Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00387

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00387

 

 

Д.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 183/ШШ2017/02407 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Болдбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Энхтуяа

Хариуцагч: Б.Баярсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Болдбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Болдбаатараас хариуцагч Б.Баярсайхан, түүний эхнэр Н.Оюун-Эрдэнэ нар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлсэн. Талууд харилцан тохиролцож  5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаанд буцааж төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж, нэхэмжлэгч Д.Болдбаатар нь хариуцагч Н.Оюун-Эрдэнэ, Б.Баярсайхан нарт 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Данс болон өөр бусад аргаар шилжүүлсэн зүйл байхгүй. Гэтэл Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нар нь зээлсэн мөнгөө одоог хүртэл янз бүрийн шалтгаан тоочсоор өгөхгүй байна. Иймд 5 000 000 төгрөгийг Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч Б.Баярсайхан нь зээлсэн мөнгөнөөсөө 1 000 000 төгрөгийг буцааж өгсөн гэж байгаа боловч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Б.Баярсайхан нь Д.Болдбаатараас 5 000 000 төгрөг аваагүй гэж байгаа боловч хариуцагч Н.Оюун-Эрдэнэ хариу тайлбартаа Б.Баярсайхан нь Д.Болдбаатараас 5 000 000 төгрөгийг зээлж, өөрийн дүүгээ Сингапур улс руу сургуульд явуулсан гэсэн тайлбарыг өгсөн нь Б.Баярсайхан 5 000 000 төгрөгийг Д.Болдбаатараас авсан гэдгийг нотолж байна гэжээ.

Хариуцагч Б.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ээжийн буян дэлгүүрийн эзэн Д.Болдбаатараас 2 800 000 төгрөгийг авсан бөгөөд үүнээс 1 000 000 төгрөгийг нь буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 1 800 000 төгрөг өгөх ёстой байтал 5 000 000 төгрөг надаас нэхэмжилсэн байна. 5 000 000 төгрөгийн гэрээ гээд байгаа зүйлийг намайг халамцуу байхад машиндаа суулгаж байгаад бичүүлсэн. Тухайн үед би ямар их мөнгө вэ гэхэд хүү гэж хэлж байсан. Нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу бэлнээр өгсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй, намайг 1 000 000 төгрөгийг өгөхөд Д.Болдбаатар, түүний эхнэр Гангаа нар тоолж авсан. Иймд нэхэмжилсэн мөнгөнөөс 1 800 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Н.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Болдбаатарын нэхэмжилж буй 5 000 000 төгрөгт миний бие ямар ч хамааралгүй. Уг мөнгийг Б.Баярсайхан өөрийн дүүг Сингапур улс руу явуулахаар авсан, бид одоогоор хамт амьдрахгүй байгаа. Д.Болдбаатар нь Б.Баярсайханд мөнгө зээлсэн бол тэр хүнээсээ авах нь зүйтэй байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баярсайханаас 2 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Болдбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 200 000 төгрөгийн болон хариуцагч Н.Оюун-Эрдэнэд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 59 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Болдбаатарт олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Болдбаатар давж заалдах гомдолдоо:

... талууд зээлийн гэрээ байгуулж, мөнгө хүлээн авахад Б.Баярсайханы эхнэр Н.Оюун-Эрдэнэ хамт мөнгийг тоолж авсан учир түүнийг батлан даагч гэж бичиж гарын үсэг зуруулсан тул хамтран хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Н.Оюун-Эрдэнэд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ямар үндэслэлээр, хуулийн ямар зүйл заалтыг баримталж шийдвэрлэснээ огт дурьдаагүй, миний нэхэмжлэлийн шаардлагаас 2 200 000 төгрөгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Тэрээр 2 800 000 төгрөг хүлээн авсан гэж зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ өндөр хүү шаардсан гэж тайлбарласныг шүүх анхаарч үзээгүй. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа 12 сар байгаа, зээлдэгч нь сар тутам 400 000 төгрөг төлж зээлийг эргэн төлөх хугацаанд 4 800 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн хамтран хариуцагчаар татагдсан Н.Оюун-Эрдэнэ нь миний нэхэмжилж байгаа мөнгийг авсан, үүнийг би хэрэглээгүй, Б.Баярсайхан нь дүүгээ Сингапур явахад зарцуулсан гэсэн тайлбар өгсөн байхад үүнийг анхаарч үзээгүй. Шүүх иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримталж, энэхүү гэрээгээр мөнгө шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа болно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд хийгдсэн гэрээгээр 5 000 000 төгрөг зээлдүүлэх, зээлийн эргэн төлөлтийг тохирсон. Мөнгийг тоолж хүлээн авахад байлцсан Н.Оюун-Эрдэнэ нь гэрээнд заасан мөнгийг авсан гэдгийг нотолсоор байхад нотлогдохгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 02407 дугаартай шийдвэрээр Б.Баярсайханаас 2 800 000 төгрөг гаргуулж надад олгуулахаар шийдвэрлэснийг Н.Оюун-Эрдэнэ нараас болгон өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 2 200 000 төгрөгийг Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нараас гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Болдбаатар нь хариуцагч Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Баярсайхан 1 800 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Н.Оюун-Эрдэнэ ... зээлийн мөнгийг би аваагүй, Б.Баярсайхан авсан гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Болдбаатар нь хариуцагч Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нартай 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр 5 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд буюу 12 сард хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 4 тал/

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Болдбаатар, хариуцагч Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн 14 дүгээр талд хариуцагч Б.Баярсайханы ... нэхэмжлэгч Д.Болдбаатараас 2 800 000 төгрөгийг аваад 1 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбар авагдсан байгаа боловч хариуцагч Б.Баярсайхан нэхэмжлэгч Д.Болдбаатарт зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн эсхүл бэлнээр өгсөн баримт хэрэгт авагдаагүй, уг байдал хэргийн баримтаар тогтоодоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Иймд хариуцагч Б.Баярсайханыг зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Болдбаатар нь зээлийн гэрээгээр тохирсон 5 000 000 төгрөгийг хариуцагч Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нарт хүлээлгэн өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоодоогүй байна. Анхан шатны шүүх хариуцагч Б.Баярсайханы хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 2 800 000 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн 10 дугаар талд хариуцагч Н.Оюун-Эрдэнийн ...дээрх мөнгийг Б.Баярсайхан өөрийн дүүг Сингапур явуулах зорилгоор авсан гэх тайлбар авагджээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хариуцагч Д.Болдбаатар, Н.Оюун-Эрдэнэ нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул анхан шатны шүүх хариуцагч Н.Оюун-Эрдэнэд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Хариуцагч Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Болдбаатарын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 183/ШШ2017/02407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нараас 2 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Болдбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Б.Баярсайханаас гэснийг ... хариуцагч Б.Баярсайхан, Н.Оюун-Эрдэнэ нараас гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Болдбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.БАТЗОРИГ

  ШҮҮГЧИД                           Б.НАРМАНДАХ

                                                          Ц.ИЧИНХОРЛОО