Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2018/0251

 

Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Т, Н.Ш, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, Б.Т, гуравдагч этгээд Г.Ш-ийн эрх залгамжлагч Ш.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0077 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, түүний өмгөөлөгч Н.Ш, Н.Т, гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нарын гаргасан давж заалдах гомдлоор, Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0077 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.1-д “иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б, Ш.О нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-158 тоотод орших 248 м.кв газрыг бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот хаягт орших 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, түүний өмгөөлөгч Н.Ш, Н.Т нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 523 дугаар захирамжаар Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн бус З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-158 тоотод орших 248 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа Г.Ш-ийн хууль ёсны гэр бүлийн гишүүдийн нэхэмжлэлийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 14-15 дахь хуудаснаа нэхэмжлэлийг энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох тапаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нарыг өмчлөлийн болон өв залгамжлалын асуудлыг шийдвэрлүүлсний дараа маргаан бүхий газрын өмчлөгчөөр бүртгүүлэх эрх үүснэ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй гэхдээ өв залгамжлалын асуудлыг шийдвэрлүүлсний дараа нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринаас тайлбар гаргаж байсныг шүүх ийнхүү шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэглэвэл зохих хууль хэрэглэсэнгүй гэж үзэхэд хүргэж байна.

1.    Анх 1984 онд нэхэмжлэгч Р.Б 400 төгрөг, Г.Ш агсан 400 төгрөг тус тус хоёр талаасаа гарган, гэр бүл болж хамтран амьдрах зорилгоор энэхүү хашааг худалдан авсан нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр буюу нэхэмжлэгч Р.Б энэ хашааны хагас үнийг төлж, дундаа хэсгээр хамтран өмчлөх эрхтэй болж амьдарч ирсэн үйл баримт нь энэ хэрэгт Г.Ш-д хууль сануулан асуусан түүний гэрчийн мэдүүлэг болон гуравдагч этгээдээр татагдсан үедээ гаргасан тайлбараар тогтоогдсон тул Монгол Улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Б нь энэ хашааны хамтран өмчлөгч нь мөн юм.

Энэ хашааны газрыг Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д “иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.Б нь Г.Ш-тай гэр бүл болсон бүртгэл 1991 онд хийлгэсэн байдлаар хууль ёсны эхнэр, Ш.О нь үрчлэн авсан охин гэр бүлийн гишүүд учир Г.Ш-тай хамтран өмчлөх эрхтэй этгээдүүд мөн болно.

Гэтэл анхан шатны шүүх Г.Ш таарч тохирохгүй болж эд хөрөнгийг нь өгч тусдаа амьдрах болсон гэх тайлбар мэдүүлгээр нэхэмжлэгч Р.Б-ийн уг хашааг анх худалдан авахад оруулсан 400 төгрөгийг Г.Ш төлсөн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д “гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш буй болсон бусад хөрөнгө” гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах тухай заалт болон 126.4 дэх хэсэг “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж заасныг тус тус зөрчиж Р.Б, Ш.О нарын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

 Г.Ш, Р.Б нар нь хэдийгээр 2007 оноос тусдаа амьдрах болсон боловч Г.Ш нь Солонгос улсад олон жил ажиллах хугацаандаа өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон, энд ирээд ч тэр хүнтэйгээ өөр газарт амьдарч байсан байхад түүний эд хөрөнгө мөнгө төгрөг нь хэмжээтэй өгч авч байсан гэх нотолгоо баримтгүй зүйлээр шүүх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө хуваасан эсхүл энэ төрлийн маргаан огт гаргаж байгаагүй байхад хашааны үнийг төлсөн гэх гуравдагч этгээдийн үндэслэлгүй тайлбарт үндэслэн шүүх дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

2.    Хамтран өмчлөгч байх хууль ёсны эрхээ зөрчигдсөн сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг “Г.Ш нь нас барсан тул эхлээд өв залгамжлалын асуудлыг шийдвэрлүүлсний дараа маргаан бүхий газрын өмчлөгчөөр бүртгүүлэх эрх үүснэ” гэж анхан шатны шүүх ташаа дүгнэлт хийжээ.

Энэ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар хууль ёсны өв залгамжлагч нар тухайн өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөн авч хэсгээр дундаа хамтран өмчлөгч болох асуудлыг гэр бүлийн гишүүдийн хамтран дундаа хэсгээр өмчлөх эрхийн асуудлаас ялган үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс энэ газрыг гэр бүлийн гурван гишүүний өмчлөлийн газар болгон бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Г.Ш нь нас барсан тул өвлүүлэгчийн өмчлөлд хамаарах зөвхөн гуравны нэг хэсэг л хууль ёсны өв залгамжлагч нарын хамтран өмчлөх үр дагаварт хүргэх шаардлага байгааг анхаарсангүй. Маргаж байгаа газрыг бүхэлд нь хууль ёсны өв залгамжлагч нар хэд ч байсан тус бүрт ногдох хэсгээр хамтран өмчлөх эрхтэй болох хууль зүйн өөр үр дагавар үүсгэх шийдвэр гаргаж байгаагаа ялгаж үзсэнгүй.

Анхан шатны шүүх өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэсний дараа хамтран өмчлөх эрх нээгдэх мэтээр нэхэмжлэгч нарын гэр бүлийн гишүүний хувьд дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт нь ногдох бие даасан хувьдаа өмчлөх хэсгийг өв залгамжлалын журмаар хуваахад хүргэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон байна.

3.    Анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээс 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.Ш нь Ц.Ц-той гэр бүл болсон бүртгэлтэй, гэрлэлт цуцалсан тухай бүртгэл байхгүй байхад Г.Ш нь дахин Р.Б-тэй гэрлэлтээ 1991 онд бүртгүүлсэн гэх лавлагааг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд үүнийг шүүх шийдвэртээ “гэрлэлтийн баталгаа нь аль аль нь хүчин төгөлдөр байгаа” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Гэтэл Ц.Ц нь С.Х гэдэг хүнтэй гэр бүл болсноо 1987 онд бүртгүүлсэн нь хүчин төгөлдөр байгааг огт дурдаагүйгээр ийнхүү дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгч Р.Б-ийг Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн буюу хууль ёсны эхнэр гэж үзэх үндэслэлгүй мэтээр нэхэмжлэлийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй Г.Ш, Р.Б нарын гэр бүл болсон тухай бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0949 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Р.Б Г.Ш-ийн хууль ёсны эхнэр буюу гэр бүлийн гишүүн мөн гэдгийг тогтоосон үйл баримт гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0077 дугаар шийдвэрийн 1 дэх хэсэгт “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот хаягт орших 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд  З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаартай захирамжийн З.Х-д холбогдохыг хэсгийг хууль бус байсныг тогтоосон, Г.Ш-д холбогдохыг хэсгийг хүчингүй болгосныг тус тус эс зөвшөөрч байна.

Гомдлын шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаартай захирамжийн З.Х-д, холбогдохыг хэсгийг хууль бус байсныг тогтоосон, Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгосныг тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдлыг 2 үндэслэлээр гаргаж байна.

Үүнд: 1. Гуравдагч этгээд З.Х гэр бүлийн гишүүн болох тухайд, 2. хэрэг маргааныг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэх тухайд

1.    Гуравдагч этгээд З.Х бол Г.Ш-ийн дүү болох Г.Ч-ын төрсөн охин. Г.Ш агсантай З.Х нь садангийн холбоотой хүмүүс юм. Садангийн хүн гэдэг Монгол Улсын гэр бүлийн тухай хуульд: Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар “Гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг, гэр бүлийн гишүүн” гэж заажээ. 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийг хүүхдийг тус тус тодорхойлсон байна. Иймд З.Х нь Г.Ш агсаны гэр бүлийн гишүүн болно. 

1988 онд газрыг худалдан авахад З.Х нь аав, ээж, эгчийн хамт энэ газарт анх амьдарч байсан. З.Х нь 2006 оны 9 дүгээ сараас хойш 2009 оны 10 дугаар сар хүртэл нагац ах Г.Ш агсантай хамт амьдарч байсан гэж Г.Ш агсаны өөрийн мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт байгаа. З.Х нь Г.Ш агсаны гэр бүлийн ойр дотно гишүүн болох нь Г.Ш агсаны мэдүүлгээс харагддаг.

Иймээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.1-д “иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.1.1-д “гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг тусгана” гэж зааснаар гэр бүлийн гишүүн болох Г.Ш-ийн дүү болох З.Х-г хамтран өмчлөгчөөр бүртгэж шийдвэрлэсэн.

Г.Ш, З.Х нарын газар өмчлөх хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаартай захирамжаар Г.Ш, З.Х нар гэр бүлийн хэрэгцээний газрыг хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь алдаатай болсон гэж анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн буруу юм. Алдаа гарсан гэдэг нь З.Х-г Г.Ш-ийн эхнэр гэж бүртгэсэн. Гэр бүлийн гишүүдээс гарын үсэг аваагүй зэрэг алдаа нь төрийн албан хаагчийн хайхрамжгүй алдаа болохоос З.Х газрыг гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөхөд зөрчсөн зүйл байхгүй. Г.Ш нь Р.Б болон хүүхдүүдийн таарамжгүй харьцаанд гомдож 2006 оноос салсан. Тухайн үед З.Х нагац ахыгаа орох оронгүй Р.Б-д гэр орон бүх зүйлээ өгсөн байхад нь тусалж хажуудаа асарч авч байсан.

Г.Ш гэрчийн мэдүүлэгтээ: ...Ш би анх 5 хүүхэдтэй нь байхад нь Р.Б-тэй суусан. Би хүүхдүүдийг нь өөрийнхөө хүүхэд шиг өсгөж хүмүүжүүлсэн. Солонгост 1999 оноос 2006 он хүртэл ажиллаж байхдаа сардаа байнга мөнгө явуулдаг байсан. Б-ийн эмчилгээний зардал болон цахилгаан бараа, эд барааг зөндөө явуулдаг байсан. Би А, О 2-г дээд сургууль төгсгөсөн. Э-т би машин авч өгсөн. Би өөрийн чадлаар эдгээр хүүхдүүдийг халамжлан өсгөсөн. Э-д 5 ханатай гэр өгсөн. Гэтэл намайг 2006 онд Солонгосоос ирэхэд 2 том хүүхэд Э, А нар нь надаар тэжээлгэх гэсэнд нь би гомдолтой байна. Миний Солонгост олон жил хөдөлмөрлөж явуулсан хөрөнгө мөнгө байхгүй болсон. Ингээд хүүхдүүд нь надад ийм зан гаргасанд гомдоод өөрийн дүүгийн хүүхэд З.Х болон өөрийн нэр дээр уг захирамжийг гаргуулсан. ...Анх энэ хашааг авахад миний дүү Ч, хүүхэд Х, С нартайгаа амьдарч байсан.

Гуравдагч этгээд Г.Ш-ийн тайлбарт: Би Б-тэй 1984 онд гэр бүл болж амьдрахад 1-13 насны 5 хүүхэдтэй байсан ба суугаад 2006 он хүртэл 22 жил хамт амьдарч 5 хүүхдийг нь юугаар ч дутаахгүй өсгөн хүмүүжүүлж амьдралын замд нь хүргэж өгсөн. Миний бие 1999 оны 4 сараас 2006 оны 4 сарын 6-ны өдөр хүртэл 7 жил Солонгос улсад ажиллаж байгаад ирэх хугацаанд миний тэтгэвэр бүгд 3663381 төгрөг болох тэнд байх хугацаанд эмчилгээ болон 2 хүүхдийн сургуулийн төлбөр, бусад зардлыг шилжүүлж байсан. Энэ ойролцоогоор 10000 доллар болсон болно. Б нь намайг хүнтэй суух гээд хөлгүй болохоор хөөсөн гэж мэдүүлсэн байна.

Гэтэл би одоо хүртэл хүнтэй суух нь битгий хэл, өөрийн орон гэргүй дүүгийндээ амьдарч байхад ингэж хэлэх нь хүн чанар алга байна. Түүний 33-35 насны 2 эрэгтэй хүүхэд нь надаар тэжээлгэх санаа өвөрлөн амьдралын төлөө тэмцэхийн оронд зүгээр суух хүсэл нь цаашид хамтран амьдрахаас татгалзахад хүргэсэн. Би Б-ийг гудамжинд хөөж гаргаагүй 5 ханатай гэр, тэр үед хэрэглэж байсан хогшлыг хамт, үүдний пин, хивс, диван зэрэг хэрэглэлтэй нь хамт өгсөн. Мөн түүнчлэн миний хувцас, мөнгөн аяга Солонгосоос явуулсан эд хэрэглэл, миний цуглуулсан олон тооны ном зэрэг ихээхэн зүйл алга болсон байсан. Хоёрдахь хүү А-д нь хэд хэдэн удаа агсан тавих зэргээр удаа дараа дарамталж байсан ба урьд тавьсан өрийг нь 200000 төгрөгийг барагдуулж байхад ингэж хандах нь хамтран амьдрах ямарч нөхцөлгүй болсон. Би түүнд алтан бөгж /Зцэн/, хувцас торго, даавуу, хөргөгч 3,2 харьцаатай хивс 6 ширхэг, аравч 4 ширхэг гэх мэтчилэн ихээхэн зүйлийг өгч явуулсан байсан. гэр нь шатсан дүүдээ явуулсан 200 долларын хос костюмыг өгөөгүйгээр барахгүй гэр барихад нь явуулсан 150 доллароос хагасыг нь өгсөн зэрэгт нь миний сэтгэлийн тэнхээ бүрэн барагдсан болно. Иймээс дээрх зүйлийн үнэ 248 м.кв газрын үнээс хэд давсан нь ойлгомжтой. Миний бие дээрх бүх шалтгаанаар Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авч чадахгүй болно гэж шүүхэд тайлбар ирүүлсэн.

Шүүх хуралдаанд хэлэхдээ: Би 7 жилийн тэтгэврээ Б болон үр хүүхдэд нь зориулсан гэж мэдүүлжээ.

Г.Ш-ийн гэрчийн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Г.Ш нь Р.Б-ийн 5 хүүхдийг хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэж өгсөн. Р.Б-ийн амьдралын хэрэгцээ, эмчилгээний зардлыг төлдөг байсан. А, О 2-г дээд сургууль төгсгөсөн. Э-т машин авч өгсөн. Э-д 5 ханатай гэр авч өгсөн. Солонгост 7 жил ажиллахдаа өөрийн тэтгэврээ Б болон түүний хүүхдүүдэд зориулсан байдаг.

 Гэтэл хүүхдүүдийн хүнлэг бус харьцаанаас болоод Б-ээс салсан ба Б-д байгаа бүх юм аа өгөөд явуулсан. Г.Ш нь орох оронгүй ойчих аягагүй болчхоод дүү Ч, түүний охин Х-г бараадаж амьдрах болсон. Анх газрыг худалдаж авахдаа 400 төгрөгийг Х-ийн ээж Ч-аас гаргуулж байсан ба Х-ээс тусламж аван гэрт нь амьдарч байсан тул газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахдаа гэр бүлийн гишүүн болох дүү Х-г хамтран өмчлөгчөөр оруулсан байдаг.

Хариуцагч талаас 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тайлбартаа: иргэн Ш нь маргаж буй газар болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хашааны газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 0101000405 дугаартай гэрчилгээгээр эзэмшиж байсан бөгөөд 2007 онд газраа өмчилж авах тухай хүсэлт гарган зохих материалаа бүрдүүлж өгсний дагуу нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар 248 м.кв газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ үед газар өмчлөгч нь өөрийн дүү З.Х-г хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга тус хорооны хорооны Туулын 8-158 тоотод иргэн Г.Ш ам бүл хоёулаа амьдардаг болохыг тодорхойлсон тодорхойлолт, Г.Ш болон З.Х-ийн иргэний үнэмлэхний хуулбарыг хавсарган ирүүлсэн. Иймд нийслэлийн Засаг даргын Г.Ш-д газар өмчлүүлсэн шийдвэр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргагчийн бүрдүүлж ирсэн материалыг үндэслэн зохих хууль тогтоомжийн хүрээнд гарсан гэж үзэж байна. Харин Р.Б-ийн нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцэж Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэйг тогтоосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг харгалзан үзэх боломжтой гэж тайлбар шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч талаас 2017 оны 10 сарын 20-ны өдөр шүүхэд нэмэлт тайлбартаа: ...иргэн Г.Ш нь гэр бүл, ам бүлийн байдлын тухай Засаг даргын тодорхойлолтыг үнэн зөвөөр мэдүүлээгүй нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.4-д заасан “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж шүүхэд тайлбар ирүүлсэн.

 Г.Ш нь газар өмчлөхдөө баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх гэсэн заалтыг зөрчөөгүй. Г.Ш агсан нь Р.Б болон түүний хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж яваад эцэст нь хүнлэг бус сэтгэлээр өөрт нь Б, хүүхдүүд нь хандахад маш их гомдож, орох оронгүй ойчих аягагүй болж, өөрийн дүү Ч-ын төрсөн охин З.Х-г бараадаж цуг амьдрах болсон. З.Х нь Г.Ш агсаны асран хамгаалагч байсныхаа хувьд, гэр бүлийн гишүүний хувьд тухайн газрыг хамтран өмчилсөн болно. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.4-д заасан “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй, үнэн зөвөөр бүрдүүлсэн. Тухайн цаг нь Р.Б, хүүхдүүдийн хамт гэр орон бүх юм аа аваад Г.Ш-с салаад явсан байсан. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 8 дугаар гудамж, 158 тоотод Г.Ш дүү З.Х-ийн хамт амьдарч байсан цаг юм.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүхэд мэдүүлэхдээ: Ах маань Р.Б гуайн бүх хүүхдүүдийг өөрөөрөө овоглож байсан нь үнэн. Үүнийхээ хариуд харь оронд тэдний төлөө ажиллаж, олсон мөнгөө цөмийг нь тэдний сургалт, ахуйн хэрэгцээ, бусдаас зээлсэн өр төлбөрийг нь төлөхөд зориулж, эцэст нь тахир дутуу болтлоо зодуулсан. Гомдсондоо хөөж явуулсан байхыг үгүйсгэхгүй. Үүний дараахан Р.Б гуай хүүхдүүдээ аваад нүүсэн гэсэн.

 Том хүүхдүүд нь Г.Ш ахтай таарч тохирохгүй байснаас салсан гэвэл үнэнд нийцнэ. Ах маань ганцаараа үлдмэгцээ З.Х-ээр асруулж байхдаа түүнийг ам бүлдээ бүртгүүлсэн байдаг. Түүнээс биш нэхэмжлэгч нарын бичиж байгаа шиг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зүйлгүй.

Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16.18 дахь хэсэгт зааснаар ...улсынхаа нутаг дэвсгэрт түр буюу байнга оршин суух газраа сонгох, мөн хуульд зааснаар тухайн газраа өмчилж авах эрхтэй байдаг билээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт газар өмчлөх эрхтэй байхаар хуульчилж өгсөн байдаг тул нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуүлахаар, энэ газрын хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг даалгахаар, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг цуцлуулахаар гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.    Захиргааны акт хэний эрх ашгийг зөрчсөн, эрх нь зөрчигдсөнийг хэзээ мэдсэн, захиргааны дээд байгууллага буюу Нийслэлийн Газрын албанд хэзээ гомдол гаргасан, захиргааны хэргийн шүүхэд эрхээ хамгаалуулахаар хэзээ хандсаныг харах ёстой. Хавтаст хэрэгт цугларсан баримтад иргэн Р.Б-д гэсэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 133 дугаар тушаалын 8 хавсралтаар батлагдсан хариу өгөх мэдэгдлийг авсан.

Уг мэдэгдлээр Р.Б-д “таны өргөдлийг хүлээн авч танилцлаа. Иргэн Г.Ш нь нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 8 дугаар гудамж, 158 тоот хашаагаа өмчлөн авсан бөгөөд хамтран өмчлөгчөөр эхнэр З.Х бүртгэгдсэн байна” гэж мэдэгджээ. Газрыг Г.Ш, З.Х нарт өмчлүүлсэн болохыг 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хариу өгөх мэдэгдлийн хуудсыг нэхэмжлэгч хэзээ мэдсэн тухай баримт хэрэгт байхгүй.

Мөн нэхэмжлэгч дээд шатны захиргааны байгууллага буюу Нийслэлийн Газрын албанд:

•      2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч гомдлоо хэзээ Нийслэлийн Газрын албанд гаргасан тухай баримт хэрэгт байхгүй,

•      2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4-д “Энэ хуулийн 6.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ” гэж заажээ. 

•      Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хашааны газрыг өмчлөхөөр Баянгол дүүргийн Газрын албанд хандсан боловч 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариу өгөх мэдэгдлээр хариугаа авсан. Тухайн хариу өгөх мэдэгдлийг хэзээ хүлээн аваад хуульд заасан 30 хоногийн хугацаанд багтаж захиргааны дээд байгууллага буюу, Нийслэлийн Газрын албанд хэзээ гомдлоо өгсөн талаар хэрэгт баримт байхгүй зэрэг нь нэхэмжлэгч хуульд заасан хугацаандаа Нийслэлийн Газрын албанд гомдол гаргасан эсэх нь тодорхой биш байхад хэргийг шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна гэж зааснаар хэргийг шалгаж шийдвэрлээгүй.

Хэрэгт нэхэмжлэгч Баянгол дүүргийн Газрын албанаас хариу өгөх мэдэгдэл авсан өдрөөсөө хойш хэд хоногийн дараа Нийслэлийн Газрын албанд гомдлоо гаргасан талаар дахин тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байхад шүүгч энэ үүргээ биелүүлээгүй тул шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0077 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээ буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Нэхэмжлэгч Р.Б, Ш.О  нар нь:

1/ Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2/ Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг хариуцагчид даалгах,

3/ Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот хаягт орших 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгах гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэж, гуравдагч этгээдийн зүгээс “шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ. Иймд давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэлийн эхний шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Маргаж буй захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар Г.Ш, З.Х нарт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-158 тоотод орших 248 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ”, 5 дугаар зүйлийн 5.1.4-д “иргэн, түүний гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.1.1-д “гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар” гэж тус тус заасан байна. Тухайн үед Г.Ш агсан нь Р.Б-тэй 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэсэн гэрлэлт хүчин төгөлдөр байжээ. Өөрөөр хэлбэл гэрлэлт болон цуцалсан, хүчин төгөлдөр бус гэж тооцсон ямарваа нэгэн шүүхийн болон захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байжээ. Хэдийгээр тухайн үед гэр бүлийн маргаан үүсэж тусдаа амьдарч байсан гэх боловч энэ нь гэрлэлтийг цуцалсан, Р.Б гэр бүлийн гишүүн байхаа больсон гэсэн ойлголт биш юм.

Гэтэл Г.Ш агсан нь гэр бүлийн гишүүн бус З.Х-г оролцуулан ам бүл 2 гэсэн баримт бүрдүүлж тухайн газрыг өмчлөн авсан байна. Энэхүү баримтын үнэн зөв эсэхийг захиргааны байгууллагаас нягтлан шалгалгүй, “эхнэр З-ийн Х” хэмээн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамж гарчээ.

 Ийнхүү Г.Ш, З.Х нарт гэр бүлийн хэрэгцээний газрыг хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь алдаатай болсон талаар хариуцагч тайлбартаа дурдаж, энэ талаар маргаагүй байна.

Нэмж дурдахад Г.Ш агсан өмнө нь ч гэсэн Р.Б-тэй гэрлэлтээ бүртгүүлж ХААТР-15 (А) маягт бөглөхдөө өмнөх /Ц-той гэрлэж байсан/ гэрлэлтээ нууж “Хэд дэх гэрлэлт болох” гэсэн хэсэгт “1” гэж, “гэрлэхээс өмнөх хүүхдийн тоо” гэсэн  хэсэгт / - / тэмдэглэгээ хийж, өмнө гэрлэж байсан, хүүхэдтэй байсан талаараа мэдүүлээгүй байна.

З.Х нь Г.Ш агсантай хамт амьдарч байсан, гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэлтэй гэж маргаж байгаа боловч түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийдвэрийн энэ хэсэгт гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд  анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэв.

Тодруулбал Г.Ш агсан нь Р.Б-тэй 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэсэн гэрлэлт хүчин төгөлдөр байжээ. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу тэрээр газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлөн авахад зайлшгүй хамтран өмчлөгчөөр оролцох эрх бүхий этгээд мөн байна.

Энэ ч үүднээсээ 2009 онд Баянгол дүүргийн Газрын албанд 3 хуудас өргөдөл гаргаж байсан, мөн онд “өөрийн нөхөр болох Г.Ш-ийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд хамтран эзэмшиж байсан хашааны газрыг нь өөр хүнийг хамтран өмчлөгчөөр бүртгэн өмчлүүлсэн тул тухайн өмчлүүлсэн шийдвэрийг нь хүчингүй болгуулахаар  гомдол гаргаж 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/4095 дугаар албан бичгээр “шүүхээр асуудлаа шийдвэрлүүл” гэсэн хариуг авч байжээ. Үүний дараа 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгах шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжсээр иржээ.

Нэгэнт Р.Б нь гэр бүлийн гишүүн бөгөөд гэрлэлт цуцалсан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон ямар ч шийдвэр байхгүй тул түүнийг тухайн газрын хамтран өмчөх эрхтэй гэж үзээд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын Р.Б-д холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв.

Харин Ш.О-ийн тухайд дүүрэг болон нийслэлийн газрын харилцааг хариуцсан байгууллага, түүнчлэн Засаг дарга зэрэг эрх бүхий этгээдэд ямар нэгэн гомдол, өргөдөл гаргаж байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс Ш.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамж гарах болсон шалтгаан нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэр байна. Гэвч дээрх шүүхийн шийдвэр тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Нийслэлийн Газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/3951 дүгээр бичгээр тус шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарт “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсэг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг үндэслэн гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчингүй болсон тул 846 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх маргааныг эхнээс нь дахин шийдвэрлэж Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож /Г.Ш холбогдох хэсэг хууль ёсных гэж үзэж/ шийдвэрлэж байгаа тул уг захирамжтай хамаарал бүхий гарсан нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь ямар нэгэн агуулгыг зөрчилгүй байна. Харин ч ямар нэгэн эрх зүйн зөрчилтэй байдал үүсгэхээс хамгаалжээ.

 Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг нэг гол үндэслэл болгож байна.

Иргэн Р.Б нь 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/4095 дугаар албан бичгээр “шүүхээр асуудлаа шийдвэрлүүл” гэсэн хариуг аваад үүний дараа 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.

Нэгэнт захиргааны байгууллага иргэн Р.Б-ийн гаргасан гомдлыг хянаад хариу өгсөн байгаа тул анхан шатны шүүх тэрхүү хариу өгсөн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцож, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа биелүүлсэн, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзээд захиргааны хэрэг үүсгэсэн нь шүүхийн буруу биш юм.

Гуравдагч этгээдийн зүгээс хэргийг дахин хэлэлцүүлэх гомдол гаргадаг.  Гэвч анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулсан байх бөгөөд дахин хэлэлцүүлэхээр буцааснаар шинэ нөхцөл байдлыг тогтоох, эсхүл дахин шинэ нотлох баримт цугларна гэж үзэх боломжгүй байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...20.1-д “иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана” гэж бичилтийн алдаа гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

Шүүхийн энэхүү магадлал нь Г.Ш агсны өвлөгдөх хөрөнгөөс өв залгамжлагч нар нь Иргэний хуулийн дагуу өвлөх эрхийг хөндөхгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0077 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоотод орших 248 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Р.Б-ийг бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Ш.О-ийг бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, түүний өмгөөлөгч Н.Ш, Н.Т нарын гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

                               ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР