Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00358

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00358

 

 

Д.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02298 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох

 

Уурхайн засвар, механикийн хэсгийн засварын механикийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Батбүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Цолмон, Э.Уянга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч нь 2014 оны 2 дугаар сарын 17-нд Эрдэнэс Таван Толгой ХК-ийн Засвар механикийн хэсэгт засварчнаар ажилд орж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Засварын механикаар дэвшин ажиллаж, ажил үүргээ амжилттай гүйцэтгэж байсан. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагт ээлжийн ажлаа хүлээн авч, ажлаа гүйцэтгэж байх үед нь буюу орой 20 цагийн үед захиргаанаас нь дуудсанаар очиход яаралтай ажлаас гарах өргөдлөө бичиж өг гэж тулган цаас, үзэг өгөөд өөрийн хэлснийг бичүүлээд гарын үсэг зуруулсан. Мөн тэр орой буюу 2017 оны 5 дугаар сарын 23-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс дээр дуудагдаж Уурхайн кемп дээр 2017 оны 5 дугаар сарын 23-нд амарч байх үедээ 16 цагийн үед хүчингийн хэрэг үйлдсэн гэх асуудлаар тайлбар өгсөн байдаг. Гэвч Д.Батбаярт хүчиндүүлсэн гэх эмэгтэй нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Цагдаад гаргасан өргөдлөө буцаан авсан учраас прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Эрдэнэс таван толгой ХК-ийн Уурхайн захиргаанаас түүнийг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад хэн нэгэн этгээдийн худал гүтгэлгээр Цагдаагийн байгууллагад дуудагдсан төдийд байгууллагын нэр төр гутаалаа гэж ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө бич гэж дарамтлан бичүүлсэн, уг өргөдлийг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 6/213 дугаар тушаал гаргаж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна. Мөн өөрийн гэм буруугүй болохоо нотолсон прокурорын тогтоолыг хавсаргаж, ажилдаа орох өргөдлөө Үйлдвэрчний эвлэлийн хороогоороо уламжлан гаргасан боловч ажилд нь эгүүлэн аваагүй мөртлөө ажлаас чөлөөлсөн тушаалыг нь гардуулаагүй байсныг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр шаардан байж гардаж авсан байдаг. Ийм учраас Д.Батбаярыг урьд эрхэлж байсан Уурхайн засвар, механикийн хэсгийн засварын механикийн ажилд нь эгүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон, Б.Гантулга нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрдэнэс таван толгой ХК-ийн Уурхайн засвар механикийн хэсэгт засварын механикчаар ажиллаж байсан Д.Батбаяр уурхайн захиргаанд ...Д.Батбаяр миний бие 2014 оны 2 сараас 2017 оны 5 сарын 23-ныг хүртэл ажилласан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргаж байна. Цаашид тус компанид ажиллах хүсэлгүй байна гэсэн өргөдлийг өөрөө гаргасан байдаг. Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Д.Батбаярын өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Б/213 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус үндэслэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтны хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, тавилга, эд хогшил, техник хэрэгсэл, хувцас зэрэг өмчийг уурхайн хариуцсан нэгжийн удирдлага, нярав нар хүлээн авч 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тойрох хуудсыг бөглүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох тооцоог хийж хүлээлгэн өгсөн. Д.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...одоо яаралтай ажлаас гарах хүсэлтээ бичиж өг гэж тулган цаас, үзэг өгөөд одоо миний хэлэхийг наад цаасан дээрээ бич гэж хэлж бичүүлээд гарын үсэг зуруулсан байдаг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалыг уурхайн хүний нөөцийн мэргэжилтэн С.Одонцацралт 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Д.Батбаярт утсаар танилцуулж тэмдэглэл үйлдсэн байдаг бөгөөд бараа материалын нярав Н.Сүглэгмаа Д.Батбаярын уурхайн кемпд байрлаж байсан В-2 номерийн гэрээс түүний хувцас хэрэгслийг нь хүлээн авч тойрох хуудаст бүртгэсэн тухай баримтыг тус компанийн төв оффист ирүүлсэн. Д.Батбаяр нь өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн, түүний ажилладаг байсан В ээлж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр уурхайн ажилд ирсэн бөгөөд дараагийн ажилд ирээгүй болох нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн автобусаар зорчих ажилтнуудын зам, хоногийн зардлын жагсаалт гэсэн баримтад нэр ороогүй нь түүний ажилдаа ирээгүй болохыг нотлоно. Д.Батбаяр нь Эрдэнэс таван толгой ХК-ийн ажилчдын эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлд гаргасан өргөдөлдөө огноо тавиагүй байдаг бөгөөд түүний өргөдлийн дагуу тус үйлдвэрчний эвлэлээс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/020 тоот албан бичгийг компанийн Захиргаа, удирдлага хариуцсан газрын захиралд ирүүлсэн байгаагаас үзэхэд Д.Батбаяр нь ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдсэн, танилцсан болох нь тогтоогдоно. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох урьд эрхэлж байсан Уурхайн засвар, механикийн хэсгийн засварын механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай Д.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Батбаяр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэг төлөөлөгч П.Батбүрэн давж заалдах гомдолдоо:

... Ажилтнаас ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий өргөдөл гаргахад нь ажил олгочийн зүгээс нэгэн щахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг анхан шатны шүүх анхааран үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхээс нэхэмжлэгчийг ажлаас халах тушаалын үндэслэл болсон ажилтны гаргасан өргөдлийн агуулга нь ажилтны хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх, ажилтан ажлаас халагдах өргөдөл гаргахад ажил олгогчоос дарамт шахалт үзүүлсэн эсэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлх баримтад тулгуурлан дүгнэлт өгөх ёстой байхад Хөдөлмөрийн маргаанд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгчээс гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж тайлбарласан боловч үүнээс өөр зүйлийг шийдвэртээ бичсэн. Өргөдөлд бичигдсэн цаашид компанид ажиллах сонирхолгүй тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн нь нэхэмжлэгч Д.Батбаярын хүсэл зоригийн илэрхийлэл биш бөгөөд тэрээр өргөдөлд бичигдсэн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний ээлжинд гарч ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн оройн 18 цагаас ажлаа хийж байхад 20 цагийн үед түүнийг дуудаж, 21 цагийн үед өргөдөл бичүүлсэн болох нь гэрчийн мэдүүлэг, тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын мэдүүлэг, албан тоот зэргээр тогтоогдож байна. Хариуцагч компанийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу Уурхайн захиргааны хүний нөөцийн мэргэжилтэн н.Гантулга нь уурхайн захиргааны ажиллах цагийн хуваарь нь өглөө 9 цагаас орой 19 цаг хүртэл байдаг гэж байдаг. Мөн хариуцагч байгууллагаас тус компанийн харуул хамгаалалтыг гүйцэтгэж байсан "Чин хутаг өндөр ХХК-ийн 2 ажилтныг хөндлөнгийн гэрч болгож " Д.Батбаяр нь өөрийн хүсэлтээр дарамт шахалтгүйгээр ажлаас халагдах өргөдөл бичсэн болно'' гэсэн агуулгах бүхий баримтанд гарын үсэг зуруулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт "Ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалаа 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гардан авч, тухайн өдөр ээлжийн амралтын олговор авах хүсэлтээ гаргасан байдаг. Хариуцагч баигууллагаас уг хүсэлтийг бичүүлж аваад тойрох хуудас бөглүүлсний дараа амралтын мөнгө бодогдсон, 7 хоногийн дараа амралтын мөнгийг нь дансаар шилжүүлж; нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийг нь хүлээлгэн өгсөн байдаг. Амралтын мөнгө олгосон тухай баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ажлаас халах тушаалыг гардаж авсантай маргадаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3- дзахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийн хамтаар гардуулан өгснөөр ажилтны шүүхэд хандах эрх үүсдэг ба нэхэмжлэгч тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гардан авснаар уг эрх үүссэн байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн, энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тооцно гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02298 дугаар бүхий шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Д.Батбаяр нь хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан тус компанийн Уурхайн засвар, механикийн хэсгийн засварын механикийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажлаас гарах хүсэлтээ бичиж өг гэж тулган шаардаж хүсэлт бичүүлж, гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Д.Батбаяр нь хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-д 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс механикийн хэсгийг засварчнаар ажилд орж, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс засварын механикаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 7-9, 13 тал/

 

Ажил олгогч Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалаар Д.Батбаярыг Уурхайн засвар, механикийн хэсгийн засварын механикийн албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЕТТ-461 дугаар хөдөлмөрийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх-ийн 27 тал/

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 10.11.10, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 4.19, 4.22, ажилтны өөрийн гаргасан санаачлагыг үндэслэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Батбаяр нь хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-ийн Уурхайн захиргаа, удирдлагын хэлтэст өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг гаргасан болохоо үгүйсгээгүй бөгөөд тэрээр уг өргөдлийг дарамт шахалтын улмаас бичсэн гэж тайлбарласан. /хх-ийн 89-90 тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт нотлох баримтаар Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Батбаяр тус үйлдвэрчний эвлэлд 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан тухай өргөдөл гаргасан нь бүртгэгджээ. /хх-ийн 141 тал/ Дээрх баримтаар нэхэмжлэгчийн ажил олгогчийн тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гардаж авснаар гомдол гаргах эрх үүссэн гэсэн тайлбар нь няцаагдаж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Батбаяр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО