Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2017/01233

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 30 өдөр         Дугаар 182/ШШ2017/01233           Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “МЭК” ХХК 

 

Хариуцагч: “БЭБЭ” ХХК 

 25.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Г, хариуцагчийн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МЭК” ХХК нь “БЭБЭ” ХХК-тай 2013 оны 12 сарын 09-ний өдрийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээ байгуулж уг гэрээгээр Төв аймгийн Бүрэн сумын нутагт Хархонхорын хүрэн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг нийт 80.000.000 төгрөгийн өртгөөр хийхээр харилцан тохиролцсон. Бид дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн 2014 оны 04 сарын 03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэн “БЭБЭ” ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэтэл “БЭБЭ” ХХК нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бид удаа дараа тус компаниас гэрээний төлбөрийг төлөхийг шаардаж байгаа билээ. Иймд 2013 оны 12 сарын 09-ний өдрийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээний төлбөрийн үлдэгдэл 25.000.000 төгрөгийг “БЭБЭ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “МЭК” ХХК-тай 2013 оны 12 сарын 09-ний өдрийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээний 5.4-т гүйцэтгэгч гэрээт ажлаа дуусгаж Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулсан тайланг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан гэрээний дүнгийн үлдсэн 20 хувийг өгөхөөр заасан байгаа. 2014 оны 03 сарын 07-ны өдөр хуралдсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2017 оны 03 сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд байгууллага руу гэрээний төлбөрийг шаардаж удаа дараа албан бичиг явуулсан гэх боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээ, эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, гэрээ дүгнэсэн акт, төлбөр барагдуулах тухай мэдэгдлүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагчаас Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээний үлдэгдэл төлбөр гэж 25.000.000  төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, төлөх тухай мэдэгдэл хүргүүлж байгаагүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч “МЭК” ХХК нь хариуцагч “БЭБЭ” ХХК-тай 2013 оны 12 сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр Төв аймгийн Бүрэн сумын нутагт Хархонхорын хүрэн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг нийт 80.000.000 төгрөгийн өртгөөр хийхээр тохиролцжээ.

“МЭК ХХК ” гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажлын тайланг захиалагчид хүлээлгэж өгсөн, захиалагч 55.000.000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байна. Талууд ажлыг хүлээн авч, ажлын хөлсний заримыг төлсөн, одоо 25.000.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн дээр маргадаггүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох, шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс үүсэхээр заажээ.

Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд захиалагч ажлын хөлсийг 3 хувааж төлөх, сүүлийн хэсгийг гүйцэтгэгч гэрээт ажлыг дуусгаж, шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулсан тайланг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан төлөхөөр заажээ.

Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар “МЭК ХХК”-ийн боловсруулсан Хархонхорын цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн, Зөвлөлийн гишүүдийн гаргасан санал, зөвлөмжийн дагуу тайланд нэмэлт тодруулга хийж гишүүдэд танилцуулахыг даалгаад дэмжсэн нь хурлын тэмдэглэлээс харагдаж байна. Ажлын тайланг гүйцэтгэгч захиалагчид 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн, энэ өдрөөс хойш ажлын 5 өдөрт ажлын үлдэгдэл хөлс төлөгдөх байсан ба төлөгдөөгүй тул энэ үеэс гүйцэтгэгчийн буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, шаардах эрхийг энэ үед үүссэн гэж үзнэ. Нэхэмжлэгч ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан үе байна. Мөн түүнчлэн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг 2016 оны 4, 5, 6 дугаар сар, 2017 оны 2 дугаар сард хариуцагчид мэдэгдэж байсан албан бичгийг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагчаас 25.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар 343.1-ийг баримтлан “БЭБЭ” ХХК-аас 25.000.000 төгрөгийг гаргуулж “МЭК” ХХК-д олгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 282.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 282.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД