Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/02001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.М

Хариуцагч: Б.Б

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1830000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Золзаяа

        хариуцагч Б.Б

        гэрч Б.Г, Л.Н, Л.А, А.П

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.М нь Б.Батай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1830000 төгрөгийг зээлүүлсэн юм. Зээлдэгч Б.Ба нь өнөөдрийг хүртэл зээлдүүлсэн мөнгөө өгөхгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1830000 төгрөгийг хариуцагч Б.Баас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.М нь 2016 оны  10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Ардчилсан намаас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны тойрогт иргэдийн төлөөлөгчид нэр дэвшсэн. Б.Батай хамтран сонгуулийн нэг штаб байгуулж, 17 хүнийг ажиллуулж, санхүү мөнгөө хамтран хариуцахаар болж тохирсон. Дээрх сонгуулийн үйл ажиллагаанд нийт 17 хүн ажилласан. Нэг хүнд 200000 төгрөгийн урамшуулал олгохоор тохиролцож,  нийт 17 хүний  зардал нь 3400000 төгрөг, мөн тухайн байрыг 260000 төгрөгөөр түрээсэлсэн. Ингээд нийт 3660000 төгрөг болж байгаа. Тухайн үед уг зардлын 50 хувийг би хариуцна гээд Б.Ба зээлийн гэрээг 1 сарын хугацаатай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1830000 төгрөгийг  төлнө гэж байгуулсан. Одоохондоо надад мөнгө байхгүй учраас та төлчих гэснээр нэхэмжлэгчээс энэ зардлууд гарч байсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд Б.Ба 1830000 төгрөгийг төлөөгүй учраас Б.Баас 1830000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.Ба шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.М нь тус дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2016.10.17-ны өдөр иргэн Б.Батай зээлийн гэрээ байгуулж 1830000 төгрөг зээлүүлсэн бөгөөд үүнийгээ гаргуулах” талаар дурджээ. Дээрх нэхэмжлэлд миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Миний бие нэхэмжлэгч Ш.Мтой 2016.10.17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж нотариатаар батлуулсан нь үнэн боловч угтаа зээлийн гэрээ гэж үзэх үндэслэл огт байхгүй гэж үзэж байна. Учир нь Б.Ба миний бие нэхэмжлэгч Ш.Моос нэг ч төгрөг бэлнээр болон дансаар зээлж аваагүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Би болон Ш.М бид хоёр 2016 оны Орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 5-р тойрогт хамтдаа нэр дэвшсэн. Энэхүү 5-р тойрог нь хоёр мандаттай тойрог байсан бөгөөд ийнхүү бид хоёр сонгуулийн сурталчилгааны нэг штабтай, нэг байртай хамтран сурталчилгааны ажлаа явуулсан юм. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс нь дуусах хүртэл хамтран ажиллаж, тухайн үед гарч байсан сонгуулийн зардлуудыг заримыг нь өөрсдөөсөө, заримыг нь хамтран гаргаж ажиллаж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор мөнгө төгрөгний маргаантай асуудал байдаг нь үнэн боловч би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг зээлж аваагүй болно. Энэхүү зээлийн гэрээг 2016.10.17-ны өдөр буюу яг сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байх үед байгуулсан байдаг. Хамт нэр дэвшигч Ш.М маань сонгуулийн зардалтай холбоотой дээрх 1830000 төгрөгийг надаас гаргуулах ёстой гэж үздэг боловч миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед сонгуулийн сурталчилгааны үе байсан тул хэрүүл маргаан хийгээд яахав гэсэндээ арга буюу дээрх гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэтэл хоёр жилийн дараа ийнхүү нэхэмжилж байгааг сайтар ойлгохгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Ш.М нь ямар ч хэлбэрээр надад 1830000 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ш.М нь сонгуулийн зардалтай холбоотой, ндаар гаргуулах гэсэн 1830000 төгрөгийг хариуцагч миний бие огт хүлээн зөвшөөрдөггүй тул зээлийн гэрээгээр халхавчлан хариуцлагад унагах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч Б.Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны Улсын их хурлын сонгуулийн 67 дугаар тойрогт Иргэний зориг намаас сонгуульд нэр дэвшсэн. Намар нь Орон нутгийн сонгууль болоход Баянгол дүүргийн хорооны Иргэний зориг ногоон нам, Ардчилсан нам хоёр орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоор тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Баянгол дүүргийн 30 гаруй тойрогоос 4 тойрог дээр Иргэний зориг ногоон намын гишүүдийг нэр дэвшүүлэхээр тохиролцсон байдаг. Тэр 4 нэр дэвшигчийн 1 нь би байсан. Миний хувьд Баянгол дүүргийн 5 дугаар хороонд Ш.Мтой нэр дэвшсэн. Ингээд хоёр намын тохиролцооны дагуу Ардчилсан намд элсэж, сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө 5 дугаар хорооны Ардчилсан намын гишүүдтэй уулзаж, танилцах ёстой. Хорооны ахмадуудаа амралтанд амраах ёстой л гэнэ. Энэ бүгдийн зардлыг би тухайн үед өгсөн. Ингээд алхам тутамдаа мөнгө нэхэмжилж байсан. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс авахуулан би 17 ажилчидтай хамтарч ажиллаагүй. Эхнээсээ мөнгө, төмс, ногоо тараая гэсэн хууль бус зүйл яригдаж байсан болохоор сонгуулийн ажилчидтай муудалцсан. Сонгуулийн штабад би 2 удаа л очсон. Эхний удаа очиж байртайгаа танилцаж, дараагийн удаа очихдаа 16 хүнийг ахалж ажилласан Ганбат гэж хүнтэй хэрэлдэж, муудалцаад би та нартай хамтарч ажиллаж чадахгүй. Та бүхэн Ш.Мы сонгуулийн сурталчилгааны ажлаа хий. Би өөрөө сонгуулийн сурталчилгаагаа хийнэ гээд явсан. Сонгуулийн ажил дуустал би дахиж ажилчидтай уулзаагүй. Тухайн үед сонгуулийн сурталчилгааны үеэр Ш.М бид хоёр муудалцаад чи сонгуулийн тал зардлыг гарга гэхэд нь энэ анхнаасаа хоёр намын тохиролцоо байсан, надад штабын байрыг түрээслэх мөнгө байхгүй харин нэгэнт таны сурталчилгааны сэтгүүл хамт тараагдах болохоор миний сурталчилгааны сэтгүүлийг хамт тараачаач гэж хэлсэн. Гэтэл сурталчилгааны үед намайг аргагүй байдалд оруулсаар байгаад чамд мөнгө байхгүй юм бол чи дараа нь надад өгчих гээд зээлийн гэрээ байгуулсан. Яг сурталчилгааны үе байсан болохоор дараа нь учрыг нь олъё гээд би аргагүй эрхэнд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд 2 жилийн хугацаанд чимээгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би 17 хүнийг өөрийнхөө төлөө ажиллуулаагүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сонгуулийн явцад би нэг иргэнээс хандив гэж 800000 төгрөг авсан. Түүнийхээ зарцуулалтыг тайлагнасан байгаа. Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5 дахь хэсэгт сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд зөвхөн үйл ажиллагааны өдөр тутмын зардлыг сонгуулийн зардлаас гаргуулахаар заасан. Тухайн үед би хуулиараа 200000 төгрөг өгч болохгүй, өдөр тутмын хэрэглээний мөнгийг өгөх ёстой гэдгийг нь хэлэхэд тийм зүйл байхгүй, сонгуулийн ухуулагчдад цалин өгөхгүйгээр 10 гаруй хоног ажиллуулна гэж байхгүй гэж зөрсөөр байгаад хийсэн. Хууль зөрчиж ажилчдад цалин олгочихоод одоо надаас талыг нь нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч Ш.М хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1830000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Зохигчид 2016 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгуулийн штабыг хамтран байгуулж, сонгуулийн сурталчилгааны материал тараалгах болон сурталчилгаа /ухуулга/ хийлгэх зорилгоор хүн ажиллуулах, тэдний ажлын хөлс болон сонгуулийн сурталчилгааны байрны түрээсийн төлбөрийг хамтран хариуцахаар тохирсон болох нь тэдний тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Дээрх тохиролцоог хийгээгүй, хууль бус учраас зөвшөөрөөгүй аргагүй эрхэнд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж хариуцагч маргаж байна. Хэдийгээр хариуцагч сонгуулийн штабт ажиллах хүмүүсийн ажлын хөлс болон түрээсийн байрны төлбөрийг хувааж хариуцахаар тохироогүй гэж байгаа боловч түүний шүүхэд гаргасан “сурталчилгааны үед намайг аргагүй байдалд оруулсаар байгаад чамд мөнгө байхгүй юм бол чи дараа нь надад өгчих гээд зээлийн гэрээ байгуулсан” гэсэн тайлбар болон төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийсэн зээлийн гэрээгээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Сонгуулийн штабтаа ажиллуулж буй ухуулагч нарыг сонгуулийн зардлаас бус өөрийн хөрөнгөөр цалинжуулахаар тохирсон тохиролцоог хууль зөрчөөгүй гэж үзнэ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.  

Хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хамтын тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллахаар тохирч үүрэг хүлээх бөгөөд уг хамтын ажиллагааг гэрээний талууд санхүүжүүлнэ. Иймд хариуцагч нь сонгуулийн штабт ажилласан ухуулагч нарын ажлын хөлс, сонгуулийн штабын байрны түрээсийн төлбөрийг хувааж төлөх үүрэгтэй байна. Энэ гэрээний үүргийг талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон”-оор үүрэг дуусгавар болно гэж зааснаар хамтран ажиллах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгожээ. Иймд нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй. Тухайн зээлийн гэрээ талуудын хооронд сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой гарах зардлыг /ухуулагчийн ажлын хөлс, байрны түрээс/ хувааж хариуцах тохиролцоо хийгдсэнийг нотлож буй баримт мөн боловч уг гэрээнд заасан мөнгөн дүн бодитоор нэхэмжлэгчээс гарсан зардал болохыг нотлохгүй. Иймд гэрч Б.Ганбат, Л.Нарантуяа, Л.Ариунгэрэл, А.Пагмаханд нарын “ажлын хөлсөнд тус бүр 200000 төгрөг авсан” гэсэн мэдүүлгийг үндэслэн 4 ухуулагчийн ажлын хөлсийг хувааж, хариуцагчаас 400000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаар Хаан банкин дахь өөрийн харилцах дансны хуулгыг ирүүлсэн ба 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд гарсан зардал ухуулагчийн ажлын хөлс болон байрны түрээсийн төлбөрт зориулагдсан болохыг нотлохгүй болно. Мөн хариуцагч ухуулагч нарыг өөрийнхөө төлөө ажиллуулаагүй гэж байгаа боловч Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулна” гэж заасан байх тул хариуцагч Б.Бын сонгуулийн сурталчилгаа хийгдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчээс бодитоор гарсан зардлыг хуваан хариуцуулж, 1430000 төгрөгийн зардал гарсан болохоо нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 400000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 12650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мд олгож, нэхэмжлэлээс 1430000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 12650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мд олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА