Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 496

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Д.Ренченхорол, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Н.Булганчимэг,

иргэдийг төлөөлөгч Б.Бямбадаш,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Баттогтох,

шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Л.Пүрэвлхам,

шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Т.Б, Гурт овгийн Б.Т , Шанд овгийн Ө.Г нарт холбогдох эрүүгийн 1911000000150 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Т.Б, 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хийн хангамж дамжуулалтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, эмээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 3-161 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП.

2. Гурт овогт Б.Т , 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Тэгш төв сэлбэгийн дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 4-142 тоотод оршин суух хаягтай,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн, регистрийн дугаар НИ,

3. Шанд овгийн Ө.Г, 1994 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Нарантуул зах дээр худалдагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-12-49 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НР,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” баарны гадна Хорват улсын иргэн Вердолжак Томислав /VRDOLJAK TOMISLAW/-ын  Самсунг маркийн гар утас, 1.000.000 төгрөг, Серб улсын иргэн Енгелман Филип /ENGELMAN FILIP/ -ын халаасанд байсан 300.000 төгрөгийг хутга, дугуй тайлагч багажыг зэвсэг болгон ашиглаж хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шилжих шөнө ахынхаа байранд юм хийгээд хонож байсан. Шөнө 12 цагийн үед манай хүргэн Ө.Г над руу залгаад Бүжингийн төрсөн өдөр болж байна. Би энд эхнэр, найзууудтайгаа хамт шоудаж байна. Бид нар бүгдээрээ согтуу, баарнаас гараад караоке орох гэж байна ирээд машин бариад өгөөч гээд намайг дуудсан. Би тэд нар согтуу байгаа юм чинь осол гаргаж магадгүй гэж бодоод такси бариад тэд нарын байгаа газар очсон. Бааранд ороод сууж байсан газар нь очиход ширээ дүүрэн архи, пиво тавьчихсан, бүжиглэх нь бүжиглээд, уух нь уугаад байж байсан. Тэгээд хүргэн дүүгийн найз Б.Т  хоёулаа тамхинд хамт явъя гээд надад машиныхаа түлхүүрийг өгсөн. Бид хоёр баарнаас гараад Мөнгөн завъяагийн автобусны буудлын дэргэдэх түргэн үйлчилгээний цэгт зогсоход над руу хүргэн Ө.Г залгаад Б.Т тай яръя гэхээр нь би гар утсаа өгсөн. Б.Т  гар утсаар ярингаа түргэн үйлчилгээний цэг рүү тамхи авахаар орсон. Тэгээд гарч ирээд буцаад баар руу явъя, тэд нар дуудаад байна гэж хэлсэн. Баарны гадаа зогсоход Б.Т  чи наанаа байж бай гээд түрүүлж буугаад 2 гадаад хүнийг такси гээд машинд суулгасан. Тэгээд нөгөө 2 гадаадын иргэн машинд суухад манай хүргэн Ө.Г ард талын суудалд, Б.Т  урд талын суудалд суугаад бид нар хөдөлсөн. Тэгсэн чинь нөгөө 2 гадаад хүн стоп гээд орилохоор нь зогсоход Ө.Г, Б.Т  2 орилоод согтуу хүний ааш авир гаргаад яваач гээд байсан. Б.Т  хажуу талаас миний толгой, гар руу цохиод яв гээд байсан. Тэгээд чигээрээ Баянбүрдийн уулзвараар Дэнжийн 1000 руу эргээд явж байх замд дорцов асуусан. Тэгэхээр нь би авч өгөлгүй, суудал доороо хийсэн. Дэнжийн 1000 орох нарийн зам дээр явж байхад машин зогсоогоод Б.Т  машины арын дугаарыг аваад урд талын суудал дээр суусан. Тэр хооронд 2 гадаад хүн буусан. Би бас буугаад та хоёр ингээд яв гээд халаасанд байсан 4.000-5.000 төгрөгийг өгөхөд тэр хоёр авахгүй гэсэн. Тэгсэн чинь Б.Т  чи машин барь гэхээр нь би барихгүй гэхэд өөрөө жолооны ард суугаад чи тэгвэл хойно суу гээд Б.Т  машин барьсан...” гэв.

   Шүүгдэгч Б.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шилжих шөнө би найзуудтайгаа хамт нэг найзынхаа төрсөн өдрийг байгаад Тайгэр гэх бааранд тэмдэглэж байсан. Тэгээд тэндээсээ Б.Басрболдтой цуг тамхинд явсан.  Тамхинд авах гээд байж байх үед Ганболд, Ө.Г хоёрыг гар утсаар ярихаар нь бааранд буцаад ирэхэд 2 гадаадын иргэн баарны гадаа байсан. Тэр хоёр гадаадын иргэн машинд суугаад Ө.Г, Т.Б бид гурав хамт хөдлөөд явсан. Баарнаас гараад явж байхад тэр хоёр гадаадын иргэд хоорондоо юм яриад байсан. Хойшоо эргээд харахад зогс гэж хэлсэн. Т.Б бид хоёр хаашаа явахыг нь мэдэхгүй болохоор хоорондоо хаашаа явах юм бол гээд ярьж байх үед нилээн согтчихсон нэг гадаад иргэн нь над руу гараараа далайсан. Тэгэхээр нь би эргэж харса. Би тухайн үед болсон зүйлсийн учрыг ойлгохгүй байсан. Тэр үед гадаадын 2 иргэнийг бид гурав машинд суулгаад хаашаа явах нь мэдэгдэхгүй яваад байхаар тэр 2 гадаадын иргэн юу гэж бодсоныг сайн мэдэхгүй нэг нь надад гар утсаа өгөхөөр нь би гар утсыг нь буцаагаад өөрт нь өгсөн. Бид нар Баянбүрдийн уулзвар өнгөрөөд Дэнжийн 1000 орох замд тэр хоёрыг буулгасан. Хутга, дорцов ерөөсөө хэрэглээгүй. Миний гарт юу ч байгаагүй. Би англи хэл мэдэхгүй, англиар ярьж чадахгүй...” гэв. 

Шүүгдэгч Ө.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шилжих шөнө найзуудтайгаа Тайгэр бааранд очсон. Бааранд байж байх үед Б.Т , Т.Б хоёрыг хаашаа явсан юм бол гэж гайхаад гар утас руу нь залгаж яриад,  баарны гадаа хүлээгээд байж байхад Б.Т , Т.Б хоёр ирсэн. Тэгээд ирэх үетэй нь зэрэгцэн баарнаас 2 гадаадын иргэн гарч ирсэн. Б.Т  такси авах уу гээд тэр хоёр гадаадын иргэнийг Т.Бын машинд суулгасан. Машин хөдлөөд явсны дараа Б.Т  араас нь шүгэлдээд машиныг зогсоосон. Гар утас, түрүүвчээ мартчихсан байна, очоод авъя гээд хашаанаас гарсан хойно нь машины араас алхсан. Тэгээд машины хажууд очоод за за нэг мөсөн хоёулаа машинаа аваачиж тавъя гээд машинд орж суусан. Тэгээд л ийм хэрэг болсон. Машин хөдөлсөн болохоор надад буух боломж байгаагүй. Би машины хойно 2 гадаад залуутай шахалдаад сууж байсан...” гэв.

   Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Вердолжак Томислав A/RDOLJAK TOMISLAW/-нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22.00 цагийн үед найз TIHOMIR BADNJAR, FILIP ENGELMAN, Энхжин нартай Циркийн хажууд байрлах “Irish” пабд уулзаж байгаад 00 цаг 30 минутын үед салцгаасан, би найз FILIP ENGELMAN-тай хөгжим сонсохоор Доргио гэх бааранд орж үйлчлүүлсэн, би урд нь 4 жилийн өмнө Монголд ирж байсан болохоор тэр баарыг ойрхон байдгийг мэддэг юм, тэгээд найзтайгаа бааранд үйлчлүүлж байгаад 03:00 цагийн үед гараад гэрлүүгээ харихаар такси бариад дөнгөж хөдлөөд 10 метр орчим явж байхад үл таних 2 залуу гэнэт машины хаалга татаад орж ирээд суусан, нэг залуу нь жолоочийн хажуугийн суудал дээр , би машины хойно найзтайгаа сууж байхад нэг залуу нь баруун талаас хаалга онгойлгоод суусан, бид 2 гайхаад юу болоод байгааг ойлгоогүй байж байтал жолоочийн хажууд суусан залуу өвдгөөрөө суудал дээр өвдөглөж босч ирээд хойшоо бид 2 луу хараад баруун гартаа машины дорцоов барьчихаад мөнгөө өг, гар утсаа өг гэж англиар хэлэхээр нь гайхаад чамд юу хэрэгтэй юм бэ? гээд юмаа өгөхгүй байтал хэдэн үг монголоор ярьж байгаад зүүн гартаа хутга гаргаад ирсэн, тухайн үед машины суудал таглаад хаанаас хутга гаргаж ирж байгаа нь харагдаагүй, хутганы иш нь ханцуй руу нь орчихсон учраас ямар хутга байсан нь харагдаагүй, хутганы иш нь энгийн айлуудын хэрэглэдэг дунд зэргийн урттай хутга гаргаж ирээд дахин мөнгөө өг, гар утсаа өг гээд байсан, бид 2 өгөхгүй байсан чинь баруун гартаа барьчихсан байсан дорцоовоороо бид 2-ыг цохих гээд сүрдүүлээд савчаад байсан, энэ үед хажууд сууж байсан нэг залуу нь хажуунаас биеэрээ шахаад хөдөлгөхгүй байсан, угаасаа машины ард 3-лаа суучихсан байсан болохоор шахцалдаад хөдлөхөд хэцүү байсан, би хэсэг юмаа өгөхгүй гээд эсэргүүцэхэд машины урд сууж байсан залуу төмөр дорцоовоо савчиж байгаад миний баруун хөлийн шилбийг цохичихсон, тэгээд найз бид 2 хутга гаргаад ирэхээр нь айгаад би өөрийн халаасанд байсан түрийвч, гар утсаа гаргаад өгтөл түрийвчин дотор байсан нэг сая төгрөг, гар утсыг минь авчихаад түрийвчийг маань буцаагаад өгсөн, манай найз бас түрийвчээ өгтөл дотор нь байсан мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад өгсөн, мөн найзыг маань гар утсаа өг гэтэл манай найз гар утас байхгүйгэхэд мөнгийг нь авчихаад өөр юм хэлээгүй, тэгээд бид 2-ыг суулгаад Дэнжийн 1000-ын гэр хороололын зам дагуу зогссон, тэгээд таксины жолооч бууж ирээд машины ард багажинд юм хийчихээд манай найзын сууж байсан /зүүн талын хаалга/ хаалгыг онгойлгоод буу гэхээр нь найзыгаа дагаад хамт буусан, машины жолооч бид 2-ыг буулгачихаад өөрөө машинаа бариагүй, жолоочийн хажууд сууж байсан залуу машин бариад, жолооч нь хутга бариад байсан залуугийн суудал дээр суугаад явсан, бид машины дугаарыг араас нь харах гээд харж чадаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх  06-07/

 Хохирогч Енгелман Филипийн / ENGELMAN FILIP/ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22:00 цагийн үед найз "Тихомир Бадняр, Томислав Врдолиак, Тихомирын эхнэр Энхжин нарын хамтаар Циркийн хажууд байрлах “Irish” пабд уулзаж байгаад 00:30 цагийн үед Тихомир, Энхжин 2 гэрлүүгээ яваад өгсөн харин би найз Томислав-тай хөгжим сонсохоор Чингэлтэй дүүрэгт байдаг гэх Доргио гэх бааранд орж үйлчлүүлсэн, тэгээд найзтайгаа бааранд үйлчлүүлж байгаад 02 цаг 13 минутын үед гараад гэрлүүгээ харихаар цагаан өнгийн такси бариад явах гэтэл үл таних 2 залуу гэнэт машины хаалга татаж орж ирээд суусан, нэг залуу нь жолоочийн хажуугийн суудал дээр, би машины хойно найзтайгаа сууж байхад нэг залуу нь баруун талаас хаалга онгойлгоод суусан, бид 2 гайхаад юу болоод байгааг ойлгоогүй байж байтал жолоочийн хажууд суусан залуу өвдгөөрөө суудал дээр өвдөглөж босч ирээд хойшоо бид 2 луу хараад баруун гартаа машины дорцоов барчихаад мөнгөө өг, гар утсаа өг гэж англиар хэлэхээр нь гайхаад чамд юу хэрэгтэй юм бэ гээд юмаа өгөхгүй байтал хэдэн үг Монголоор ярьж байгаад зүүн гартаа хутга гаргаад ирсэн, тухайн үед машины суудал таглаад хаанаас хутга гаргаж ирж байгаа нь харагдаагүй, хутганы хэмжээ нь дунд зэргийн хэмжээтэй байсан, тэгээд мөнгөө өг, rap утсаа өг гээд байсан, бид 2 өгөхгүй байсан чинь баруун гартаа барьчихсан байсан дорцоовоороо бид 2-ыг цохих гээд сүрдүүлээд савчаад байсан, энэ үед хажууд сууж байсан нэг залуу нь хажуунаас биеэрээ шахаад хөдөлгөхгүй байсан, угаасаа машины ард гурвуулаа суучихсан байсан болохоор шахцалдаад хөдлөхөд хэцүү байсан, би хэсэг юмаа өгөхгүй гээд эсэргүүцэхэд машины урд сууж байсан залуу төмөр дорцоовоо савчиж байгаад миний баруун гарын шуу хэсэгт 2 удаацохьсон, тэгээд найз бид 2 хутга гаргаад ирэхээр нь айгаад би өөрийн халаасанд байсан түрийвч, гар утсаа гаргаад өгтөл дотор нь байсан 300.000 төгрөг авчихаад түрүүвчийг маань буцаагаад өгсөн, манай найзын түрийвчинд байсан мөнгийг нь бас аваад түрийвчийг нь буцаагаад өгч байгаа харагдсан, найзад маань 1 сая орчим төгрөг байсан, мөн манай найзын гар утсыг нь авсан, тэгээд явсаар байгаад зэлүүд, том байшингүй, жижиг байшингуудтай газар луу авч очоод тэндээ буулгасан Буулгахаас өмнө жолооч нь түрүүлж буугаад арынхаа дугаарыг авчихсан байсан байна лээ, хөдөлснийх нь дараа дугаарыг нь харах гэтэл дугааргүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх  12-13/,

Гэрч З.Оюунтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Т ыг танина.Манай гэрийн ойролцоо гэр нь байдаг. Бага байхаасаа нэг нэгнээ мэднэ. Г, Б нарыг бол мэдэхгүй юм. Би 67-44 УНП улсын дугаартай машиныг 2018 оны 07 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагаас худалдаж авсан. Би энэ машиныг өөрийн хэрэгцээнд хэрэглэдэг. Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Солонгос улс руу ажил хийхээр явсан. Намайг Солонгос улсад байхад Т  над руу холбогдоод манай эхнэр жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа мөн цагаан cap гээд машин тэрэг хэрэгтэй байна та машинаа Монголд иртэлээ түр хэрэглүүлж байгаач гэсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны 18-20 цагийн үед Т  манай гэрээс очиж машин авсан гэсэн. ...маргааш нь манай гэрт цагдаа нар очоод таны нэр дээр бүртгэлтэй машинаар гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэхээр нь би Т тай утсаар яриад машин одоо аваачиж тавь гэж хэлсэн. Ингээд Т  манай гэрт машин аваачиж тавиад ээжтэй уулзаж байхад нь цагдаа нар ирээд аваад явсан гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх  35-36/

Дамно 1-Р ХХ К-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ЧД1-19-06 дугаар тайланд “...Самсунг галакси эс-5 маркийн, хуучин, гар утас нь зах зээлийг хандлагын шууд харьцуулалтын аргаар... ...зах зээлийн үнэлгээ 132.000 төгрөг...” /1-р хх 38/.           

Шүүгдэгч Б.Т ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Дэнжийн мянгаас Баянхошууны хөтөл явах зам дагуу явж байгаад гадаад улсын 2 иргэний мөнгө, гар утсыг аваад буулгасан гэх газрыг заав...”  /1-р хх  105-109/

Шүүгдэгчийн нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 167, 169, 171/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 141,148, 150/, хохирогч Вердолжак Томислав /VRDOLJAK TOMISLAW/-ын мөнгө солиулсан Валют арилжааны баримт /1-р хх 17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 116-121/, Чингэлтэй дүүргийн прокурорын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тухай тогтоол /1-р хх 122/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р хх 128-140/, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2-5а/8105 тоот албан бичиг /2-р хх 59/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” баарны гадна Хорват улсын иргэн Вердолжак Томислав /VRDOLJAK TOMISLAW/-ын 132.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн гар утас болон Серб улсын иргэн Енгелман Филип /ENGELMAN FILIP/ -ын нараас нийт 370.000 төгрөгийг дугуй тайлагч багажыг /дорцовыг/ зэвсэг болгон ашиглаж хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Вердолжак Томислав A/RDOLJAK TOMISLAW/-ын “...урд сууж байсан залуу төмөр дорцоовоо савчиж байгаад миний баруун хөлийн шилбийг цохичихсон, тэгээд найз бид 2 хутга гаргаад ирэхээр нь айгаад би өөрийн халаасанд байсан түрийвч, гар утсаа гаргаад өгтөл түрийвчин дотор байсан нэг сая төгрөг, гар утсыг минь авчихаад түрийвчийг маань буцаагаад өгсөн, манай найз бас түрийвчээ өгтөл дотор нь байсан мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 06-07/, хохирогч Енгелман Филипийн / ENGELMAN FILIP/-ын “...Монголоор ярьж байгаад зүүн гартаа хутга гаргаад ирсэн, тухайн үед машины суудал таглаад хаанаас хутга гаргаж ирж байгаа нь харагдаагүй, хутганы хэмжээ нь дунд зэргийн хэмжээтэй байсан, тэгээд мөнгөө өг, rap утсаа өг гээд байсан, бид 2 өгөхгүй байсан чинь баруун гартаа барьчихсан байсан дорцоовоороо бид 2-ыг цохих гээд сүрдүүлээд савчаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх  12-13/, гэрч З.Оюунтуяагийн “...маргааш нь манай гэрт цагдаа нар очоод таны нэр дээр бүртгэлтэй машинаар гэмт хэрэг үйлдэгдсэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх  35-36/, Дамно 1-Р ХХ К-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ЧД1-19-06 дугаар тайлан /1-р хх  38/, шүүгдэгч Б.Т ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх  105-109/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүгдэгч нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх үедээ хутга хэргэлсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй бөгөөд хохирогч Филип Енгелман хохирогчоор мэдүүлэхдээ ...хутгыг бүгдийг хараагүй, цухуйлгаж үзүүлсэн. Ямар ч байсан баруун гартаа түлхүүр дорцов барисан байсан. Зүүн гартаа бас гялтганасан металь баричихсан харагдсан, тухайн үед би хутга гэж ойлгосон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12-14/,

мөн шүүгдэгч нар нь яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад /шүүгдэгч/ нарын мэдүүлэг зэргээс хутга байгаагүй хэрэглээгүй гэж хохирогч, шүүгдэгч нар зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд тэдний энэ мэдүүлгийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан авч үзэхэд хэрэгт чухам ямар зүйл байсан болохыг нарийн тогтоогоогүй, хутга эд мөрийн баримтаар авагдаагүй, бодит байдлаар хутга мөн эсэх нь нотлогдохгүй байна.

Иймд прокуророос шүүгдэгч нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэргэлсэн гэх боловч хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хутга хэргэлсэн гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Харин дугуй тайлагч багаж /дорцов/ хэргэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул прокурорын яллах дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилэн ирүүлсэн эрүүгийн хэргээс хутгыг зэвсэг болгон ашигласан гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн хавтаст хэрэгт хохирлын хэмжээ буюу бэлэн мөнгөний хэмжээг хохирогч нарын мэдүүлгээр 1.300.000 төгрөгөөр тогтоон ирүүлснийг бүрэн тогтоох боломжгүй, хохирогч нар нь хохирлын талаарх гаргаж өгсөн баримтууд нь хангалтгүй байх тул хохирлын хэмжээг шүүх бууруулан тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч Вердолжак Томислав 2019 оны 02 дугаар сарын 02-нд Хас банкинд еврог монгол мөнгөөр солиулахад 1.000.000 төгрөг болсон, хохирогч Енгелман Филипийн 300.000 төгрөг бэлнээр авч явж байсан гэж мэдүүлсэн боловч гэмт хэрэг гарах үед хохирогч нарын биед 1.300.000 төгрөг байсныг дээрэмдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч нар нь хохирогч нараас авсан мөнгөний дүнг анхнаасаа тогтвортой мэдүүлсээр ирсэн тул гэмт хэргийн улмаас учирсан бэлэн мөнгөний хэмжээг 370.000 төгрөг болгон өөрчилөх нь зүйтэй байна.

  Иймд шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нарыг хутга, дугуй тайлагч багажийг/дорцовыг/  зэвсэг болгон хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцно уу...” гэж гэм буруугийн талаар дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Т.Б, Б.Т , Ө.Г нь хүч хэрэглэхгүйгээр, илээр, бусдын эд хөрөнгийг авсан нь тогтоогдсон. Харин хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмбуруутайд тооцож өгнө үү гэж...”, иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгч нарыг гэм буруутай боловч  Б санамсаргүй байдлаар холбогдсон байх ...” гэж тус тус дүгнэлт, санал гаргасан боловч шүүгдэгч нараас хохирогчид дугуй тайлагч багаж /дорцов/ үзүүлэн эд хөрөнгийг авснаа мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгч нарын зүгээс өөрт нь дорцов, хутга мэт гялтагнасан зүйл үзүүлж мөнгө, гар утас нэхсэн үйлдлийн улмаас айсан талаар  тогтвортой мэдүүлж, гэрч нараас гэмт хэрэг болсон газар ямар байдалтай байсан, хохирогч эд хөрөнгөө дээрэмдүүлсэн талаар хэлсэн болохыг мэдүүлэхээс гадна “...шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нар нь дээрх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлдээгүй боловч үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн үйлдэж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болохыг тогтоосон дээрх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэн дугуй тайлагч багажийг зэвсэг болгон ашиглаж дээрэмдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Т.Бод 5 /тав/ жил 1 /нэг/ сар, Б.Т д 5 /тав/ жил 6 /зургаа/ сар, Ө.Гд 5 /тав/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Шүүгдэгч Б.Т  нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаанд хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссэн байхад ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Б.Т д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын 6 жилийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б, Ө.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй, Б.Т д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь хохирол төлбөрт 270.000 төгрөгийг төлсөн, Самсунг Эс 5 маркийн гар утас 1 ширхэгийг хохирогч Вердолжак Томиславт хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хав 113 хуудас/, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хав 114 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нарыг хохирол, төлбөрт 100.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж  үзлээ. Харин хохирогч нар нь монгол улсын хилээр гарч явсан нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2-5а/8105 тоот албан бичгээр тогтоогдох тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан З.Оюунтуяагийн эзэмшилийн 67-44 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн Чингэлтэй дүүргийн прокурорын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь тухайн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эзэмшлийнх биш болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, шүүгдэгч нарын мэдүүлэг, З.Оюунтуяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ болох 8.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Ингэхдээ шүүгдэгч нарын шүүхийн дансанд байршуулсан барьцааны 1.500.000 төгрөгийг хохирол, төлбөрт тооцуулан улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч тус бүрээс үлдэх  1.366.733 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн нийт цагдан хоригдсон 78 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Т.Б, Б.Т , Ө.Г нарыг  бүлэглэж, хутга, дугуй тайлагч багажийг /дорцов/ зэвсэг болгон ашиглаж бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж Самсунг маркийн гар утас, бэлэн 1.300.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хутгыг зэвсгийн чанартай ашиглаж гэснийг хэрэгсэхгүй болгож,  бусдаас дээрэмдэж авсан бэлэн мөнгөний хэмжээг 370.000 төгрөг болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овгийн Т.Б, Гурт овгийн Б.Т , Шанд овгийн Ө.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар бүлэглэж, дугуй тайлагч багажийг /дорцов/ зэвсгийн чанартай хэрэглэн бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Т.Бод 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Т д 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Гд 5 /тав/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т д ял оногдуулсан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Б.Т д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын 6/зургаа/  жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Ө.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Б.Т д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Оюунтуяагийн эзэмшилийн 67-44 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн Чингэлтэй дүүргийн прокурорын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч тус бүрийн шүүхийн дансанд байршуулсан барьцаа авах таслсан сэргийлэх арга хэмжээний 1.500.000 /нийт 4.500.000/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, хохирол төлбөрөөс хасч тооцон шүүгдэгч тус бүрээс 1.366.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 78 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Б.Т , Ө.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХАЛИУН

 

                                 ШҮҮГЧИД                                     Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                                                                    П.АРИУНБОЛД