Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01846

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01846

 

 

 

 

Т.Ариунболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01891 дүгээр шийдвэртэй, Т.Ариунболдын нэхэмжлэлтэй Л.Хандсүрэнд холбогдох гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Ариунболд нь Л.Хандсүрэнтэй 2009 онд гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болсон. Т.Ариунболд, Л.Хандсүрэн нар 2015 оны 02 дугаар сараас тусдаа амьдарч байна. 2015 онд Л.Хандсүрэн АНУ-руу хүүхдүүдээ авч явснаар Т.Ариунболд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж Америкийн элчинд өргөдөл гаргасан. Гэтэл Л.Хандсүрэнг өөр хүнтэй гэр бүлийн баталгаатай, танд виз олгохгүй гэж хариу өгсөн. Уг асуудлаар Т.Ариунболд нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Т.Ариунболд нь Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101 тоот шийдвэрээр О.Цогтдэлгэр, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Уг хэрэгт Л.Хандсүрэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр, аав нь гэрчээр оролцсон байдаг. Үүнтэй холбоотойгоор улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарч Л.Хандсүрэнгийн гомдлын дагуу өмнөх 42 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон. Гэтэл Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагаагаар О.Цогтдэлгэр, Л.Хандсүрэн нарын гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байдаг. Т.Ариунболд Л.Хандсүрэн нарыг гэрлэлтээ бүртгүүлэхэд О.Цогтдэлгэр, Л.Хандсүрэн нар гэрлэлтээ бүртгүүлсэн, хүчин төгөлдөр байсан тул Т.Ариунболд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Т.Ариунболдын хувьд хоёр хүүхэддээ амьдрах тухтай орчинг бүрдүүлж чадсан, хүүхдүүд ч аавтайгаа байх сонирхол нь илүү байдаг. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Т.Ариунболд, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хүүхдүүдийг эцгийнх нь асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Хандсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Ариунболдтой 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хайр сэтгэл, хүсэл зоригийн дагуу гэр бүл болсон. Үүнээс хойш 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн иргэний гэр бүлийн бүртгэлийн 1403 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн. 2007 онд охин А.Энэрэл, 2012 онд хүү А.Буянт-Ухааг төрүүлэн өсгөсөн. 2015 оны 02 дугаараас сараас эхлэн бид таарч тохирохгүй болж тусдаа амьдарсан. АНУ-д ажил хийн 2 хүүхдийн хамт амьдарч байгаад Монголд ирсэн. Т.Ариунболд нь Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн ... гэх үндэслэлээр буюу 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний гэр бүлийн бүртгэлийн 0027 дугаартай баталгаагаар О.Цогтдэлгэртэй гэрлэлтээ баталгаажуулсан байна гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. О.Цогтгэрэл гэдэг хүнийг огт танихгүй. 2004 оны эхээр үл таних нэг хүн чи АНУ-руу яваад хугацаандаа ирсэн юм байна, 1 хүнтэй гэрлэлтээ батлуулчихвал тэр хүний виз гарах гээд байна гэж гуйхад нь би зөвшөөрөөгүй. Гэтэл регистрийн дугаарыг минь ашиглан 2004 онд О.Цогтдэлгэрийг надтай гэр бүл болгон харагдуулж визийг нь гаргасан гэж үздэг. Улмаар О.Цогтдэлгэр нь анхан шатны шүүхэд гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1276 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр тус гэрлэлтийг хуурамч гэрлэлт гэдгийг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн болно. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 42 дугаар дүгнэлтээр Т.Ариунболд, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийн 1403 дугаартай бүртгэлийг хүчингүй төлөвт оруулж ХААТР-15 маягтад хүчингүй тэмдэглэгээ хийхийг дүгнэсэн байсан. Энэ талаар Улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргахад дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон. Иймд Т.Ариунболдын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримтлан Т. Ариунболд, Л. Хандсүрэн нарын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн 1403 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А.Энэрэл, 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.Буянт-Ухаа нарыг эцэг Т.Ариунболдын асрамжинд үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Хандсүрэнгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар өмнөх гэрлэлт хучинтэй байгаа бол гэрлэхэд харшлах шалтгаан болох бөгөөд Т.Ариунболд, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийг 2009 онд бүртгэхэд О.Цогтдэлгэр, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийг 2004 онд бүртгэсэн бүртгэл хүчинтэй байжээ. Энэ нь хуулиар тогтоосон гэрлэхэд харшлах шалтгаан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болох юм" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Л.Хандсүрэн нь О.Цогтдэлгэр гэдэг хүнийг огт танихгүй, гэр бүл бүртгүүлэх нь битгий хэл нэг ч удаа уулзаж байгаагүй талаараа захиргааны шүүх болон иргэний шүүхэд тайлбар өгч, тэрхүү өгсөн тайлбар нь үнэн болох нь тогтоогдсон. Гэтэл Л.Хандсүрэнгийн овог нэрийг ашиглан регистрийнх нь дугаарыг хуурамчаар зохиож 2004 онд О.Цогтдэлгэр гэгчтэй гэр бүл болсон мэт бүртгэл хожим гарч ирсэн.

Л.Хандсүрэн өмнө О.Цогтдэлгэр гэх хүнтэй гэрлэж байгаагүй, бүртгэл хуурамч болохыг шүүх тогтоон, эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл 2017 оны 01 дүгээ р сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 42 дугаар дүгнэлтээр Т.Ариунболд, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийн 1403 дугаартай бүртгэлийг хүчингүй төлөвт оруулж ХААТР-15 маягтад хүчингүй тэмдэглэгээ хийхийг дүгнэв гэсэн. Энэхүү актыг хууль бус тухай гомдлыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргахад дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон бөгөөд улсын байцаагчийн хүчин төгөлдөр дүгнэлт хэрэгт авагдсан. Гэтэл анхан шатны шүүх хүчингүй болсон 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 42 дугаар дүгнэлтийг үндэслэн, шүүхээр Л.Хандсүрэн, О.Цогтдэлгэр нарыг гэрлэж байгаагүйг шүүх эцэслэн шийдвэрлэснийг мэдсээр байж Л.Хандсүрэнг гэрлэлттэй байхдаа дахин гэрлэсэн мэт үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Түүнчлэн Л.Хандсүрэн нь ЧП85042921 гэсэн регистрийн дугаартай байтал Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 12/4397 дугаар албан бичгээр шүүхэд ЧД84042921 Л.Хандсүрэнгийн гэрлэлтийн маягтуудын хуулбар хүргүүлэв гэсэн хариу ирүүлжээ. Тус лавлагааны хавсралтаар Л.Хандсүрэн ЧП85042921 нь Г.Ариунболдтой УК70010676 нарыг гэрлэснийг бүртгэх анкет байх ба мөн Л.Хандсүрэн УХ84042962 нь О.Цогтдэлгэртэй ШГ75121074 нарыг гэрлэснийг бүртгэх анкет гэх зүйл хэрэгт авагджээ. Л.Хандсүрэн УХ84042962 гэх регистрийн дугааргүй болно.

Л.Хандсүрэнгийн ТАриунболдтой гэрлэсэн гэрлэлтийн бүртгэлийн анкет дээр байгаа гарын үсэг тэрхүү хуурамч, худлаа регистрийн дугаартай бүртгэлийн анкет дээр байгаа гарын үсгүүд тэс өөр болох нь илэрхий харагддаг. Хэрэв 2009 онд Т.Ариунболд, Л.Хандсүрэн нарыг гэрлэлтээ батлуулах үед Л.Хандсүрэн, О.Цогтдэлгэртэй гэрлэлт бүртгүүлсэн хүчинтэй байсан бол Т.Ариунболд Л.Хандсүрэн нарын гэрлэлтийг бүртгэлийн байгууллага бүртгэхгүй байсан. Анхан шатны шүүх Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1098 дугаар зөрчил арилгах тухай хүчин төгөлдөр дүгнэлтийг хууль зөрчсөн, мөн тус дүгнэлтээр улсын байцаагчийн 42 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон нь буруу байна гэсэн илэрхий үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүгч хүчин төгөлдөр захиргааны актыг буруу, хууль зөрчсөн гэж дүгнэсэн атлаа хүчингүй болсон захиргааны актыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгон шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт бичсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэлтийг шүүхийн шүүхийн журмаар цуцлах, гэрлэлт цуцлагдсанаас үүдэн тэдний дундаас төрсөн хүүхдүүдийг хэний асрамжид үлдээх, дундын эд хөрөнгийн маргаан байгаа эсэх зэрэг эдгээр асуудлуудыг зохицуулсан хуулийн заалтуудтай. Гэтэл нэхэмжлэгч Т.Ариунболд болон хариуцагч Л.Хандсүрэн нарын гэрлэлт цуцлагдаагүй байхад хүүхдүүдийг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй юм. Хэрэгт Т.Ариунболд болон Л.Хандсүрэн нарын гэрлэлт цуцлагдсан тухай болон түүнээс үүдэн хүүхэд болон дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилсан тухай баримт авагдаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, Гэр бүлийн тухай хуулийн дээр дурьдсан заалт болон бусад холбогдох заалт, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультай Т.Ариунболдын нэхэмжлэл нийцэхгүй.

Нэхэмжлэгч Т.Ариунболд нь хариуцагч Л.Хандсүрэнтэй гэрлэлтээ хуульд заасан журмын дагуу цуцлах буюу гэрлэлт цуцлах тухай урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчжээ. Түүнчлэн эцэг, эх нь гэрлэлтээ цуцлаагүй байхад хүүхдийг хэнийх нь асрамжид үлдээх тухай асуудлыг шийдвэрлэх бодит боломжгүй, хүлээн авахаас татгалзах ёстой. Т.Ариунболд нь нэг ч удаа шүүх хуралдаанд ирээгүй, байхгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийг буцаахыг удаа дараа шаардахад шүүхээс үндэслэлгүйгээр хүлээн аваагүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчихийн хамт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Ариунболд нь хариуцагч Л.Хандсүрэнд холбогдуулан гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Т.Ариунболд нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Л.Хандсүрэнтэй гэр бүл болсон гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан бөгөөд Л Хандсүрэн нь Т.Ариунболд Л.Хандсүрэн нарын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1403 дугаарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд тооцсон 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1098 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгосон тул бидний гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж тайлбарлаж, хэргийн 140-143 дугаар талд авагдсан хуулбар үнэн гэх тэмдэг бүхий нотлох баримтыг гаргаж өгсөн, шүүх түүнийг шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Гэтэл уг баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх боловч уншигдах боломжгүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасныг зөрчжээ

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. гэж заасан. Эдгээрээс үзвэл тухайн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, маргааны үйл баримтад дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх журам зөрчигдсөн гэж үзэхээр байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01891 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ