Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/02026

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/02026

 

 

 

 

 

 

Д.И-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01731 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Иийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Д-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 10 010 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.И

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 онд Б.Д-д 13 000 000 төгрөгийг аман гэрээгээр зээлдүүлсэн ба тэрээр үлдэгдэл 9 940 000 төгрөгийг өгөөгүй, мөнгөө буцаан авах гэхээр утсаа авахгүй, хаягаа өөрчлөн оргон зайлсан. Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, шалгуулсны эцэст тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2 жил гаруй эрэн сурвалжилсны эцэст 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б.Д-гийн оршин суух хаяг байршлыг цагдаагийн байгууллага олж тогтоон, надад мэдэгдсэн.

Одоо Б.Д-гөөс хохиролд зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 9 940 000 төгрөг, эрэн сурвалжилсан ажиллагааны зардал 70 200 төгрөг нийт 10 010 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д- хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.И нь барьцаа болгон өгсөн алтан аяга, мөнгөн хэт хутгыг ломбардад тавьж нийт 3 000 000 төгрөг авсан. Мөн Вишн Фанд ББСБ ХХК-д хуурай эгч Ц.Батцэцэгийн нэр дээрх хашаа байшинг барьцаалан зээл авч Д.Ид 4 000 000 төгрөгийг төлсөн. Миний тэмдэглэлийн дэвтэрт зээлийн төлбөрөөс нийт 2 100 000 төгрөгийг төлж барагдуулсан тухай тэмдэглэсэн бөгөөд Д.И хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1301 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу нотлох баримт болж чадахгүй юм. Мөн тухайн үед мөрдөн байцаагч Б.Чойжавын зүгээс цагдаагаар явж байхаар хүлээн зөвшөөрөөд энэ асуудлаа хаасан дээр гэж дарамт шахалт үзүүлж байж хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Тухайн үед би жирэмсэн байсан учир цагдаагаар удаан явах эрүүл мэндийн хувьд боломжгүй байсан, мөн мөрдөн байцаагчийн хөндлөнгийн нөлөө, ятгалт шахалт дарамтаас болж зөвшөөрсөн байдаг тул одоо үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайн үед зохих ёсоор зээлээ төлж барагдуулсан тухай гэрчийн мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тэдгээрээс үзвэл 13 328 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Д-гөөс 7 192 200 төгрөгийг гаргуулж Д.Ид олгож, нэхэмжлэлээс 2 818 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Иээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 120 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гөөс улсын тэмдэгтийн хураамжид 130 025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1301 дүгээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор 9 940 000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай маргахгүй, дахин нотлохгүй хэмээн зохицуулсан. Хэрэв анхан шатны шүүх прокурорын тогтоолыг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй адилтган үзэж байгаа бол 1301 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт мөн анхаарах ёстой. Тухайн тогтоолд хохирлын хэмжээг тогтоосон заалт огт байдаггүй буюу хохирлын хэмжээг тогтоогоогүй гэж үзнэ.

Мөн эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгох гэж мэдүүлэг өгсөн этгээдүүдийн мэдүүлгийг үндэслэж иргэний шүүхийн журмаар маргах эрхийг хязгаарлаж, 9 940 000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Шүүх үнийн дүн бодитой эсэхэд зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нь иргэний шүүхэд эргэлзээтэй худал мэдүүлж, Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан өөрийн мэдүүлгийг няцааж, эсхүл өөрчилж байдаг бөгөөд хэргийн дараах эргэлзээтэй зүйлсийг шүүхээс дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь алдаатай болсон гэж үзэж байна.

1. Дээрх гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1 010 200 төгрөгийн үнийн дүнг бодитой үндэслэлтэй эсэхэд шүүхээс зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь анх 13 000 000 төгрөгийг зээлсэн гэх мөртлөө хариуцагчаас хэрхэн 3 060 000 төгрөгийг хэрхэн авсан талаар санадаггүй буюу тодорхойгүй байдаг. Хариуцагч нь 13 000 000 төгрөгийг хэрхэн төлсөн тухай баримттай тооцооллыг гаргаж өгдөг.

2. Эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт гэрч Б.Батцэцэг нь Д.И 4 000 000 төгрөг өгсөнийг мэдүүлдэг, мөн гэрч Б.Орхонтуул нь Д.И 3 500 000 төгрөг авч өгсөн тухай мэдүүлдэг боловч шүүхээс дүгнэлт өгч, үнэлээгүй. Нэхэмжлэгч нь өөрөөсөө болон дээрх гэрчүүдээс зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байхад зөвхөн нэхэмжлэгчийн үнэн мэтээр авч үзсэн алдаатай болсон гэж үзэж байна.

3. 13 000 000 төгрөг зээлж авсан гэдэгтэй маргахгүй боловч хавтаст хэрэгт авагдсанаар хэн хэдэн төгрөг, хэрхэн буцаан төлсөн нь эрүүгийн хэрэгт гэрчүүд хангалттай мэдүүлсэн бөгөөд 13 000 000 төгрөгийг бүрэн төлсөн нь нотлогддог байтал огт төлбөр авч байгаагүй мэтээр худал мэдүүлж, үндэслэлгүй хохирол нэхэж байгаад гомдолтой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин суух Ц.Батцэцэгийг гэрчээр асуух хүсэлт гаргасан боловч хангаагүй бөгөөд энэ нь тус хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7- д заасан нөхцөлийг хангаж байна.

Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуульд заасан журам гэдэгт Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ойлгоно. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй иргэдийн төлөөлөгч манай хуралдаанд оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Б.Д-д холбогдуулан гэм хорын хохиролд 10 010 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлийг Б.Д- 13 000 000 төгрөг зээлсэн, зээлээс 9 940 000 төгрөгийг төлөөгүй, оршин суух газраа өөрчлөн алга болсон, эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулахад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч Өршөөл үзүүлэх тухай хуулиар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон учир зээлийн үлдэгдэл төлбөр болон эрэн сурвалжлах ажиллагааны зардлыг гэм хорын хохиролд тооцон нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч эс зөвшөөрч, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагчийн дарамт шахалтын улмаас хүлээн зөвшөөрсөн учир иргэний хэрэгт нотлох баримт болохгүй, 13 000 000 төгрөгийн зээлийг төлж дуусгасан, зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан маргажээ.

Анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ зөрчлийн улмаас үүссэн үүрэг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Учир нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалт болох уг заалтын агуулгаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Чойжав нь Д.Иийн гомдлын дагуу Б.Д-д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Б.Д- нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад яллагдагчаар байцаагдахдаа хохирогч Д.Ид 9 940 000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч байжээ. Хариуцагч Б.Д- нь уг мэдүүлгийг дарамтын улмаас өгсөн гэдэг үйл баримтыг иргэний хэрэгт хангалттай нотлоогүй байна. /хх-78/

Тэрээр тус дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1301 дүгээр тогтоолоор Б.Д- нь Ш.Жавзангийн өмчлөлийн хаш чулуутай алтан аяга, мөнгөн гинжтэй хэт хутгыг барьцаалж иргэн Д.Иээс 12 сая төгрөг зээлж авсан зээлсэн мөнгөө эргүүлж өгөхгүйгээр барьцаанд байсан эд зүйлээ буцаан авч залилан мэхэлж улмаар бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол болох 9 940 000 төгрөгөө барагдуулахаа илэрхийлж мэдүүлсэн, анх удаа хүндэвтэр гэм хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулсан Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнийг өршөөлд хамруулан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон байна. /хх-78-80/ Мөн хэрэгт хариуцагч Б.Д-г эрэн сурвалжлуулах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01379 дугаартай шийдвэр авагджээ. /хх-7/ Шүүх дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн байна.

Хариуцагч Б.Д- нь татгалзлын нэг үндэслэлээ нэхэмжлэгчид 13 328 000 төгрөг төлсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчийг 13 000 000 төгрөгөөс 3 600 000 төгрөгийг төлж, үлдэх мөнгийг төлөөгүй гэх үндэслэлээр түүнээс 9 940 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулга, талуудын мөнгө хүлээлцсэн тухай үйлдсэн баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Б.Д- нь 2012 оноос 2016 оны хооронд 5 878 000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн болох нь тогтоогджээ. /хх-22,31,32/

Харин үлдэх 7 122 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох эрүүгийн хэрэгт гэрч Ш.Орхонтуул, Ц.Батцэцэг нарын өгсөн мэдүүлгүүд нь хариуцагч Б.Д-г Ш.Орхонтуулаас машин борлуулсны үнэд 3 500 000 төгрөг, Ц.Батцэцэгийн Вишн фанд ББСБ ХХК-аас зээлсэн 4 850 000 төгрөгийг тус тус авсныг нотлохоос уг мөнгийг нэхэмжлэгчид бодитоор өгснийг нотлохгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд хариуцагч Б.Д-гөөс 7 122 000 төгрөг, мөн эрэн сурвалжлах ажиллагааны зардал болох 70 200 төгрөг, нийт 7 192 200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагч тал шүүх нотлох баримт дутуу бүрдүүлсэн, хуульд заасан шаардлага хангаагүй иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх Ц.Батцэцэгээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хариуцагчийн хүсэлтийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05605 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч тухайн этгээд нь заасан хаягтаа оршин суудаггүй Солонгос Улсад амьдарч байгаа тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан байх тул шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Мөн хэргийн баримтаас үзвэл Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/68 дугаар тушаал гарган Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 9 тогтоол зэргийг тус тус үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсан байна. Уг нэрсийн жагсаалтын 2-т дээрх тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Лхамцэрэнгийн нэр тусгагджээ. /хх-117,188/ Иймээс анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах тухай журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД