Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00019

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00019

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02887 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч М.У, А.Д нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 43 105 445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Иргэн М.У, А.Д нар нь 2017 оны 4 сарын 07-ны өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж 23 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээнд 2017 оны 11 сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 19 400 000 төгрөгөөр нэмэгдүүлж жилийн хүүг 19.2 хувь болгосон. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 678 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 31 854 234.09 төгрөг, зээлийн хүү 10 531 384.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719 827.46 төгрөг, нийт 43 105 445.87 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-д заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.У, А.Д нараас 43 105 445.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.У, А.Д нарын шүүхэд гаргасан тайлбарт: М.У нь Оюу толгой ХХК-д ажиллаж байгаад 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс бүтцийн өөрчлөлт буюу орон тооны цомхтголд орж, ажилгүй болсны улмаас зээлийн төлөлт хийх боломжгүй болсон. Ажлаас халагдахаас өмнө өрхийн нийт орлого дунджаар 3 900 000 төгрөгөөс хэрэглээний зардалд 1 100 000 төгрөг, зээлийн эргэн төлөлтөд сард 2 873 777 төгрөг хийгддэг байсан ба дээрх зээлийн төлбөрөөс 1 455 327 төгрөг нь орон сууцны, үлдсэн 1 418 460 төгрөг нь цалингийн зээлийн эргэн төлөлт байсан. 2018 оны 6 сарын 26-ны өдрийг хүртэл зээлээ хэвийн төлж байсан. М.У 2018 оны 7 сарын 20-ны өдрөөс Энержи ресурс ХХК-д автын цахилгаанчнаар сарын 1 800 000 төгрөгийн, А.Д нь 2018 оны 11 сараас Хишиг арвин индустриал ХХК-д ХММ-ын операторын ажилд сарын 800 000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Өрхийн орлогоос орон сууцны зээлийн төлөлтөд 1 455 327 төгрөгийг төлөөд мөн өрхийн зардлаа хасаад тэг төгрөгтэй үлддэг тул цалингийн зээлийн төлөлтийг хийх боломжгүй байсаар энэхүү хуримтлал үүссэн. Дээрх хугацаанд Голомт банкны зээлийн эдийн засагчтай одоо төлж байгаа орон сууцны нэг сарын зээлийн төлөлтийн хүү болох 1.3 хувь жилийн 15.6 хувийг багасгаж жилийн 8 хувийн ипотекийн зээл рүү шилжүүлэх, зээлийн хугацааг уртгасгах хүсэлтийг удаа дараа явуулсан боловч Голомт банкны төв салбараас татгалзсан хариу ирсэн. Иймд орон сууцны зээлийг ипотекийн зээл рүү шилжүүлж, жилийн 8 хувийн хүүтэй болж бууруулах, мөн зээлийн хүү 10 531 384 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 719 827 төгрөгийг хасч хөнгөлөн зээлийн эргэн төлөлтийн хэмжээг багасгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүлийн 232.4, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.У, А.Д нараас 43 105 445.87 /дөчиж гурван сая нэг зуун таван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг наяан долоон мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 477 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.У, А.Д нараас 373 477 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч М.У Оюу толгой ХХК-д ажилаж байгаад 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс ажилгүй болсны улмаас зээлийн төлөлтөө хийх боломжгүй болсон. 2018 оны 06 сарын 26-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтүүдээ хэвийн төлж байсан боловч үүнээс хойш ажилгүй, орлогогүй байсан тул зээлийн төлөлтөө хийх боломжгүй болсон. Одоо өрхийн орлого 2 600 000 төгрөг бөгөөд орон сууцны зээлийн төлөлтөд 1 455 327 төгрөгийг төлж, хэрэглээний зардлаа тооцохоор цалингийн зээлийн төлөлтийг хийх боломжгүй байгаа болно.

Дээрх хугацаанд Голомт банкны зээлийн эдийн засагчтайгаа одоо төлж байгаа орон сууцны нэг сарын зээлийн төлөлтийн хүү болох 1,3% (нэг жилийн 15,6%)-ийг багасгаж жилийн 8%-ийн ипотекийн зээлрүү шилжүүлэх, мөн зээлийн хугацааг уртасгах хүсэлтийг удаа дараа явуулсан боловч Голомт банкны зүгээс татгалзсан хариу өгсөн. Иймд орон сууцны зээлийг ипотекийн 8% эсвэл 6%-ийн зээл рүү шилжүүлэн бууруулах, мөн зээлийн хүү 10 531 384 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү болох 719 827 төгрөгийг хасч хөнгөлөн зээлийн эргэн төлөлтийн хэмжээг багасгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулах хүсэлтэй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч М.У, А.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43 105 445 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 43 105 445 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч М.У 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Г ХХК-аас 23 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлдэн авч, уг зээлийн гэрээнд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 19 400 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 38 703 338 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай болгон өөрчилсөн байна. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв. /хх 9-15/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг дээрх зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 10 545 765 төгрөг, хүүд 7 622 964 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 624 төгрөг төлсөн талаарх хүү, тооцооллын хүснэгт гэх баримт ирүүлснийг зээлдэгчийн зүгээс няцаагаагүй болно. /хх 19/

 

Талуудын гэрээний 2.9-т зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх графикт хугацаанд төлж барагдуулаагүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Иймд хариуцагчаас цалингийн зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 31 854 234 төгрөг, зээлийн хүү 10 531 384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719 827 төгрөг, нийт 43 105 445 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Талууд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний жилийн хүүг 18 хувь байсныг 19.2 хувь болгон өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасантай нийцэж байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь орон сууцны зээлийн хугацааг сунгах, зээлийн хүүг бууруулах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчилсөн, цуцалсан гэх үзэх үндэлэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 477 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ