Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00106

 

Ч ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/01933 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1866 дугаар магадлалтай,

   Ч ийн нэхэмжлэлтэй,

            Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуульд холбогдох

       Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,369,253.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн захирлын 2017 оны 05 сарын 17-ны өдрийн Б/54 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд ажилд эгүүлэн тогтоох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хянан хэлэлцэж ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн намайг ажил олгогч 2018 оны 01 сарын 24-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар ажилд эгүүлэн авсан. Ажлаас халсан тушаал үндэслэлгүй байсан нь шүүхээр тогтоогдсон, ажилд эгүүлэн авсан байдлыг харгалзан үзэж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах хүсэлт тавихад захирал Н.Өлзийсайхан нь хүсэлтийг хүлээн авч, ажилгүй байсан хугацааны цалинг гаргахад шүүхийн шийдвэр байх ёстой, тийм шийдвэр байвал асуудалгүй гэж бид хоорондоо тохиролцсон учир миний цалинг олгоход ажил олгогчийн зүгээс маргахгүй гэж ойлгон тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдлөө гаргасан. Гэвч захирал Н.Өлзийсайхан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд удаа дараа дуудсан боловч ирээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 7,369,253 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Ч , Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор дунд сургуулийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаан хүчин төгөлдөр болсон улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 1666 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн. Иймд нэхэмжлэгч Ч ийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/01933 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулиас 6,237,210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 963,590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч ийн нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуульд даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулиас 78,995 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1866 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/01933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1866 дугаар магадлалыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Учир нь ажилтны ажлаас чөлөөлөгдсөн болон хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянагдах хугацаа, ажилд эгүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэр гарах хүртэлх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамааруулан тооцох юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэжээ. Нэхэмжлэгч Ч.Нарантуяа Амгалан цогцолбор сургуулийн захирлын 2017 оны 05 сарын 17-ны өдрийн Б/57 дугаар ажлаас халах тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган гурван шатны шүүх түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үйл баримт нь Улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01666 дугаар тогтоолоор нотлогддог. Амгалан цогцолбор сургуулийн захирал Б/57 дугаар тушаалыг үндэслэлгүй гаргасан талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ч.Нарантуяа ажилгүй байх хугацааны цалин хөлсөө нэхэмжлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл энэ талаар миний эрх зөрчигдөөгүй гэж хэрэг маргааныг шийдвэрлүүлсэн үйл баримт хэрэгт тогтоогддог. Ч.Нарантуяагийн ажилгүй байсан хугацааны 7,369,253 төгрөгийг ажил олгогчоос шаардах эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд улсын дээд шүүхийн 001/ХТ2017/01666 дугаарын тогтоолоор шийдвэрлэгдсэн хэрэг маргаанаар шийдвэрлэгдэн дууссан үйл баримтад давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэн үндэслэлгүй магадлал гаргасан. Нэхэмжлэгч Ч.Нарантуяа ажил олгогчийн хэзээ хаана гаргасан тушаал өөрийнх эрх ашгийг зөрчсөн. Тухайн тушаалыг хэзээ гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн аль хэсэгт заасан маргаанаар иргэний хэрэг үүсгэсэн, мөн хуулийн 129 зүйлд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан үйл баримтыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх, хэрэгт авагдсан баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргалаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг, ажил олгогчоос буцаан олгохоор заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс, ажил олгогчоос ажилтанг ажилд эгүүлэн томилсон тушаал гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг ажилтанд буцаан олгох харилцааг зохицуулсан заалт юм. Хуулийн энэ зохицуулалтыг давж заалдах шатны шүүх буруу хэрэглэн тайлбарлаж магадлал гаргасан. Давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн 1866 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч  нь хариуцагч Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/02007 дугаар шийдвэрээр Ч ийг Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ч ийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон ба энэ үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт хамаарах бөгөөд харин ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрын шаардлага өмнө нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байна.

Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн захирал шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ч ийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажилд нь буцаан томилсон тушаал гаргасан ба нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд буцаан томилогдсон 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,237,210.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв, шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  журмаар гаргасан гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/01933 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1866 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН