Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1891

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, Блускай 46А байрны 24 тоотод оршин суух, Алтандорнод Монгол ХХК-ний аюулгүй байдал, хяналт шалгалт хариуцсан дэд захирал ажилтай, регистр УК70010676, Боржигон овогтой Тордайн Ариунболдын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 5Б-р байрны 84 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧП85042921, Баярлах овогтой Лувсанцэрэнгийн Хандсүрэнд холбогдох гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч Л.Хандсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр /үнэмлэх 1960/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Т.Ариунболд нь Л.Хандсүрэнтэй 2009 онд гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болсон. Т.Ариунболд, Л.Хандсүрэн нар 2015 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байна, 2015 онд Л.Хандсүрэн АНУ-руу 2 хүүхдээ авч явсан. Энэ хугацаанд Т.Ариунболд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр 2 хүүхдийг авч явлаа гэж Америкийн элчинд өргөдөл гаргасан, гэтэл Хандсүрэнг өөр хүнтэй гэр бүлийн баталгаатай, таньд виз олгохгүй гэж хариу өгсөн. Энэ асуудлаар Т.Ариунболд нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгээгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Т.Ариунболд нь Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Тухайн үед ямар нэг шүүхийн шийдвэр, өмнөх гэрлэлттэй холбоотой үйл баримт тогтоогдоогүй байна гэж улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Үүнээс хойш Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4-р сарын 13-ны өдрийн 101 тоот шийдвэрээр Цогтдэлгэр, Хандсүрэн нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Уг хэрэгт Л.Хандсүрэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр, аав нь гэрчээр оролцсон байдаг. Үүнтэй холбоотойгоор улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарч Л.Хандсүрэнгийн гомдлын дагуу өмнөх 42 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагаагаар О.Цогтдэлгэр, Л.Хандсүрэн нарын гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байдаг. Т.Ариунболд Л.Хандсүрэн нарыг гэрлэлтээ бүртгүүлэхэд Цогтдэлгэр, Хандсүрэн нар гэрлэлтээ бүртгүүлсэн, хүчин төгөлдөр байсан тул Ариунболд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Т.Ариунболдын хувьд хоёр хүүхдэдээ амьдрах тухтай орчинг бүрдүүлж чадсан, хүүхдүүд ч аавтайгаа байх сонирхол нь илүү байгаа. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Т.Ариунболд, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хүүхдүүдийг эцгийнх нь асрамжинд үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Хандсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэж буй нэхэмжлэгч Т.Ариунболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Хандсүрэнд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Т.Ариунболд нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ. Л.Хандсүрэн миний бие Т.Ариунболдтой 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хайр сэтгэл, хүсэл зоригийн дагуу гэр бүл болон хүү, охин 2 хүүхэдтэй болсон. Үүнээс хойш 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн иргэний гэр бүлийн бүртгэлийн 1403 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн. Би 2007 онд охин А.Энэрэл, 2012 онд хүү А.Буянт-Ухааг төрүүлэн өсгөсөн. 2015 оны 2 дугаар сараас бид таарч тохирохгүй болж тусдаа амьдарч байгаа бөгөөд миний бие 2 хүүхдийн хамт Америк улсад ажил хийн амьдарч байгаад Монголд ирсэн. Т.Ариунболд нь Гэр бүлийн тухай хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн ... гэх үндэслэлээр буюу намайг 2004 оны 01-дүгээр сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний гэр бүлийн бүртгэлийн 0027 дугаартай баталгаагаар Монгол улсын иргэн Отгонбаяр овогтой Цогтдэлгэртэй гэрлэлтээ баталгаажуулсан байна гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 06-р сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэхүү хэрэг маргааныг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 01-р сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Би О.Цогтгэрэл гэдэгтэр хүнийг огт танихгүй. Миний бие нь 2000 онд АНУ-д 1 жил гаруй хугацаанд амьдарч байгаад ирсэн байсан. 2004 оны эхээр үл таних нэг хүн чи АНУ-руу яваад хугацаандаа ирсэн юм байна, 1 хүнтэй гэрлэлтээ батлуулчихвал тэр хүний виз гарах гээд байна гэж гуйхад нь би зөвшөөрөөгүй. Гэтэл миний регистрийн дугаарыг ашиглан 2004 онд О.Цогтдэлгэрийг надтай гэр бүл болгон харагдуулж визийг нь гаргасан гэж үздэг. Улмаар О.Цогтдэлгэр нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжпэлийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 101/ШШ2017/01276 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр тус гэрлэлтийг хуурамч гэрлэлт гэдгийг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн болно. Гэтэл 2017 оны 01-р сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 42 дугаар дүгнэлтээр иргэн Т.Ариунболд, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийн 1403 дугаартай бүртгэлийг хүчингүй төлөвт оруулж ХААТР-15 маягтад хүчингүй тэмдэглэгээ хийхийг дүгнэв гэсэн байдаг. Энэ талаар Улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргахад тухайн алдаагаа залруулж, дээрхи улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон. Иймд Т.Ариунболдын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.Ариунболдтой 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танилцаж, 2009 онд хуримаа хийсэн. Хамт амьдрах хугацаанд 2007 онд охин А.Энэрэл, 2012 онд хүү А.Буянт-Ухаа нар маань мэндэлсэн. Амьдарч байх хугацаанд Т.Ариунболд надад олон удаа гар хүрч зоддог байсан. Тиймээс би хоёр хүүхдээ авч гадагшаа гарсан. Т.Ариунболд надаас гадна 3 эхнэрийн 5 хүүхэдтэй. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Намайг өмнө нь О.Цогтдэлгэр гэж хүнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн талаар лавлагаа гарсан, гэхдээ би О.Цогтдэлгэр гэж хүнийг танихгүй, гэрлэж байгаагүй болохоор Т.Ариунболдтой бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл хүчин төгөлдөр байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ариунболд нь Л.Хандсүрэнд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Т.Ариунболд, Л.Хандсүрэн нар нь 2005 онд гэр бүл болсныг 2009 оны 10-р сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн 1403 дугаарт гэрлэснийг /хх 84, 98, 128/ бүртгэжээ.

 

Талууд 2005 оноос хамт амьдрахдаа 2007 оны 4-р сарын 26-ны өдөр охин А.Энэрэл, 2012 оны 07-р сарын 23-ны өдөр хүү А.Буянт-Ухаа нарыг төрүүлж өсгөсөн, харин энэ хугацаанд бие биенээ харддаг, зан харьцааны таарамжгүй байдал, хэрүүл маргаантай байсны улмаас 2015 оны 2-р сараас тусдаа амьдарч байгаа талаар талууд маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч ... Л.Хандсүрэн өмнө нь А.Цогтдэлгэртэй гэрлэсэн байхдаа надтай гэрлэсэн тул гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж маргасан бол хариуцагч нь А.Цогтдэлгэрийг танихгүй, гэрлэлтийг шүүх хүчингүй болгосон, Т.Ариунболдтой гэрлэсэн гэрлэлт хүчинтэй, бүртгэлтэй гэж маргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-т гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагат бүртгүүлэхийг, энэ хуулийн 9.1-д заасан харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр гэрлэж болдог, гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс гэрлэгчдийн эрх, үүрэг үүсдэг байна.

Лувсанцэрэнгийн Хандсүрэн нь Отгонбаярын Цогтдэлгэртэй 2004 оны 01-р сарын 05-ны өдөр гэрлэж Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн 27 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн /хх 129/ байжээ.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2017 оны 01-р сарын 07-ны өдрийн 42 тоот дүгнэлтээр ... Лувсанцэрэнгийн Хандсүрэн нь 2 гэрлэлт хүчинтэй төлөвт бүртгэлтэй байх бөгөөд ... дээрх 2 гэрлэлтийн бүртгэл нь Гэр бүлийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1-д өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол гэрлэхэд харшлах шалтгаан болно гэж заасныг зөрчсөн тус зөрчлийг арилгаж Тордайн Ариунболд, Лувсанцэрэн нарын гэрлэлтийн 1403 дугаартай бүртгэлийг хүчингүй төлөвт оруулж, ХААТР-15 маягтад хүчингүй тэмдэглэгээ хийхээр дүгнэсэн /хх 127-129/ байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1 дэх хэсэгт зааснаар өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол гэрлэхэд харшлах шалтгаан болох бөгөөд Т.Ариунболд, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийг 2009 онд бүртгэхэд О.Цогтдэлгэр, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийг 2004 онд бүртгэсэн бүртгэл хүчинтэй байжээ. Энэ нь хуулиар тогтоосон гэрлэхэд харшлах шалтгаан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болно.

 

Харин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01276 дугаартай шийдвэрээр О.Цогтдэлгэр, Л.Хандсүрэн нарыг ...гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн...үндэслэлээр гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон /хх 85-86/ нь Т.Ариунболд, Л.Хандсүрэн нарын гэрлэлтийг хүчинтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2018 оны 05-р сарын 22-ны өдрийн 1098 тоот Зөрчил арилгах тухай дүгнэлтээр /дүгнэлтийг архивын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн хувьтай харьцуулан шинжлэн судлав хх 140-143/...Б.Хандсүрэнгийн нэхэмжлэлээр шүүх О.Цогтдэлгэр, Б.Хандсүрэн нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцсон ...гэрлэлтийн бүртгэлийн зөрчил шүүхийн шийдвэрээр арилсан ... үндэслэлээр улсын байцаагчийн 2017 оны 01-р сарын 07-ны өдрийн 42 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, Тордайн Ариунболд, Лувсанцэрэнгийн Хандсүрэн нарын гэрлэлтийн 1403 дугаартай бүртгэлийг хүчинтэй төлөвт оруулж, ХААТР-15 маягтад зохих тэмдэглэгээг тус тус хийхээр дүгнэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1, 16-р зүйлийн 16.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нөгөө талаас, өмнөх гэрлэлтийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь дараагийн гэрлэлтийг хүчинтэйд тооцох үндэслэл болохгүйгээс гадна 1098 тоот дүгнэлтэд ...шүүхийн шийдвэрээр гэрлэлтийн бүртгэлийн зөрчил арилсан гэсэн дүгнэлт хийж улсын байцаагчийн 42 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон нь буруу, түүнчлэн дүгнэлтэд Б.Хандсүрэн, Л.Хандсүрэн гэж зөрүүтэй бичигдсэн, Л.Хандсүрэнгийн хүсэлтээр гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон гэсэн шүүхийн шийдвэрээс зөрүүтэй дүгнэлт хийснийг дурьдах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.3-т зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь энэ гэр бүлээс төрсөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхгүй, хүүхдийн эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлд зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамжийн асуудлыг хамт шийдвэрлэнэ, гэрлэлт цуцлаагүй байхад асрамжийн талаар шаардах эрх үүсэхгүй гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал нь Гэр бүлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.4-т гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 25- зүйлийн 25.3-т заасан эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй, 10-р зүйлийн 10.1-т хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн үүрэг, 10.2-т эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн хуулийн заалтуудтай зөрчилдсөн, хүүхдийн эрх ашигт нийцээгүй үндэслэл гэж дүгнэлээ.

 

Харин насанд хүрээгүй охин А.Энэрэл, бага насны хүү А.Буянт-Ухаа нарыг эцэг, эхийн хэнийх нь асрамжинд үлдээхийг шийдвэрлэхдээ эцэг Т.Ариунболд нь эрхэлсэн тодорхой ажилтай, хүүхдүүдийн сурах орчин нөхцөл, амьдрах орон байраар нь хангасан байдал, хүүхдүүд дассан орон гэртээ амьдрах нь эрх ашигт нь нийцсэн, аавтайгаа амьдарна гэсэн А.Энэрэлийн санал, ахуйн нөхцөл, бололцоо зэргийг харгалзан эцгийн нь асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэргийн 131-135 дахь талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-р зүйл, 135-р зүйлийн 135.2.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогтой Тордайн Ариунболд, Баярлах овогтой Лувсанцэрэнгийн Хандсүрэн нарын 2009 оны 10-р сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн 1403 дугаартбүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 04-р сарын 26-ны өдөр төрсөн охин А.Энэрэл, 2012 оны 07-р сарын 23-ны өдөр төрсөн хүү А.Буянт-Ухаа нарыг эцэг Т.Ариунболдын асрамжинд үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Хандсүрэнгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА