эм инженеринг ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч У.Ч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь Молор трейд ХХК-аас тухайн барилгын гараашийн анхны магадлал хийгдсэн, баталгаажсан зураг төслийг гаргуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан зураг нь одоогийн гараашийн бодит байдлаас өөр зураг буюу Барилгын хөгжлийн төв, Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа зурагнаас өөр зураг байна. Барилгын хөгжлийн төв, Үндэсний төв архиваас албан ёсны магадлал хийгдэн баталгаажсан анхны зургийг гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуурамч зураг байна. Мөн шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримт нь хуурамч бөгөөд дахин томилох хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүх хувийн компанийн хуурамч бичиг баримт, зураг төслийг төрийн байгууллагаас дээгүүр тавьж процессын алдаа хийсэн гэж үзэж байна. Шүүгч шинжээч томилох захирамждаа нэхэмжлэгч болон хариуцагч нарыг тухайн шинжилгээ хийх объектод хамт байлцуулж, үзлэг шинжилгээ хий гэж дурдсан боловч гэв гэнэт шүүхээс ажлын цаг дууссаны дараа утастаж дүгнэлтээ хурдан гаргаж өг гэж дарамталсан гэж шинжээч хэлдэг. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж байна. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд биеийн байдал муу, нуруу татаад босож чадахгүй байгаагаа мэдэгдэж гаргасан хүсэлт, Молор трейд ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт зэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Миний өмчлөлийн 1, 2 автозогсоол нь гараашийн төв хаалга буюу машин орж гарах хаалганы дэргэд байдаг учир удаа дараалан шүргүүлэх, мөргүүлэх зэргээр хохирч байсан бөгөөд тухай бүр эзэн нь олдохгүй өнгөрч байсан. Энэ мэт халдлагаас ханыг барьсан ба Г.Оын өмчлөх эрхэд ямар нэг байдлаар саад учруулсан зүйлгүй. Шүүх миний гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгож, илт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 6.1, 6.4 зэрэг заалтуудыг илт зөрчиж иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч У.Чид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь 10 дугаар байрны зоорийн В1 давхрын автозогсоолд хууль бусаар барьсан ханыг нурааж, анхны төлөв байдалд нь оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр ханыг барьсан, ... Г.Оын өмчлөх эрхэд ямар нэг байдлаар саад учруулсан зүйлгүй... гэх үндэслэл заан маргажээ.

Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал 3 дугаар хэсэг гудамж, 10/1 байр, зоорийн В1 давхрын 3 тоот авто зогсоолын өмчлөгч нь Г.О, 1,2 тоот авто зогсоолын өмчлөгч У.Ч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-5,45-75/

Зохигчид өмчлөлийн зүйл, эзэмшлийн талаар маргаангүй, харин өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч У.Чийн 10/1 орон сууцны зоорийн В1 давхрын 1, 2 тоот автозогсоолд тусгаарлах хана барьсан үйлдэл нь Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Барилгын норм ба дүрэм батлах тухай журмын 5.35-д заасныг зөрчсөн болох нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02-07-395/393 тоот албан шаардлага, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 10.6/101 тоот мэдэгдэл, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх-6,7,13,104 дэх тал/ Иймээс нэхэмжлэгч Г.О нь өөрийн өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзэн хариуцагч У.Чоос автозогсоолыг тусгаарлах хана барьсан үйлдлээ зогсоож, ханаа нураахыг шаардаж буй нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоон, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Хариуцагч У.Ч нь шүүхийн харьяаллын талаар маргасан байх бөгөөд энэ нь давж заалдах гомдлын нэг үндэслэл болсон байна.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч хэргийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүгч хянаад талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шүүхийн онцгой харьяаллын маргаан гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасанд харшлахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх-162-163/

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01685 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Сонгинохайрхан гэсний өмнө Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД