Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01845

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01845

 

 

 

 

Лояал фанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01150 дугаар шийдвэртэй, Лояал фанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Гандолгорт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 107 910 313,1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: А.Гандолгор нь Лояал фанд ББСБ ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-16/01 тоот гэрээ байгуулан 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-17/03 тоот гэрээ байгуулан 1 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй 50 000 000 төгрөгийг тус тус зээлж авсан. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүг төлсөн бөгөөд түүнээс хойш гэрээний үүргээ үл биелүүлж, холбоогүй алга болсон. Иймд ЗГ-16/01 тоот гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 19 852 172.75 төгрөг, 2017 оны 6 дугаар сараас хойш 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 сарын хүү болох 9 822 746.19 төгрөг, гэрээний 3.1.3, 6.3 дугаарт заасны дагуу зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдлийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүнд 1 662 855.66 төгрөг, нийт 31 337 774.6 төгрөг, ЗГ-17/03 тоот гэрээний дагуу үндсэн зээл 50 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 49 976 474 төгрөг, 2017 оны 6 дугаар сараас хойш 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 8 сарын хүү болох 21 927 868.41 төгрөг, гэрээний 3.1.3, 6.3-т заасны дагуу зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдлийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүнд 4 668 196.09 төгрөг нийт 76 572 538.5 төгрөг буюу 107 910 313.1 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Гандолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Лояал фанд ББСБ ХХК-аас 70 000 000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөө бололцоогоороо төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Гандолгороос зээлийн үүрэгт нийт 107 910 313.1 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Лояал фанд ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгч Лояал фанд ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697 502 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Гандолгороос улсын тэмдэгтийн хураамжид 697 502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Лояал фанд ББСБ ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Гандолгор давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 11 485 605 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч А.Гандолгор намайг оролцуулалгүй, шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллага нь зээл олгохдоо ямар нэгэн байдлаар зохих журмын дагуу зээл судалж олгоогүй ба миний зүгээс Лояал фанд ББСБ ХХК-аас зээл хүсээгүй бөгөөд өөрийн найз н.Бямбадоржоос 70 000 000 төгрөг зээлсэн. Харин 20 000 000 төгрөгийг хүүгүй зээлсэн. Зээл авахдаа гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд сүүлд н.Бямбадорж ирж, 1 нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Бидний зүгээс Лояал фанд ББСБ ХХК-аас зээл авсан талаар мэдээгүй. Гэтэл Лояал фанд ББСБ ХХК-ийн зүгээс их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 50 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй зээлсэн үйл баримтын талаар маргахгүй ба 20 000 000 төгрөгийн хүүтэй зээлэх талаар тохиролцоогүй учраас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 96 424 708 төгрөгийг А.Гандолгороос гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Лояал фанд ББСБ ХХК нь хариуцагч А.Гандолгорт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107 910 313 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Лояал фанд ББСБ ХХК нь А.Гандолгортой 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-16/01 тоот гэрээ байгуулан 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-17/03 тоот гэрээ байгуулан 1 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй 50 000 000 төгрөг, нийт 70 000 000 төгрөг зээлсэн үйл баримт зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 10-11, 13-14 дүгээр тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан. Зээлийн гэрээний 2.1.6-д Зээлийн төлбөр гэж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг, 3.5-д ... Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжлэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй, 3.1.3-т Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд ... үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн болон гэрээний дээрх заалтуудыг зөрчөөгүй байна.

Шүүх үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107 910 313 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд хариуцагч зээлийн төлбөрийн тооцоололд маргаагүй болно.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний 4.2.4-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй юм.

Гэрээний хугацаа 2017 оны 02 сарын 28-ны өдөр, 2017 оны 03 сарын 02-ны өдөр тус тус дуусгавар болсон боловч хариуцагч А.Гандолгор нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай, үндсэн зээлийн үлдэгдэл 69 828 646/ 19 852 176+49 976 474/ төгрөг, зээлийн хүү 31 750 614 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 331 051 төгрөг, нийт 107 910 313 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон./хх-ийн 18-19 дүгээр тал/

Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 171 353 төгрөг, хүүгийн төлбөрт 9 597 669 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 103 376 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, харин зээлийг банк бус санхүүгийн байгууллагаас авсан эсэх болон 20 000 000 төгрөгийг хүүтэй зээлсэн эсэх талаар маргаантай байна. Хариуцагч зээлийг хувь хүнээс зээлсэн, 11 485 601 төгрөгийн зээлийн хүү төлөх үндэслэлгүй гэх гомдол гаргажээ.

Хариуцагч шүүгчээс тогтоосон хугацаанд тайлбар, түүнийг нотлосон баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Түүнчлэн зээлийг банк бус санхүүгийн байгууллагаас бус хувь хүнээс авсан болон хүүгүй зээлсэн гэх хариуцагчийн тайлбар гомдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй. Хэргийн 10-11, 13-14, 16,17 дугаар талд авагдсан зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаас үзвэл зээлийн гэрээ Лояал фанд ББСБ ХХК, А.Гандолгор нарын хооронд байгуулагдсан, нэхэмжлэгч байгууллагын өөрийн данснаас хариуцагчийн Хаан банк дах 5015005870 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг нь нотлогдсон ба эдгээр баримтаар түүний дээрх гомдол үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Мөн шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн, /хх-ийн 39 дүгээр тал/ тэрээр хуралдааны товыг мэдсэн болохоо баталж өөрийн гарын үсгийг зурсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, хэргийн баримтаар зохигчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ