Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01026

 

2021           09            14                                          001/ХТ2021/01026

 

 

 

.........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01731 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2026 дугаар магадлалтай,

 

.........ийн нэхэмжлэлтэй

.........д холбогдох

 

Гэм хорын хохиролд 10,010,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ......... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 онд .........д 13,000,000 төгрөгийг аман гэрээгээр зээлдүүлсэн ба тэрээр үлдэгдэл 9,940,000 төгрөгийг өгөөгүй, мөнгөө буцаан авах гэхээр утсаа авахгүй, хаягаа өөрчлөн оргон зайлсан. Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, шалгуулсны эцэст тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2 жил гаруй эрэн сурвалжилсны эцэст 2019.04.22-ны өдөр .........гийн оршин суух хаяг байршлыг цагдаагийн байгууллага олж тогтоон, надад мэдэгдсэн. Одоо .........гөөс хохиролд зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 9,940,000 төгрөг, эрэн сурвалжилсан ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 10,010,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ......... хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......... нь барьцаа болгон өгсөн алтан аяга, мөнгөн хэт хутгыг ломбардад тавьж нийт 3,000,000 төгрөг авсан. Мөн Вишн Фанд ББСБ ХХК-д хуурай эгч Ц.Батцэцэгийн нэр дээрх хашаа байшинг барьцаалан зээл авч .........д 4,000,000 төгрөгийг төлсөн. Миний тэмдэглэлийн дэвтэрт зээлийн төлбөрөөс нийт 2,100,000 төгрөгийг төлж барагдуулсан тухай тэмдэглэсэн бөгөөд ......... хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016.12.26-ны өдрийн 1301 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу нотлох баримт болж чадахгүй юм. Мөн тухайн үед мөрдөн байцаагч Б.Чойжавын зүгээс цагдаагаар явж байхаар хүлээн зөвшөөрөөд энэ асуудлаа хаасан дээр гэж дарамт шахалт үзүүлж байж хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Тухайн үед би жирэмсэн байсан учир цагдаагаар удаан явах эрүүл мэндийн хувьд боломжгүй байсан, мөн мөрдөн байцаагчийн хөндлөнгийн нөлөө, ятгалт шахалт дарамтаас болж зөвшөөрсөн байдаг тул одоо үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үед зохих ёсоор зээлээ төлж барагдуулсан тухай гэрчийн мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тэдгээрээс үзвэл 13,328,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01731 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч .........гөөс 7 192 200 төгрөгийг гаргуулж .........д олгож, нэхэмжлэлээс 2 818 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч .........ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 120 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч .........гөөс улсын тэмдэгтийн хураамжид 130 025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .........д олгон шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2026 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд: Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Анхан шатны шүүх Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын 2016.12.26-ны өдрийн 1301 дүгээр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор 9,940,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй” 10.9-д “Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж зааснаас үзвэл хувь хүн, хуулийн этгээд нь зөвхөн гэм буруутай эсэх асуудлаар маргах тохиолдолд эрүүгийн журмаар гомдол гаргах ба хохирлын хэмжээний асуудлыг иргэний журмаар шийдвэрлэхээр байна. Өөрөөр хэлбэл Өршөөлийн хууль бол гэм буруугаа хүлээх юм бол л хэрэгсэхгүй болох зохицуулалттай. Харин Эрүүгийн хуулийн гол агуулга бол гэм буруутай этгээдүүд хариуцлага хүлээлгэх явдал юм. Иймд хэргээ хэрэгсэхгүй болгох гэж мэдүүлэг өгсөн этгээдүүдийн мэдүүлгийг үндэслэж иргэний шүүхийн журмаар маргах эрхийг хязгаарлаж, 9,940,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь алдаатай. Үнийн дүн бодитой эсэхэд зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Бусдын эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг төлөх нь шударга бөгөөд эрх зүйт ёсонд нь нийцнэ. Нэхэмжлэгч нь иргэний шүүхэд эргэлзээтэй худал мэдүүлж, Эрүүгийн хавтас хэрэгт авагдсан өөрийн мэдүүлгийг няцааж, эсхүл өөрчилж байдаг бөгөөд хэргийн дараах эргэлзээтэй зүйлсийг шүүхээс дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь алдаатай болсон гэж үзэж байна. 1. Гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1,010,200 төгрөгийн үнийн дүнг бодитой үндэслэлтэй эсэхэд шүүхээс зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь анх 13 сая төгрөгийг зээлсэн гэх мөртөө хариуцагчаас хэрхэн 3,060,000 төгрөгийг хэрхэн авсан талаар сандаггүй буюу тодорхойгүй байдаг. Хариуцагч нь 13 сая төгрөгийг хэрхэн төлсөн тухай баримттай тооцооллыг гаргаж өгдөг. 2.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний барьцааны зүйл болох алтан аяга, хаш чулуутай мөнгөн хэт хутгыг Начин заан ломбардад дур мэдэн барьцаалсан байсныг хариуцагч нь зээлийн үндсэн үүрэг, хүү, алданги нийлсэн 3,500,000 төгрөгийг төлж ломбарднаас чөлөөлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч ......... нь эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан 2015.09.05-ны өдрийн .........ийг байцаасан мэдүүлэгтээ “600,000 төгрөгөөр чөлөөлсөн”, 2015.09.05-ны өдрийн .........ийг байцаасан мэдүүлэгтээ “1,200,000 төгрөгөөр чөлөөлсөн”, 2016.03.14-ний өдрийн .........ийг байцаасан мэдүүлэгтээ “1,450,000 төгрөгөөр чөлөөлсөн”, 2016.12.06-ны өдрийн .........ийг байцаасан мэдүүлэгтээ “1,600,000 төгрөгөөр чөлөөлсөн” гэж тус тус зөрүүтэй буюу өөрийгөө няцааж мэдүүлсээр байхад нотлох баримтыг үнэн бодит эргэлзээгүй талаас үнэлээгүй болно. 3. Эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт гэрч Б.Батцэцэг ......... 4 сая төгрөг өгснийг мэдүүлдэг, мөн гэрч Б.Орхонтуул нь ......... 3.5 сая төгрөг авч өгсөн тухай мэдүүлдэг боловч шүүхээс дүгнэлт өгч, үнэлээгүй. Нэхэмжлэгч нь өөрөөсөө болон дээрх гэрчүүдээс зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байхад зөвхөн нэхэмжлэгчийн үнэн мэтээр авч үзсэн алдаатай болсон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсанаар хэн хэдэн төгрөг, хэрхэн буцаан төлсөн нь эрүүгийн хэрэгт гэрчүүд хангалттай мэдүүлсэн бөгөөд 13 сая төгрөгийг бүрэн төлсөн нь нотлогддог. Харин нэхэмжлэгч нь огт төлбөр авч байгаагүй мэтээр худал мэдүүлж, үндэслэлгүй хохирол нэхэж байгаад гомдолтой байна. Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн буюу процессын алдаа гарсан тухай: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж зааснаар Бүгд Найрамдах Солонгос улсад оршин суух Ц.Батцэцэгийг гэрчээр асуух хүсэлт гаргасан боловч хангаагүй бөгөөд энэ нь тус хуулийн 168.1.7.энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа гэрчээр асуугаагүй үйлдэл нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.3, 43.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гадаадад суугаа гэрчийг хувь хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд ирүүлж, асуулга тавих боломжгүй зөвхөн эрх бүхий захиргааны байгууллага болон шүүхийн даалгавраар ажиллагаа явуулах боломжтой байхад хүсэлтийг хангаагүй үйлдэл нь шүүх бодит үнэн, шударга ёсыг тогтоох үндсэн үүргээ гүйцэтгээгүй явдал болно. Түүнчлэн Монгол Улсын үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2-т “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гээд “хуульд заасан журам” гэдэгт Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ойлгоно. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг хуралдаанаараа батална” 9.2-т “Шүүх энэ хуулийн 8.6-д заасан нэрсийн жагсаалтаас долоо хоног тутам 10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар гарган тухайн шүүхийн тамгын газрын даргаар батлуулна” гэж заасан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй иргэдийн төлөөлөгч манай хуралдаанд оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...анхан шатны шүүхийн тамгын газрын даргын тушаалын хавсралтад Ч.Лхамцэрэнгийн нэр тусгагдсан тул ...журмыг зөрчөөгүй” гэжээ. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.6 болон 9.2-т зааснаар зөвхөн ШЕЗ-өөс баталсан нэрсийн жагсаалтад орсон иргэдээс шүүхүүдийн тамгын газар нь тохиолдлын журмаар иргэдийн төлөөлөгчдийг сонгон батлах ёстой. Гэтэл Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь ШЕЗ-ийн нэрийн жагсаалтад байхгүй нэрийг дур мэдэн баталж, манай хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах зорилгоор өгсөн мэдүүлгийг үндэслэж иргэний журмаар маргах эрхийг шүүх хязгаарлаж хохирлын хэмжээг тогтоосон, нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргаагүй, гэм хорын бодит үндэслэл, төлбөр төлөгдсөн талаар шүүх дүгнэж чадаагүй, ...гэрч Б.Батцэцэг, Б.Орхонтуул нарын мэдүүлгийг шүүх дүгнээгүй, Ц.Батцэцэгийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаагүй нь нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн, ...ШЕЗ-ийн баталсан жагсаалтад байхгүй иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон... тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн боловч гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч ........., хариуцагч .........д холбогдуулан гэм хорын хохирол 10,010,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа “............ нь гэмт хэрэг үйлдэж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон учир уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шаардсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагчийн дарамт шахалтын улмаас гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, .........ээс авсан 13,000,000 төгрөгийг төлж дуусгасан гэж маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 7,192,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцах үүрэгтэй байна.

 

......... нь 2012 онд .........ээс 13,000,000 төгрөг зээлж, авсан зээлээ өгөхгүйгээр барьцаанд байсан эд зүйлээ буцаан авч залилан мэхэлж, хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол 9,940,000 төгрөгийг барагдуулахаа илэрхийлсэн, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнийг өршөөлд хамруулан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016.12.26-ны өдрийн 1301 дүгээр тогтоолоор гэм хорыг ......... хариуцах үүрэгтэй нь нотлогдсон, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримт, шүүхийн дүгнэлтээс үзвэл шүүх гэм хорын хэмжээг зөвхөн эрүүгийн хэрэгт цугларсан баримтад үндэслэж тогтоогоогүй бөгөөд гэрч Б.Батцэцэг, Б.Орхонтуул нарын мэдүүлэг “хариуцагчаас нэхэмжлэгчид 3,500,000 болон 4,000,000 төгрөгийг өгсөн” үйл баримтыг нотолж чадаагүй талаар шүүх зохих дүгнэлт хийсэн, хэрэгт хангалттай баримт цугларсан тул нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй шүүгчийн захирамж хууль зөрчөөгүйгээс гадна иргэдийн төлөөлөгчийн бүртгэлтэй холбоотой зөрчил ноцтой зөрчилд тооцогдохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байв.

 

Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэр гаргасан  байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01731 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2026 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 133,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

 

                      ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Б.МӨНХТУЯА

 

                                                                                          Г.ЦАГААНЦООЖ