Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/01325

 

2018 оны 4 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2018/01325 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М,

Нэхэмжлэгч: Б.Д,

Нэхэмжлэгч: Д.Н,

Хариуцагч: ШЕС

Түрээсийн гэрээг цуцлуулах, гэрээний үүрэгт 77,578,166.8 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч нараас 254,843,902 төгрөгийн үнэ бүхий 39 нэр төрлийн эд зүйл гаргуулах, түрээсийн байранд засвар хийсэн 800,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.м, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.м, хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Д.н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.м нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь БНСУ-ын иргэн ШЕС гэгчтэй 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 15/02 тоот гэрээгээр өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах Баруун сэлбийн үйлчилгээний төвийн Д, Е блокны 2 давхрын 480 м.кв талбайтай Амрита диско клубыг 4 жилийн хугацаагаар сарын 12,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй түрээслүүлж, гэрээгээ 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шинэчлэн, дахин байгуулсан юм. ШЕС нь өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй бөгөөд, түрээсээ төлөх талаар мэдэгдсэн боловч гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудсыг нягтлантайгаа зөвшилцөнө гэж авснаас хойш ямар ч сураггүй алга болсон. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр тэрээр БНСУ руу яваад, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсад эргэж ирснийг мэдсэн. Цаашид өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Иймд М85208113 дугаартай гадаад паспорт эзэмшдэг БНСУ-ын иргэн ШЕСтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцлуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.

Нэхэмжлэгч Д.м, Б.Д, Д.Н нар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт 71,000,000 төгрөг, мөн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу алданги 35,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож гаргуулах, ашиглалтын зардал 4,078,166.8 төгрөг болно. Ийнхүү Түрээсийн гэрээг цуцалсантай холбоотойгоор түрээсийн үлдэгдэл төлбөр болон алданги, ашиглалтын зардал нийт 110,578,166.8 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байгаагаас барьцаа 33,000,000 төгрөгийг хасч, нийт 77,578,166.8 төгрөгийг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ШЕСийг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.м нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийгөө Амрита клубын эзэн буюу өмчлөгч Д.Батцэнгэлээс итгэмжлэлтэй, уг клубыг түрээслэх эрхтэй гэж итгүүлэн, түрээсийн гэрээг хийж, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 293 дугаартай Цэрэнноров гэх нотариатаар Түрээсийн гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн. Ингэхдээ өөрийн танил нотариат дээр очиж гарын үсэг зуруулсан. ШЕСтт ямар учиртай гэрээ болохыг танилцуулаагүй. БНСУ-ын иргэн Монгол бичиг үсэг мэдэхгүй иргэнтэй байгуулсан гэрээг батлахдаа орчуулагч оролцуулаагүй. Д.м нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээг байгуулахдаа Д.Батцэнгэлээс 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Итгэмжлэлээр байгуулсан бөгөөд, уг итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх эрхийг олгоогүй байхад нотариат түрээсийн гэрээг батласан нь хууль бус үйлдэл болсон. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Түрээсийн гэрээг БНСУ-ын иргэн ШЕСтэй байгуулсан гэх боловч хууран мэхлэж байгуулсан, мөн орчуулагч байлцаагүй. Мөн л өөрийн танил 293 дугаартай Цэрэнноров нотариатаар батлуулсан зэрэг нь ШЕСээр зөвхөн засвар хийлгэн авч, засвар дуусмагц гэрээгээр шалтаглан эд хөрөнгийг нь хууль бусаар авч ашиг хонжоо олох зорилготой байсан гэж үздэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин дээрх Түрээсийн гэрээнүүдийг хууль бус болохыг тогтоолгон, учирсан хохирлоо сөрөг нэхэмжлэлээр гаргах болно гэжээ.

Хариуцагчийнн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, ихэсгэсэн шаардлагадаа:

БНСУ-ын иргэн ШЕС нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Амрита баарыг түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа Хайв ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулан, тус компанийн өмчлөлийн 39 нэр төрлийн 254,843,902 төгрөгийн үнэтэй эд зүйлийг сарын 8,000,000 төгрөгөөр түрээслэн авч, Амрита бааранд тавьж ашиглан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл түрээслэгч Д.м түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байхад хууль бусаар дайрч орж ирэн үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зогсоосноос хойш түрээслэгч нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Одоо уг баарны эзэн Д.м нь уг эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Иймд эдгээр Амрита баарны эзэн Д.м, Д.Н, Б.Д нараас дээрх гэрээний хавсралтад дурдсан 39 нэр төрлийн эд хөрөнгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү.

Мөн Амрита баарыг түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа Хайв ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Барилгад засвар хийх гэрээг байгуулан Амрита баарны барилгад 800,000,000 төгрөгийн үнэлгээтэй засвар үйлчилгээг хийж, сүүлийн үеийн стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн хэв маягтай болгон бүрэн засвар үйлчилгээг 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгүүлсэн. Засвар үйлчилгээг хийж дуусгаад ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл түрээслэгч Д.м түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байхад хууль бусаар дайрч орж ирэн үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зогсоосноос хойш түрээслэгч ШЕС нь засвар үйлчилгээг хийж дуусгаад үйл ажиллагаагаа явуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн маш их хохиролтой байна. Иймд Амрита баарны эзэн Д.м, Д.Н, Б.Д нараас Амрита бааранд засвар хийж хөрөнгө оруулсан 800,000,000 төгрөгийг БНСУ-ын иргэн ШЕСт гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.м сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлд дурдсан эд зүйлийн үнэлгээг бид зөвшөөрөхгүй байна. Тоо хэмжээний хувьд хавтаст хэрэгт авагдсан эд хөрөнгө хүлээлцсэн актыг баримтлах ёстой гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 4.3-т түрээсийн байрыг чөлөөлөх үед түрээслэгч нь түрээсийн байранд суурилуулсан байрны ашиглалтыг сайжруулсан, салгаж үл болох эд зүйлс тоноглолыг салган авахгүй бөгөөд түрээслүүлэгчид үнэ төлбөргүй шилжүүлнэ. Салгаж үл болох гэдэгт тухайн суурилуулсан эд зүйлс, тоноглолыг салгахад болон түрээсийн байрыг анхны байдалд оруулахад их хэмжээний зардал, хугацаа гарахуйц байдлыг ойлгоно гэж зааснаас бусад зөвхөн салгаж болох эд хөрөнгийг буцааж өгөхөд бидний зүгээс татгалзах зүйлгүй болно. Гэхдээ хариуцагчийн зүгээс түрээслүүлэгчийг хохиролгүй болгох ёстой. Түрээслэгч нь гэрээний хэрэгжилтийн явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд бидний зөвшөөрөлгүй түрээслэн, гэрээний үүргээ зөрчиж байсныг дурдах нь зүйтэй. Энэхүү гэрээг цуцлах болсон шалтгаан нь Түрээслэгч түрээсийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, төлбөрөө төлөхгүй байх, мөн өөр этгээдэд түрээслүүлсэн зэргээс үүдэлтэй юм.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ШЕС биелүүлээгүйн улмаас бидний харилцаанд ихээхэн хүндрэлтэй байдал үүссэн. Иймд бид тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.м, өмгөөлөгч У.мын хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

ШЕС 2015 онд манай баарыг түрээслэж байсан залууг ятган түрээслэхийг нь болиулж, түүнтэй хамт над дээр баарыг түрээслэхээр 2-3 удаа ирж уулзсан. Хэвийн явуулж байгаа үйл ажиллагааг зогсоохгүй гэж ШЕСийг 2, 3 удаа буцаасан. Баарыг түрээслэж байсан залуу гэрээгээ цуцлаж, ШЕС баарыг түрээслэсэн. ШЕС нь баар түрээслэх гэрээгээ өөрөө боловсруулж ирсэн.Тэр гэрээг нь Чингэлтэй дүүргийн шүүхэд нотлох баримтаар өгсөн. ШЕС нь гэрээний загвар бүтцийг өөрөө гаргасан бөгөөд түүнд нь би нэг ч өөрчлөлт оруулаагүй, уншиж танилцан гэрээг байгуулсан. ШЕС нь түрээсийн төлбөрөө өгөөгүй алга болсон бөгөөд байнга төлбөрөө удаа дараа хоцроож, шаардуулж байж өгдөг байсан. 8 дугаар сарын төлбөрөө арай хийж, ажлын байранд нь очиж шаардаж байж хагас төлбөрийг нь авч, түүнээс хойш ШЕС нь олдохгүй болсон. Тухайн үедээ гадаад хүн учраас гайгүй байх гэж бодоод тоогоогүй. Тэгсэн 11 дүгээр сард хороололд байрны подвальд гэрээг цуцлах шаардлагаа өгөхөөр очиж уулзахад 2 рецидив, рекит хүмүүстэй хамт байхад нь би шаардлагаа өгөөд хуулиар нь шийдүүлсэн нь дээр юм байна гэж бодсон. Түүнээс хойш ШЕС нь сураггүй алга болсон. ШЕС нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байсан учраас алданги тооцохоо болихыг хүссэн учраас гэрээг шинэчилж хийсэн. ШЕС нь Монгол хэлээр чөлөөтэй, сайн ярьдаг. Гэрээний дагуу төлөх ёстой зүйлийг нь шаардаж байгаа бөгөөд энэ нь хохирол биш юм. Гэрээг цуцлах талаар хариуцагчид хууль болон гэрээнд зааснаар хэд хэдэн удаа мэдэгдсэн бөгөөд үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн хариу тайлбартаа ШЕС мэдээгүй, гадаадад байсан гэж ярьдаг боловч тухайн үед ШЕС Монголд байсан нь хил хамгаалах газрын лавлагаагаар нотлогдож байгаа. Түрээслэгч нь үйл ажилалгаагаа явуулж байхад түүний ажилтнууд байсан, түрээсийн төлбөр төлөхгүй байгаа гэдгийг нь мэдэж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр 2017 оны 1 дүгээр сараас өмнөх түрээсийн төлбөрт алданги тооцохгүй байхаар тохиролцсон бөгөөд 2017 оны 1 дүгээр сараас алдангийг 0,5 хувиар тооцоход шаардаж байгаа 71.000.000 төгрөгөөс илүү гарч байгаа. Иймд Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг 50 хувиар тооцож 35.500.000 төгрөгийг алдангид шаардаж байна. Түрээсийн байрыг чөлөөлүүлэх хэд хэдэн шалтгаан байгаа бөгөөд Д.м байрандаа чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй, эд хөрөнгөө яаж эзэмшиж, захиран зарцуулах эрх нь өмчлөгчид байгаа боловч эрхийг нь хязгаарлаж, эд хөрөнгөө бусдад худалдах, түрээслэх нөхцөл байдлуудыг хязгаарлаад байгаа учраас байрыг нь чөлөөлүүлэх шаардлагатай байна. Иргэний хууль болон 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний зохих журмын дагуу Д.м нь хариуцагчид мэдэгдэх хуудсыг өгч, тухайн гэрээг цуцлах тухайгаа илэрхийлсэн байгаа.2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш мэдэгдлийг гурван цаг хугацааны 5 удаагийн мэдэгдэл өгсөн байдаг. Энэ цаг хугацаанд ШЕСтэй холбогдох боломжгүй нөхцөл байдалд байхад баарыг ажиллуулж байгаа хүмүүст нь өгсөн байдлыг нь хариуцагч тал нотолж чадаагүй гэж ярьж байна. ШЕС нь түрээсийн төлбөрөө төлөхгүй, Д.мтай уулзахгүй, олдохгүй байсан нь хэрэгт авагдсан. Энэ утгаараа гэрээг тухайн гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цуцлагдсан гэж үзэж байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 800.000.000 төгрөг, 39 нэр төрлийн эд зүйлсийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ШЕСтэй гэрээг байгуулахад засвар үйлчилгээ хийлгэх шаардлагагүй, жил бүр бүх зүйлдээ засвар хийдэг гэхэд гэрээндээ засвар хийх талаар тодорхой заасан байгаа учраас баарыг шавран тоосгон ханаар нь үлдээж, шинэчилсэн засвар хийнэ гэсэн. Баарны бүрэн тохижилтыг бүгдийг нь нураасан бөгөөд өмнөхөөсөө дээрдсэн зүйл байхгүй, дан төмөр хоосон хана болгосон байсан. Яагаад ийм болгосон юм бэ? гэхэд сүүлийн үеийн загвар гэсэн. Би 5 жил үйл ажиллагаа явуулах хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байх гээд орхисон. Түүнийгээ тэнгэрт тулсан үнээр засвар хийсэн гэж ярьж байна. Хариуцагч тал шүүхэд гаргаж буй сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.н, өмгөөлөгч Э.Згийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Түрээсийн гэрээний 5.1.11 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг цуцлах гэж байгаа бол түрээслэгчид 15 хоногийн өмнө мэдэгдэхээр заасан байхад ШЕСт 15 хоногийн өмнө мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ тайлбараар ШЕСийн нягтлан н.Нямсүрэнд түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн гэх боловч мэдэгдэлд гарын үсэг зурагдаагүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ийм баримтуудыг гарган өгөх боломжтой боловч нөгөө тал нь авсан байхыг шаардаж байна. Гэтэл ШЕС нь эдгээр мэдэгдлүүдийг нь хүлээн аваагүй, гэрээг цуцлах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түрээсийн гэрээ нь 2020 он хүртэл хийгдсэн бөгөөд гэрээний үүрэг биелэгдэж байсан. Нэхэмжлэгч түрээсийн гэрээг цуцлах тухай хариуцагчид мэдэгдэл өгөөгүй бөгөөд Д.м 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байраа өөрийн өмчлөлдөө авах үед нь ШЕСийн ажилчид нь байсан ба ажиллагсдаас нь эд хөрөнийг нь хүлээн авч эсхүл барьцаандаа авч байгаа тэмдэглэл үйлдээгүй. Түрээсийн гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Д, Д.Н нар шүүхэд гаргасан гэж ярьж байгаа боловч хавтас хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан итгэмжлэлэлд гэрээг цуцлах, түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрх, ШЕСт холбогдуулан гаргах нэхэмжлэл гаргах эрх Д.мад олгогдоогүй. Энэ итгэмжлэлээр түрээсийн гэрээний дагуу хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ итгэмжлэлээр ШЕСт холбогдох хэрэгт итгэмжлэл олгоогүй нь ойлгомжтой байна. Тийм учрааас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. ШЕС нь бүтэн 1 жил засвар хийж, 2016 оны 7 дугаар сард үйл ажилаагаа явуулахад баяр наадам болж үйлчлүүлэгчгүй болж зар сурталчилгаа хийлгүүлж, 2017 оны 9 дүгээр сард оюутнууд амралтаасаа ирэн үйл ажиллагаа нь сайжирч байтал 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Д.м нь түрээсийн байранд дайран орж, баарны үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл ШЕС нь 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 7 сар хүртэлх хугацаанд бааранд засвар үйлчилгээ хийх явцдаа үйл ажиллагаа явуулаагүй ч гэсэн түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. ШЕС нь Солонгос улсын иргэн, түүнд Солонгос хэлээр баримтуудыг ямар нэгэн байдлаар танилцуулаагүйг нь тогтоож, энэ хэргийг бүрэн бодитойгоор шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.м нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд БНСУ-ын иргэн ШЕСт холбогдуулан, тэдний хооронд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-г цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн оршин суух хаяг Баянгол дүүрэгт байдаг гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн оршин суух харъяаллын дагуу шилжүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.мын хүсэлтээр маргаан бүхий түрээсийн зүйлийн хамтран өмчлөгч Б.Д, Д.Н нарыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулж, нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ихэсгэж, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг цуцлуулан, хариуцагч ШЕСээс түрээсийн төлбөр 77,578,166.8 төгрөг гаргуулах, ШЕСийг түрээсийн байрыг чөлөөлүүлэхээр шаардаж, Д.м нь Б.Д, Д.Н нараас олгогдсон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэднийг төлөөлөн оролцсон.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.м нь 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн итгэмжлэлийн дагуу ... Б.Д, Д.Н, Д.м нарын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ... үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүргийн биелэлт, уг байрнаас албадан гаргуулах, түрээсийн гэрээг цуцлах, чөлөөлүүлэх зэрэг иргэний хэрэгт Баянгол дүүргийн шүүхэд бүрэн төлөөлөх... эрх олгогджээ.

Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-62.2.5 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан ба, уг итгэмжлэлээр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн маргаан бүхий түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байх тул Д.м нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Д, Д.Н нарыг төлөөлөн оролцох эрхтэй.

Хариуцагчийн зүгээс хавтаст хэргийн 17 дугаар хуудаст авагдсан итгэмжлэлийн дагуу Д.мыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарласан боловч шүүхэд гаргасан түрээсийн гэрээг цуцлуулах тухай анхны нэхэмжлэлийг Д.м дангаар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгч нар оролцсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.н нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч, түрээслүүлэгчийн дарамт шахалт болон эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ашиг орлого олох боломжгүй болж түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж, мөн түрээслүүлэгч хууль болон гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах мэдэгдлийг түрээслэгчид хүлээлгэж өгөөгүй бөгөөд, Түрээсийн гэрээг хариуцагч ШЕСийн Монгол хэл мэдэхгүйг далимдуулан зөвхөн Монгол хэл дээр бичиж, өөрсдийн танил нотариатчаар гэрчлүүлсэн нь хууль зөрчсөн гэж, мөн түрээсийн байрыг түрээслүүлэгч албан хүчээр хааж, өөрийн эзэмшил ашглалтанд авсан учир ШЕСийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндсэн нэхэмжлэлтэй хамтран шийдвэрлүүлэхээр хариуцагч ШЕСийн маргаан бүхий түрээсийн байрыг эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж байхдаа бусдаас түрээслэн хэрэглэж байсан 39 нэр төрлийн эд зүйлийг болон, түрээсийн байранд засвар, засан сайжруулалт хийсний зардал 800,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Д.м, Б.Д, Д.Н нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, 21/1 Баруун сэлбийн үйлчилгээний төвийн Д, Е блокын 2 давхарт байрлах, 480 м.кв талбайтай байрыг анхны өмчлөгч Д.Батцэнгэлээс олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр Д.м нь 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээгээр хариуцагч БНСУ-ын иргэн ШЕСт 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж ашиглуулахаар тохиролцож, түрээсийн төлбөрийг сар бүр 11,000,000 төгрөг байхаар заасан байна. /хх 3-8, 10-14, 16/

Энэхүү Түрээсийн гэрээний оролцогчид харилцан тохиролцсоноор, мөн түрээсийн зүйлийн өмчлөгчид өөрчлөгдөн, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулж, түрээслүүлэгч Д.м, Б.Д, Д.Н нар нь өөрсдийн өмчлөлийн дээрх үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэгч ШЕСт гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 4 жилийн хугацаагаар эзэмшүүлж ашиглуулах, түрээслэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нэг сарын түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөг төлөх, гэрээний 3 дахь жилээс эхлэн түрээсийн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцохоор зааж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ түрээслэгч биелүүлээгүй тохиолдолд 2017 оноос эхлэн хэтэрсэн хоног тутамд төлвөл зохих үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцох зэргээр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, гэрээг нотариатаар баталгаажуулан, Улсын бүртгэлд бүртгүүлж, Иргэний хуулийн 318 дугаар зүлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч ШЕСт холбогдуулан, гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаанд болон өмнөх гэрээний 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир Түрээсийн гэрээний 5.1.15 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлах тухай хэд хэдэн мэдэгдлүүдийг түрээслэгчид хүлээлгэн өгсөн учир түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах шаардлага гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нарыг түрээслэгч ШЕСт албан ёсоор гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй, түрээслүүлэгч нь түрээслэгчид үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй, хуульд зааснаар мэдэгдэл өгөөгүй боловч түрээсийн байрыг хааж үйл ажиллагааг албан хүчээр 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хаасан учир байрнаас чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Маргаан бүхий түрээсийн гэрээний 5.1.15 дахь хэсэгт түрээслэгч түрээсийн төлбөрөө 3 сар хүртэл тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээг дуусгах тухай 15 хоногийн өмнө мэдэгдэж, түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэжээ.

Хариуцагч ШЕС нь гэрээний дагуу түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ эс биелүүлж, гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгчийн зүгээс гэрээг цуцлах талаар мэдэгдэл гаргаж, түрээсийн байрыг эзэмшилдээ буцаан авах хүртэл хугацаанд огт төлбөр төлөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Д.мын ХААН банк дахь харилцах дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх 181/

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж хуульчилжээ.

Түрээслэгч гэрээний үүргийг зөрчсөн буюу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон ба, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасны дагуу түрээслүүлэгчээс түрээслэгчид төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх талаар сануулсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл, шаардлага зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.м нь 2016 оны 11 дүгээр сарын 30, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрүүдэд түрээслэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, энэ хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч ШЕС нь Монгол улсын хилээр гарч явснаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь тодорхой болж, түрээслүүлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцласан нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул маргаан бүхий 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Түрээсийн гэрээ-г 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх 35/

Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас Түрээсийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг шаардахдаа анх байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний үүрэг буюу 2016 оны 8 дугаар сарын дутуу төлөгдсөн түрээсийн 5,000,000 төгрөгийн төлбөрийг шаардсан боловч, талууд уг гэрээг дуусгавар болгон, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шинээр Түрээсийн гэрээ байгуулсан.

Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно... гэж, мөн хуулийн 236.2 дахь хэсэгт Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж тус тус заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээ дуусгавар болсон учир нэхэмжлэгч нар нь хариуцагчаас 2016 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөр гэх 5,000,000 төгрөгийг шаардах эрхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн, түрээслэгч нь гэрээний дагуу түрээсийн зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ашиглахаар тохиролцсон байх тул 9 дүгээр сард бүгд 18 хоног буюу түрээс 7,200,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр байх бөгөөд, улмаар түрээслүүлэгч Д.мын зүгээс түрээсийн гэрээг цуцлаж, түрээслэгчийн үйл ажиллагааг зогсоосон 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сарын нийт 48,000,000 төгрөгийн түрээс, мөн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 16 хоногийн 6,000,000 төгрөгийн түрээс зэргийг нийлүүлж, нийт түрээсийн төлбөрт 61,200,000 төгрөгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ШЕСээс шаардах эрхтэй байна.

Түрээсийн гэрээний 2.5-д Түрээсийн төлбөрийг гэрээний 2.1-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно. /2016 оныг дуустал алданги тооцохгүй, 2017 оноос эхлэн алданги тооцно/ гэж гэрээний хариуцлагын талаар талууд тохиролцжээ.

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан хуулийн зохицуулалтад нийцсэн байх бөгөөд, мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу түрээслүүлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн алданги шаардах эрхтэй учир гэрээ цуцалж, түрээсийн үйл ажиллагааг зогсоосон 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл бүгд 47 хоногийг гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 61,200,000 төгрөгийн 0,5 хувиар тооцон /нэг хоногийн 306,000 төгрөг/, нийт 14,382,000 төгрөгийн алдангийг хариуцагч ШЕСээс гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч Д.м, Б.Д, Д.Н нарын алдангид илүү шаардсан 21,118,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь хариуцагчаас Түрээсийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасныг үндэслэн түрээсийн байрны ашиглалтын зардалд нийт 4,097,166.8 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу Түрээсийн зүйлийн нэмэлт зардлын талаар зохицуулсан Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэг, мөн маргаан бүхий Түрээсийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ШЕС нь нэхэмжлэгч нарт түрээсийн байрны нэмэлт зардлыг төлөх үүрэг хүлээжээ.

Гэвч нэхэмжлэгч нар уг шаардлагаа нотлохоор шүүхэд баримтаар гаргасан 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сарын ашиглалтын зардал нийт 2,123,097 төгрөг гарсан болох нь тооцооны нэхэмжлэх бүхий баримтуудаар тогтоогдож байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, илүү шаардсан 1,956,069.8 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түрээсийн гэрээг цуцалсантай холбоотойгоор түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай шаардлагын хувьд түрээслүүлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр түрээслэгчид мэдэгдэл өгч, улмаар түрээслэгчийн үйл ажиллагааг зогсоон, түрээсийн байрыг хаасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд, одоогоор түрээсийн байрыг өмчлөгч буюу түрээслүүлэгч Д.м өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн байрыг чөлөөлүүлэхийг шаардах үндэслэлгүй гэж үзэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ШЕСийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.н нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчаас олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч Д.м, Б.Д, Д.Н нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, маргаан бүхий түрээсийн байранд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хайв ХХК-тай байгуулсан Эд хөрөнгө түрээслэх гэрээний дагуу уг компаниас түрээслэн ашигласан гэх 39 нэр төрлийн 254,843,902 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг гаргуулахаар шаардаж,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээ ихэсгэн, мөн Хайв ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Барилгад засвар хийх гэрээний дагуу хийгдсэн гэх засварын зардал 800,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар тус тус шаарджээ. /хх 73/

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.м нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагчийг ... шүүхэд гагаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, түрээсийн байранд байгаа гэх 39 нэр төрлийн эд зүйл бүрнээрээ түрээсийн байранд байхүгй, ямар эд зүйл байгааг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй, мөн засвар хийсэн талаар маргахгүй боловч Түрээсийн гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар салгаж үл болох эд зүйлс, тоноглолыг салгаж авахгүй бөгөөд, түрээслүүлэгчид үнэ төлбөргүй шилжүүлнэ... гэж тайлбарлан маргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Эд хөрөнгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан эд зүйлсийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Амрита клубт үйл ажиллагаа явуулахаар түрээслэхээр тохиролцож, хавсралтаар 39 нэр төрлийн эд зүйлийг гэрээний талууд болох Хайв ХХК болон ШЕС нар харилцан хүлээлцсэн байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6 дахь хэсэгт зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй гэж хуульчилжээ.

Хариуцагч ШЕС нь Хайв ХХК-тай дээрх гэрээг байгуулснаас хойш 3 сарын дараа нэхэмжлэгч Д.м, Б.Д, Д.Н нартай маргаан бүхий Түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд, түрээсийн гэрээнд энэхүү Эд хөрөнгө түрээслэх гэрээ-ний талаар тусгаагүй, тухайн 39 нэр төрлийн гэх эд зүйлсийг маргааны зүйл болсон түрээсийн байранд ашиглаж байсан болохоо, одоо түрээсийн байранд байгаа, түрээслэгч тал ашиглаж байгаа гэх тайлбаруудаа хариуцагч тал нотлоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт ...хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж зааснаар өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа түрээслүүлэгч нараас шаардах эрхтэй боловч, тийнхүү түрээсийн байранд 800,000,000 төгрөгийн зардал гаргасан болох хэрэгт авагдсан Хайв ХХК-тай байгуулсан Барилгад засвар хийх гэрээ-гээр хангалттай нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Түрээсийн гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.6, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч БНСУ-ын иргэн ШЕС /Shin Eung Suek/-ээс түрээсийн гэрээний үүрэгт 44,705,097 /дөчин дөрвөн сая долоон зуун таван мянга ерэн долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.м, Б.Д, Д.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,873,069 төгрөгийн шаардлагыг, мөн түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Д.м, Б.Д, Д.Н нараас 254,843,902 төгрөгийн үнэ бүхий 39 нэр төрлийн эд зүйл гаргуулах, засварын зардал 800,000,000 төгрө гаргуулах тухай хариуцагч ШЕСийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 752,800 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 5,590,119 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ШЕСээс 381,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.С