| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2017/03369/И |
| Дугаар | 210/МА2018/01287 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2018/01287
| 2018 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2018/01287 |
Төмөржин трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00410 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Төмөржин трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Болор оргил майнинг ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 528 733 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Батжаргал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Дарханбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөржин трейд ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3-04 тоот зээлийн гэрээгээр Болор-Оргил майнинг ХХК-нд 300.000 литр дизель түлшийг нэг литрийг нь 1600 төгрөгөөр бодож 480 000 000 төгрөгийн дизель түлшийг олгосон. Уг зээлийн гэрээний төлбөр төлж дуусах хугацаа 2017 оны 05 дугаар сарын 25-нд дууссан боловч өнөөдрийн байдлаар 5 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн гэрээний төлбөрийг төлөхдөө тухай бүр хугацаа хэтрүүлж төлж байсан учир алдангийг тооцож төлбөр төлсөн мөнгийг үндсэн төлбөрөөс хасаж байсан болно.
Мөн тус гэрээний төгсгөлд дараа гэрээгээ нөхөөд хийчихье гээд дахин 35.500 литр түлшийг 1 литрийг нь 1600 төгрөгөөр бодож 56 800 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8 тоот гэрээгээр 1 литрийг нь 1470 төгрөгөөр бодож 99.180 литр буюу 145 794 600 төгрөгийн түлшийг, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8/1 тоот гэрээгээр 1 литрийг нь 1470 төгрөгөөр бодож 49.720 литр буюу 73 088 400 төгрөгийн дизель түлшийг зээлээр худалдаж авсан. Дээрх хоёр зээлийн гэрээнүүдийн төлбөр төлөх хугацаа нь 2017 оны 06 дугаар сарын 20, 25-ны өдрүүдэд дууссан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй байна.
Иймд гэрээний үндсэн төлбөр 280 683 000 төгрөг, алданги 248 050 300 төгрөг, нийт 528 733 300 төгрөгийг Болор-Оргил майнинг ХХК-иас гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, манай компани гэрээний дагуу түлш нийлүүлсэн. Дизель түлшийг нийлүүлэхдээ нефть импортлох болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу уурхай дээр нь аваачиж нийлүүлсэн. Бид ямар нэгэн зөрчил гараагүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болор Оргил майнинг ХХК нь тус компанитай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3-03 тоот гэрээгээр 175 490 000 төгрөгийн шатахуун, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3-04 тоот гэрээгээр 480 000 000 төгрөгийн шатахуун, мөн оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаар гэрээгээр 145 794 600 төгрөгийн шатахуун, 06 дугаар сарын 19-ний өдрийн 8/1 дүгээр гэрээгээр 73 088 400 төгрөгийн шатахуун авахаар тус тус тохиролцсон. Нийт 874 373 000 төгрөгийн зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд 650 490 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсан.
2017 оны 9 сараас хойш манай компанийн санхүүгийн байдал хүнд байдалд орж хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрсэн. Бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн төлбөр болох 280 683 000 төгрөгийг хувааж төлөх хүсэлтэй байна.
Төмөржин трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй талаар ямар мэдээлэл байхгүй. Төмөржин трейд ХХК-ийн бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй. Дээрх нөхцөл байдал, үйл баримтаас харахад нэхэмжлэгч талд гэрээний дагуу шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл Төмөржин трейд ХХК нь анхнаасаа бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхээ нууж, хууран мэхлэх замаар хууль зөрчиж гэрээ хэлцэл байгуулсан гэдэг нь илэрхий байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3-04 дугаартай, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 8 дугаартай, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8/1 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Болор-оргил майнинг ХХК-иас 528 733 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төмөржин трейд ХХК-д олгож, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Төмөржин трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 801 616 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Болор Оргил майнинг ХХК-аас 2 801 616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төмөржин трейд ХХК-нд, 3 652 365 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна. Анхан шатны шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/2562 дугаартай "Нотлох баримт хүргүүлэх тухай" албан бичигт Төмөржин трейд ХХК нь бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг мэдэгдсэн нотлох баримтыг буруу үнэлж тусгай зөвшөөрөлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Уул уурхайн сайдын 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 171 дүгээр тушаалын 1-р хавсралтаар "Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нарийвчилсан журам"-ыг баталсан. Энэхүү журмын 2 дугаар зүйлд газрын тостой холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг импортлох, бөөний худалдаа эрхлэх, жижиглэнгийн худалдаа эрхлэх гэсэн төрлөөр зөвшөөрөл олгодог байна. "Төмөржин трейд" ХХК-ний эрхлэх үйл ажиллагаа нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа буюу энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх үүсээгүй байхдаа газрын тосны бүтээгдэхүүнийг импортлосон, жижиглэнгээр болон бөөнөөр худалдан борлуулсан нь тодорхой баримтад дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч компанийн дүрмийн 1.6 дахь заалтад "тусгай зөвшөөрлөөр хийх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас авч, улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр эрхлэнэ" гэж заасныг мөн л адил дүгнээгүй нь илт үндэслэлгүй шийдвэр гарах үндэс болжээ.
Шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "нэг удаад ямар хэмжээгээр шатахуун нийлүүлсэн" талаар баримтаар нотлоогүй буюу энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 3-04 дугаартай гэрээний дагуу нийт 300,000 литр буюу 300 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэж үзвэл хэд хэдэн автоцистернээр тээвэрлэсэн болох нь илэрхий юм.
Мөн нэхэмжлэгч тал бөөнөөр худалдаагүй буюу "нэг удаад ямар хэмжээгээр шатахуун нийлүүлсэн" талаар баримтаар нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан шаардлагыг "Төмөржин трейд" ХХК нь хангаагүй учраас бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй байдаг.
Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн тооцоололтой маргаагүй гэж буруу дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч "Төмөржин трейд" ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний эрсдэлээ Соёмбо даатгалын компанийн Төв аймаг дахь салбарт даатгуулсан байдаг. Энэхүү даатгалын гэрээ нь хариуцагч "Болор оргил майнинг" ХХК-иас нэхэмжлэгчид төлөх төлбөр тасалдсан тохиололд даатгалын байгууллагаас нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарласан бөгөөд Даатгалын компанийг нөхөн төлбөрөө төлөхгүй болхоор нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гарган шалгуулж байгаа гэсэн тайлбарыг гаргасан. Нөгөө талаас Төв аймаг дахь даатгалын компаний ажилтанд эмэгтэй нөхөн төлбөрийг өөрийн цалингаасаа төлж байгаа гэж манай компаниас цалингаа нэхэмжилж ирсэнээр дээрх нөхцөл байдлыг олж мэдсэн. Олж мэдсэн даруйдаа анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж Санхүүгийн зохицуулах хорооноос баримт, мэдээлэл гаргуулан авах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.
Гэтэл анхан шатны шүүх "Төмөржин трейд" ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 3-04 дугаартай гэрээний үлдэгдэл 5 000 000 төгрөгт 138 608 800 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь даатгалын гэрээний эрх зүйн харилцааг огт үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын тосны бүтээгдэхүүн бөөнөөр худалдан борлуулсан үйл ажилллагаа нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн учир эхлээд зөрчлийн хэрэг маргааныг шийдвэрлүүлсэний дараагаар иргэний хэрэг маргааныг шийдвэрлүүлэх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл байх тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шаардах эрх үүссэн эсэх, анз төлөх эсэхийг тодорхойлох хууль зүйн ач холбогдолтой байсан боловч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь дүгнээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Төмөржин трейд ХХК нь хариуцагч Болор оргил майнинг ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 528 733 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч буюу Төмөржин трейд ХХК 300.000 литр дизель түлшийг нийлүүлэх, худалдан авагч буюу Болор оргил майнинг ХХК түлшний үнэд 480 000 000 төгрөг төлөхөөр,
уг гэрээ хүчинтэй байх хугацаанд аман хэлцээр худалдагч тал 35 500 литр түлшийг нийлүүлэх, худалдан авагч тал 56 800 000 төгрөг төлөхөөр,
2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээгээр худалдагч тал 99.180 литр дизель түлшийг нийлүүлэх, худалдан авагч тал түлшний үнэ 145 794 600 төгрөг төлөх, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр худалдагч тал 49.720 дизель түлшийг нийлүүлэх, худалдан авагч тал түлшний үнэ 73 088 400 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийг үүсгэсэн хэлцэл байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Талууд гэрээний нэршлийг зээлийн гэж тодорхойлсон нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч нь нэхэмжлэлд дурдагдаагүй 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнийг оролцуулж нийт гэрээгээр төлөх үүргийг 874 373 000 төгрөгөөр тодорхойлж төлсөн 650 490 000 төгрөгийг хасч төлөх үндсэн төлбөрийг 280 683 000 төгрөгөөр тодорхойлж тайлбарласан. Уг тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөг, амаар байгуулсан гэрээний төлөгдөөгүй төлбөр 56 800 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний төлөгдөөгүй үндсэн төлбөр 145 794 600 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн төлөгдөөгүй үндсэн төлбөр 73 088 400 төгрөг нийт үндсэн төлбөрт нэхэмжилсэн 280 683 000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнтэй тохирч байна.
Иймд хариуцагч нь худалдах, худалдан авах дээрх 4 гэрээний үүрэгт 280 683 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэж хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Бичгээр байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 14, 2017 оны 06 дугаар сарын 07, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний 2.5 дах хэсэгт худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгэх мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүрээс хоног тутам 0,5 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах, 232.6 дах хэсэгт заасан алдангийн тодорхойлтод нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээгээр худалдагч тал 480 000 000 төгрөгийн бүтээгдэхүүнээ 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор нийлүүлж дуусах, түүний дараа худалдан авагч тал 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээр тохиролцсон байна. Нэхэмжлэгч буюу худалдагч талаас гаргаж өгсөн, нэхэмжлэгч компанийн санхүүгийн тэмдэгтэй баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 287 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, үлдэх хэсгийг биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэгт анз шаардах эрхээ нэхэмжлэгч тал алдсан тул энэ гэрээгээр алдангид нэхэмжилсэн 138 608 800 төгрөгөөс хариуцагчийн төлөөгүй төлбөр 5 000 000 төгрөгт 2 500 000 төгрөгийн алданги тооцож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулав. Харин хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 07, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөрийг төлөөгүй тул гэрээгээр тохирсон алданги 72 897 300 /145 794 600 төгрөгийн 50 хувь/, 36 544 200 /73 088 400 төгрөгийн 50 хувь/ төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй.
Дээрх төлбөрийг нэмж нэгтгэвэл хариуцагч нь гэрээний үндсэн үүрэгт 280 682 400 /5 000 000+ 56 800 000+145 794 600+73 088 400/ төгрөг, алдангид 109 441 500 /2 500 000+72 897 300+36 544 200/ төгрөг нийт 390 123 900 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч буюу худалдагч тал нь нефтийн бүтээгдэхүүн бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх нөхцөл байдал нь талууд харилцан зөвшилцөж бичгээр байгуулсан гэрээний дагуу үүрэг үүсгэхгүй байх, байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь тодорхой этгээдэд тусгай зөвшөөрөлтэй эсэх асуудлаар шийтгэл ногдуулсан, түүнтэй холбоотой асуудлаар хэрэг шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн гэрээний талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхгүй байх эсхүл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00410 дугаар шийдвэрийн
1 дэх заалтын 528 733 300 төгрөг гэснийг 390 123 900 төгрөг гэж, олгож гэсний дараа нэхэмжлэлийн шаардлагаас 138 609 400 төгрөгт холбогдох хэсгийг болон гэж,
2 дахь заалтын 56.1 гэсний дараа 56.2 гэж нэмж, 2 801 616 төгрөг гаргуулж гэснийг 2 108 569 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 398 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА