Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01642

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-ын иргэн  Дурина Нейгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, бүрэлдэхүүнд шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/01582 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Дурина Нейн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Идэрт холбогдох

 

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Түрээсийн гэрээг түрээслүүлэгчийн санаачлагаар цуцалсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 45 байр, 12 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг хариуцагч Г.Идэрт даалгах, түрээсийн гэрээний үүрэгт 13 565 712.73 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 3 250 000 төгрөгийг буцаан гаргуулах, хохирол 8 586 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганцэцэг, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Дурина Ней Монгол улсад 2005 оноос хойш байнга оршин сууж байгаа. Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 45 байр, 12 тоот хаягт байрлах Ү-2204039733 улсын бүртгэлийн дугаартай 65,22 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2011 оноос хойш өмчилж байна. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын иргэн Г.Идэртэй Түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг үйлчилгээний зориулалтаар сарын 850.000 төгрөгөөр, барьцаанд 1.000.000 төгрөг байршуулан нэг жилийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн. Түрээсийн гэрээний 1.3 дахь хэсэгт заасны дагуу сар бүрийн 5-наас 7-ны дотор тухайн сарын түрээсийн төлбөрийг төлөх ёстой. Гэтэл түрээслэгч тал удаа дараа энэхүү заалтыг зөрчин түрээсийн төлбөрөө төлөхгүй байна. Г.Идэр нь түрээсийн гэрээ байгуулахад 1.750.000 төгрөг, 05 сард 850.000 төгрөг, 06 сард 650.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөг өгсөн. Үүнээс 1.000.000 төгрөг нь барьцаа ба 04 сарын түрээсийн төлбөрт 100.000 төгрөг, 06 сарын түрээсийн төлбөрт 200.000 төгрөг дутуу ба 07 болон 08 сарын түрээсийн төлбөрийг бүтэн төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэгчийн зүгээс аргагүйн эрхэнд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөрөө 2017 оны 08 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлаж, түрээсийн байрыг чөлөөлүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн. Хариуцагч Г.Идэрт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 45 байр, 12 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг даалгаж, Г.Идэрээс 04 болон 06 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 300.000 төгрөг, 07 болон 08 сарын түрээсийн төлбөр 1.700.000 төгрөг, ашиглалтын зардал 403.873 төгрөг, нийт 2.403.873 төгрөгийг гаргуулж Дурина Ней надад олгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд түрээслэгч нь төлбөрөө төлөхгүй, байрыг суллаж өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар нэмэгдүүлсэн. Үүнд: хариуцагч Г.Идэрээс 2017 оны 09, 10, 11, 12 сар, 2018 оны 01, 02, 03 сарын түрээсийн төлбөр 850.000 төгрөгийг 7 сараар тооцож 5.950.000 төгрөг, 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 04 сарын 05-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 141.666 төгрөг, ашиглалтын зардал 670.173.73 төгрөг, нийт 2.370.173.73 төгрөгийг нэмж гаргуулан нэхэмжлэгч Дурина Нейд олгуулж өгнө үү. Үүнээс гадна түрээсийн төлбөрийн алданги нийт 4.522.000 төгрөг зөвхөн алдангид нэхэмжлэх хүсэлтэй байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 4.400.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Г.Идэрээс нийт 13.565.712.73 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Идэр нь Хятад улсын иргэн Дурина Ней-тэй 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 45 дугаар байр, 12 тоотод байрлах 65,22 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулан түрээслэн үйл ажиллагаа явуулахаар болсон. Түрээсийн гэрээг байгуулах үед сарын түрээс 850.000 төгрөг, барьцаа 1.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Түрээслэхээр болсон боловч засвар хийх шаардлагатай байгааг хэлж байсан. Улмаар түрээсийн гэрээг байгуулах үед засвар хийх шаардлага байгаа учир эхний ээлжинд 750.000 төгрөг, барьцааны мөнгөтэйгөө өгчихөд болно гэж хэлж байсан. Миний бие хэлсэн ёсоор нь 1.750.000 төгрөгийг анх төлсөн. Мөн дараа сарын түрээсийн мөнгө болох 850.000 төгрөгийг зохих ёсоор төлсөн. Дурина гэгч нь анх түрээслэхээр ирж уулзахад үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлж байсан боловч удаа дараа ус алдаж түрээсийн өрөө дүүрэн ус болдог байсан. Энэхүү ус алдсан, бусад асуудлын талаар Дурина гэгчид мэдэгдэж байрнаас гарах, гэрээг цуцлах талаар ярьж, барьцааны мөнгөө нэхсэн боловч барьцааны мөнгийг минь өгөөгүй. Удаа дараа нэхсэн боловч утсаа авахгүй, түр байж байгаа ч гэж гуйдаг байсан. Улмаар дээрх объект нь байнга ус алдаж, миний зарж буй барааг зарагдахааргүй болгож намайг хохироосон. 5 дугаар сарын төлбөр болох 850.000 төгрөг, 6 дугаар сард 650.000 төгрөг төлсөн. Удаа дараа ус алдаж эхлэхэд нэхэмжлэгчийн нөхөр гэх Ханбүргэд ирж түрээсийн төлбөрийг багасгаж өгч болно гэсэн. Үүний дагуу 650.000 төгрөгийг төлсөн. Ханбүргэд ус алдаж байхад удаа дараа ирж уулзаж байсан ба ус алдсаны улмаас нилээд олон бараа зарагдах боломжгүй болчихлоо гэдгийг ч мөн хэлсэн. Гэтэл хоорондоо учраа олоод болохгүй юм байхгүй шүү дээ гэж хэлээд 7 дугаар сар, 8 дугаар сардаа үнэгүй суучих гэж хэлсэн. Миний бие тухайн үед өөрт учирсан хохирлоо нэхсэн боловч түрээсийн төлбөр авахгүй гэхээр нь харилцан тохиролцлоо гэж ойлгож хүлээн зөвшөөрсөн. Анх гэрээ байгуулахад ашиглалтын зардлыг хувааж төлөхөөр болоод миний бие тогны мөнгийг өгч байхаар болсон. Улмаар өөрийн хариуцсан тогны мөнгийг тогтмол төлж байсан болно. Гэвч түрээслэгч дангаар төлөх ёстой байсан мэтээр нэхэмжлэл гаргасан явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний хажуу талын үйл ажиллагаа явуулдаг бүхий л газрууд түрээсийн төлбөртөө ус, цахилгаан, дулаан гэх мэт бүгд багтдаг болохыг сүүлд мэдэж авсан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр их хэмжээний ус алдан түрээсийн байрны 2 өрөө бүхэлдээ усанд автсан. Энэ тухай түрээслэгч талд мэдэгдсэн ба түрээслэгч талаас Дурина болон нөхөр гэх хүний хамт ирж үзсэн ба өмнө нь ийм асуудал гарч байгаагүй юм, гаралгүй түр байж байгаач, бид яаралтай арга хэмжээ авна гэж хэлж түрээслэгч талыг түр хүлээлгэж байсан. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дурина Нейн нөхөр гэх Ханбүргэд нь хэсэг хүмүүсийн хамт 3 хоногийн хугацаанд 1 удаа засвар үйлчилгээ хийж өгч дахин ус алдахгүй гэж хэлсэн. Ийнхүү явсаар 2017 оны 06 сард их хэмжээний ус алдан улмаар зарж буй барааг ихээхэн норгож худалдаалах боломжгүй болж хохироход түрээслэгч тал болох Г.Идэр нь өөрийн ээж Н.Ганцэцэгийн хамт барьцааны мөнгө болох 1.000.000 төгрөг, тухайн сарын түрээсийн мөнгийг буцаан авч гэрээг цуцлах санал тавьсан боловч Дурина Ней болон түүний нөхөр гэх Ханбүргэд нар нь бид яаралтай арга хэмжээ авах болно, түр хүлээж байгаач гэж хойшлуулсаар байсан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Дуринагаас байраа чөлөөлөх тухай мэдэгдэл ирсэн. Түрээсийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд ийнхүү байгуулахад тухайн объектыг ломбард, ширхэгийн барааг худалдан борлуулахад шууд байдлаар ашиглах боломжгүй байсан учир засвар үйлчилгээ, павилон худалдан авсан, ажилчдын ажлын хөлс болох нийт зардал 2.050.000 төгрөг, ус алдсаны улмаас норж зарах боломжгүй болсон барааны нийт учирсан хохирол 4.236.000 төгрөг. Тухайн байрыг хариуцдаг байгууллага болох СТНАА ХХК-н ерөнхий инженер А.Ганбатын гаргаж өгсөн дуудлагын хүрээнд нийт 23 өдөр ус алдсан байна. Иймд 23 өдөр, өдрийн дундаж орлого 100.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөг. Иймд Дурина Ней нь харилцан тохиролцон түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн, улмаар гэм хор учирсан үйлдэлд харилцан тохиролцсон гэж үзэж байсан ч хэлэлцэж тохиролцсоноосоо буцаж Г.Идэрийг гэм буруутай мэт шүүхээр хандаж байгаа тул түрээсийн байрны засвар үйлчилгээний зардал болох 2.050.000 төгрөг, ус алдсаны улмаас бараа бүтээгдэхүүн норж зарагдах боломжгүй болсны хохирол 4.236.000 төгрөг, түрээслүүлэгч талын буруутай үйлдлийн улмаас ажиллаж чадаагүй өдрүүдийн орлого болох 2.300.000 төгрөг, нийт 8.586.000 төгрөгийг Дурина Ней-ээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Дурина Ней, Г.Идэр бид хоёрын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололын Да Хүрээ гудамж, 45 дугаар байрны 12 тоот, 65.22 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-2204039733 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг түрээслэх тухай 2017 оны 04 сарын 05-ны гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 3-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагыг хангаагүй хэлцэл юм. Ийм учраас энхүү түрээсийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Иймд дээр дурьдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож энэ хэлцлийн дагуу Дурина Ней-д барьцаа түрээс нэрээр төлсөн 3.250.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Идэр нь тус байрыг түрээслэн авснаасаа хойш өмчлөгч Дурина Нейг нэг ч удаа оруулаагүй бөгөөд одоо уг үйлчилгээний зориулалттай орон сууц ямар байдалтай байгааг мэдэх боломжгүй байна. Ус алдсаны улмаас зарагдах боломжгүй болтол норсон барааны төлбөр нэхэмжилсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд уг хохирлыг ус алдсан буруутай этгээдээс өөрсдөө нэхэмжлэх эрхтэй. Түүнчлэн уг дэлгүүр нь бүх бараа 1000 төгрөгөөр зардаг дэлгүүр юм. Ажиллаагүй өдрийн орлого нэхэмжилснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэгэнт түрээсийн гэрээ байгуулсан тул ажилласан болон ажиллаагүйгээс үл хамааран түрээсийн төлбөр төлөх ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Идэрээс 6.950.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дурина Ней /Durina Nei/-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6.615.712.73 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 04 сарын 05-ны өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11.836.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.450 төгрөг, 52.880 төгрөг, 42.150 төгрөг, 128.420 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.326 төгрөг, 137.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 126.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, маргаан үүссэнээс хойш улсын бүртгэлд бүртгүүлсэнийг хүчинтэй гэж тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлага нь улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж зааснаас хэзээ бүртгүүлэх талаар нарийвчлан заасан зохицуулалт байхгүй. Үүнээс гадна талууд анх түрээсийн гэрээ байгуулсан цагаас маргаан үүсч эхэлсэн бөгөөд 2017 оны 06 сараас эхлэн түрээсийн төлбөрийг дутуу, 2017 оны 07 дугаар сараас хойш нэг ч удаа түрээсийн төлбөр төлөөгүй. Түрээслэгч Дурина Нейн зүгээс 2017 оны 07 дугаар сараас эхлэн түрээсийн гэрээг цуцлах, түрээсийн байрыг чөлөөлөх шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан бөгөөд түрээслэгчийн зүгээс БНХАУ-ын иргэн хэмээн элдэв бусаар доромжилж, бүтэн жилийн хугацаанд ямар ч түрээсийн төлбөр төлөхгүй үйлчилгээ явуулж, ашиг орлого олж, түрээсийн байрыг суллаж өгөхгүй байсаар нэг жилийн нүүрийг үзсэн. Нэхэмжлэгчийн тухайд түрээсийн гэрээг цуцлах сонирхолтой байсан тул улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан, харин хариуцагч түрээсийн байрыг суллаж өгөхгүй, нэхэмжлэлэгчийг өөрийн өмчлөлийн объектод оруулахгүй, очихоор цагдаа дуудан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө мэт аашилж байсан тул арга буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс дүгнэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч Г.Идэр нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр түрээсийн байрыг суллаж өгсөн хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр нэхэмжилсэн. Энэ хугацаанд хариуцагч нь 2017 оны 04, 05 дугаар сарын түрээсийн төлбөрийг л бүтэн төлсөн бөгөөд 06 сард 650.000 төгрөг нийт 2.350.000 төгрөг төлсөнөөс өөрөөр ямар нэгэн төлбөр хийгээгүй. 2017 оны 06 дугаар сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 200.000 төгрөг, 2017 оны 07-оос12 сар, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын түрээсийн төлбөр 850.000*9 сар=7.650.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 850.000*30=28.333 төгрөг, 28.333*5=141.666 төгрөгийг нэхэмжилсэн. Алданги тооцохгүйгээр зөвхөн түрээсийн төлбөр дангаараа 200.000+7.650.000+141.166=7.991.166 төгрөг болж байна. Ашиглалтын зардалд мөн 670.173.73 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтаа гаргаж өгсөн. Түрээсийн гэрээнд заасны дагуу алдангид 50%-иас хэтрэхгүй гэдэг үндэслэлээр 4.400.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаас 6.950.000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас нэхэмжлэгчид анхан шатны шүүхээс гаргасан 6.950.000 төгрөг дээр нэмж 5.515.712.73 төгрөгийг гаргуулж, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хооронд байгуулсан түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318.3 дах хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон тул шүүх уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдсэн. Хариуцагч Г.Идэр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлсэн 2.250.000 төгрөгийг барьцаа 1.000.000 төгрөгийн хамт Дурина Нейгээс гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, нэхэмжлэгчийн эд хөрөнгийг 1 жил ашигласан гэж үзэж Г.Идэрээс 6.950.000 төгрөг гаргуулж Дурина Нейд олгохоор шийдсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй зүйлээр шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийн 6.950.000 төгрөг гаргуулж Дурина Нейд олгох гэснийг хүчингүй болгож Дурина Нейгээс 3.250.000 төгрөг гаргуулж Г.Идэрт олгохоор тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Дурина Ней нь хариуцагч Г.Идэрт холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээг түрээслүүлэгчийн санаачлагаар цуцалсан болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 45 байр, 12 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг хариуцагч Г.Идэрт даалгах, түрээсийн гэрээний үүрэгт 13 565 712 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, түрээсийн төлбөр, хохирол 11 836 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч Дурина Нейгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 45 байр, 12 тоотод байршилтай 65.22 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Г.Идэр түрээслэх, сарын 850 000 төгрөгийн төлбөртэй, 1 жилийн хугацаагаар түрээслэхээр тохиролцжээ. 

 

Талууд түрээсийн гэрээ бичгээр байгуулсан талаар маргаагүй боловч уг гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн хуулийн 318.4 дах хэсэгт энэ хуулийн 318.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан тул зохигчдын хооронд хийгдсэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэс хүчин төгөлдөр бус байх бөгөөд түрээсийн гэрээний үүрэг үүсгэхгүй тул шүүхэд уг гэрээтэй холбоотой маргаан үүссэнээс хойш гэрээг бүртгүүлсэн нь гэрээг хүчинтэй гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба хариуцагч нь түрээсийн байрыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулаад хүлээж авснаас 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгөх хүртэл хариуцагчийн эзэмшил ашиглалтанд байсан гэж үзэх тул бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашигласныхаа үнийг өгөх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэх юм.

 

Анхан шатны шүүх хариуцагч үлдэгдэл 7 950 000 төгрөгийг төлөхөөс барьцаа 1 000 000 төгрөгийг хасч хариуцагчаас 6 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв.

  Харин түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь уг гэрээний дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй, нэхэмжлэгч нь ашиглалтын зардал 670 173 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч түрээсийн байрны ашиглалтын зардал төлсөн талаарх баримтыг ирүүлсэн тул эдгээр шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх байдлаар үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хангаж шийдвэрлэсэн тул түрээсийн төлбөрт төлсөн 3 250 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь түрээсийн байрны засвар үйлчилгээний зардал 2 050 000 төгрөг, ус алдсаны улмаас ажиллаж чадаагүй 23 өдрийн орлогыг өдрийн дундаж орлого 100 000 төгрөгөөр тооцон олох байсан орлого 2 300 000 төгрөг, ус алдсаны улмаас бараа бүтээгдэхүүн норж зарагдах боломжгүй болсны хохирол 4 236 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагч өөрийн үйл ажиллагааг явуулах зорилгоор байрыг засварлаж, бусдад ажлын хөлс төлсөн зардлыг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж, олох байсан орлого, ус алдсаны улмаас бараа бүтээгдэхүүн норж зарагдах боломжгүй болж хохирол учирсан гэдгээ нотлоогүй гэж тус тус дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

 Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/01582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 173 410 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 183 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ  С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ