Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1237

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 30 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01237

                  Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 542 тоотод оршин суух, Тайж овогт Рэнцэнгийн Энхцогт /РД:ХК64031311/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байрны 6 тоотод оршин суух, Баян авга овогт Доржийн Отгонтуяа /РД:ОЮ86121503/-д холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг суллаж, албадан нүүлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үнэнбат, түүний өмгөөлөгч Д.Онхоодой, хариуцагч Д.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, гэрч Д.Энхбат, Р.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Энхцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үнэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Рэнцэнгийн Энхцогт нь 1976 оноос Сүхбаатар дүүргийн 23 дугаар хороо, Рашаантын 16-357 тоот хаягт өөрийн аав Дэмбэрэлийн Рэнцэнгийн хамт амьдарч байгаад 1983 оноос эхнэр Д.Үнэнбатын хамт гурвуулаа амьдрах болсон.

Уг газар нь тухайн үед аав Рэнцэнгийн нэр дээр байсан бөгөөд 1983 оны 7 сард газарт орж Сүхбаатар дүүргийн 32 дугаар хороо, Сурагчийн задгай буюу одоогийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50-605 тоот болсон. Энэ газарт бид 1983 оноос 2000 он хүртэл амьдарч байсан. 1983 онд 10 х 5 хэмжээтэй өвлийн байшин, 1987 онд дахин 10 х 5 хэмжээтэй байшин барьж өрх тусгаарлан амьдарч байсан.

1998 онд эхнэр Д.Үнэнбатыг ажиллаж байсан Улаанбаатар хивс компаниас 1 өрөө байраар шагнасан учраас бид байрандаа нүүж ороод хашаа, байшингаа бусдад түрээслэж байсан.

Гэтэл 2000 оны 5 дугаар сарын 12-нд төрсөн эгч болох Рэнцэнгийн Энх-Амгалан нь нөхөр З.Дорж болон гурван хүүхдийн хамт Увс аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирэхэд нь өөрийнхөө хашаа байшинд амьдруулах болсон. Учир нь эгч Р.Энх-Амгалан “амьдрах газар байхгүй учраас танай байшинд орох оронтой болтлоо амьдарч байя, хэрэг болвол хэзээ ч хамаагүй суллаж өгнө” гэж хэлж байсан.

Тухайн үед төрсөн эгчийгээ бодоод ямар нэгэн хэлцэл байгуулахгүйгээр байшиндаа оруулсан боловч эгч маань 2005 онд нас барсан болохоор өнчин гурван охиныг нь хөөж гаргаад яахав гээд байлгаж байсан. Бид байраа бусдад залилуулсны улмаас байргүй болсон.

Ингээд өөрийнхөө хашаа байшинд амьдрах гэтэл эгчийн маань охин Отгонтуяа элдвээр хэлж суллаж өгөхөөс татгалзсан учраас бусдын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг суллаж, албадан нүүлгэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Отгонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай ээж 2005 онд, аав маань 2008 онд нас барсан бөгөөд энэ хашаа байшин миний мэдэхийн л аав, ээж хоёрын маань нэр дээр байдаг байсан.

Аав, ээж маань өнгөрөхөөсөө өмнө ийм учиртай гэж ямар нэгэн захиас хэлж байгаагүй. Аав, ээжийгээ нас барсны дараа хууль ёсоор уг хашаа байшинг өвлөж авсан. Тухайн үед эгч Д.Дэлгэрмаа бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байж байгаад 2014 онд миний нэр дээр шилжиж ирсэн.

Би 2016 оны 4 сард уг газар болон хашаа байшингаа Замбага гэдэг хүнд зарсан. Одоо бол миний мэдлийнх биш болсон, би энэ хэргийн хариуцагч биш учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Энхцогт нь хариуцагч Д.Отгонтуяад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605 тоот хашаа байшингаас Д.Отгонтуяаг албан нүүлгэх шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605Б тоот хашаа байшинг Д.Отгонтуяагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг збрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605Б тоот хашаанд 1983 онд 10 х 5 харьцаатай өвлийн байшинг, 1987 онд 10 х 5 харьцаатай байшинг тус тус барьж өрх тусгаарлан амьдарч байсан. Төрсөн эгч Р.Энх-Амгалангаа хөдөө орон нутгаас ирэхэд нь түр амьдруулахаар өгсөн гэж тайлбарласан.

 

2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 197 дугаар захирамжаар Зодогийн Доржид Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 447,3 м.кв газрыг үнэ төлбөргүйгээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2004 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Зодогийн Дорж, Рэнцэнгийн Энх-Амгалан нар нь 18640318503486 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 447,13 м.кв талбайтай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605Б тоот газрын хууль ёсны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр буюу улсын бүртгэлийн Г-2202000706 дугаарт бүртгүүлж, мөн хаягт байрлах 50 м.кв талбайтай байшин, хашааны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2202008570 дугаар тус тус бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон байна.

 

2005 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12, 13 дугаартай “Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-нүүдээр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605Б тоот хаягт байршилтай 447,13 м.кв талбайтай газар болон 0023363 гэрчилгээтэй хувийн сууц, хашааны Рэнцэнгийн Энх-Амгаланд ногдох хувийн өв залгамжлагчаар түүний нөхөр З.Дорж, охин Д.Отгонтуяа Д.Дэлгэрмаа нар тогтоогдож, эд хөрөнгийн эрхийн 000022760 дугаартай гэрчилгээг, 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 46, 47 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-нүүдээр эрхийн улсын бүртгэлийн Г-2202000706 дугаартай газар, Ү-2202008570 дугаартай хувийн сууц, хашаа зэрэг эд хөрөнгүүдийн Зодогийн Доржид ногдох хувийн өвлөгчөөр буюу өв залгамжлагчаар төрсөн охин Д.Дэлгэрмаа, Д.Отгонтуяа нар тогтоогдож, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Амины сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ээр Доржийн Дэлгэрмаа нь хасагджээ.

 

Д.Отгонтуяа нь эрхийн улсын бүртгэлийн Г-2202000706 дугаартай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605Б тоот хаягт байршилтай 447,13 м.кв талбайтай газар, Ү-2202008570 дугаартай 50 м.кв талбайтай байшин, хашааны өмчлөгчөөр 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлсэн байх ба 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр одоогийн өмчлөгч болох иргэн Ц.Замбагын өмчлөлд шилжсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №11-926169, №11-926175 тоот тодорхойлолтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 23, 24 х/

 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Р.Энхцогт нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605Б тоот хаягт байршилтай газар болон хувийн сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, мөн маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрх Ц.Замбагат шилжсэн байхад Д.Отгонтуяад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Нэхэмжлэгч Р.Энхцогт нь төрсөн эгч Р.Энх-Амгаланг маргаан бүхий хашаа, байшинд түр хугацаагаар амьдруулахаар болсон, мөн дээрх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, шаардах эрхтэй этгээд мөн гэсэн баримтыг хэрэгт өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн үйл баримт, ... шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Ийм учраас Д.Отгонтуяад холбогдох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605Б тоот хашаа байшинг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгүүлэхийг хүссэн Р.Энхцогтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Д.Отгонтуяад холбогдох  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 605Б тоот хашаа байшинг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгүүлэхийг хүссэн Р.Энхцогтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Х.ДАШДЭЧМАА