Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2019/02670

 

2019 оны 10 сарын 18 өдөр

     Дугаар 184/ШШ2019/02670

                       Улаанбаатар хот

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Ф” ХХК /РД: /. Хаяг: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Тээвэрчдийн гудамж-25, центр, тоот

 

Хариуцагч: М овогт Г.Г /РД:  / Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Толгойт, дугаар гудамж, тоот

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 585 835 /арван зургаан сая таван зуун наян таван мянга найман зуун гучин тав/ төгрөг гаргуулах, эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу  УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, Toyota Allion маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Н,  нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                                                                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

          

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Г нь манай компанитай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр БЗГ/17/08/34 тоот барьцаат зээлийн гэрээ, БЗГ/17/08/34-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд Г.Г-н өмчлөлийн 67-80 УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, Toyota Allion маркийн автомашиныг нэхэмжлэгч компанийн эзэмшилд шилжүүлсэн. Г.Г нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4 200 000 төгрөгийг төлсөн ба 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд төлсөн ба үүнээс өөр төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний 2.6, 2.8, 4.2.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн.

 

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 5 000 000 төгрөг, хүү 2 060 835 төгрөг, алданги 9 525 000 төгрөг, нийт 16 585 835 төгрөг, эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу  УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, Toyota Allion маркийн автомашиныг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан, 5 000 000 төгрөг зээлэн авсан талаар маргахгүй байна. Гэрээний үүрэгт 4 200 000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгийг хүүнд тооцон авсан, энэ хугацааны хүүг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Миний тооцоогоор 3 750 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа, энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт мөнгө гаргуулахаар нэхэмжилсэн байтлаа эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу автомашиныг давхар авахаар нэхэмжилсэнийг зөвшөөрөх боломжгүй.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ф” ХХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 585 835 /арван зургаан сая таван зуун наян таван мянга найман зуун гучин тав/ төгрөг гаргуулах, эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, Toyota Allion маркийн автомашиныг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь  хариуцагчийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу  5 000 000 төгрөг хүлээн авсан тухайд маргахгүй, харин хүү болон алдангийг нэхэмжлэгч буруу тооцоолсон гэж маргасан.  

 

Зохигчид  2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр БЗГ/17/08/34 тоот барьцаат зээлийн гэрээ, БЗГ/17/08/34-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай, эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлэн авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн өмчлөлийн  УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, Toyota Allion маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлийн болон өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Гэрээний хугацаанд хариуцагч нь 1 650 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2 550 000 төгрөгийг буцаан төлсөн, 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс хойш төлөлт хийгээгүй талаар талууд маргахгүй, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хувиар 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдөр гэхэд зээлдэгч нь  үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү  1 650 000 төгрөг, нийт 6 650 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч  бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Г.Г нь сар бүр 275 000 төгрөгийг хүүнд төлөх, гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 5 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний хугацаанд хүүнд 1 650 000  төгрөгийг, хугацаа дууссанаас хойш 2018 оны 3 дугаар сарын 16-нд 275 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15-нд 275 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-нд 550 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-нд 275 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-нд 275 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 29-нд 900 000 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Зохигчид  анзын тухайд гэрээгээр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсгүүдэд анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх, алданги нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байхаар зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчийн хугацаа хэтрүүлж төлсөн мөнгийг үндсэн зээлээс төлсөн гэж тооцох  бөгөөд харин гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдүүлэгч хүү тооцон нэхэмжилсэн үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Иймд хариуцагч Г.Г-ээс зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл, алданги нийт 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 585 835 төгрөг гаргуулах, эд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, Toyota Allion маркийн автомашиныг гаргуулах  тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан автомашиныг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бус зээлийн гэрээний үүргээс тусдаа  давхар нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-ээс 5 000 000 /таван сая/ төгрөг  гаргуулан нэхэмжлэгч “Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 585 835  /арван нэгэн сая таван зуун наян таван мянга найман зуун гучин тав/ төгрөг гаргуулах,  УБЛ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, Toyota Allion маркийн автомашиныг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн     311 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөг нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ