Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01512

 

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01512

 

 

 

Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01447 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Отгонжаргалын хариуцагч Жанхар цамхаг ХХК-д холбогдуулж гаргасан цалинд 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: 2016 онд зарын дагуу Жанхар цамхаг ХХК-д ерөнхий инженерээр ажилд орсон бөгөөд цалин 1 500 000 төгрөг гэхэд зөвшөөрсөн. Компанийн хуулийн зөвлөх сонгуулийн ажилтай завгүй байгаа, завтай болохоор нь гэрээгээ байгуулна, ажиллаж бай нэг мөр гэрээ байгуулъя гэсэн. Ингээд би ерөнхий инженер гэсэн албан тушаалд ажилласан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-нд Шинэ яармаг хорооллын төсөл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 6, 7 сарын цалин гэж 3 000 000 төгрөг авсан. 2016 оны 10 дугаар сарын 20-дын үеэр гадагшаа гараад ирэхэд ажил тасаллаа, байж чадахгүй бол яваарай ажлаа өг гэж загнахаар нь тэгье гэж хэлээд явсан. 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд ажлаа хүлээлгэж өгөхөөр ирэхэд Н.Амардэлгэр захирал өөрөө ирээгүй. Тэгэхээр нь дахин очоогүй. Ажилсан хугацааны 8-10 сарын цалингаа авъя гэхэд мөнгө төгрөг орж ирэхээр болъё гэсээр өгөөгүй. Ажилчдын цалин гэж 1 600 000 төгрөг миний дансанд шилжүүлсэнг авч талбай хариуцсан 2 инженерт хувааж өгсөн. 4 барилгын ажлыг засварын ажлыг явуулахаар 2 компанитай гэрээ байгуулсан. Барилгад технологийн алдаа гарсан гэж байгаа боловч Жанхар цамхаг ХХК-д тавигдсан 7 200 000 төгрөгийн торгуулийг Женко, Намгон ХХК төлсөн. Захиалагч компаниас цементийн торгууль тавьсанг мөн дээрх хоёр компаниас суутгаж төлүүлсэн. Шалны ажил хийхээр болж зар тавихад 3-4 компани орж ирсэн. Тус компаниас харж байгаад арай дээр гэсэн компанийг сонгох болсноо Н.Амардэлгэрт хэлж танилцуулахад өөрөө мэдээд гүйцэтгэ гэсэн. Шалгарсан компанитай Жанхар цамхаг ХХК шалны ажил хийх гэрээ байгуулсан. Тэр компани нь шалны ажлыг 1 мкв-ыг 5 000 төгрөгөөр хийнэ гэхээр нь би 4.500 төгрөгөөр хийлгэхээр тохирч Н.Амардэлгэр захиралд танилцуулахад компани гаргах ёстой мөнгийг гаргана, дундын мөнгийг чи аваарай гээд 5 000 төгрөгөөр бодож мөнгө гаргасан. Өөрийнх нь зөвшөөрлөөр шалны зөрүү 2 000 000 төгрөгийг би авсан. Ажилчдын цалин гэж 5 356 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэнг ажилчдад өгсөн. Эдгээр нь миний цалинд хамаагүй. Иймд цалинд 3 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Отгонжаргал 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөлсөөр ажиллахаар тохирч ажилд орсон. Сарын цалинг 3 инженертэйгээ 1 200 000 төгрөг гэж тохирсон. Б.Отгонжаргал нь 2016 оны 10 дугаар сард гүйцэтгэх захирал Б.Батцэцэгтэй муудалцаад ажлаас гарсан. 6, 7 сарын цалинд 3 000 000 төгрөг өгсөн. Дансаар 1 000 000 төгрөг шилжүүлсэн. 8 сараас хойш цалин аваагүй гэсэн боловч цалинг нь дансаар шилжүүлсэн. Б.Отгонжаргал шалны ажилд найдвартай компани оруулна гээд 2 000 000 төгрөг авсан. Би энэ мөнгийг сайн ажилласан гэж бодож өгсөн боловч тухайн шал нь бутарч унасан учир наад мөнгөө цалингаасаа суутгаад аваарай гэж хэлсэн. Энэ хүнийг ажиллаж байхад хийсэн шаврын ажил нилээн гэмтэлтэй, хагарал цууралттай байсан. Шинэ яармаг компаниас манай компанид 7 200 000 төгрөгийн торгууль тавигдсан. Заслын бригад ахалсан хүмүүс 200 000 төгрөг нэмнэ гэснээр 1 600 000 төгрөгийг орц хариуцсан бригадын дарга нарт өгсөн. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж бид торгууль алдангийг төлж байсан. Б.Отгонжаргал ерөнхий инженер байсан хүний хувьд норм дүрмээ хангаж ажиллах ёстой байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч Жанхар цамхаг ХХК-иас цалин 3.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Жанхар цамхаг ХХК-иас 66.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Отгонжаргалд ажлын хөлс гэж сард 1 200 000 төгрөг өгч ажиллуулсан. Б.Отгонжаргал нь бидний итгэлийг эвдэж, эд зүйл хулгайлж компанид хохирол учруулсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Шүүх дүгнэхдээ сарын 1 600 000 төгрөгөөр ажилласан гэж дүгнэсэн. Энэ нь ямар ч баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн 2016 оны 10 сар ажиллаагүй хүнийг 2016 оны 10 сар хүртэл ажилласан гэж шүүх ямар ч баримтгүй дүгнэлт хийсэн. 2016 оны 8 сард ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг, түүнээс өмнө 3 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг төлсөн байхад ажлын хөлсөнд оруулж тооцохгүй байгаа нь хуульд нийцэхгүй. 5 000 000 төгрөг өгсөн нь баримтаар болон өөрийнх нь тайлбараар нотлогдож байгаа. Шүүх 1 500 000 төгрөгөөр ажлын хөлсийг тогтоосон мөртлөө 3 200 000 төгрөгийг хангаад ямар ч баримтгүй хэрэг маргааныг шийдлээ. Манай талаас гаргаж өгсөн баримтыг огт үнэлээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь хариуцагч Жанхар цамхаг ХХК-д холбогдуулан 2016 оны 8, 9, 10 дугаар сарын төлөгдөөгүй цалин хөлс 3 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын тайлбар, гэрч Б.Батцэцэг, Ч.Баярцэнгэл нарын мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хариуцагч байгууллагын ерөнхий инженерээр 1 500 000 төгрөгийн сарын цалин хөлстэй ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдсон байна.

Иймд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг ажил олгогч зөрчсөн, ийнхүү бичгээр гэрээ байгуулаагүй нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хариуцагч байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаг гэх байдал тогтоогдоогүй, хариуцагч байгууллагын 98-02 УНХ улсын дугаартай Маяти маркийн ачааны автомашиныг нэхэмжлэгч цалинд барьцаалан авч явж дураараа аашилсантай холбоотой хэргийг шалгасан Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1164 дүгээр тогтоолоор талууд цалин хөлс олгоогүй байгаа талаар маргаантай байсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөгийн цалин хөлс олгож байсныг үндэслэн нэхэмжлэгчийн сарын цалин хөлсийг 1 500 000 төгрөг байхаар тохиролцсон гэж дүгнэсэн нь зөв болжээ. Зохигчид 2016 оны 6, 7 дугаар сарын цалинд 3 000 000 төгрөг олгосон талаар маргаагүй байна.

Хариуцагч Жанхар цамхаг ХХК нь шалны ажлын хөлсний зөрүү 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид урамшуулал болгож олгосон гэх агуулга бүхий тайлбарыг өөрөө гаргасан, Н.Амардэлгэрээс Б.Отгонжаргалд цалих хөлс утгатайгаар 5 356 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн огноо зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үнэлэхэд уг мөнгийг 2016 оны 9, 10 дугаар сарын цалингийн урьдчилгаа гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэх журамд нийцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, сарын 1 200 000 төгрөгийн цалин өгөхөөр тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ