Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01317

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01317

 

 

Д.Мөнхмандах, Д.Нандинцэцэг, Б.Даваа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01325 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Мөнхмандах,

Нэхэмжлэгч: Д.Нандинцэцэг,

Нэхэмжлэгч: Б.Даваа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Шин Еунг Сүект /Shin Eung Suek/ холбогдох,

 

Түрээсийн гэрээг цуцлуулах, гэрээний үүрэгт 77 578 166 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

254 843 902 төгрөгийн үнэ бүхий 39 нэр төрлийн эд зүйл гаргуулах, түрээсийн байранд засвар хийсэн 800 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Мөнхмандах

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.Мөнхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наранбулаг

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Золбоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь БНСУ-ын иргэн Шин Еунг Сүек гэгчтэй 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 15/02 тоот гэрээгээр өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах Баруун сэлбийн үйлчилгээний төвийн Д, Е блокны 2 давхрын 480 м.кв талбайтай Амрита диско клубыг 4 жилийн хугацаагаар сарын 12 000 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй түрээслүүлж, гэрээгээ 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шинэчлэн, дахин байгуулсан юм. Шин Еунг Сүек нь өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй.

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр тэрээр БНСУ руу яваад, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсад эргэж ирснийг мэдсэн.

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт 71 000 000 төгрөг, мөн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу алданги 35 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож гаргуулах, ашиглалтын зардал 4 078 166 төгрөг болно. Ийнхүү Түрээсийн гэрээг цуцалсантай холбоотойгоор түрээсийн үлдэгдэл төлбөр болон алданги, ашиглалтын зардал нийт 110 578 166 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байгаагаас барьцаа 33 000 000 төгрөгийг хасч, нийт 77 578 166 төгрөгийг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн 800 000 төгрөг гаргуулах, 39 нэр төрлийн эд зүйлсийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 4.3-т түрээсийн байрыг чөлөөлөх үед түрээслэгч нь түрээсийн байранд суурилуулсан байрны ашиглалтыг сайжруулсан, салгаж үл болох эд зүйлс тоноглолыг салган авахгүй бөгөөд түрээслүүлэгчид үнэ төлбөргүй шилжүүлнэ. Салгаж үл болох гэдэгт тухайн суурилуулсан эд зүйлс, тоноглолыг салгахад болон түрээсийн байрыг анхны байдалд оруулахад их хэмжээний зардал, хугацаа гарахуйц байдлыг ойлгоно гэж зааснаас бусад зөвхөн салгаж болох эд хөрөнгийг буцааж өгөхөд бидний зүгээс татгалзах зүйлгүй болно. Хариуцагч тал гаргаж буй сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхмандах нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийгөө Амрита клубын эзэн буюу өмчлөгч Д.Батцэнгэлээс итгэмжлэлтэй, уг клубыг түрээслэх эрхтэй гэж итгүүлэн, түрээсийн гэрээг хийж, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн танил н.Цэрэнноров нотариатчоор гэрчлүүлсэн. Шин Еунг Сүектт ямар учиртай гэрээ болохыг танилцуулаагүй. БНСУ-ын иргэн Монгол бичиг үсэг мэдэхгүй иргэнтэй байгуулсан гэрээг батлахдаа орчуулагч оролцуулаагүй. Д.Мөнхмандах нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг байгуулахдаа Д.Батцэнгэлээс 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр байгуулсан бөгөөд, уг итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх эрхийг олгоогүй байхад нотариат түрээсийн гэрээг батласан нь хууль бус үйлдэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

БНСУ-ын иргэн Шин Еунг Сүек нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Амрита баарыг түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа Хайв ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулан, тус компанийн өмчлөлийн 39 нэр төрлийн 254 843 902 төгрөгийн үнэтэй эд зүйлийг сарын 8 000 000 төгрөгөөр түрээслэн авч, Амрита бааранд тавьж ашиглан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл түрээслэгч Д.Мөнхмандах түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байхад хууль бусаар дайрч орж ирэн үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зогсоосон. Түрээсийн гэрээг 2020 он хүртэл байгуулсан бөгөөд түрээсийн гэрээг цуцлах бол гэрээнд зааснаар 15 хоногийн өмнө мэдэгдэх ёстой.

Одоо уг баарны эзэн Д.Мөнхмандах нь уг эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Иймд эдгээр Амрита баарны эзэн Д.Мөнхмандах, Д.Нандинцэцэг, Б.Даваа нараас дээрх гэрээний хавсралтад дурдсан 39 нэр төрлийн эд хөрөнгийг хариуцагч нараас гаргуулахыг даалгаж өгнө үү.

Мөн Амрита баарыг түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа Хайв ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барилгад засвар хийх гэрээг байгуулан Амрита баарны барилгад 800 000 000 төгрөгийн үнэлгээтэй засвар үйлчилгээг хийсэн. Иймд Амрита баарны эзэн Д.Мөнхмандах, Д.Нандинцэцэг, Б.Даваа нараас Амрита бааранд засвар хийж хөрөнгө оруулсан 800 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Түрээсийн гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.6, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч БНСУ-ын иргэн Шин Еунг Сүек /Shin Eung Suek/-ээс түрээсийн гэрээний үүрэгт 44 705 097 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхмандах, Б.Даваа, Д.Нандинцэцэг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32 873 069 төгрөгийн шаардлагыг, мөн түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Д.Мөнхмандах, Б.Даваа, Д.Нандинцэцэг нараас 254 843 902 төгрөгийн үнэ бүхий 39 нэр төрлийн эд зүйл гаргуулах, засварын зардал 800 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Шин Еунг Сүекийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 752 800 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 5 590 119 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Шин Еунг Сүекээс 381 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Иргэн Б.Даваа, Д.Нандинцэцэг нараас Д.Мөнхмандахад олгосон итгэмжлэл нь Шин Еунг Сүект холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Б.Даваа, Д.Нандинцэцэг нар гаргаагүй, шүүхэд нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргаагүй. Шүүхээс Б.Даваа, Д.Нандинцэцэг нарыг нэхэмжлэгчээр татсаны дараа олгосон итгэмжлэл нь мөн Шин Еунг Сүект холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй.

Талууд гэрээ байгуулахад клуб хуучирч муудсан байсан учир засвар хийж үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Нийтдээ 699 730 800 төгрөгийн засвар хийж, 2016 оны 7 сард нээлтээ хийсэн. 2016 оны 12 сард ашиг, орлого нэмэгдэж эхэлсэн бөгөөд 2017 оны 1 сард цагаан сар таарч, үйлчлүүлэгчид багассан учир хариуцагч нь нутаг руугаа хэд хоног явсан хойгуур Д.Мөнхдаваа клубын үйл ажиллагааг зогсоосон байсан.

Д.Мөнхдаваа нь тухайн үед хэрэглэж байсан миний их хэмжээний барааг ашиглаж бусдад зарж борлуулан ашиг орлого олсон, мөн түрээсийн техник тоног төхөөрөмжийг одоо ч ашиглаж өөрөө үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд миний засвар үйлчилгээний зардлын мөнгө 699 730 000 төгрөг, барьцаа төлбөр 33 000 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Д.Мөнхмандах надад гэрээг цуцлах талаар мэдэгдэж байгаагүй Гэтэл шүүхээс гэрээг цуцлах мэдэгдлийг өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтуудад би гарын үсэг зурж хүлээж аваагүй. Нэхэмжлэгч Д.Мөнхмандах гэрээ цуцлах мэдэгдлийг нягтлан бодогчид өгсөн гэж тайлбарласан байсан тул уг тайлбартай холбогдуулан нягтлан бодогч н.Оюундэлгэрийг шүүхэд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн хариуцагч талаас түрээсийн байранд засвар үйлчилгээ хийсэнтэй холбоотой 699 хуудас баримтыг нотлох баримтыг шаардлага ханган гаргаж өгөхөд шүүх нотлох баримтуудыг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой.

Д.Мөнхмандах нь түрээсийн байранд засвар хийсэнтэй маргахгүй, салгаж авч болох эд зүйлийг авч болно гэж тайлбар өгсөн. Гэтэл салгаж болохгүй эд зүйлийг гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлавал 70 хувийг түрээслэгч буцаан төлөхөөр түрээсийн гэрээгээр тохирсон. Уг засваг үйлчилгээг Хайв ХХК-иар хийлгэсэн учир баримтыг тухайн компаниас авч шүүхэд гаргаж өгөхөд шүүх хүлээн аваагүй хэргийн бодит байдлыг тогтоохгүй, нэг талыг барьж нотлох баримт гаргаж шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх эрхэд халдсанд гомдолтой.

Шүүхэд Ши Еунг Сүек нь Д.Мөнхмандахын өмчлөлийн Амрита клубт одоо хүртэл байгаа 39 нэр төрлийн эд зүйлийг гаргуулах нэхэмжлэл гаргахад Д.Мөнхмандах болон Д.Нандинцэцэг, Б.Даваа нар энэ хөрөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй эд хөрөнгө хүлээлцсэн актаар өгнө гэсэн тайлбартай танилцаад нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэж ойлгосон. Гэтэл шүүх хурал дээр эд зүйл байгаа гэхдээ хэд нь байгаагаа мэдэхгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс тоолсон гэх тайлбарыг өгөхөд шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж Д.Мөнхмандахаас эд хөрөнгө хүлээлцсэн актыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүх хурал 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдахад Д.Мөнхмандах эд хөрөнгө хүлээлцсэн акт байхгүй гэсэн тайлбарыг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн. Шүүх уг тайлбарыг хариуцагчид 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан.

Энэхүү тайлбартай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Амрита клубд байгаа 39 нэр төрлийн эд зүйлийг тоолж битүүмжилсэн актыг, тэмдэглэлийн хамт гаргуулах хүсэлтийг гаргахад шүүх хүсэлтийг хангахаас татгалзсанд гомдолтой. Уг баримт нь хэрэгт чухал ач холбогдолтой нэхэмжлэлд дурьдсан эд хөрөнгийг тоолоод битүүмжилсэн баримт байсан. Д.Мөнхмандах нь эд хөрөнгө хүлээлцсэн акт байхгүй гэдгийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тайлбараар гаргаж өгсөн .Тайлбарыг эрт гаргаж өгсөн бол дээрхи хүсэлтийг шүүх хурлаас өмнө гаргаж өгөх боломжтой. Гэтэл шүүх хариуцагчийн хүсэлт гаргах эрхийг зөрчиж нэг талыг барьж хэргийн бодит байдлыг тогтоохгүй хариуцагчид хэт хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой.

Мөн Д.Мөнхмандах болон Ши Еунг Сүек нарын хооронд хийгдсэн 2015 оны 07 сарын 25 өдрийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 сарын 12 өдрийн түрээсийн гэрээг хууль бус болохыг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Энэ нэхэмжлэл нь түрээсийн гэрээний хүчинтэй эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа шийдвэрлэгдэх байхад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхмандах, Б.Даваа, Д.Нандинцэцэг нар нь хариуцагч БНСУ-ын иргэн Шин Еунг Сүек /Shin Eung Suek/-т холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 77 578 166 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 254 843 902 төгрөгийн үнэ бүхий 39 нэр төрлийн эд зүйл

гаргуулах, түрээсийн байранд засвар хийсэн зардал 800 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Д,Мөнхмандах нь хариуцагч Шин Еунг Сүект холбогдуулж нэхэмжлэл гаргасан ба Д.Нандинцэцэг, Б.Даваа нараас 2016 оны 12 дугаар сарын 14, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Д.Мөнхмандахад түрээсийн гэрээний үүрэг шаардах, түрээсийн байрнаас хариуцагчийг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон /хх 17 дах тал/ боловч хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг гаргаагүй, анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Д.Нандинцэцэг, Б.Даваа нарыг хамтран нэхэмжлэгчээр тооцох шийдвэр гаргаагүй атлаа 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гарсан захирамжид тэдгээрийг нэхэмжлэгчээр тодорхойлсон нь буруу боловч нэхэмжлэгч нар нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд аль нэг нь эсхүл хамтран нэхэмжлэл гаргасан эсэх нь хариуцагчийн эрхийг зөрчихгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох алдаанд тооцохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг түрээсийн байранд зөвшөөрлийн үндсэн дээр засвар хийсэн тул уг засварын зардлыг, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг үлдээсэн үндэслэлээр эд зүйлээ авна гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй хэдий ч энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримт бүрдүүлүүлэх эрхийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар эдлэх юм.

 

Энэ эрхийн хүрээнд хариуцагч талаас түрээсийн байранд хийсэн засварын ажлыг тодорхойлуулахаар шинжээч томилуулах, Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт гаргуулах, гэрчээр Хайв ХХК-ийн захирлыг оролцуулах тухай хүсэлт 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хангаагүй орхисон нь хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах талуудын зарчимд нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх 254 843 902 төгрөгийн үнэ бүхий 39 нэр төрлийн эд хөрөнгийг нэхэмжлэгч талаас гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын эзэмшилд байгаа хариуцагчийн эд хөрөнгийг захирамжийн хавсралтад заасан хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэж 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр захирамж гаргажээ.

 

Дээрх захирамж биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байх ба уг ажиллагаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байхад шүүх нотлох баримтгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн хариуцагч талаас гэрчээр н.Оюунгэрэлийг оролцуулах хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хариуцагчийн нотлох баримт шүүхээр бүрдүүлүүлэх эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин бусад үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752 800 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА