Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01548

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01548

 

 

Р.Энхцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01237 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Энхцогтын хариуцагч Д.Отгонтуяад холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс хашаа байшин суллаж, албан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үнэнбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Онхоодой, хариуцагч Д.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Энхцогт нь 1976 оноос Сүхбаатар дүүргийн 23 дугаар хороо, Рашаантын 16-357 тоот хаягт өөрийн аав Д.Рэнцэнгийн хамт амьдарч байгаад 1983 оноос эхнэр Д.Үнэнбатын хамт гурвуулаа амьдрах болсон. Уг газар нь тухайн үед аав Рэнцэнгийн нэр дээр байсан бөгөөд 1983 оны 7 сард газарт орж Сүхбаатар дүүргийн 32 дугаар хороо, Сурагчийн задгай буюу одоогийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50-605 тоот болсон. Энэ газарт бид 1983 оноос 2000 он хүртэл амьдарч байсан. 1983 онд 10х5 хэмжээтэй өвлийн байшин, 1987 онд дахин 10х5 хэмжээтэй байшин барьж өрх тусгаарлан амьдарч байсан. 1998 онд эхнэр Д.Үнэнбатыг ажиллаж байсан Улаанбаатар хивс компаниас 1 өрөө байраар шагнасан учраас бид байрандаа нүүж ороод хашаа, байшингаа бусдад түрээслэж байсан. 2000 оны 5 дугаар сарын 12-нд төрсөн эгч болох Р.Энх-Амгалан нөхөр З.Дорж, гурван хүүхдийн хамт Увс аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирэхэд нь өөрийнхөө хашаа байшинд амьдруулах болсон. Учир нь эгч Р.Энх-Амгалан амьдрах газар байхгүй учраас танай байшинд орох оронтой болтлоо амьдарч байя, хэрэг болвол хэзээ ч хамаагүй суллаж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед төрсөн эгчийгээ бодоод ямар нэгэн хэлцэл байгуулахгүйгээр байшиндаа оруулсан боловч эгч маань 2005 онд нас барсан болохоор өнчин гурван охиныг нь хөөж гаргаад яахав гээд байлгаж байсан. Бид байраа бусдад залилуулсны улмаас байргүй болсон. Ингээд өөрийнхөө хашаа байшинд амьдрах гэтэл эгчийн маань охин Отгонтуяа элдвээр хэлж суллаж өгөхөөс татгалзсан учраас бусдын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг суллаж, албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Манай ээж 2005 онд, аав маань 2008 онд нас барсан бөгөөд энэ хашаа байшин миний мэдэхийн л аав, ээж хоёрын маань нэр дээр байдаг байсан. Аав, ээж маань өнгөрөхөөсөө өмнө ийм учиртай гэж ямар нэгэн захиас хэлж байгаагүй. Аав, ээжийгээ нас барсны дараа хууль ёсоор уг хашаа байшинг өвлөж авсан. Тухайн үед эгч Д.Дэлгэрмаа бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байж байгаад 2014 онд миний нэр дээр шилжиж ирсэн. Би 2016 оны 4 сард уг газар болон хашаа байшингаа Замбага гэдэг хүнд зарсан. Одоо бол миний мэдлийнх биш болсон, би энэ хэргийн хариуцагч биш учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Д.Отгонтуяад холбогдох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605Б тоот хашаа байшинг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгүүлэхийг хүссэн Р.Энхцогтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Д.Отгонтуяагийн өнөөдрийн өмчилж байгаа газрыг өмчилж авахаас нь өмнө нэхэмжлэгч Р.Энхцогтод үл хөдлөх эд хөрөнгө болох байшинг бариулж аав, ээжийн хамт амьдарч байгаад орон сууцанд орох болсон тул хөдөөнөөс ирсэн эгч Р.Энх-Амгаланг хашаа байшиндаа оруулаад нүүсэн талаар нэхэмжлэгч маргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасны дагуу тэнд амьдарч байсныг нотлох баримт болох нэхэмжлэгчийн байшинг барьсан цаг хугацааг гэрчилж, уг байшинг барьсан гэрч шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөөр байтал хэргийн үйл баримт, бодит байдал, шалтгаан нөхцөлийг үл харгалзан шийдвэрлэлгүй орхигдуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т заасны дагуу З.Дорж, Р.Энх-Амгалан нар өөрийн төрсөн дүү Р.Энхцогтын амьдарч байсан газар, хашаа байшинг эзэмшиж, өмчилж авахдаа хуурамч нотлох баримт бүрдүүлж авсан уу, эсвэл хууль ёсны баримт бүрдүүлж авсан у гэдгийг бид мэдэх боломжгүй бөгөөд энэ талаар лавлагаа өгдөггүй, шүүхээс бичиг ирсэн цагт бид хариу өгнө, хувь хүмүүст мэдээлэл өгдөггүй гэдэг тул эргэлзээ төрүүлж байгаа учраас шүүх холбогдох газраас хэрэгт ач холбогдол бүхий бичиг баримтыг татан авч, шалгаж үзээгүйд гомдолтой байна. иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Энхцогт нь хариуцагч Д.Отгонтуяад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50-605 тоот хашаа, байшинг чөлөөлүүлж, албадан нүүлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Энхцогт нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд өөрийгөө өмчлөгч гэдгийг нотлох үүрэгтэйгээс гадна хариуцагч Д.Отгонтуяагийн эзэмшил хууль бус буюу хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгийг эзэмшиж байгаа болохыг нотлох шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамж, 605 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын анхны өмчлөгчөөр З.Дорж, Р.Энх-Амгалан нар 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн, өв залгамжлалаар 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр З.Дорж, Д.Дэлгэрмаа, Д.Отгонтуяа нарын өмчлөлд, 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Д.Дэлгэрмаа, Д.Отгонтуяа нарын өмчлөлд, хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Отгонтуяагийн өмчлөлд, худалдах-худалдан авах гэрээгээр 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Замбагын өмчлөлд тус тус шилжиж бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Мөн маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамж, 605 тоот хувийн сууцны анхны өмчлөгчөөр З.Дорж, Р.Энх-Амгалан нар 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн, өв залгамжлалаар 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр З.Дорж, Д.Дэлгэрмаа, Д.Отгонтуяа нарын өмчлөлд, 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Д.Дэлгэрмаа, Д.Отгонтуяа нарын өмчлөлд, хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Отгонтуяагийн өмчлөлд, худалдах-худалдан авах гэрээгээр 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Замбагын өмчлөлд тус тус шилжиж бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Р.Энхцогт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамж, 605 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах хувийн сууцанд 1983 оноос 2000 он хүртэл амьдарч байгаад төрсөн эгч Р.Энх-Амгаланг Увс аймгаас шилжиж ирэхэд нь түүний гуйлтаар хашаа, байшиндаа амьдруулж байсан, түүнийг нас барсны дараа охидууд нь амьдарч байсан, тухайн үед газар эцэг Рэнцэнгийн нэр дээр байсан гэж тайлбарласан боловч дээрх хариуцагчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл, түүнд олгогдсон хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээг тус тус үгүйсгэсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж ирүүлээгүй тул түүнийг маргаан бүхий газар, хувийн сууцыг өмчлөх, улмаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хариуцагч Д.Отгонтуяагийн өмчлөлд байсан, өмчлөх эрх Ц.Замбагад шилжсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь Д.Отгонтуяа байх үндэслэлгүй байна.

 

Хэргийн оролцогч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх, шүүхээр нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг гаргах ёстой тул шүүх холбогдох газраас хэрэгт ач холбогдол бүхий бичиг баримтыг татан авч, шалгаж үзээгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ