Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01615

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01615

 

 

Мон энержи консалт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01233 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Мон энержи консалт ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Би Эл Би Эс ХХК-д холбогдох

 

Ажлын хөлсний үлдэгдэл 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мон энержи консалт ХХК нь Би эл би эс ХХК-тай 2013 оны 12 сарын 09-ний өдрийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээ байгуулж, Төв аймгийн Бүрэн сумын нутагт Хархонхорын хүрэн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг нийт 80 000 000 төгрөгийн өртгөөр хийхээр тохиролцсон. Бид дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн 2014 оны 04 сарын 03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэн Би эл би эс ХХК-д хүлээлгэж өгсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл өгөөгүй тул үлдэгдэл 25 000 000 төгрөгийг Би эл би эс ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Мон энержи консалт ХХК-тай байгуулсан Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээний 5.4-т гүйцэтгэгч гэрээт ажлаа дуусгаж шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулсан тайланг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан гэрээний дүнгийн үлдсэн 20 хувийг өгөхөөр заасан. 2014 оны 03 сарын 07-ны өдөр хуралдсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2017 оны 03 сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд гэрээний төлбөрийг шаардаж удаа дараа албан бичиг явуулсан гэх боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар 343.1-ийг баримтлан Би эл би эс ХХК-аас 25.000.000 төгрөгийг гаргуулж Мон энержи консалт ХХК-д олгож,

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 282.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 282.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрээний 5.4-т "Гүйцэтгэгч гэрээт ажлаа дуусгаж ШУТЗ-өөр батлуулсан тайланг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын тав /5/ хоногт багтаан гэрээний дүнгийн үлдсэн 20 хувийг төлнө" гэж заасан бөгөөд хэргийн 8 хуудаст Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар тус ТЭЗҮ-ийг баталж тайланг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тус гэрээний 5.4-т заасны дагуу ТЭЗҮ-ийг батлуулж хүлээлгэн өгсөн өдөр буюу 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 5 хоног буюу 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дотор Би Эл Би эс ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжилсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан.

Хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудсанд нэхэмжлэгч "Мон-Энержи консалт" ХХК-иас хариуцагч "Би Эл Би Эс" ХХК-нд "Төлбөр барагдуулах тухай" албан бичгийг 2016 оны 4,5,6 дугаар сард, 2017 оны 02 дугаар сард тус тус хүргүүлж байсан гэх боловч тухайн албан бичгүүдийг "Mega mines mongolia" ХХК-ийн захирал Б.Дашдэлэгт хүргүүлсэн байгаа бөгөөд хариуцагч Би Эл Би Эс ХХК-д огт хүргүүлж байгаагүй. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт, гомдол огт гаргаж байгаагүй. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн тухай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй. Иймд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75.2.1-т тус тус заасны дагуу "Мон-Энержи Консалт" ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Мон энержи консалт ХХК нь хариуцагч Би эл би эс ХХК-д холбогдуулан Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Мон энержи консалт ХХК нь Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших Хархонхорын хүрэн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг 80 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэн тайланг хүлээлгэн өгч, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах, захиалагч Би эл би эс ХХК нь дээрх төлбөрийн 40 хувьтай тэнцэх дүнг гүйцэтгэгч гэрээнд гарын үсэг зурсны дараа ажлын 5 хоногт багтаан төлөх, тайлангийн төслийг боловсруулж өгсний дараа ажлын 5 хоногт төлбөрийн 40 хувьтай тэнцэх дүнг төлөх, үлдэх 20 хувьтай тэнцэх дүнг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулсан тайланг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх 5-7/

 

Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээ хэрэгжсэн үйл баримтын талаар маргаагүй, гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж хүлээлгэн өгсөн байхад Би эл би эс ХХК нь гэрээний дагуу төлөх төлбөрийн 20 хувьтай тэнцэх дүн буюу 25 000 000 төгрөгийг төлөөгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...Шинжлэх ухаан технологийн зөвлөл 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар Мон энержи консалт ХХК-ийн боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг гэрээнд зааснаар Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн /хх-8/, зохигчид гэрээг дүгнэж, акт үйлдсэн /хх-9/ үйл баримт тогтоогдсоноос гадна хариуцагч Би эл би эс ХХК нь гэрээний дагуу төлөх төлбөрөөс 25 000 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн буюу нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээний 5.4-т гүйцэтгэгч гэрээт ажлаа дуусгаж, Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр батлуулсан тайланг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан гэрээний дүнгийн үлдсэн 20 хувийг төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч Мон энержи консалт ХХК нь хариуцагч Би эл би эс ХХК-д гэрээний зүйл болох тайланг хүлээлгэж өгсөн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл Мон энержи консалт ХХК нь Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлуулсан техник эдийн засгийн үндэслэлээ 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Би эл би эс ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээний 5.4 дэх хэсгийн заалтаас үзэхэд хариуцагч Би эл би эс ХХК нь тайланг Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр батлуулсан биш, хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагчийн гаргасан ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, дээр дурдсанаар нэхэмжлэгч Мон энержи консалт ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд гэрээний үүрэгтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй, мөн хугацааг сэргээсэн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй гэх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хуулийн нэрийг болон зүйл, заалтыг буруу бичсэн алдаа гаргасныг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01233 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343 дугаар гэсний ард зүйлийн гэж нэмж, 1,2,3 дах заалтад Монгол Улсын гэснийг тус тус хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Би эл би эс ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ