Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1447

 

 

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01447

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 14 дүгээр баг 2 дугаар гудамж 10 тоотод оршин суух, 1988 онд төрсөн 29 настай, Боржигон овогт Бямбасүрэнгийн Отгонжаргал /РД-ФД88090618/.

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 118 байр, 48 тоот хаягт байрлах, “Жанхар цамхаг” ХХК /РД:5245729/

            Цалин 3.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Отгонжаргал, өмгөөлөгч Б.Сонинбайгаль, А.Мөнхтулга, хариуцагч “Жанхар цамхаг” ХХК-ийн захирал Н.Амардэлгэр, өмгөөлөгч Д.Хишигбаяр, гэрч Ч.Баярцэнгэл, Б.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 06 дугаар сарын эхний 7 хоногт ажилд авна гэсэн зарын дагуу “Жанхар цамхаг” ХХК-д ерөнхий инженерээр ажилд орсон. 06 дугаар сарын 10-ны өдөр Н.Амардэлгэр захиралын гэрт түүний нөхөр бид 3 уулзаж намайг цаашдаа ерөнхий инженерээр ажилла гэхээр нь би цалингаа 1.500.000 төгрөг гэхэд Н.Амардэлгэр захирал тэр болно гээд зөвшөөрч, өөр 2 инженер байгаа та нартай хөдөлмөрийн гэрээ байгуулна. Компанийн хуулийн зөвлөх сонгуулийн ажилтай завгүй байгаа, завтай болохоор нь гэрээгээ байгуулна, ажиллаж бай нэг мөр гэрээ байгуулъя гэсэн. Ингээд би ерөнхий инженер гэсэн албан тушаалд ажилласан. 2016 оны 06 дугаар сарын 10-нд Шинэ яармаг хороололын төсөл дээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа 6 сарын цалинд 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг өгөхөд нь цалингаа бүтэн авъя гэхэд маргааш нь 07 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг өгсөн. 7 сарын цалинг 2016 оны 08 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг, 09 дүгээр сарын эхний долоо хоногт өмнөх сарын цалингаа гүйцээж авъя гэхэд 500.000 төгрөг өгсөн. 6, 7 сарын цалин гэж 3.000.000 төгрөг авсан. 2016 оны 10 дугаар сарын 20-дын үеэр гадагшаа гараад ирэхэд ажил тасаллаа, байж чадахгүй бол яваарай ажлаа өг гэж загнахаар нь тэгье гэж хэлээд явсан. 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд ажлаа хүлээлгэж өгөхөөр ирэхэд Н.Амардэлгэр захирал өөрөө ирээгүй. Тэгэхээр нь дахин очоогүй. Ажилсан хугацааны 8-10 сарын цалингаа авъя гэхэд мөнгө төгрөг орж ирэхээр болъё гэсээр өгөөгүй тул шүүхэд хандсан. Н.Амардэлгэр ажилчидын цалин гэж 1.600.000 төгрөг миний дансанд шилжүүлсэнг авч талбай хариуцсан 2 инженерт хувааж өгсөн. 4 барилгын ажлыг засварын ажлыг явуулахаар 2 компанитай “Жанхар цамхаг” ХХК гэрээ байгуулсан. Ажил эхлээд сар болж байхад нэг барилгын ажил л явагдаж байсан. Барилгад технологийн алдаа гарсан гэж байгаа боловч “Жанхар цамхаг” ХХК-д тавигдсан 7.200.000 төгрөгийн торгуулийг Н.Амардэлгэр захирал бид хоёр ажил гүйцэтгэсэн Солонгосын компантай та нараас болж асуудал гарсан гэснээр Женко, Намгон ХХК нь энэ төлбөрийг төлсөн. Барилгын ажлын явцтай холбоотой бүх суутгал төлбөрийг бүгдийг би өөрөө бичиж Н.Амардэлгэр захиралд танилцуулж байсан. Захиалагч компаниас цементийн торгууль тавьсанг мөн дээрх хоёр компаниас суутгаж төлүүлсэн. Шалны ажил хийхээр болж зар тавихад 3-4 компани орж ирсэн. Тус компаниас харж байгаад арай дээр гэсэн компанийг сонгох болсноо Н.Амардэлгэрд хэлж танилцуулахад чи өөрөө мэдээд гүйцэтгэ гэсэн. Энэ шалгарсан компанитай “Жанхар цамхаг” ХХК шалны ажил хийх гэрээ байгуулсан. Тэр компани нь шалны ажлыг 1 мкв-ыг 5.000 төгрөгөөр хийнэ гэхээр нь би 4.500 төгрөгөөр хийлгэхээр тохирч Н.Амардэлгэр захиралд танилцуулахад компани гаргах ёстой мөнгийг гаргана, дундын мөнгийг чи аваарай гээд 5.000 төгрөгөөр бодож мөнгө гаргасан. Өөрийнх нь зөвшөөрлөөр эндээс шалны зөрүү 2.000.000 төгрөгийг би авсан. Ажилчидын цалин гэж 5.356.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэнг ажилчдад өгсөн. Эдгээр нь миний цалинд хамаагүй. Иймд “Жанхар цамхаг” ХХК-иас цалин 3.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Жанхар цамхаг” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Н.Амардэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Отгонжаргал 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөлсөөр ажиллахаар тохирч ажилд орсон. Өмнө нь ажиллаж байсан инженер н.Амарсанаа бичиг баримт боловсруулахдаа муу байсан тул Б.Отгонжаргалыг гэртээ дуудаж уулзаад ерөнхий инженерээр ажиллахуу гэхэд зөвшөөрсөн. Сарын цалинг 3 инженертэйгээ 1.200.000 төгрөг гэж тохирсон. Б.Отгонжаргал нь 2016 оны 10 дугаар сард гүйцэтгэх захирал Б.Батцэцэгтэй муудалцаад ажлаас гарсан. 6, 7 сарын цалинд 3.000.000 төгрөг өгсөн. Дансаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 8 сараас хойш цалин аваагүй гэсэн боловч цалинг нь дансаар шилжүүлсэн. Б.Отгонжаргал шалны ажилд найдвартай компани оруулна гээд 2.000.000 төгрөг авсан. Би энэ мөнгийг сайн ажилласан гэж бодож өгсөн боловч тухайн шал нь бутарч унасан учир наад мөнгөө цалингаасаа суутгаад аваарай гэж хэлсэн. Энэ хүний ажиллаж байхад хийсэн шаврын ажил нилээн гэмтэлтэй, хагарал цууралттай байсан. Шинэ яармаг компаниас манай компанид 7.200.000 төгрөгийн торгууль тавигдсан. Заслын бригад ахалсан хүмүүс 200.000 төгрөг нэмнэ гэснээр 1.600.000 төгрөгийг орц хариуцсан бригадын дарга нарт өгсөн. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж бид торгууль алдангийг төлж байсан. Б.Отгонжаргал ерөнхий инженер байсан хүний хувьд норм дүрмээ хангаж ажиллах ёстой байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь хариуцагч “Жанхар цамхаг” ХХК-д холбогдуулан цалин 3.200.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь хариуцагч “Жанхар цамхаг” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сарын үндсэн цалин 1.500.000 төгрөг байхаар тохиролцож ерөнхий инженерийн ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарласан тайлбар, гэрч Ч.Баярцэнгэлийн “Б.Отгонжаргал ерөнхий инженерээр, сарын цалин 1.600.000 төгрөгөөр ажилласан. Инженерүүдтэй явцын дунд хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн боловч байгуулаагүй. Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас гарсан. Б.Отгонжаргал түүнээс хойш ажиллаж байсан”, гэрч Б.Батцэцэгийн “Б.Отгонжаргал инженерээр ажиллаж байсан.  Би компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш ажиллаж байна. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ажилтан байхгүй. Б.Отгонжаргалын цалин гэж 1.000.000 төгрөг дараа нь нэмж 1.000.000 төгрөгийг би бэлнээр шилжүүлсэн. 500.000 төгрөгийг ерөнхий захирал мэдэж байгаа. Талбай дээр очиход Б.Отгонжаргал байхгүй байсан тул түүнтэй утсаар холбогдсон. Энэ үйл явдал 2016 оны 10 дугаар сарын 15-дын үеэр болсон” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь Б.Отгонжаргалтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч тус гэрээгээр түүнтэй ямар ажил үйлчилгээг гүйцэтгэхээр тохиролцсон байдлаа нотлоогүй, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд компанид ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж түүнд цалин олгогдож байсан үйл явдал баримтаар тогтоогдсон, ажиллах хугацаандаа зөрчил гаргасан гэж тайлбарладаг боловч энэ талаар талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээр тохиролцоогүй, зөрчил нь байгууллагын дотоод журамд хэрхэн тусгагдсан талаар баримтгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч “Жанхар цамхаг” ХХК нь нэхэмжлэгч Б.Отгонжаргалтай Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй тул түүний ажилласан хугацааг гэрч нарын мэдүүлгийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болсон гэж тооцон 2016 оны 08-10 дугаар сарын хугацааны цалинг хариуцагч төлөх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн дансанд 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Жанхар цамхаг” ХХК-иас 5.356.000 төгрөгийг шилжүүлсний 2.000.000 төгрөгийг Б.Отгонжаргалын цалин гэж хариуцагч тайлбарладаг боловч гүйлгээний утга хэсэгт ажлын хөлсний урьдчилгаа гэж шилжүүлсэн тул цалинд 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх баримт болохгүй, мөн шалны ажлыг мкв-ыг 5.000 төгрөгт тооцон хийлгэх гэрээ байгуулагдаж ажлын хөлсийг 4.500 төгрөгт тооцон нэхэмжлэгчид зөрүү 2.000.000 төгрөгийг сайн ажилласан гэж өгсөн талаар хариуцагч зөвшөөрч тайлбарласан тул цалинд тооцож хасах үндэслэлгүй байна.

“Жанхар цамхаг” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа Б.Отгонжаргалд 2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цалин 2.700.000 төгрөг эхний сар 1.200.000 төгрөг, сүүлийн сар 1.500.000 төгрөг өгсөн. Анх харилцан тохиролцсоны дагуу 1.200.000 төгрөг, ажлын хөлсийг түүний хүссэнээр нэмэгдүүлж 1.500.000 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгчийн сарын цалинг 1.500.000 төгрөг байхаар талууд тохиролцсон, цалинд 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 10-ны өдөр 500.000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг цалинд өгсөн үнийн дүнд зохигч маргаагүй тул түүний сарын цалинг 1.500.000 төгрөгт тооцож 2016 оны 08-10 дугаар сарын цалинд нэхэмжилсэн 3.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч “Жанхар цамхаг” ХХК-иас цалин 3.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд н.Дагвадоржийг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан болно.

Хариуцагч “Жанхар цамхаг” ХХК-иас нотлох баримтаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол, Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороололын ажлын гүйцэтгэл бараа материалын торгуулийн акт, ажил гүйцэтгэх гэрээ, Ачаа тээвэрлэлтийн гэрээ, барилгын ажлын фото зургийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн дурьдав.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч “Жанхар цамхаг” ХХК-иас цалин 3.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Жанхар цамхаг” ХХК-иас 66.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгосугай.

 

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд н.Дагвадоржийг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан болно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА