Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00261

 

Г.Оюунболдын нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж,  танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01685 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1568 дүгээр магадлалтай,

 

Г.Оюунболдын нэхэмжлэлтэй,

У.Чд холбогдох,

 

Авто зогсоолын тусгаарлах ханыг буулгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч У.Чулуундорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

 

Нэхэмжлэгч  Г.Оюунболд  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 10-р сарын 18 өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Найрамдал зуслан дахь 10-р байрны зоорийн В1 давхрын 3 тоот авто зогсоолыг худалдаж авсан. Гэтэл 1, 2 тоот авто зогсоолын өмчлөгч  У.Чулуундорж зогсоолын 2 талын ханыг тоосгоор битүүлж шавардаад хаалга хийж битүүлэх гэж байхад оршин суугчид бид эсэргүүцсэн. Энэ нь өмчлөгч миний өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ чөлөөтэй эдлэхэд саад учруулж байгаа тул хануудыг албадан нураалгахаар нэхэмжлэл гаргаж байна. У.Чулуундорж  байшин дотор байшин барьсан уг үйлдэл нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1-р хавсралт болох Барилгын норм, дүрмийн /Авто Зогсоол/ 5.35-дахь заалтыг /Газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг тусдаа бокс болгон хаалтаар тусгаарлахыг хориглоно/ мөн Барилгын тухай хуулийн 46-р зүйлийн 46.1.3-дахь /барилга байгууламжийн үндсэн хийц, бүтэцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх/ заалтуудыг тус тус зөрчиж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Найрамдал зуслан дахь 10-р байрны зоорийн В1 давхрын авто зогсоолыг Орон сууцны батлагдсан зураг төслийн дагуу анхны төлөв байдалд нь оруулж, хууль журам зөрчин барьсан 2 ханыг буулгах шийдвэр гаргаж өгнө үү  гэжээ.

           

Хариуцагч У.Чулуундорж шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 1-р сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Найрамдал зуслангийн 143 айлын орон сууцны В1 давхрын №1, 2 тоот авто зогсоолыг Молор трейд компаниас нэг бүрийн нь 15 сая төгрөгөөр буюу 30 сая төгрөгөөр худалдан авсан. Молор трейд ХХК-ийг төлөөлж Г.Уранбатаас худалдаж авахдаа зогсоолынхоо 2 талд хана барьж болно гэвэл 2 зогсоол авья болохгүй гэвэл 1 зогсоол авъя гэж хэлэхэд болохгүй зүйл байхгүй, асуудалгүй гэж хэлээд шууд гэрээ хийсэн. Би анхнаасаа Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1-т дэх заалтыг харж үндэслэл болгон авто машинаа бусдын гэмт халдлагаас хамгаалах хана барьсан. Мөн тухайн барилгыг анх барьсан компани болон компаний барилгын инженерээс зөвшөөрөл авчихсан, дээрээс нь өөрийнхөө өмчлөлийн зүйлийн хэмжээ хязгаарын дотор тухайн ханыг барьсан. Мөн Г.Оюунболдод стандарт хэмжээнээсээ дутуу зогсоол зарж, 2 иргэнийг хооронд нь муудалцуулчихаад үл тоомсорлосон шинжтэйгээр өнөөдрийг хүрч байгаа нь туйлын харамсалтай байна. Ийм учир Молортрейд компанийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтэй байна. Манай хажуу талын 3 тоот зогсоолын эмэгтэй Г.Оюунболдын талаас машины хаалгаараа манай машиныг цохисон сэв суулгасан байсан. Би тэр дор нь тухайн 3 тоот зогсоолд зогсож байсан машины утсыг хайсан боловч олдоогүй. Молор трейд ХХК-аас хана барьж болно гэж аман зөвшөөрөл авсан байсан учир хана барих тоосго цементээ өөрийн авто машины зогсоол дээр буулгасан. Молор трейд компаний ерөнхий инженер Батцэнгэл рүү утсаар ярьж одоо тоосго, цементээ буулгалаа шүү гэж хэлсэн түүний хариуд тэгээ тэг асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд хамгаалалтын ханаа барьж дуусаж байхад 3 тоот зогсоолын эмэгтэй гэх хүн орж ирж биднийг үг хэлээр доромжилж бас 20,0 сая төгрөг нэхэж дарамталж байгаад л гараад явсан. Ер нь бол би тухайн барьсан ханандаа анхнаасаа хаалга үүд хийх зорилгогүй байсан. Мөн Г.Оюунболд нь нэхэмжлэлдээ агуулахаар ашиглах гэж байна гэсэн байна лээ. Би зориулалтынх нь дагуу л ашиглаж байсан. Цаашид ч зориулалтаар нь ашиглана. Ер нь би тухайн хамгаалах ханаа барихдаа барилга байгууламжийн үндсэн хийцэд нөлөөлсөн зүйл байхгүй. Хана туургыг нь нурааж бүтэцийг нь өөрчлөөгүй, харин ч үндсэн нурууны доогуур тулгуур хана баригдсан болно. Анх хуурамч хэлцэл хийсэн Молор трейд ХХК-аас 2 зогсоолын мөнгө болох 30 сая төгрөг, мөн тухайн ханыг барихад гарсан зардал болох 1.200.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01685 дугаар шийдвэрээр: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Найрамдал зуслан дахь 10-р байрны зоорийн В1 давхрын хариуцагч У.Чулуундоржийн өмчлөлийн 1, 2 дугаартай авто зогсоолын тусгаарлах хануудыг албадан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Чулуундоржоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 396,000 төгрөг гаргуулан “Эм эм инженеринг ХХК”-д тус тус олгож  шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1568 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01685 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сонгинохайрхан” гэсний өмнө “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч У.Чулуундорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцдаа дараах алдааг гаргаж, иргэн У.Чулуундорж надад үндсэн хуулиар олгогдсон эрх ашиг, сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Нэхэмжлэгч маань нэхэмжлэлийнхээ харьяаллыг буруу тодорхойлж өгсөн. Түүнийг нь тус дүүргийн шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь ИХШХШ тухай хуулийн 14.1-ийг бүрэн зөрчсөн гэж үзэж байна. чир нь У.Чулуундорж би Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалчдын Г-ын 14-2936-д амьдардаг учир хэргийн харьяалал зөрчигдсөн. ИХШХШ-тухай хуулийн 16.1 буюу шүүхийн онцгой харьяалалд хамаарахгүй гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүх 2019/06/20-ны өдрийн шийдвэртээ өөрийн татгалзлаа нотолсон баримт ирүүлээгүй, ИХШХШ тухай хуулийн 25.2.2, 38.1-т заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна гэжээ. Чулуундорж би ИХШХШ тухай хуулийн 25.2.2 38.1 хэрэгжүүлэхэд шүүхийн туслах саад учруулсан би бичгийн нотлох баримтаа шүүгчийн туслахад өгсөн боловч уншиж үзээд юу ч хэлэлгүй, буцааж өгөөд цуг нэг өрөөнд сууж байгаа хүнтэйгээ өөр юм ярьж байгаад л шүүгч рүүгээ орлоо гээд л гараад явчхаж байгаа юм. Ер нь бол анхнаасаа нэг талыг барьж ажиллаж байгаа нь анзаарагдаж байсан.

Шүүгчийн туслах Л.Уянгад холбогдуулан гаргасан таны гомдлыг тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар хянан хэлэлцээд шүүгчийн туслах Л.Уянгыг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн дүгнэж, сахилгын шийтгэл ногдуулсан болно. Тухайн шүүгчийн туслах Уянга нь надад үндсэн хуулиар болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг маань зөрчсөн нь дээрх албан бичгээр нотлогдож байгаа юм. Ийм учир зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлагатай байгаа учир анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Ер нь анхан шатны шүүх миний гаргасан хүсэлт болгоныг хангахгүй гэж шийдвэрлэж байсан. Миний зүгээс гаргасан бүх зүйлийг хүлээж авахгүй байсан нь маш ойлгомжгүй байна. Би арга ядахдаа ИХШХШ тухай хуулийн 38.6, 38.9-ийг хангаж өгөөч гэж хүсэлтүүд тавьсан ч бас л хангаж өгөөгүй. 2019 оны 6-сарын 20-нд болсон шүүх хуралд У.Чулуундорж миний биеийн байдал муу нуруу татаж бүсэлхийнээс доош мэдээгүй болж босож чадахгүй байсан учир шүүх хуралдаанд оролцож чадаагүйн улмаас шүүгчийн туслах авахгүй байсан бичгийн нотлох баримтаа танилцуулж чадаагүй, шүүхэд өгч мөн чадаагүй ээ биеийн байдал муу байгаагаа мэдэгдэж шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтээ шүүх хурал болдог өдөр шүүхэд хүргүүлсэн болно.

"Шүүх молор трейд ХХК”-иар барилгын анхны зураг төсөл гэх зүйлийг гаргуулж нотлох баримтаар хавтаст хэрэгт авч шүүхийн шийдвэрийнхээ гол үндэслэл болгож шийдвэрлэсэн байдаг. У.Чулуундорж би тухайн зураг нь төрийн албан ёсны байгууллага болох үндэсний төв архив болон барилгын хөгжлийн төвд байгаа зурагнуудтай харьцуулалт хийхэд шал өөр хуурамч зураг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байгаа юм. Энэ талаар анхан шатны шүүхэд Төрийн албан ёсны байгууллага болох Барилгын хөгжлийн төв Үндэсний архивт хадгалагдаж байгаа зургийг шүүхийн журмаар буюу ИХШХШ-ТУХАЙ хуулийн “38 6-ийн дагуу гаргуулж, дахин шинжээч томилж өгч тусална уу гэсэн хүсэлтийг бас л хангаагүй шүүх хангахгүй олгох үндэслэлдээ ямар хуулийн зүйл заалт хэрэглэж хангахгүй болгосноо мөн л дурдаагүй таамаг маягтай шийдвэрлэсэн. Молор трэйд ХХК-ийн шүүхэд ирүүлсэн барилгын анхны зураг гэх зүйл нь хуурамч болох нь барилга хөгжлийн төвөөс надад гаргаж өгсөн. 2019 оны 05 сарын 17-нд №3/1030 Иргэн У.Чулуундорж танаа “Молор трейд” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэсэн 78 айлын буюу 32 автомашины дулаан зогсоолын зураг төсөлд 2013-2018 оны хооронд магадлал хийсэн эсэх талаар мэдээллийн сангаас шүүлт хийхэд магадлалын ажил хийгдээгүй байна. Барилга Угсралт гаргасан зөрчлийн байдал: Найрамдал зуслангийн хашаанд Барилга угсралтын ажил эрхлэх гэрчилгээ зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүй, барилгын тухай хуулийн 16.2. 16.6. барилгын тухай хуулийн 26.12-оор 2.000.000 /хоёр сая төгрөг/-өөр торгож Улаанбаатар банкны 2611638142 тоот дансанд 15 хоногийн дотор төлнө үү. Шийтгэвэр ногдуулсан: Ж.Цээлээ гэсэн баримтуудаар бүрэн нотлогдож байгаа юм. Энэ нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд өгөх гэсэн боловч туслах нь уншчихаад буцаагаад өгсөн. Шүүх хуурамч нотлох баримтыг нягталж үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан. Мөн “Молор трейд ХХК” шүүхэд хуурамч нотлох баримт ирүүлснээс гадна Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн газарт барилгын болон гражийн анхны зураг улсын комиссын акт болон хуурамч зураг өгч эрүүгийн хуулийн 21.1-ийг зөрчсөн байх магадлалтай юм.

Мөн шинжээч дээрх хуурамч буюу өөр зураг төслийг үндэслэж шинжээчийнхээ дүгнэлтийг гаргасан байдаг. Шүүх шинжээч томилох захирамждаа нэхэмжлэл болон хариуцагч 2 талыг тухайн хяналт шинжилгээ хийх Объект буюу маргаан дагуулаад байгаа автозогсоолд байлцуулж хяналт шинжилгээгээ хий гэж захирамжилсан боловч аль аль талыг байлцуулалгүй харанхуй шөнө очиж хяналт шалгалтаа хийсэн. “Молор трейд ХХК”-иас гаргаж өгсөн анхны зураг төсөл гэх зүйл нь одоо бодит байгаа байдалтай нь ижил байна уу, үгүй байна уу гэдгийг мэргэжлийн хүний үүднээс үзэж нягтлаагүй шинжилгээгээ хийж, ажил мэргэжилдээ хайнга ханджээ. Хэрэв би тухайн хяналт шалгалт хийхэд байлцсан бол энэ талаар тодорхой хэлж ярих байсан. Гэтэл тийм боломж олгоогүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 38.4 38.5 38.6 эрүүгийн хуулийн 21.1 зэрэг зүйл заалтууд болон авилгатай тэмцэх тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн гэх хангалттай үндэслэлтэй байна. Ийм учир ИХШХШ тухай хуулийн 168.1.6 168.1.7-г хангаж өгч туслалцаа үзүүлнэ үү. Хэргийг хяналтын шатны шүүхэд дахин хянуулах хүсэлтийг минь хүлээн авч зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Г.Оюунболд нь У.Чулуундоржид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дах 10 дугаар байрны зоорийн В1 давхрын  1, 2 тоот автозогсоолд барьсан ханыг нураах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр барьсан, нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд саад учруулаагүй” гэсэн тайлбар гаргаж, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт  өөрчлөлт оруулжээ.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

1. Г.Оюунболд нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дах 10 дугаар байрны зоорийн В1 давхрын  3 тоот зогсоолын, У.Чулуундорж нь 1, 2 тоот зогсоолын өмчлөгч  болох нь  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдсон /хэргийн 5, 45 дугаар тал/,  энэ талаар маргаагүй, өмчлөлийн зүйл нь зэргэлдээ оршдог байна.

 

Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй боловч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглохоор Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2.-т заасан.

 

Эд хөрөнгөө хамгаалах зорилгоор өөрийн өмчлөлийн авто зогсоолд тусгаарлах хана барьсан гэж хариуцагч тайлбарлаж буй боловч түүний энэхүү үйлдэл хуульд нийцээгүй болох нь дараах баримтаар тогтоогджээ. Үүнд:

 

а. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.3-т зааснаар барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх үүрэгтэй.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагад “...орон сууцны 10 дугаар байрны зоорийн давхрын авто зогсоолын Y1-Y2  тэнхлэгээс X4-X5 тэнхлэгт хана тусгаарлан өрсөн байгаа нь ЗТБХБ сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 тушаалаар баталсан хавсралтын 5.35-т заасан газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг тусдаа бокс болгон хаалтаар тусгаарлахыг хориглоно, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасан барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах,  зориулалтыг өөрчлөхгүй байх заалтыг тус тус зөрчсөн гэжээ /хэргийн 6 дугаар тал/.

 

б.Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэлд “...У.Чулуундорж нь орон сууцны нийтийн эзэмшлийн В1 давхрын гал түймэр гарсан үед гал унтраах галын дотуур усан хангамжийн системийн усны цэгтийг хааж, шаардлага гарахад ус өгөхөд бэлэн байх усны цэгийг хаасан... гал түймрийн нөхцөл байдал үүссэн үед гал унтраах үйл ажиллагаа явуулахад цаг хугацаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн байна” гэжээ /хэргийн 13 дугаар тал/.

 

в. “Молор-трейд” ХХК-ийн  2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 145 тоот албан бичигт “...орон сууцны В1 давхрын 1, 2 авто зогсоолын эзэмшигч У.Чулуундоржид өөрийнх нь авто зогсоолыг тусгаарлан хана хийх зөвшөөрлийг  өгөөгүй...” гэжээ /хэргийн 12 дугаар тал/.

 

г. Шинжээчийн  дүгнэлтэд “...тус автограж нь халаалтын нэгдсэн системтэй ба 1, 2 тоот зогсоолд халаах хэрэгсэл суурилагдсан, энэ нь нэгдсэн системээр төлөвлөгдсөн учраас халаалтын систем доголдоно. Цэвэр усны галын кран 25 м-ийн  радиус дотор 1 төлөвлөгддөг, тэр нь тухайн 1, 2 тоот автозогсоолд барьсан хашлага хаалтан дунд байрласан байна. Мөн агааржуулалтын нэгдсэн системтэй ба тухайн 1, 2 тоот автозогсоолд агааржуулалтын сорох хоолой, гэрэлтүүлгийн нэгдсэн систем тус тус байрласан байна” гэжээ /хэргийн 89-108 дугаар тал/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч хэрэгт авагдсан дээрх баримтыг үгүйсгэж чадаагүй байна. 

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэхүү зохицуулалтаар  нэхэмжлэгч шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...1, 2 тоот зогсоолд хана барьж тусгаарласан нь зориулалтын бус,  эрсдэлтэй, юу хадгалж байгааг мэдэх боломжгүй, ...галын аюултай байдлыг бий болгосон” талаар дурдсан ба шүүх хариуцагч өөрийн эзэмшлийн авто зогсоолд хана барьж тусгаарласан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, өмчлөлийн зүйл, эд хөрөнгөө аливаа халдлагаас хамгаалах эрхийг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан баримтыг  хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хууль баримтлаагүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

3.Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-т заасан.

 

Шүүх ”...маргааны зүйл болох автозогсоол үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдсон, зогсоолыг тусгаарлан барьсан хана нь үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг, ...тул нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн онцгой харьяаллын маргаанд хамаарна”  гэж үзсэн нь хууль зөрчөөгүй тул харьяалал зөрчсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

4. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээх ба шүүх 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан өгч, эрх үүргийг тайлбарлан өгчээ  /хэргийн 17-18 дугаар тал/.

 

Анхан шатны шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр 4 удаа хойшилсон,  2019.6.20-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид  2019.5.28.-ны өдөр мэдэгдсэн, тэрээр  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

5. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал төвийн ажилчдын 32 автомашины дулаан зогсоолтой 78 айлын орон сууцны барилга нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, орон сууц, автомашины зогсоолын зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд  2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2015/464 дүгээр актаар хүлээн авч, ашиглалтад оруулжээ /хэргийн 54-57 дугаар тал/. Уг актын 1.5-д барилгын зураг төслийг “Бат-инспайрин” ХХК, “Тэгш өргөө” ХХК, “Инж байгууламж” ХХК боловсруулсан талаар дурджээ.

 

Шинжээч нь “Бат-инспайрин” ХХК-д боловсруулсан ВI2013-11 шифртэй ажлын зургийг үндэслэл болгосон талаар дүгнэлтдээ дурдсан байх ба ажлын зургийг хуурамч гэж үзэх баримт хэрэг авагдаагүй, барилга ашиглалтад орсон асуудал энэ маргааны үйл баримтад хамааралгүй юм.

 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...улсын комисс нь батлагдсан зураг төсөлгүй орон сууц болон авто гаражийн барилгыг хүлээн авсан” талаар дурдсан боловч энэ нь маргааны зүйл болоогүй байна.

 

6. Шүүгчийн туслахад нотлох баримт өгөхөд аваагүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны хурлаар шүүгчийн туслах Л.Уянгад сахилгын шийтгэл ногдуулсан талаар гомдолд дурдсан нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Иймд  гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1568 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч У.Чулуундоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

 

            ШҮҮГЧИД                                                                   Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                                Д.ЦОЛМОН