Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01869

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01869

 

 

 

 

Ш.Мөнх-Отгоны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/02001 дүгээр шийдвэртэй, Ш.Мөнх-Отгоны нэхэмжлэлтэй Б.Баттулгад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1830000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Баттулгатай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 830 000 төгрөгийг зээлүүлсэн юм. Зээлдэгч Б.Баттулга нь өнөөдрийг хүртэл зээлдүүлсэн мөнгөө өгөхгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1 830 000 төгрөгийг хариуцагч Б.Баттулгаас гаргуулж өгнө үү. Сонгуулийн сурталчилгаанд гарсан зардлыг хуваан хариуцахаар тохиролцож, зээлийн гэрээ болгосон гэжээ.

Хариуцагч Б.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны Улсын их хурлын сонгуулийн 67 дугаар тойрогт Иргэний зориг намаас сонгуульд нэр дэвшсэн. Намар нь Орон нутгийн сонгууль болоход Баянгол дүүргийн хорооны Иргэний зориг ногоон нам, Ардчилсан нам хоёр орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоор тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хороонд Ш.Мөнх-Отгонтой нэр дэвшиж, сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон. Тухайн үед сонгуулийн сурталчилгааны үеэр Ш.Мөнх-Отгонтой муудалцаж ...чи сонгуулийн тал зардлыг гарга гэхэд нь хоёр намын тохиролцоо байсан, надад штабын байрыг түрээслэх мөнгө байхгүй харин нэгэнт таны сурталчилгааны сэтгүүл хамт тараагдах болохоор миний сурталчилгааны сэтгүүлийг хамт тарааж өгнө үү гэж хэлсэн. Гэтэл сурталчилгааны үед аргагүй байдалд оруулсаар байгаад чамд мөнгө байхгүй юм бол чи дараа нь надад өгчих гээд зээлийн гэрээ байгуулсан. Яг сурталчилгааны үе байсан болохоор дараа нь учрыг нь олъё гээд би аргагүй эрхэнд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд 2 жилийн хугацаанд чимээгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5 дахь хэсэгт сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд зөвхөн үйл ажиллагааны өдөр тутмын зардлыг сонгуулийн зардлаас гаргуулахаар заасан. Хууль зөрчиж ажилчдад цалин олгосон мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б. Баттулгаас 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мөнх-Отгонд олгож, нэхэмжлэлээс 1 430 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамжид 12 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мөнх-Отгонд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Золзаяа давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн 5 дугаар хорооны тойрогт Ардчилсан намаас Б.Баттулга, Ш.Мөнх-Отгон нар нь нэр дэвшиж нэг штаб байгуулж, хамтран ажиллахаар болж, 17 хүнийг авч ажиллуулж, зардал мөнгөө хамтран хариуцахаар болсон. Дээрх хамтран ажиллах гэрээний дагуу нийт 3 660 000 төгрөгийн 50 хувь буюу 1 830 000 төгрөгийг Б.Баттулга нь төлөхөө хүлээн зөвшөөрч мөн 17 хүн ажиллуулсан, хүн тус бүрт урамшууллын 200 000 төгрөг төлөхөөр болсон дээр маргаагүй хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан. Шүүхээс 14 хүний 200 000 төгрөг өгсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь үнэн зөв нотлох баримтанд үндэслэж шийдвэрлээгүй гэж үзэж болох байна. Гэрчээр оролцсон Б.Ганбат, Л.Нарантуяа, Л.Ариунэрдэнэ, А.Пагмаханд нараас мэдүүлэг авч дээрх хүмүүс л зөвхөн 200 000 төгрөгийг урамшуулалд авсан бусад 14 хүн урамшуулал авсан эсэх нь эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлэг бусад баримттай зөрчилдөж, шийдвэр тэгш эрхийг хангаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж байна. Иймд нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж тогтоон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнх-Отгон нь хариуцагч Б.Баттулгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 830 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ш.Мөнх-Отгон, Б.Баттулга нар нь 2016 оны орон нутгийн сонгуульд оролцож сурталчилгаа явуулахдаа нэг штаб байгуулан ажилласан. Сонгуулийн сурталчилгаа хийх үйл ажиллагаанд гарсан зардлыг хуваан хариуцахаар тохиролцсон, 3 660 000 төгрөгийн зардлын 50 хувийг буюу 1 830 000 төгрөгийг хариуцахаар зээлийн гэрээ байгуулсан зэрэг үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 5 дугаар тал/

Хариуцагч ухуулагч нарыг өөрийн сурталчилгаанд ажиллуулаагүй гэж тайлбарлах боловч Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулна гэж заасан, гэрч Б.Ганбат, А.Пагмаханд, Л.Нарантуяа, Л.Ариунгэрэл нар нэр дэвшиж байгаа хүмүүсийг сурталчилж байсан, айлуудаар явж материал тараасан гэж мэдүүлсэн байх тул түүний тайлбар үндэслэлгүй.

Талууд сонгуулийн сурталчилгааны зардлыг хувааж хариуцахаар тохиролцож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хэмжээний зардлыг төлөх үүрэг хариуцагч талд үүссэн гэж үзнэ. Хуульд заасны дагуу үүссэн үүргийг зээлийн гэрээний үүрэг болгож сольсон талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт нийцжээ.

Харин талууд эрх үүрэг, ашиг орлогоо хуваах талаар болон хамтран ажиллах гэрээний гол шинжүүдийг тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад шүүх тэдний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Хариуцагч гэрээнд заасан мөнгөн дүн болох 1 830 000 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс бодитоор гараагүй гэж маргасан ба хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүх дүгнээд нотлогдсон хэмжээгээр 800 000 төгрөгийн зардал гарсан гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчөөгүй.

Нэхэмжлэгч сонгуулийн сурталчилгаанд 3 660 000 төгрөгийн зардал гарсан болон хариуцагч 1 430 000 төгрөгийг хариуцах болохыг хангалттай, эргэлзээгүй баримтаар нотлоогүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/02001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ