Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01614

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01614

 

 

 

Р.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01416 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Р.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч У.Мөнхдэлгэрт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, алданги нийт 12 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Гэрэлтуяа нь 2015 оны 4 сарын 10-ны өдөр У.Мөнхдэлгэрт 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээг байгуулахдаа өөрийн эзэмшил, өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 3 дугаар хэсэг, 218 тоотод байрлах 655 м2 талбайтай газар, түүн дээр байрлах 116 м2 талбайтай, 2 давхар зуслангийн сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. У.Мөнхдэлгэр нь зээлийн хүү 480 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлийг төлөөгүй. Иймд У.Мөнхдэлгэрээс үндсэн зээл 8 000 000 төгрөг, алданги 50 хувиас хэтэрсэн байх тул 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний зээлдэгч тал болох У.Мөнхдэлгэр миний бие нэхэмжлэлийн үнийн дүнг үл зөвшөөрч байна. Бид хоёрын хоорондын энэ маргааныг үнэн зөв, шударга шийдвэрлэж туслана уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч У.Мөнхдэлгэрээс 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Гэрэлтуяад олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт 3 дугаар хэсэг, 2018 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011997 дугаарт бүртгэлтэй 116 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 047219 дугаартай гэрчилгээ бүхий 655 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Чойжилсүрэнгээс 2017 оны 4 сарын 7-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Мөнхдэлгэрээс 206 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Гэрэлтуяад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Халзан нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын шүүхэд шүүх хуралтай гэдгээ албан ёсоор шүүхэд мэдэгдсэн. Гэтэл өмгөөлөгч болон намайг байлцуулахгүйгээр шүүх хурал явуулж, миний эрхийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Р.Гэрэлтуяа нь хариуцагч У.Мөнхдэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Р.Гэрэлтуяа нь 8 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч У.Мөнхдэлгэр нь зээлийн төлбөрийг заасан хугацаанд хүүгийн хамт төлөх, ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-3/

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-4/

Зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт дэх хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна. Зээлийн гэрээний зүйлийг хариуцагч хүлээн авсан эсэх талаар маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Р.Гэрэлтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...У.Мөнхдэлгэр нь зээлийн хүүд 480 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, үндсэн зээлийг алдангийн хамт төлөх үүрэгтэй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч гаргасан үнийн дүнг үл зөвшөөрч байна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч У.Мөнхдэлгэр нь 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ өдрөөс эхлэн хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгээс 0.5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй бөгөөд шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарласан нь зөв байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч У.Мөнхдэлгэрээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гэрэлтуяад олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг, Зээлийн гэрээний 2, 3, 4 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч У.Мөнхдэлгэр нь өмгөөлөгч Д.Халзанд шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байх тул анхан шатны шүүх Д.Халзанд эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд хэргийн материалыг танилцуулж, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгджээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан /хх-22/ ба шүүх уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дах хэсэгт тус тус зааснаар шийдвэрлэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байх боловч уг хүсэлтэд дурдсан үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан өмгөөлөгч болон намайг байлцуулахгүйгээр шүүх хурал явуулж, миний эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ