Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2407

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/02407

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: ... дүүргийн ...дүгээр хороо, ... гудамжны ... тоотод оршин суух  Д.Б-ын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: ... дүүргийн ...дүгээр хороо, ... гудамжны ... тоотод оршин суух Б овогт Б.Б,

       Хариуцагч: ... дүүргийн ...угаар хороо, ... барны ... тоотод оршин суух Б овогт Н.О- нарт холбогдох

       зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Б-ыншүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:  Хариуцагч Б.Б, түүний эхнэр Н.О нар Д.Б-аас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг зээлсэн. Талууд харилцан тохиролцож  зээлсэн 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаанд буцааж төлөхөөр  зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж өгсөн. Д.Б нь Н.О , Б.Б нарт 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Данс болон өөр бусад аргаар шилжүүлсэн зүйл байхгүй. Гэтэл Б.Б, Н.О нар нь авсан мөнгөө тохирсон ёсоор өгөхгүй, одоог хүртэл янз бүрийн  шалтгаан тоочин зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Иймд 5.000.000 төгрөгийг Б.Б, Н.О нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч Б.Б нь зээлсэн мөнгөнөөсөө 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн гэж байгаа боловч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Б.Б нь Д.Б-аас 5.000.000 төгрөг аваагүй гэж байгаа боловч хариуцагч Н.О хариу тайлбартаа Б.Б нь Д.Б-аас 5.000.000 төгрөгийг авч дүүгээ Сингапур улс руу сургуульд явуулсан гэсэн тайлбарыг өгсөн нь Б.Б 5.000.000 төгрөгийг Д.Б-аас авсан гэдгийг нотолж байна гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний би Б.Б нь “Ээжийн буян” дэлгүүрийн эзэн Д.Б-аас2.800.000 төгрөгийг авсанаас 1.000.000 төгрөгийг нь өгсөн. Одоо үлдэгдэл 1.800.000 төгрөг өгөх ёстой байтал 5.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 5.000.000 төгрөгийн гэрээ маягийн юм нь болохоор намайг халамцуу байхад машиндаа суулгаж бичүүлсэн. Юун ийм их мөнгө вэ гэтэл хүү юм шүү гэж хэлж байсан. Нэхэмжлэгч 5.000.000 төгрөгийг  зээлийн гэрээний дагуу бэлнээр өгсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Би 1.000.000 төгрөгийг аваачиж өгөхөд Д.Болдбаатар, түүний эхнэр Гангаа нар тоолж авсан. Иймд нэхэмжилсэн мөнгөнөөс 1.800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусдыг нь зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б-ын нэхэмжилж буй 5.000.000 төгрөгт Н.О би ямар ч хамааралгүй болно. Уг мөнгийг Б.Б өөрийн дүүг Сингапур улс руу явуулахаар мөнгө авсан болно. Бид одоогоор хамт амьдрахгүй байгаа болно. Д.Б нь Б.Б-д өгсөн бол тэр хүнээсээ авах нь зүй ёсны хэрэг болно. Н.О-д огт хамаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Н.О-д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б, Н.О нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас  2.800.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн 2.200.000 төгрөгийн болон хариуцагч Н.О д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б, Н.Онартай байгуулсан гэх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн харилцан тохиролцон зээлийн гэрээ үүсгэх нь, зээлийн эргэн төлөлт  гэсэн бичгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг шаардсан бол хариуцагч Н.Онь зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, мөнгийг Б.Б авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний дагуу 2.800.000 төгрөгийг авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

        Хариуцагч нарын татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

         Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ үүсгэх тухай бичигт зохигчид хэн аль нь гарын үсэг зурсан нь тэдний тайлбараар нотлогдож байгаа ч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

          Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцдог бөгөөд ийнхүү мөнгө шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа болно.

            Харин хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д.Б-аас 2.800.000 төгрөгийг дүүгээ Сингапур улс руу явуулах зориулалтаар зээлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба энэ нь тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар уг зээлээ буцаан төлөхийг шаардах  эрхтэй юм.

Хариуцагч Б.Б нь уг 2.800.000 төгрөгийн зээлээс 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж тайлбар гаргасан ч тэрээр татгалзлаа нотлоогүй, нотлох баримт ирүүлээгүй тул үнэн зөвд тооцох боломжгүй байна.

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа “уг мөнгийг Б.Б өөрийн дүүг Сингапур улс руу явуулахаар авсан” гэх тайлбар нь нэхэмжлэгч Д.Б-аасхариуцагч Б.Б-д 5.000.000 төгрөг өгсөнийг бүрэн нотлохгүй, эргэлзээтэй, чухам хэдэн төгрөг өгсөн, авсан  талаар дурдаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Баас гаргуулж шийдвэрлэсэн ба хариуцагч Н.О д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас 2.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.200.000 төгрөгийн болон хариуцагч Н.О д холбогдох шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 59.750 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР