Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0229

 

Х.О-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.О-ы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.О-ы 2016 оны ээлжийн амралтыг олгоогүй эс үйлдэхүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтийг шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож,  Х.О-ы 2016 оны ээлжийн амралтын олговор, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тус тус тооцож Х.О-д олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тушаал гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хэрэгт авагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын хавсралтад “Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоог баталсан байх бөгөөд харин хариуцагчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт, гуравдагч этгээдийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр томилсон тушаалд дурдсан “Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажлын байр батлагдаагүй байхад үүнд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэгчид олговор олгуулахаар шийдвэрлэсэн атлаа ажилд эгүүлэн томилох нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь шийдвэрийн үндэслэх хэсэг нь агуулгын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн. Мөн хичнээн төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг шийдвэрт үнийн дүнгээр тусгаж өгөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар захиргааны байгууллагын улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролын үнийн дүнг тодорхойлоогүй, ямар журмыг үндэслэн цалин хөлсний дунджийг тодорхойлох хууль зүйн үндэслэлийг зааж өгөөгүй нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох нэхэмжлэгчид учирсан хохирлын үнийн дүн дээр хэргийн оролцогчид маргах эсэх асуудлыг шүүх хуралдааны явцад тодруулаагүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Энэ нь цаашлаад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа гүйцэтгэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэх, иргэний хэргийн шүүхэд дахин хандах нөхцөл байдлыг бий болгосон байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэрнээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн төлүүлэхээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна. Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод үндсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэвэл зохих ажил үйлчилгээний 75%-ийг эзэлж байсан бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод үндсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэвэл зохих ажил үйлчилгээний 15%-ийг эзэлж байгаа нь нэхэмжлэгч Х.О-ы Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл “Ажил, үүрэг гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэснийг үгүйсгэж байна. ...Нэхэмжлэгч нь хариуцагчаас өргөдлийг судлан шийдвэрлэхээр хугацаа сунгасан талаар мэдэгдээгүй тохиолдолд өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар гомдлоо хуульд заасан өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш буюу хариуцагч байгууллага өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дараа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмыг биелээгүй байна. Нэхэмжлэгч Х.О нь хариуцагчийн өргөдөл шийдвэрлээгүй эс үйлдэхүйн талаар гомдлоо Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр буюу хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан. Хуульд заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн эсэх талаар нэхэмжлэгч тайлбарлаагүй. Мөн нэхэмжлэгч Х.О-ы ажлын байрыг хэвээр хадгалж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтний албан тушаалд томилох эрх Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын бүрэн эрхэд байхгүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тооны бүтцийг баталсан. 2016 оны бүтцээр Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг дээр Хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг нэмж нэтгэсний улмаас нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан тул ажиллуулах боломжгүй. Нэхэмжлэгч Х.О-ыг адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн томилвол гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө. Бүтцийн өөрчлөлтөөр, ажлын байргүй ажилтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлын санал тавих ёстой. Үүний дагуу бид нэг цонхны үйлчилгээнд мэргэжилтэн ТЗ-5 шатлалаар, мөн ТҮ-7 шатлалаар гэрээт байнгын ажилтнаар ажиллах санал тавьсан боловч татгалзсан. Мөн манай аймаг нь уг гэрээт ажилтныг байнгын ажил болгоно гээд санал тавьж шийдвэрлүүлсэн. Ингэхэд Х.О-ыг уг албан тушаалд томилсон тушаалын төсөл, эвлэрлийн гэрээтэй танилцуулсан боловч нэхэмжлэгч Х.О нь хүлээн зөвшөөрөөгүй. Шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос 2 заалт нь орсон. Нэхэмжпэгчийн хувьд жирэмсний амралтаа авахдаа дотоод журамд заасны дагуу өргөдөл бичиж, даргаасаа зөвшөөрөл аваагүй, ажил хүлээлцсэн акт байхгүй. Мөн байгууллага татан буугдаж байхад эргэж уулзах ёстой байсан. Гэтэл Х.О нь 2016 оны 12 сард ээлжийн амралтаа авна гэж хүсэлт өгсөн боловч төсвийг нь шинээр батлахдаа 47 орон тоотойгоор батлагдаж ирсэн учир Х.О-д амралтын мөнгийг олгох төсөв ирээгүй. Нэхэмжлэгч Х.О-ыг ажил албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй байхад түүнд ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэд тодруулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Х.О нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “2016 оны ээлжийн амралтыг олгоогүй эс үйлдэхүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтийг шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож,  2016 оны ээлжийн амралтын олговор, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс учирсан хохирол болох 2 дугаар сараас хойш хугацааны цалин гаргуулах, урьд эрхэлж байсан Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоохыг тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж байгаа нь тодорхой байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтийг шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон атлаа Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасантай нийцээгүй.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтыг захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах хэлбэрээр шүүхийн шийдвэр гарна гэж ойлгох бөгөөд эс үйлдэхүй болон даалгах шаардлагууд нь дангаар шийдвэрлэгдэх боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагыг Х.О-д өөр ажил олж өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа ямар ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах боломжтой эсэхийг шалгаж тогтоогоогүй нь буруу байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Зүй нь шүүх дараах ажиллагааг хийж хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой байжээ. Үүнд:

Нэхэмжлэгч нь шинэ бүтцэд тухайн нэрээрээ батлагдаагүй Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн /хэрэгжих боломжгүй шаардлага/ нэхэмжлэл гаргасан байхад уг шаардлагыг тодруулж тухайн шаардлагыг шийдвэрлэх.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоог баталсан байхад ямар учраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоо бий болж ажлын байрны тодорхойлолт үйлдэгдсэн талаар тодруулах.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална” 35.1.4 “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж заасан байхад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан орон тоон дээр өөр ажлын байрны чиг үүргүүдийг нэмж нэгтгээд орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа нь эрх зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх.

 Хуучин бүтцээр Манхан сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Амгаланшоог нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг шилжсэн гэх албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцэж байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар “2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс учирсан хохирол болох 2 дугаар сараас хойш хугацааны цалин гаргуулах” шаардлага гаргасан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх…” гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан гэх хохирлын хэмжээ тодорхой байхыг анхаараагүй.

Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, хэрэгт авагдсан баримтаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               

                              

 

                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

                       ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА    

                       ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН