Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00359

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00359

 

 

 

 

 

 

 

 

 

2018 01 31 210/МА2018/00359

 

Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02256 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Анандад холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Эрдэнэчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний бие 2016 оны 10 дугаар сарын 14-нд Сант капитал хаус ХХК-д захирлын ажилтай М.Анандтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба 11 000 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг зээлээр олгож, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний дотор төлж барагдуулах ба хугацаандаа төлбөрөө хийгээгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлнө гэж гэрээнд заасан. 2016 оны 12 дугаар сарын 30-нд 6 000 000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр болох 5 000 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй төлбөр төлөхгүй өнөөдрийг хүрч

 

байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу 243 хоногийн алданги 6 075 000 төгрөг, нийт 11 075 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 14 ширхэг 40х120 хэмжээтэй таг, 1х150 хэмжээтэй таг өгнө гэж тохиролцсон байсан. Мөн өдрөө талууд 11 000 000 төгрөгийн бараа материалыг хоорондоо өгч авалцсан байна. Гэвч энэ нь зохигчдын хооронд болсон үйл явдал биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талууд алдангийн талаар гэрээндээ заасан тохиолдолд нэхэмжлэх эрх үүсдэг ба үндсэн мөнгийг нэхэмжлэх эрх Ц.Эрдэнэчимэгт байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Анандаас 7 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 575 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн төлсөн 192 150 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч М.Анандаас 134 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Ананд давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд хэт хийсвэр дүгнэлт өгсний улмаас намайг хохироосон шийдвэр гаргасан байна. Миний бие "Лайт капитал хаус" ХХК-д захирал албан тушаал эрхэлдэг байсан. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "Лайт капитал хаус" ХХК-ийг төлөөлөн Түвширэх боломж ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийн бараа бүтээгдхүүнийг худалдан авсан. "Лайт капитал хаус" ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор хугацаанд нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлж чадаагүй. Манай байгууллагын зүгээс 6 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие дээрх худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд оролцож байсан болохоос хувь хүнийхээ хувьд оролцоогүй, "Лайт капитал хаус" ХХК-ийн өр төлбөрийг өөртөө шилжүүлэн авахаар тохиролцож байгаагүй. Өр шилжүүлэх талаар "Түвширэх боломж" ХХК болон "Лайт капитал хаус" ХХК нь тохиролцоогүй, өр шилжүүлэх талаар хэлэлцсэн зүйлгүй байхад таамаглаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өрийг өөртөө шилжүүлэн авна гэж тохиролцоогүй. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 182/ШШ2017/02256 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг хариуцагч М.Анандад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 075 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөхдөө ... хуулийн этгээдүүдийн хооронд гэрээ хийгдсэн тул гэрээний үүргийг хувь хүнээс нэхэмжлэх үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг, хариуцагч М.Ананд нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 11 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын лоткиний таглааг худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 3 тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Хэргийн 6 дугаар талд хариуцагч М.Анандын ... Ц.Эрдэнэчимэгээс 11 000 000 төгрөгийн бараа, материалыг зээлээр авсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 5 дугаар сарын 1-нд төлнө. Товлосон хугацаанд төлөхгүй тохиолдолд гэрээ ёсоор хүү, алданги төлөх болно гэсэн агуулга бүхий бичгийн баримт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх дээрх бичгийн баримтыг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Хариуцагч М.Ананд нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барааны үнэд 6 000 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний үүргийг Түвширэх боломж ХХК-иас Лайт капитал хаус ХХК-д хүлээлгэн өгсөн нь хуулийн дээрх заалттай нийцэж байна. Иймд гэрээний үүрэг гүйцэтгэх оролцогч талууд солигдсон гэж үзэхгүй юм.

 

Гэрээнд зааснаар хариуцагч М.Ананд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор мөнгийг төлж барагдуулна, төлбөр хийх хугацааг хэтрүүлбэл хоногийн 0,5 хувийн алданги тооцно гэж тохирчээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч М.Анандаас худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М.Анандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО