Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 639

 

Т.Б-, Ө.Г-, Б.Т- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Баттогтох, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 496 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 970 дугаар магадлалтай, Т.Б-, Б.Т-, Ө.Г- нарт холбогдох 1911000000150 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хийн хангамж дамжуулалтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т-н Барсболд,

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Тэгш төв сэлбэгийн дэлгүүрт худалдагч ажилтай,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтооол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, Г овогт Б-н Т,

3. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Ө-н Г.

Т.Б-, Б.Т-, Ө.Г- нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” баарны гадна Хорват улсын иргэн В Т-ын “Самсунг” загварын гар утас, 1,000,000 төгрөгийг, Серб улсын иргэн Е Ф-ийн халаасанд байсан 300,000 төгрөгийг хутга, дугуй тайлагч багажыг зэвсэг болгон ашиглаж хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Т.Б-, Б.Т-, Ө.Г- нарыг бүлэглэж, хутга, дугуй тайлагч багажийг /дорцов/ зэвсэг болгон ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж Самсунг маркийн гар утас, бэлэн 1,300,000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хутгыг зэвсгийн чанартай ашиглаж гэснийг хэрэгсэхгүй болгож, бусдаас дээрэмдэж авсан бэлэн мөнгөний хэмжээг 370,000 төгрөг болгон өөрчилж,

шүүгдэгч Т.Б-, Б.Т-, Ө.Г- нарыг бүлэглэж, дугуй тайлагч багажийг /дорцов/ зэвсгийн чанартай хэрэглэн бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Т.Б-од 5 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Б.Т-д 5 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Ө.Г-д 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-д ял оногдуулсан өмнөх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар Б.Т-д 6 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд өөрчлөлт оруулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-, Ө.Г- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ө.Г-д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Ө.Г-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Л.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т- гаргасан гомдолдоо “...Би 2018 онд эхнэр Номин-Эрдэнэтэй гэр бүл болж, 1 хүүтэй болсон. “Тэгш төв” сэлбэгийн дэлгүүрт ажиллаж, гэр бүлээ тэжээдэг байсан. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хоригдож байгаа хугацаандаа их зүйлийг ойлгож байна. Шүүх бүрэлдэхүүнээс миний эдлэх ялаас бага боловч хасаж, ял эдлэж буй дэглэмийг нээлттэй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Би маш сайн хүмүүжиж гараад эхнэр, хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдрах болно. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Баттогтох хэлсэн саналдаа “Шүүгдэгч Т.Б- нь 7 сар хоригдож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эдлэх ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь бүлэглэн хутга болон дугуй тайлагчийг зэвсгийн чанартай ашиглаж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Ө.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн Т.Б-, Б.Т-, Ө.Г- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Т.Б-, Б.Т-, Ө.Г- нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хорват улсын иргэн В Т-, мөн Серб улсын иргэн Е Ф- нарын мөнгө, эд зүйлсийг зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Б- Б.Т-, Ө.Г- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Б.Т-, Ө.Г- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ө.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б- болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох нар хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг “цагаатгуулах” байр суурьтай гомдол гаргасан боловч шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял хөнгөрүүлэх” талаарх хүсэлт ирүүлсэн бөгөөд түүний өмгөөлөгч Л.Баттогтох тус шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлүүлэх талаар саналаа хэлсэн учир тэдний гаргасан гомдлыг хэлэлцэлгүй орхисныг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны шинж, гүйцэтгэсэн үүрэг зэргийг хянан үзвэл шүүгдэгч Т.Б-од оногдуулсан ялыг зохистой хэмжээгээр өөрчлөн оногдуулах боломжтой, түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн хүсэлтийг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Т.Б-од оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг 3 жил 5 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ын гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, харин шүүгдэгч Б.Т-ын гаргасан “...хувийн байдлыг минь харгалзан үзэж ялаас бага боловч хасаж, дэглэмийг нээлттэй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас

ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 496 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 970 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН