| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Номуулин |
| Хэргийн индекс | 128/2017/0780/З |
| Дугаар | 221/МА2018/0243 |
| Огноо | 2018-04-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2018/0243
Ч.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0162 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0162 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгосноор Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, 16.3-т хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрхтэй гэж заасныг зөрчин шийдвэрлэсэн. Тус маргаан бүхий газарт тухайн оршин суугч иргэдийн болон “Ц” зочид буудлын хоорондын дундуур магистрал 3 шугам явж өнгөрдөг. Мөн нийслэлийн Газрын албанаас гаргуулж авсан маргаан бүхий газрын кадастрын зурагт шугам сүлжээний зураг давхцаж буй зураг байсан. Мөн тухайн газарт газрын үзлэг хийлгүйгээр шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ч.О нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ. Тодруулбал,
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжаар Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг болон Засгийн Газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Отгонбаярт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ц” зочид буудлын зүүн талд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.О-т 1000 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй болохыг тогтоосон, өөрөөр хэлбэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гаргасан “тухайн газарт байрлах инженерийн шугам сүлжээг нэгтгэн хонгилын системд байрлуулснаар ашиглалтын байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, авто зам талбай, ногоон байгууламж эвдэгдэхгүй байх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж шуурхай засварлах үйлчилгээ хийх боломжтой зэрэг давуу талтай болохыг тэмдэглээд, хонгилын системийн болон түүн доторхи дулааны шугам сүлжээний зураг, төслийг мэргэжлийн байгууллагаар стандарт норм дүрмийн дагуу тооцож...технологийн дагуу угсарч монтажлан ашиглах нь зүйтэй” гэх шинжээчийн дүгнэлт, мөн нөхцөл байдлыг дахин бататгасан Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт зэрэгт үндэслэн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй талаар дүгнэж оршин суугчид болон хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон байхад дахин уг үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар Ч.О-т газар эзэмшүүлсэн нь Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг зөрчсөн эсэх талаар дахин нотлох ажиллагаа явуулах шаардлагагүй, хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан “тухайн газарт үзлэг хийлгүйгээр шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчид инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй болохыг шүүх тогтоосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалын тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, 16.3-т хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрхтэй гэж заасныг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.Баатархүү
ШҮҮГЧ О.НОМУУЛИН