Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01651

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01651

 

 

 

 

 

 

М.Түвшинзаяа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01354 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Түвшинзаяа, АНУ-ын иргэн Маркс Луйс нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Өгөөж хишиг ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний доголдолд 51 853 267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин, Н.Уранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Түвшинзаяа, Маркс Луйс нар нь Өгөөж хишиг ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 238.42 м.кв талбайтай орон сууцны 1, 2 тоотоос 1 м.кв-ыг 1300 ам.доллараар тооцож 316.186 ам.доллар, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 412.02 м.кв талбайтай орон сууцны 3, 31, 32, 33 тоотоос 1 м.кв-ыг 1170 ам.доллараар тооцож 494.734,50 ам.доллар, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 68.65 м.кв талбайтай орон сууцны 44 тоотоос 1 м.кв-ыг 1280 ам.доллараар тооцож 87.872 ам доллар тус тус төлсөн.

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Голдан морган ХХК-иар барилгадаа хэмжилт хийлгэхэд 5 барилга тус бүрээс 8-аас 1 м.кв дутсан. Тухайлбал 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 1 тоотоос 7.99 м.кв, 2 тоотоос 5.10 м.кв нийлээд 13.09 м.кв, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 3 тоотоос 8.19 м.кв, 33 тоотоос 7.38 м.кв, нийлээд 15.57 м.кв, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 44 тоотоос 1.98 м.кв тус тус дутаж байгаа. Энэ хэмжээ нь гэрээнд заагдсан нийт хэмжээнээс 30.64 м.кв-аар бага гарсан. Гэрээнд заасан хэмжээнээс дутуу буюу орон сууцнууд биет байдлын доголдолтой байна. Иймд 44 тоот орон сууцны 1.98 м.кв дутуу зөрүүтэй байгааг хасаж /30.64-1.98/=28.68 м.кв-аар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа багасган 51 853 267 төгрөг нэхэмжилж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 cap гэж заасан боловч барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан учраас хөөн хэлэлцэх хугацаагаа алдаагүй. Гэрээний 2.1-т байрны м.кв-ын үнийг нэг бүрчлэн тогтоосон заалт байгаа. Өгөөж хишиг ХХК нь захиалагч талд гэрээнд зааснаас бага м.кв талбайтай байр нийлүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихоод байхад м.кв-ын зөрүү мөнгийг өгөхгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээнд MNS 6058:2009 стандартын хэрэглэх хүрээ нь орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлоход хамаарна гэснээс биш хэрэглэнэ гэж тусгаагүй, орон сууцны талбайн дундын өмчлөлын талбайн хэмжээг тогтооход хэрэглэдэг ба гэрээнд энэхүү стандартыг хэрэглэх боломжгүй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 9.2-т MNS 6058:2009 стандартаар хэмжээд 1.1-т зааснаас өөрөөр гарвал зөрүү мөнгийг нөхөж төлнө гэж заасан бөгөөд хэмжилтээр дутсан нь тогтоогдож дутуу мөнгөө нэхэмжлэх үед тухайн гэрээний заалтыг хариуцагч тал бичиглэлийн алдаа гаргасан, бид үүнийгээ хариуцна гэж тайлбарлаж байгаа. Иргэний хуулийн 353 дугаар зүйлййн 353.2 дах хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талд учирсан хохирол болох 51 853 267 төгрөгийг хариуцагч Өгөөж хишиг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өгөөж хишиг ХХК нь 2013 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны З0-Б орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2013 оны 7 дугаар сард Маркс Луйс манай барилга дээр ирж, барилгын ажлыг үзээд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулахаар тохиролцсон. Маркс Луйс, М.Түвшинзаяа нар нь гэрээ байгуулах бүртээ үнээ хямдруулж, хөнгөлөлтөө нэмэгдүүлэхийг хүсч, ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй үнээр гэрээг хийсэн. Нэхэмжлэгч нь захиалсан орон сууцуудаа 2015 оны 4 дүгээр сард 1, 31, 32 тоот, 5 дугаар сард 2, 3, 33, 43, 44 тоот орон сууцуудыг тус тус "Түлхүүр хүлээлцэх акт" үйлдэн хүлээн авсан. Гэрээний 2.4 дэх заалт нь Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөт байдлаар байгуулсан гэрээний нөхцөл юм. Манай компани барилгын зураг төслөө 2012 онд Besign ХХК-иар гүйцэтгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/2013 дугаартай экспертизийн ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан. Харин нэхэмжлэгч Маркс Луйс нь орон сууцны 2 дугаар давхрыг бүрэн захиалж, 2012 оны батлагдсан зургийн дагуу бариулахаар болж, "бүхэл давхраар нь авч, бид заал болгоно, дотор ханыг хийлгүүлэх эсэх, өөрчлөлтийг тухайн үед нь шийдвэрлэе" гэсэн болно. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг бүрэн агуулсан юм. Гэрээний 9.2-т түлхүүр гардах үед талуудын оролцоотойгоор хэмжилт хийнэ гэж заасан байтал нэхэмжлэгч нар нь түлхүүр хүлээлцэх үедээ үр дүнг хүлээн зөвшөөрч, мэдсээр байж орон сууцаа хүлээн авсан мөртлөө түлхүүрээ гардан авснаас хойш 7-8 сарын дараа манай компаниас төлөөлөгчийг байлцуулалгүйгээр Голден морган ХХК-иар талбайн хэмжилт хийлгэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал захиалсан байрныхаа дотор ханыг өөрчлүүлнэ, ханагүй заал ч болгож магад гэх зэргээр санал гаргасан учраас гэрээ байгуулах үедээ гүйцэтгэгчийн зүгээс гэрээний 4.4, 4.5 гэсэн заалтуудыг оруулсан бөгөөд гэрээний 1.1-т заасан тоо хэмжээнд нийцсэн талбай бүхий орон сууцыг захиалагч нь хүлээн авч, ашиглаж байгаа. Хэрэв захиалагчаас нэг ч ханаа хөдөлгөхгүй, өөрчлөхгүй гэж хатуу тохиролцсон тохиолдолд л сууцны талбайгаар нэгж талбайн үнэ, хэмжээг тохиролцож, гэрээндээ зааж болох байсан. Тийм ч учраас бид гэрээн дээр сууцны талбайгаар биш үндсэн талбайгаар гэж тохиролцсон. Иймд MNS 6058:2009 стандартыг ашиглах ямар ч боломжгүй бөгөөд харин тухайн тохиолдолд гэрээний маягтдаа өөрчлөлт оруулахдаа төөрөлдөн бичвэрийн алдаа гаргасан. Голден морган ХХК-ийн хэмжилтийн зураг, дүгнэлт нь зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтээр, түүний зардлаар, бидний оролцоогүйгээр, гэрээний талуудын гэрээнд нарийвчлан зааж тохиролцсоноос өөр аргачлалаар хийгдсэн. Орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг хэмжих аргачлалыг тодорхойлдог, орон сууцны барилгын дундын өмчлөлийн талбайг тооцоход хэрэглэдэг MNS 6058:2009 стандартаар хэмжилт хийж, гэрээнд тохиролцсоноос өөр аргачлалыг ашиглаж, иргэдийг төөрөгдүүлсөн байна. Мөн орон сууцны доторх хануудын доорх зайн талбай нь хэмжилтэд орохгүй болж, хасагдаж, зөрүү үүсч байгааг мэргэжлийн байгууллагын хувьд тайлбартаа дурдаагүй. Өөрөөр хэлбэл өрөө, тасалгаа тус бүрийн хананы дотор талаас нөгөө хананы дотор тал хүртэл хэмжсэнээр орон сууцны доторх тусгаарлах, хамар хана зэрэг хануудын доорх талбайнууд тооцогдохгүй, хэмжигдэхгүй үлддэг. Иймд нэхэмжлэгч нар нь гэрээнд тохиролцсон орон сууцаа акт үйлдэж хүлээн авсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гэрээнд тохиролцсон талбайгаар гаргуулан авсан, хэмжилт хийлгүйгээр хүлээн зөвшөөрч, мэдсээр байж үр дүнг хүлээн авсан, Иргэний хуулийн 352.4 дэх заалтад зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өгөөж хишиг ХХК-иас 51 853 267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Түвшинзаяа, Маркс Луйс нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550.900 төгрөгнөөс 421.400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 129.499 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шийдвэрт гэрээний агуулгыг өөрчилж бичсэн. Гэрээний 9.2-т түлхүүр гардах үед талуудын оролцоотойгоор байрны хэмжилтийг хийж акт үйлдэх гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч биш хариуцагчийн зүгээс хэмжилт хийх үүргээ биелүүлээгүй. Мөн нэхэмжлэгч нар түлхүүр хүлээлцэх үед хэмжилт хийлгээгүй биш бодит байдал дээр хэмжилт хийх талаар хариуцагч огт дурдаагүй, энэ үүргээ биелүүлээгүй байхад шүүгчийн зүгээс илт нэг талыг барин хэмжилт хийлгээгүй гэж хэргийн бодит нөхцөл баримтыг өөрийнхөөрөө зохиож, шийдвэртээ тусгасан.

... Бодит байдалд энгийн нүдээр хүн хараад хэмжээний хувьд зөрүүтэй гэдгийг мэдэх боломжгүй учир нь Барилгын тухай хуульд зааснаар стандартад нийцүүлэн хэмжиж дүгнэлт гаргах нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгуулагаас хийж гүйцэтгэх ажил. Энэ нь мэргэжлийн байгууллага тусгай багаж ашиглан дүгнэлт гаргаснаар доголдолтойг илрүүлэх боломжтой байгаагаас дүгнэн үзэхэд "Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилга ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол мөн бөгөөд нэхэмжлэгч нь хэмжилт хийлгэх хүртэл уг далд доголдлын талаар мэдээгүй байсан, хариуцагч өөрөө доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй болно.

...Хэргийн материалд Өгөөж хишиг ХХК нь 2015.12.17-ны өдөр Голден морган ХХК-ийн хийсэн хэмжилттэй танилцаж, уг хэмжилтийн тухай тайлбарыг өгсөн байдгаас харахад түлхүүр гардан авсанаас хойш 6 сарын дотор орон сууцны доголдлын талаар хариуцагчид мэдэгдэж байсан нь харагдаж байна. Мөн орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилга ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол мөн учир түлхүүр гардан авсанаас хойш нэг жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дах хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдаагүй. Мөн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ алдаагүй. Иймд учирсан хохирол болох 51 853 267 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.Түвшинзаяа, Маркс Луйс нар хариуцагч Өгөөж хишиг ХХК-д холбогдуулж орон сууцны дутуу талбайн зөрүү болох 51.853.267 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 09, 23, 29-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Өгөөж хишиг ХХК-ийн хашаанд байрлах United Apartmenт цогцолборын 63 айлын орон сууцны 1, 2, 3, 31, 32, 33, 43, 44 тоот орон сууцуудыг 2014 оны 11 дүгээр сарын 30-ны дотор багтаан барьж ашиглалтад оруулах, гүйцэтгэгч нь орон сууцны талбайн үнэнд хөнгөлөлт үзүүлэх, захиалагч нь орон сууцны төлбөрийг 100 хувь урьдчилан төлөхөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ зохигчдын хооронд байгуулагдаж, уг гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээт ажлын үр дүнг захиалагч 2015 оны 04 дүгээр сарын 17, 21, 5 дугаар сарын 06, 18, 19-ний өдрүүдэд хүлээн авсан тухайд талууд маргаагүй, нэхэмжлэгч тал гэрээнд заагдсан орон сууцны үнийг бүрэн төлсөн, хариуцагч тал 1, 2, 3, 31, 32, 33, 43, 44 тоот орон сууцуудыг барьж ашиглалтад оруулсан ба эдгээр орон сууцнуудыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлснээр 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Дээрх орон сууцнуудад нэхэмжлэгч нь Голден морган ХХК-иар 2015 оны 12 дугаар сарын 08-нд хэмжилт хийлгэхэд 1 тоот орон сууцны талбай 7.99 м.кв, 2 тоот орон сууцны талбай 5.10 м.кв, 3 тоот орон сууцны талбай 8.19 м.кв, 33 тоот орон сууцны талбай 7.38 м.кв, 44 тоот орон сууцны талбай 1.98 м.кв тус тус гэрээнд заасан хэмжээнээс дутуу гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгчээс захиалагчид шилжүүлсэн орон сууц нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу буюу ажлын үр дүнгийн доголдолтой холбоотойгоор дутуу талбайн үнэд илүү төлсөн 51.853.267 төгрөгийг ажил гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар буцаан шаардсан боловч орон сууцнуудыг хүлээн авснаас хойш өөрийн өмчлөлд 2016 оны 05 дугаар сарын 23-нд бүртгүүлсэнээс үзвэл захиалагч доголдлыг мэдэж байсан боловч ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар мөн зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

Захиалагч нь гэрээний зүйлийг "Түлхүүр хүлээлцэх акт" үйлдэн Өгөөж хишиг ХХК-иас хүлээн авсан байх ба гэрээний 9.2-т зааснаар тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байсан, орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Өгөөж хишиг ХХК нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу, Монгол Улсын Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн барьж, хүлээлгэж өгнө гэсэн гэрээний үүргийг зөрчиж доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Өгөөж хишиг ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ