Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00492

 

                                                                                                

                                   “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02887 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00019 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 43,105,445.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхзул, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,105,445.87 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02887 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,нараас 43,105,445.87 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,477 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,нараас 373,477 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн 00019 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,477 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 00019 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагч нарын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. 2017.04.07-ны өдөр “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай ЗГ3005106685 тоот зээлийн гэрээ байгуулж 23,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. 2017.11.06-ны өдөр ЗГ3005106685А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 19,400,000 төгрөгийг нэмж авч, жилийн хүүг 19,2 хувь болгон “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Моннис салбараас цалингийн зээл болох нийт 38,703,338 төгрөгийг шинэчилсэн гэрээ хийж, мөн 2017.04.06-ны өдөр “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас орон сууцны зээл болох 101,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай тус тус авсан. Би “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаад 2017.12.01-ээс бүтцийн өөрчлөлт буюу орон тооны цомхтголд орсны улмаас ажилгүй болсон. Үүнээс болж өрхийн орлого эрс муудаж (тухайн үед эхнэр ажилгүй байсан) зээлийн төлөлтөө хийх боломжгүй болсон. 2017.12.01-ийг хүртэл буюу намайг орон тооны цомхтголд орохоос өмнө миний сарын цалин дунджаар 3,900,000 төгрөг орчим буюу энэ нь өрхийн нийт орлого болж байсан. Өрхийн зардалд 1,100,000 төгрөг, мөн зээлийн эргэн төлөлтөд сард 2,873,777 төгрөг, дээрх зээлийн төлбөрөөс 1,455,327 төгрөг нь орон сууцны зээлийн төлөлтөд, үлдсэн 1,418,460 төгрөг нь цалингийн зээлийн эргэн төлөлтөд хийгддэг байсан. 2018.06.26-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтүүдээ хэвийн хийж ирсэн боловч үүнээс хойш ажилгүй, орлогогүй байсан тул зээлийн төлөлтөө хийх боломжгүй болсон. 2018.07.20-ны өдрөөс Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд байрлах “Энержи ресурс” ХХК-д автын цахилгаанчнаар нэг сарын 1,800,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Эхнэр А.Дуламсүрэн нь 2018 оны 11 сараас “Хишиг арвин индустриал” ХХК-д ХММ-ын операторын сарын 800,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Манай өрхийн орлого өмнөх 3,900,000 төгрөгөөс 2,600,000 төгрөг болж буурсан. Бид өөрийн өрхийн орлогоос орон сууцны зээлийн төлөлтөд 1,455,327 төгрөгийг төлөөд мөн өрхийн зардлаа хасаад тэг төгрөгтэй үлддэг тул цалингийн зээлийн төлөлтийг хийх боломжгүй байсаар энэхүү зээлийн хуримтлал үүссэн. Дээрх хугацаанд “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зээлийн эдийн засагчтай одоо төлж байгаа орон сууцны нэг сарын зээлийн төлөлтийн хүү болох 1,3 хувь (нэг жилийн 15,6 хувь)-ийг багасгаж, жилийн 8 хувийн ипотекийн зээл рүү шилжүүлэх, мөн зээлийн хугацааг уртасгах хүсэлтийг удаа дараа явуулсан боловч татгалзсан хариу ирдэг тул бидний зүгээс хийж чадах зүйл огтоос байхгүй болж зээлийн төлөлт хуримтлагдаж одооны нөхцөл байдал үүсэхэд хүрсэн. Иймд манай өрхийн орлоготой уялдуулж “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс орон сууцны зээлийг ипотекийн зээл рүү шилжүүлж одоо байгаа зээлийн хүүг 8 хувь, эсхүл 6 хувийн зээл рүү шилжүүлэн бууруулах, зээлийн хүү 10,531,384 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү болох 719,827 төгрөгийг хасч хөнгөлөн зээлийн эргэн төлөлтийн хэмжээг багасгуулан, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулах хүсэлтийг гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 00019 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн 43,105,445 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

4.2. Энэхүү магадлалын зээлийн хүү 10,531,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719,827 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус магадлалаар хариуцагч орон сууцны зээлийн хугацааг сунгах, зээлийн хүүг бууруулах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй гэж дүгнэсэн. Зээлийн гэрээний хугацаа сунгах, зээлийн хүүг бууруулах хүсэлтийг “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д гаргаж байсан. Давж заалдах шатны шүүхээс зээлийн хүү 10,531,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719,827 төгрөг, нийт 11,251,212 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан байхад шүүхээс энэхүү хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 11,251,212 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагч нарын гаргасан гомдол үндэслэлгүй, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,105,445.87 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... Иргэн ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,нар нь 2017.04.07-ны өдөр “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 23,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээнд 2017.11.06-ны өдөр өөрчлөлт оруулж 19,400,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн хүүг 19,2 хувь болгосон. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. 2020.05.20-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийн хугацааг 678 хоног хэтрүүлсэн. Гэрээний хугацаа 2020.04.07-ны өдөр дууссан ба 2 дахь буюу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дууссан... Иймд зээлийн үлдэгдэл 31,854,234.09 төгрөг, зээлийн хүү 10,531,384.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719,827.46 төгрөг, нийт 43,105,445.87 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч нар “...,,,,,,,,,,,,,,, нь “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаад 2017.12.01-ний өдрөөс бүтцийн өөрчлөлт буюу орон тооны цомхтголд орж, ажилгүй болсны улмаас зээлийн төлөлт хийх боломжгүй болсон. Ажлаас халагдахаас өмнө өрхийн нийт орлого дунджаар 3,900,000 төгрөг байсан бөгөөд дээрх зээлийн төлбөрөөс 1,455,327 төгрөг нь орон сууцны, үлдсэн 1,418,460 төгрөг нь цалингийн зээлийн эргэн төлөлтөд хийгддэг байсан. 2018.06.26-ны өдрийг хүртэл зээлээ хэвийн төлж байсан. Би 2018.07.20-ны өдрөөс “Энержи ресурс” ХХК-д автын цахилгаанчнаар сарын 1,800,000 төгрөгийн, эхнэр А.Дуламсүрэн нь 2018 оны 11 сараас “Хишиг арвин индустриал” ХХК-д ХММ-ын операторын сарын 800,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Ингээд манай өрхийн орлого өмнөх 3,900,000 төгрөгөөс 2,600,000 төгрөг болж буурсан. Өрхийн орлогоос орон сууцны зээлийн төлөлтөд 1,455,327 төгрөгийг төлөөд мөн өрхийн зардлаа хасаад тэг төгрөгтэй үлддэг тул цалингийн зээлийн төлөлтийг хийх боломжгүй байсаар энэхүү хуримтлал үүссэн. Дээрх хугацаанд “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зээлийн эдийн засагчтай одоо төлж байгаа орон сууцны нэг сарын зээлийн төлөлтийн хүү болох 1,3 хувь, жилийн 15,6 хувийг багасгаж, жилийн 8 хувийн ипотекийн зээл рүү шилжүүлэх, зээлийн хугацааг уртасгах хүсэлтийг удаа дараа явуулсан боловч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төв салбараас татгалзсан хариу ирсэн. Иймд орон сууцны зээлийг ипотекийн зээл рүү шилжүүлж, жилийн 8 хувийн хүүтэй болгож бууруулах, мөн зээлийн хүү 10,531,384 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 719,827 төгрөгийг хасч хөнгөлөн зээлийн эргэн төлөлтийн хэмжээг багасгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулах хүсэлтэй байна...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж нийт 38,703,338 төгрөгийг жилийн 19,2 хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон, хариуцагч нар үндсэн зээлд 10,545,765 төгрөг, хүүд 7,622,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 624 төгрөг төлсөн, 2018.06.26-ны өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу үндсэн зээл, төлөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шаардах эрхтэй. Иймд хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 31,854,234.09 төгрөг, зээлийн хүү 10,531,384.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719,827.46 төгрөг, нийт 43,105,445.87 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй.

10. Иймд, “... зээлийн хүү 10,531,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 719,827 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй... Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан байхад шүүхээс энэхүү хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой...” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Тодруулбал, зээлийн хүү нь “анз”-д хамаарахгүй, талууд гэрээ байгуулахдаа (гэрээний 2.9-д) “...үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг...” төлөхөөр харилцан тохиролцсоныг “хэт их” гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн байна.

11. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02887 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00019 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 194,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД