Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 23

 

"Вм” ХХК-ийн гомдолтой, Гаалийн

ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах

шалгалтын газрын гаалийн улсын

байцаагч Д.Б-Э, Д.О нарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Гомдлын шаардлага: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-Э-ийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудас, улсын байцаагч Д.О-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0614 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 595 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Д.М, өмгөөлөгч М.Мөнхжаргал,

Хариуцагч Д.Б-Э, Д.О

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0614 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 274 дүгээр зүйлийн 274.13, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-Э, Д.О нарт холбогдуулан гаргасан ...Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Бат-Эрдэнийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудас, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Отгонцэцэгийн оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 тоот шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий Вюрт монголиа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 595 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Д.Б-Э, Д.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Гаалийн улсын байцаагч Д.Б-Эийн 2018 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн 0123052 тоот шийтгэлийн хуудсаар “В М” ХХК-ий 2013-2017 онд 839 649 463 төгрөгийн барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж 50 884 757 төгрөгийн гаалийн татвар, 89 053 442 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 139 938 179 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21-р зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн дээрх нөхөн татварыг төлүүлэх, 41 981 454 төгрөгийн шийтгэл ногдуулах шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс “гаальд мэдүүлээгүй барааны үнийн дүнг хаанаас, хэрхэн яаж тооцож гаргаж ирсэн болох нь ойлгомжгүй, эхний бөгөөд эцсийн үлдэгдлийг хэрхэн яаж гаргасан нь тодорхойгүй, өглөгийн эхний ба эцсийн үлдэгдэл нь В М ХХК- ийн санхүүгийн тайлангуудын үзүүлэлттэй таардаггүй, програм хангамжтай холбоотой төлсөн төлбөрүүдийг барааны үнээс хасч тооцоогүй” гэж тайлбар хийснийг шүүхээс “нэхэмжлэгийн маргаж буй үндэслэлүүдэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна” гэж дурьджээ.

4. Гэвч хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд “тус компани жил бүрийн санхүүгийн тайланд худалдан авсан компанид өгөх өглөгийн эхний болон эцсийн мөнгөн дүнг Нягтлан бодох бүртгэлийн хуульд заасны дагуу төгрөгөөр гаргасан байсан тул энэ нь хэдэн евро болсон үүнээс бараа материал худалдан авсан болон програм, лицензтэй холбоотой өглөг хэдэн евро болсныг тус тус тухайн компаний Санхүү эрхэлсэн захирлаар нь он оноор гаргуулсан. Мөн бараа худалдан авсан компани руу шилжүүлсэн гадаад төлбөрийн баримтыг тус компаний санхүүгийн анхан шатны гадаад гуйвуулгын баримт, бараа импортлосон тухай гаалийн мэдүүлэг дэх барааны үнийн дүн, дээрх өглөгийн эхний, эцсийн үлдэгдэл зэргийг тооцон гаальд мэдүүлээгүй үнийн дүнг бодож гаргасан. Өөрөөр хэлбэл гаалийн улсын байцаагч дурын тоо авч тавьж тооцоолоогүйгээс гадна санхүүгийн тайлангийн эхний, эцсийн үлдэгдэл, бараа материал орлогод авсан дүн, барааны үнэд шилжүүлсэн мөнгөн дүнд програм хангамж, лицензийг оруулж тооцоогүй болно.

Жишээ болгож 2013 оны бодолт дээр тайлбарья. Бараа худалдан авдаг ХБНГУ-ын компанид өгөх оны эхний өглөг 87789,90 евро, эцсийн үлдэгдэл 68714 евро, 2013 онд гаальд мэдүүлсэн буюу худалдан авсан бараа 162167,59 евро, үүнээс барааны үнэд зориулж төлбөр төлсөн 219713 евро байгаа нь зөрчлийн хэргийн материалд байна. Одоо тоо бодож үзье 87789,90+162167,59 евро энэ нь 2013 онд нийт өгөх өглөг, үүнээс 2013 онд шилжүүлсэн 219713 евро хасахаар 30244,49 евро өглөгийн эцсийн үлдэгдэл үлдэх ёстой. Гэтэл 68714-30244,49=38469,51 еврогийн илүү төлөлтийн зөрүү гарсан буюу гаалийн байгууллагад мэдүүлээгүй үнийн дүн 38469,51 евро болсон байна. Тус компани гадаад гуйвуулгын анхан шатны баримтанд яг ямар барааны мөнгөн дүнг шилжүүлж байгааг тодорхой заагаагүй тул уг зөрүү болох 38469,51 еврог тухайн 2013 онд худалдан авч импортлосон барааны нийт дүнд тухайн барааны эзлэх хувиар үржүүлж уг барааны дүнд нэмж тооцсон. Энэ нь бараа материалыг худалдан авах, импортлохтой холбоотой гарсан зардлыг Үнийн дүнгийн аргаар тооцоолж бодож гаргасан” гэж тайлбарласан.

5. Нөгөөтэйгүүр Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2 буюу Бараа материалын өртөг хэсэгт Бараа материалын худалдан авалтын өртөг нь худалдан авсан үнэ болон худалдан авалттай шууд холбоотой тээвэрлэлт, гаалийн татвар зэрэг бэлтгэл ажиллагааны зардпаас бүрдэх бөгөөд эдгээрээс худалдан авалтын хөнгөлөлт урамшууллыг хасч цэвэр худалдан авалтыг тооцох ёстой талаар зааж өгсөн байгаа билээ. Мөн дараа оны буюу 2014 оны тооцооллыг гаргахдаа өглөгийн эхний үлдэгдэлийг 2013 оны эцсийн үлдэгдэл 68714 евро гэж тооцоолсон байгаа нь шүүхийн “өмнөх жилүүдэд худалдан авсан барааныхаа үнийг шилжүүлсэн байх боломжтой эсэх, өглөгийн эхний үлдэгдлийг тухайн жилд барааны үнэд шилжүүлсэн төлбөрөөс хасч тооцсоноор дутуу мэдүүлсэн барааны гаалийн үнийн дүнг тодорхойлох нь холбогдох хуульд нийцэх эсэх талаар дүгнэлт хийх” гэсэн тайлбартаа огт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэг энгийн арифметик үйлдлийг шүүх хуулийн заалт хайж тайлбарласан байна. Нөгөө талаар “Вюрт Монголиа” ХХК нь бараа импортлосонтой холбоотой гаалийн байгуулла^ал мэдүүлээгүй 839 649 463 төгрөгийн гадаад төлбөрийг “барааны төлбөр” гэсэн зориулалтын гадаад гуйвуулгыг хийсэн бөгөөд шалгалтын хугацаанд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй болно.

6. “В М” ХХК нь 2015-2017 онд 191 429 618 төгрөгийн програм хангамжийг толгой компани болох Wurth IT компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж байгаа, мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэж “гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5,-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг” ойлгоно гэсэн тодорхойлолтоор бараа гэж тооцогдохгүй гэж үзсэн байна. Тус компани ньтухайн програм хангамжид зориулж 191 429 618 төгрөг төлсөн нь өөрөө импорт болж байгаа юм.

7. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэдэг ойлголтыг төлөөлүүлэн эд юмс, үнэт зүйлс гэх мэтчилэн заасан байна. Өөрөөр хэлбэл програм хангамж уг хуулийн заалтад хамаарахгүй гэж заагаагүй төлөөлүүлэн эд юмс, үнэт зүйлс гэж тусгасан байгаа юм. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,-д “Монгол Улсад экспортын болон импортын барааны гаалийн тарифыг хэрэглэх бөгөөд гаалийн тарифыг тогтоохдоо барааны код, нэр төрлийг Уялдуулсан системийн дагуу заана.” гэж тусгасан, Монгол улсын улсын их хурлын “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 1999 оны 27 дугаар тогтоолоор Уялдуулсан системийн 85-р бүлгийн барааны хувь хэмжээг тогтоон өгсөн. Өөрөөр хэлбэл бараа кодлох уялдуулсан системд бүх төрлийн барааг кодолж тарифыг тогтоон өгсөн бөгөөд тус компаний худалдан авч ашглаж буй програм хангамжийг 8523.80.10-д заасан “онлайнаар худалдаж авсан буюу татаж авсан програм хангамж". 8523.80.90-д “Бусад” буюу програм хангамжтай холбоотой лиценз, зөвшөөрөл ордог болно. Үүний дбгуу бусад аж ахуйн нэгж, байгуууллагууд интернетээр худалдан авсан програм хангамж, лицензийг гаалийн байгууллагад мэдүүлэн холбогдох татвар, хураамжийг төлж холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа болно. Энэ нь хууль бүгдэд ижил тэгш үйлчилж, хуулийг бүгд ижил тэгш мөрдөх зарчмыг Вюрт Монголиа ХХК нь мөрдөхгүй байгааг харуулж байна гэж гаалийн байгууллага үзэж байна.

8. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тайлбартаа “Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1.-д гаалийн мэдүлэгтбараагбичихгүй орхисон, эсхүл худал бичсэн гэж заасан зөрчлийг гаргасан гэж буруутгаж байгаа тохиодолд нэхэмжлэгч В М ХХК нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ ямар хэлбэрээр мэдүүлэх үүргээ зөрчсөн эсэх, хуулийн 73 болон 74 дүгээр зүйлд зааснаар гаалийн бүрдүүлэлтийн аль горимыг сонгож бараагаа байршуулах эсэх талаар дүгнэлт өгөөгүй” гэж дурьдсан байна. Яг энэ асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалт буюу Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг мэдээллийн сүлжээгээр мэдүүлж болох талаар хариуцагчийн зүгээс тайлбарласан. Өөрөөр хэлбэл импортлогч програм хангамж, лицензээ импортлосоны дараа буюу худалдан авангуутаа мөн хуулийн 55 зүйлийн 55.4. дэх заалт Гаалийн мэдүүлгийг мэдээллийн сүлжээгээр нөхөн бичиж хүргүүлж болно гэж заасны дагуу гаалийн байгууллагад сүлжээгээр мэдүүлэх ёстой.

9. Мөн Гаалийн тухай хуулийн 73 болон 74 дүгээр зүйлд Гаалийн бүрдүүлэлтийн горимыг сонгох, горимд хэрхэн байршуулах талаар ерөнхий байдлаар дурьдсан бөгөөд харин хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1.1-д тус тус заасныг үндэслэн “гаалийн нутаг дэвсгэрт барааг дотоодын хэрэглэнд зориулан оруулах” горимд барйшуулах талаар заасан байгаа нь хуулийг хэт өнгөц ерөнхий байдлаар ойлгосон байна.

10. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Жаргалсайхан нь эрх олгосон тушаал шийдвэргүйгээр шалгалтын хугацааг сунгасан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын 3.3-д заасан заалтыг ноцтой зөрчсөн” талаар дурьджээ. Хариуцагч шүүх хуралд Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/63 тоот тушаалаар Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын удирдамжийн хугацааг сунгах хугацааг Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын даргад олгосон шийдвэр гарсан байсныг танилцуулсан боловч шүүхийн магадлалд дурьдаагүй байгаа нь магадлал Монгол улсын хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг баримтааар няцаасан байхад магадлалд хариуцагч буруутай талаас тайлбарласан байна.

11. Хариуцагчаас гаргасан дээрх үндэслэлүүд нь Монгол улсын хууль, дүрэм журамд нийцсэн, энгийн тооцоолол, арифметик үйлдлүүдээр баталсан гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасанд нийцсэн байна.

13. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б-Э-ийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123052 дугаар шийтгэлийн хуудсаар “839,649,463 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлсэн” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тухай 11.21 дүгээр зүйлийн 1.2-т заасныг үндэслэн 41,981,454 төгрөгийн торгууль, 139,938,179 төгрөгийн нөхөн төлбөр; улсын байцаагч Д.О-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0123053 дугаар шийтгэлийн хуудсаар “191,429,618 төгрөгийн программ хангамжийн үнийг мэдүүлээгүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн 8,901,477 төгрөгийн торгууль, 29,671,591 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн, гомдол гаргагч “Вм” ХХК-иас “... “хэлцлийн үнийн арга”-ын дагуу барааны үнээ үнэн зөвөөр шударгаар мэдүүлсэн, ...манай тайлангуудад тусгасан өглөгийн эхний болон эцсийн үлдэгдэл нь хариуцагчийн гаргасан тооцооллын дүнтэй таардаггүй, ... илүү төлсөн гэх төлбөрүүд нь гаальд мэдүүлсэн барааны төлбөр биш, өөр үйл ажиллагааны төлбөр, ...барааны төлбөр 1-3 жилийн дараа төлөгдөж, байнгын барааны үлдэгдэл төлбөр, өглөгтэй явж ирснийг харгалзан үзэлгүй алдаа гаргасан, ... санхүүгийн программ хангамжийг хамаарал бүхий компанитай ашиглалтын гэрээ хийж ашиглаж байгаа, худалдаж аваагүй, импортлоогүй, ...шалгалт хийхдээ санхүүгийн баримтыг нэг бүрчлэн шалгаагүй, тооцоо нийлээгүй, нэмэлт тайлбар, баримт материал гаргах боломж олгоогүй, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “... хэлцлийн үнийн аргаар тооцсон,... 2013-2017 онд худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бусаар төлсөн ... үнийг гаальд дутуу мэдүүлсэн нь тогтоогдсон, ... программ хангамжид ... төгрөг төлсөн нь өөрөө импорт болно, ашиглахын тулд төлбөр төлсөн, ...” гэж тус тус маргажээ.

14. Анхан шатны шатны шүүх, “...”Вм” ХХК нь 2013-2017 онд худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бусаар төлсөн болон төлбөл зохих төлбөрийг гаалийн байгууллагад мэдүүлэх ёстой байсан бөгөөд хариуцагч гадаад шилжүүлгийн баримтууд дээр үндэслэн төлсөн үнийг дүнг гаргасан байгаа нь хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлсон” гэж дүгнэсэн боловч гадаад төлбөрийн баримтаар тогтоосон 839,649,643 төгрөг нь Гаалийн тариф болон гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно: ...” гэсний 10.3.1.1-10.3.1.3 дахь заалтад тодорхойлсон” нэмж тооцох зардал” эсхүл мөн зүйлийн 10.3.2-10.3.5-д заасан “нэмж тооцох үнэ, төлбөр”-ийн аль нь болохыг тогтоогоогүйн зэрэгцээ, хариуцагчийн тооцоолж гаргасан “зөрүү”-г гомдол гаргагчаас дээр дурдсан үндэслэлээр маргасан байхад үүнд огт дүгнэлт өгөөгүй байна.

15. Түүнчлэн, SAP санхүүгийн программ хангамжид төлсөн 191,429,618 төгрөгийг “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон” гэх үндэслэлээр зөрчил тогтоосон, энэ талаар хариуцагч нь “... төлбөр төлсөн нь өөрөө импорт” гэж, гомдол гаргагч нь “...санхүүгийн программ хангамжийг гэрээний дагуу ашигласны төлбөр төлсөн, программ хангамжийг импортоор худалдаж аваагүй” гэж тус тус маргаснаас үзвэл, уг төлбөр нь импортоор худалдаж авсан барааны үнэ мөн эсэхийг шүүх тогтоосны эцэст уг маргааныг холбогдох хуульд нийцүүлэн дүгнэж, шийдвэрлэх байтал “программ хангамжид зориулж төлбөр төлсөн” гэх үйл баримтаар тухайн зөрчлийг тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

16. Анхан шатны шүүх зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй …”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 107 дугаар зүйлийн 107.4-т “...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн, энэ талаар дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

17. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Б-Э, Д.О нарын хяналтын журмаар гаргасан “...хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг баримтаар няцаасаар байхад магадлалд хариуцагч буруутай талаас тайлбарласан,... хариуцагчийн үндэслэлүүд нь Монгол Улсын хууль, дүрэм, журамд нийцсэн, энгийн тооцоолол, арифметик үйлдлүүдээр баталсан гэж үзэж байна, гомдлыг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 595 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Эрдэнэ, Д.Отгонцэцэг нарыг гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                             Ч.ТУНГАЛАГ