Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2017/02298

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 24 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02298

                 Улаанбаатар хот

 

     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Их толбо овогт Д.Б /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Т.Т/РД: /-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан Уурхайн засвар, механикийн хэсгийн засварын механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон, Б.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 17-нд “Э.Т.Т” ХК-ийн Засвар механикийн хэсэгт засварчнаар ажилд орж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Засварын механикаар дэвшин ажиллаж, ажил үүргээ амжилттай гүйцэтгэж байсан.

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагт ээлжийн ажлаа хүлээн авч, ажлаа гүйцэтгэж байх үед нь буюу орой 20 цагийн үед захиргаанаас нь дуудсан байдаг.

Ингээд буцаад кемп дээрээ очиход Уурхайн захиргааны ахлах мэргэжилтэн Гантулга “Чи хэрэгт холбогдож компанийн нэр төр гутаалаа, ямар ч тохиолдолд чамд эрүүгийн хэрэг үүсгэх нь тодорхой учир чи ажил хийх боломжгүй. Одоо яаралтай ажлаас гарах өргөдлөө бичиж өг гэж тулган шаардаж цаас, үзэг өгөөд одоо миний хэлэхийг наад цаасан дээрээ бич гэж хэлж, бичүүлээд гарын үсэг зуруулсан байдаг.

Учир байдлыг сайн ойлгоогүй байсан тэр орой буюу 2017 оны 5 дугаар сарын 23-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс дээр дуудагдаж “Уурхайн кемп дээр 2017 оны 5 дугаар сарын 23-нд амарч байх үедээ 16 цагийн үед хүчингийн хэрэг үйлдсэн” гэх асуудлаар тайлбар өгсөн байдаг.

Гэвч Батбаярт хүчиндүүлсэн гэх эмэгтэй нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Цагдаад гаргасан өргөдлөө буцаан авсан учраас Прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

“Э.Т.Т” ХК-ийн Уурхайн захиргаанаас түүнийг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад хэн нэгэн этгээдийн худал гүтгэлгээр Цагдаагийн байгууллагад дуудагдсан төдийд байгууллагын нэр төр гутаалаа гэж ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлийг бич гэж дарамтлан байж бичүүлээд уг өргөдлийг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 6/213 дугаар тушаал гаргаж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд туйлын их гомдолтой байдаг.

Мөн өөрийн гэм буруугүй болохоо нотолсон Прокурорын тогтоолыг хавсаргаж, захиралдаа эргэж ажилдаа орох өргөдлөө Үйлдвэрчний эвлэлийн хороогоороо уламжлуулан гаргасан боловч ажилд нь эгүүлэн аваагүй мөртлөө ажлаас чөлөөлсөн тушаалыг нь ч гардуулаагүй байсныг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шаардан байж гардаж авсан байдаг.

Ийм учраас Д.Б-ыг урьд эрхэлж байсан Уурхайн засвар, механикийн хэсгийн Засварын механикийн ажилд нь эгүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэл, хураамжийг тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Б-ын Э.Т.Т ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Э.Т.Т ХК-ийн Уурхайн Засвар механикийн хэсэгт засварын механикчаар ажиллаж байсан Д.Б нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өргөдөлд гарын үсэг зурахдаа огноог 2017 оны 5 дугаар сарын 22 гэж бичсэн байдаг.

Тэрээр уурхайн захиргаанд “Д.Б миний бие 2014 оны 02 сараас 2017 оны 5 сарын 23-ныг хүртэл ажилласан. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргаж байна. Цаашид тус компанид ажиллах хүсэлгүй байна” гэсэн ажлаас чөлөөлөхийг хүссэн өргөдлийг өөрөө гаргасан байдаг.

Э.Т.Т ХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Д.Бын өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Б/213 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус ундэслэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн.

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтны хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, тавилга, эд хогшил, техник хэрэгсэл, хувцас зэрэг өмчийг уурхайн хариуцсан нэгжийн удирдлага, нярав нар хүлээн авч 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тойрох хуудсыг бөглүүлж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох тооцоог хийж хүлээлгэн өгсөн байдаг.

Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...одоо яаралтай ажлаас гарах хүсэлтээ бичиж өг гэж тулган шаардаж цаас, үзэг өгөөд одоо миний хэлэхийг наад цаасан дээрээ бич гэж хэлж бичүүлээд гарын үсэг зуруулсан байдаг...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалыг уурхайн хүний нөөцийн мэргэжилтэн С.Одонцацралт 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Д.Бт утсаар танилцуулж тэмдэглэл үйлдсэн байдаг бөгөөд бараа материалын нярав Н.Сүглэгмаа Д.Бын уурхайн кемпд байрлаж байсан В-2 номерийн гэрээс түүний хувцас хэрэгслийг нь хүлээн авч тойрох хуудаст бүртгэсэн тухай баримтыг тус компанийн төв оффист ирүүлсэн.

Д.Б нь өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн, түүний ажилладаг байсан В ээлж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр уурхайн ажилд ирсэн бөгөөд дараагийн ажилд ирээгүй болох нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Автобусаар зорчих ажилтнуудын зам, хоногийн зардлын жагсаалт” гэсэн баримтад нэр ороогүй нь түүний ажилдаа ирээгүй болохыг нотлоно.

Д.Б нь Э.Т.Т ХК-ийн ажилчдын “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлд гаргасан өргөдөлдөө огноо тавиагүй байдаг бөгөөд түүний өргөдлийн дагуу тус үйлдвэрчний эвлэлээс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/020 тоот албан бичгийг компанийн Захиргаа, удирдлага хариуцсан газрын захиралд ирүүлсэн байгаагаас үзэхэд Д.Б нь ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдсэн, танилцсан болох нь тогтоогдоно.

Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Т.Т ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Уурхайн засвар, механикийн хэсгийн засварын механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Д.Бын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Э.Т.Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалаар Уурхайн Засвар механикийн хэсгийн Засварын механикийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Э.Т.Т ХК-ийн Засварын механикийн хэсэгт засварчнаар анх ажилд орсон талаар талууд маргаагүй бөгөөд энэ үеэс талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Засварын механикийн ажилд дэвшин ЕТТ-461 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Э.Т.Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.1, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.11.10, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 4.19, 4.22 дахь заалт, өөрийнх нь гаргасан хүсэлт зэргийг үндэслэн  Д.Быг ажлаас чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажилтан, эсхүл ажил олгогч гаргаснаар гэрээ цуцлагдах журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлээр зохицуулсан байдаг бөгөөд ажилтан санаачилсан гэх үндэслэлд ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдөл, хүсэлт хамаардаг байна.

 

Сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдөл, хүсэлт гэдэгт хөдөлмөрийн гэрээ цуцлах саналыг анхлан гаргаж байгаа ажилтны өөрөөс шалтгаалсан нөхцөл байдалд тулгуурлан гаргасан түүний хүсэл зоригийн илэрхийллээс гадна ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой үүссэн тухайн нөхцөл байдалд тохируулан гаргасан хүсэл зориг мөн энд хамаарах үндэслэлтэй.

 

Үүнээс үзэхэд хэрэгт Өмнөговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр Прокурорын газрын Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 5/143 дугаартай тогтоол авагдсан байх уг тогтоолын “Олсон нь” хэсэгт Т.Болор-Эрдэнэ гэх иргэнээс Д.Бт холбогдуулан Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Би Э.Т.Т” ХК-д үйлчилгээний ажил хийдэг ба намайг өнөөдөр 16 цагийн үед В-2 номерийн гэрийг цэвэрлэхээр ороход гэрт байсан ах хүчиндсэн” гэсэн гомдлыг тухайн үед гаргаж байжээ.

 

Нэхэмжлэгч нь Э.Т.Т ХК-ийн Уурхайн захиргаа удирдлагын хэлтэст “Даваажав овогтой Батбаяр миний бие 2014 оны 2 сараас 2017.05.23-ныг хүртэл ажилласан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргаж байна. Цаашид тус компанид ажиллах сонирхолгүй байна” гэсэн өргөдлийг гаргасны дагуу ажил олгогч нь дээрх хүсэлтийг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Б/123 дугаартай “Д.Быг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргаж, ажилтны санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.19-т зааснаар “нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн аваад Захиргаа хүний нөөцийн асуудал хариуцсан захирлаас гарсан саналыг харгалзан гүйцэтгэх захирал тушаал гаргаж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Өөрөөр хэлбэл хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох тул талууд ийнхүү тохиролцсоноор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогч, ажилтан нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ, үүнээс бусад төрлийн гэрээ, хэлцэлд Иргэний хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэгддэг /ИХ-ийн 369.3/ тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой зохигч талуудын хооронд хийгдсэн хэлцлийг мөн хуулийн зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зохигч талууд ийнхүү хэн аль нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсний хойно нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг хуульд нийцээгүй гэж маргаж, хэлцлээр тохирсноос өөр үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, зохигч талуудын хооронд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах замаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зорилгоор хийсэн хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч хэлцлээр хүлээсэн үүргээ мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар шударгаар гүйцэтгэх үүрэгтэйн хувьд одоо хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Ажил олгогч болох Э.Т.Тнь зохигч талуудын хооронд байгуулагдсан хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцлийн үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр ажилтан Д.Быг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8-д заасанд нийцсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх шаардлагыг үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах шийдвэрт заана” мөн хуулийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заасан хэдий ч нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 30 минутад Э.Т.Т ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлд “...хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад миний өргөдлийг захиргаанд өгч намайг ажлаас халагдуулсан ба Цогтцэций сумын цагдаа хэргийг шалгаж, Өмнөговь аймгийн Сум дундын Прокурорын газраас хэргийг ... гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хүчингүй болгосон. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж хуучин ажил дээр эргэж орох асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл гаргаж байсан болох нь “Эв санааны нэгдэл”  ҮЭ Өргөдөл гомдлын бүртгэл №03 2017 оны 02 сар 10 гэсэн дэвтрийн 12-рт бүртгэгдсэн Д.Бын өргөдөл, гэрч С.Эрдэнийн “...Би Д.Бын гомдлыг хүлээж аваад Компанийн удирдлагад ажилд нь эргүүлэн тогтоож, нэр төрийг нь сэргээхийг мэдэгдэж мэдэгдэл явуулж байсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн байх ба энэ үеэс түүний шаардах эрхийг тоолох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” нь энэ хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байх хэдий ч нэхэмжлэгч Д.Б нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/123 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Т.Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/123 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдлоо 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд тусгайлан заасан хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх үндэслэл бүхий хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг өөрийн санаачлагаар сэргээн хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “…гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Э.Т.Т ХК-д холбогдох урьд эрхэлж байсан Уурхайн засвар, механикийн хэсгийн засварын механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                             Х.ДАШДЭЧМАА