Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/02027

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/02027

 

 

 

Ф.К- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 184/ШШ2019/02670 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ф.К- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Г-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 585 835 төгрөг гаргуулах, эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвээндулам

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нармандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Г- нь манай компанитай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр БЗГ/17/08/34 тоот барьцаат зээлийн гэрээ, БЗГ/17/08/34-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг сарын 5.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд Г.Г-ын өмчлөлийн 67-80 УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, Toyota Allion маркийн автомашиныг нэхэмжлэгч компанийн эзэмшилд шилжүүлсэн. Г.Г- нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4 200 000 төгрөгийг төлсөн ба 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд төлсөн ба үүнээс өөр төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний 2.6, 2.8, 4.2.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 5 000 000 төгрөг, хүү 2 060 835 төгрөг, алданги 9 525 000 төгрөг, нийт 16 585 835 төгрөг, эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу 67-80 УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, Toyota Allion маркийн автомашиныг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээ байгуулж 5 000 000 төгрөг зээлж авсан талаар маргахгүй. Гэрээний үүрэгт 4 200 000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгийг хүүнд тооцон авсан, энэ хугацааны хүүг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Миний тооцоогоор 3 750 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа, энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт мөнгө гаргуулахаар нэхэмжилсэн атлаа эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу автомашиныг давхар авахаар нэхэмжилсэнийг зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 5 000 000 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Ф.К- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 585 835 төгрөг гаргуулах, 67-80 УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, Toyota Allion маркийн автомашиныг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвээндулам давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Г.Г- нь Ф.К- ХХК-аас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5.5 хувийн хүүтэй авсан. Гэрээний хугацаанд хүү болох 1 650 000 төгрөг, үндсэн төлбөрөөс сар бүр төлөлт хийж 2 550 000 төгрөг, нийт 4 200 000 төгрөг төлсөн.

Хариуцагч Г.Г- нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 2 450 000 төгрөг, алданги 1 225 000 төгрөг, нийт 3 675 000 төгрөг төлөх байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр 5 000 000 төгрөг төлөхөөр шийдвэр гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ф.К- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй 5 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ф.К- ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 585 835 төгрөг гаргуулж, эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу автомашин гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Талууд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн БЗГ/17/08/34 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Ф.К- ХХК нь 5 000 000 төгрөгийг сарын 5.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Г.Г- нь зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх5-7/ Гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт цугларсан зээлийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх47,48/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээгээр хариуцагч нь үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 650 000 төгрөг, нийт 6 650 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч дээрх хугацаанд 1 650 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2 550 000 төгрөг, нийт 4 200 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх45, 47/ Иймээс хариуцагчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэдэгт маргаангүй, харин гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг зээлийн хүүд суутган тооцсныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх, уг шаардлагыг хангаагүй тохиолдолд хүү шаардах эрхгүй байхаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул уг хугацаанаас хойш нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв дүгнэж, хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2 550 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Харин шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үлдэх үүргийг гаргуулахаар шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

Хариуцагч нь зээлийн үүрэгт нийт 6 650 000 төгрөг төлөхөөс 4 200 000 төгрөг төлсөн талаар маргаангүй учир түүнийг зээлийн үүрэгт 2 450 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэж үзнэ. Зохигчид, хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь нөгөө талдаа анз төлөхөөр гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцжээ. Иймээс хариуцагч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2 450 000 төгрөгийн 0.5 хувьд ногдох алдангийг төлөх үүрэгтэй.

Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул давж заалдах шатны шүүх хариуцагчаас зээлийн үүргийг тооцохдоо алданги 1 275 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 2 450 000 төгрөг, нийт 3 675 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн дээрх зохицуулалт болон 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэстэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх, хариуцагчаас эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу автомашин гаргуулах тухай нэхэмжлэгчийн 2 дахь шаардлагыг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бус зээлийн үүргээс тусдаа давхар нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Уг шийдвэрт зохигч талууд гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5 000 000 гэснийг 3 675 000 гэж, 11 585 835 гэснийг 12 910 835 гэж, 2 дахь заалтын 94 750 гэснийг 73 750 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ч.ЦЭНД