Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01866

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01866

 

 

 

Ч.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/01933 дугаар шийдвэртэй, Ч.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуульд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 369 253 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/54 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд ажилд эгүүлэн тогтоох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хянан хэлэлцэж ажилд эргүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн намайг ажил олгогч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар ажилд эргүүлэн авсан. Ажлаас халсан тушаал үндэслэлгүй байсан нь шүүхээр тогтоогдсон, ажилд эргүүлэн авсан байдлыг харгалзан үзэж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах хүсэлт тавихад захирал Н.Өлзийсайхан нь хүсэлтийг хүлээн авч, ажилгүй байсан хугацааны цалинг гаргахад шүүхийн шийдвэр байх ёстой, тийм шийдвэр байвал асуудалгүй гэж бид хоорондоо тохиролцсон учир миний цалинг олгоход ажил олгогчийн зүгээс маргахгүй гэж ойлгон тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдлөө гаргасан. Гэвч захирал Н.Өлзийсайхан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд удаа дараа дуудсан боловч ирээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 7 369 253 төгөргийг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Я.Наранцэцэг, хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор дунд сургуулийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаан хүчин төгөлдөр болсон улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1666 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн. Иймд нэхэмжлэгч Ч.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулиас 6 237 210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 963 590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Наранцэцэгийн нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуульд даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулиас 78 995 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Наранцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг Амгалан цогцолбор сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/57 дугаар ажлаас халах тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган гурван шатны шүүх түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үйл баримт нь Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1666 дугаар тогтоолоор нотлогддог.

Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн захирал Б/57 дугаар тушаалыг үндэслэлгүй гаргасан талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч Ч.Наранцэцэг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухайн эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл... энэ талаар миний эрх зөрчигдөөгүй гэж хэрэг маргааныг шийдвэрлүүлсэн үйл баримт тогтоогддог.

Ч.Наранцэцэгийн ажилгүй байсан хугацааны 7 369 253 төгрөгийг ажил олгогчоос шаардах эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд Улсын дээд шүүхийн 1666 дугаарын тогтоолоор шийдвэрлэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд уг хүсэлтийг хангаагүй. Түүнчлэн шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02007 дугаар шийдвэрээр Ч.Наранцэцэгийг Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2017/01898 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01666 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр, магадлал, тогтоол нь хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 5-12 дугаар тал/

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ч.Наранцэцэгийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэдэг нь тогтоогдсон ба уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлээ талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01666 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх агуулга бүхий тайлбар хийсэн боловч дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрын талаар шийдвэрлээгүй байх тул түүний тайлбар гомдол үндэслэлгүй.

Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн захирал шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажилд нь буцаан томилсон тушаал гаргасан ба нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд томилогдсон 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Учир нь ажилтны ажлаас чөлөөлөгдсөн болон хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянагдах хугацаа, ажилд эгүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэр гарах хүртэлх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамааруулан тооцох юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр ажилд томилогдсон үйл баримт тогтоогдсон. Хэдийгээр ажил олгогч тушаал гаргаж Ч.Наранцэцэгийг ажилд эгүүлэн томилсон боловч ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах ажилтны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул түүний Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн гэж үзнэ. Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болох, цалин олгогдоогүй зэрэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон болно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 6 237 210 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хэргийн 56, 60 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүрэл хойшлуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэргийн шүүх хуралдааны товыг, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг тус тус мэдэгджээ. Үүнээс дүгнэвэл иргэний хэргийн шүүх хуралдааны товыг хариуцагчид урьдчилан мэдэгдсэн байхад эрүүгийн хэргийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах шалтгааныг хүндэтгэн үзэх нөхцөлд тооцохоос илүүтэй энэ нь түүний хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан зохигчидын шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/01933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургууль давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ