Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 585

 

Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Б.Бямбадагва,

ялтан Л.Амаржаргалын өмгөөлөгч Л.Жавзмаа,

ялтан Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, 

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Амаржаргал, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, ялтан Э.Мөнх-Эрдэнэ,  түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, ялтан А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох эрүүгийн 201626020092 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Их Монгол овгийн Лхагважавын Амаржаргал, 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Чанар” авто угаалгын газарт ажиллаж байсан, ам бүл 3, эх, дүү нарын хамт Увс аймгийн Давст сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чанар” авто угаалгын газарт амьдарч байсан, ял шийтгэлгүй, /РД: ОВ 90072611/,

            2. Чонод овгийн Энхболдын Мөнх-Эрдэнэ, 1990 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Чанар” авто угаалгын газарт ажиллаж байсан, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 8 дугаар баг, 57 дугаар байр, 52 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: ЖЬ 90012875/,

            3. Их Монгол овгийн Аюушийн Баатар, 1995 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Чанар” авто угаалгын газарт угаагч ажилтай байсан, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Увс аймгийн Давст сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чанар” авто угаалгын газарт амьдарч байсан, ял шийтгэлгүй, /РД: ОВ 95122412/,

            Ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцонд иргэн Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарыг бүлэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Амаржаргалыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 жил хорих ялаар, Э.Мөнх-Эрдэнийг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 cap хорих ялаар, А.Баатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 cap хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар
Л.Амаржаргалд оногдуулсан 6 жил хорих ялыг, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт
оногдуулсан тус бүрийн 5 жил 1 cap хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын цагдан хоригдсон тус бүрийн 196 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Амаржаргалаас 4.377.946 төгрөг, Э.Мөнх-Эрдэнээс 4.377.946 төгрөг, А.Баатараас 4.377.946 төгрөг тус тус гаргуулж хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуягт нийт 13.133.838 төгрөг олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 3.410.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Л.Амаржаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “…Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Би энд хоригдоод 218 хонож байна. Энэ хугацаанд их юм ухаарч байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Миний бие Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт эх, дүүгийн хамт амьдардаг байсан. Миний дүү Л.Сийлэгмаа нь бие муутай хөдөлмөрийн чадваргүй хүний асаргаанд байдаг. Харин эх маань өндөр настай тэтгэврийн хүн. Би 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хотод ажил хийхээр орж ирээд “Чанар” авто угаалгын газар ажилд орсон. Түүнээс хойш хэрэгт холбогдох хүртэл авто угаалгын газартаа ажиллаж байсан. Миний бие анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялаас хөнгөрүүлж өгнө үү…” гэжээ.

Ялтан Л.Амаржаргалын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…өнөөдрийн шүүх хуралдаанд анхан шатны шүүхээс Л.Амаржаргалд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хэргийн зүйлчлэл тохироогүй гэсэн хоёр байр суурьтай оролцож байна. Л.Амаржаргал нь хохирогчийн цүнхийг булааж аваад зугтах гадагшаа чиглэсэн үйлдэл хийхэд хохирогч цүнхнийхээ оосрыг гартаа ороосон байсан тул чирэгдэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учирсан. Булаах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн эд зүйлийг авахын тулд амь биед нь аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдлээр дотогшоо хохирогч руу чиглэсэн ямар нэгэн довтолгоон хийгээгүй болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байдаг. Ялтан Л.Амаржаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйл, 98 дугаар зүйлд тус тус зааснаар зүйлчлэх мөн Л.Амаржаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн бодит хохирлыг нөхөн төлсөн, өндөр настай эх, тахир дутуугийн группт байдаг дүүгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нь хөнгөрүүлж өгнө үү…” гэв.

            Ялтан Э.Мөнх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “…Би хэрэгт холбогдох үедээ “Чанар” авто угаалгын газар ажиллаж байсан. Өөрийн гэмт үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогч болон ар гэрийнхнээс нь гүнээ уучлал хүсье. Хохирогчид хохирол төлбөрт 4.377.946 төгрөгийг өөрийн ах Э.Мөнхбаяр болон өмгөөлөгч Г.Энхтүвшингээр дамжуулж төлж барагдуулсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний тухайн үеийн хэрэгт оролцсон оролцоог харгалзан үзэж Эрүүгийн хуулийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.  

Ялтан Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Э.Мөнх-Эрдэнийн болон өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Э.Мөнх-Эрдэнэ нь Л.Амаржаргалыг дагаж явах үед Л.Амаржаргал өөрийн санаачилгаар хохирогч Г.Цэцэглэнгийн цүнхийг булаан зугтах үйлдэл хийсэн ба энэ үйлдлийн явцад хохирогч Г.Цэцэглэн шат руу чирэгдэж унасны улмаас биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдож байгаа. Ялтан Э.Мөнх-Эрдэнэ энэ гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн биед халдлага хийгээгүй. Гарсан гэмт хэрэг нь тохиолдлын чанартай, хэргийн нэг оролцогчийн санаачилга үйлдлээр, богино хугацаанд нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн, татгалзах болон таслан зогсоох талаар арга хэмжээ авах боломжгүй байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл болж байгаа. Мөн хохирогчид учруулсан бодит хохирлын хэмжээг анхан шатны шүүхээс 3 ялтанд тэнцүү хэмжээгээр хувааж тус бүрээс 4.377.946 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хохирлыг ялтнууд бүгд нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх нөхцөл болж байгаа ба ялтан Э.Мөнх-Эрдэнийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлээр биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйл буюу булаалтын гэмт хэргээр зүйлчлэх, боломжгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн  шийдвэрлэж өгнө үү…” гэв.

Ялтан А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир гаргасан давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад таамаглалаар дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн. Юуны өмнө хэргийн зүйлчлэл тохироогүй. Хохирогчийн өгсөн мэдүүлэгт “…би цүнхнийхээ оосрыг гартаа ороосон байсан. …нэг залуу үг дуугаралгүй цүнх татаад зугтсан би чирэгдээд шатны уруу унасан” гэж мэдүүлсэн. Хэрэг болох үед ялтан Л.Амаржаргал нь ямар нэг хүч хэрэглээгүй, айлган сүрдүүлж заналхийлээгүй, юу ч дуугаралгүй шууд цүнхийг нь татаж шүүрээд зугтаасан байдаг. Хохирогч цүнхээ алдахгүйн тулд гараа оосроор нь ороож чирэгдэн унаснаас гэмтэл учирсан. Тиймээс хэргийн зүйлчлэлийн хувьд “бусдын эд хөрөнгийг булаах” гэмт хэрэг үйлдэгдэх явцад хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, харин ялтан А.Баатарын хувьд гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Ялтан А.Баатар гэмт хэрэг гарах үед Л.Амаржаргалтай хамт байсан боловч ямар нэгэн үйлдэл хийгээгүй ба гэмт үйлдэлд нь оролцсон оролцоо байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Ялтнууд орц руу дулаацах гэж орсон болох нь тогтоогдсон. Гэмт хэрэг ялтан Л.Амаржаргалын гэмт үйлдлээс болсон болох нь мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүхээс хохирлыг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүн үндэслэлгүй байх ба ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлээр шийтгэх тогтоолд дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл “…гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэсэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байгаа тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ялтан А.Баатарын зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн ялтан А.Баатарын ар гэрийн зүгээс хохирогчтой уулзах, эмчилгээний төлбөрт нэмэр болох юмсан гэж хохирогчтой холбогдох гэсэн боловч холбоо бариулахгүй байсан ба шүүх хуралдаанаас хойш хохирогчтой уулзаж хохирлыг нөхөн төлсөн. Хэрэв шүүх ялтнуудыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж болох хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү…” гэжээ.

Хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний эх энэ хэрэг болохоос өмнө эмийн сан ажиллуулж ажил хөдөлмөр хийдэг, ном бичдэг эрүүл саруул байсан. Гэтэл энэ хэрэгт хохироод баруун талын хөлд 9 хадаас, зүүн талын гарт 6 хадаас хадуулаад 8 дугаар сар хүртэл хэвтэрт байсан. Нас өндөр хүн тул хадаасуудыг авч болохгүй гэж эмч хэлсэн. Одоо суга таягтай дөнгөж босдог болж байгаа. Дэргэд нь байнга нэг хүн асарч байна. Хэргийн улмаас сэтгэл санаа нь цочирдон айдаг болсон. Компьютер асааж ч чадахгүй боллоо. Ялтнуудын өмгөөлөгчид хохирлыг нөхөн төлсөн гэж хэлж байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь тэд зөвхөн эмчилгээний зардлыг л төлсөн. Гэтэл эх маань олон сар хэвтэрт, байнга нэг хүн асардаг,  сэтгэл санааны хохирол гээд одоог хүртэл гэм хор арилаагүй байна. Гомдолтой хэвээр байна. Хэргийн тухайд эмийн сан хаахаас эхлэн ээжийг маань дагаж явсан бололтой байдаг. Учир нь манай дүү ээжийг хүргэж өгөөд, халтиргаагүй газарт орхиод явахад ээж маань араас нь хүн дагаж байгааг анзаараад хажуугаар нь өнгөрчих байх гэж горьдоод орцны үүдэнд явахыг нь хүлээж суусан байдаг. Тэгээд өнгөрлөө гэж бодоод орцныхоо кодтой хаалгыг онгойлгох хооронд араас нь дагаад орсон байдаг. Энэ нөхцөл байдлаас дээрх ялтнууд хэргийг санаатайгаар үгсэн тохиролцож, үйлдсэн гэдэг нь эргэлзээгүй юм. Иймд шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү…” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуягийн өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтнуудын өмгөөлөгчдийн зүгээс булаалтын гэмт хэрэг гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэгт авагдсан бичлэгт хохирогчийн цүнхийг авч чадалгүй хохирогчийг цүнхээ өгөхгүй гэсэн үйлдлийнх нь хариуд хүч хэрэглэж, түүнийг шатны уруу чирж, толгой, гар дээр нь гишгээд гарч байгаа нь тодорхой харагддаг. Иймд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан. Харин сүүлд нь тусдаа учруулсан хүндэвтэр гэмтэл биш юм. Иймд зүйлчлэл тохирсон. Ялтнууд бодит учирсан эмчилгээний зардлыг л төлсөн болохоос биш одоог хүртэл хохирогчид гэмт хэргээс учирсан гэм хор арилаагүй байна. Анхан шатны шүүхээс ялтнуудад оногдуулж болох хамгийн доод ялыг оноож, дэглэм хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд “яллагдагч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцонд иргэн Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан…” гэж ялласан байна.

Гэтэл анхан шатны шүүх “Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарыг бүлэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож” яллах дүгнэлтэд дурдагдсан “...урьдчилан үгсэн тохиролцсон” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид дүгнэлт өгөлгүйгээр орхигдуулан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хийгээгүй нөхцөл байдалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ нар болон тэдгээрийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Г.Энхтүвшин, мөн ялтан А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                   Д.ОЮУНЧУЛУУН