Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 21

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 5-р баг, Буянт 3-р гудамжны 01 тоотод оршин суух, иргэн Х.О-ны нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох,

       Гуравдагч этгээд: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62-39750 тоотод оршин суух, иргэн Ж.А

       2016 оны ээлжийн амралт олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, мөн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий ажил албан тушаалд томилохыг болон мөн 2017 оны 9 дүгээр сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгуулах, хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирол 9972420 төгрөг гаргуулах тухай шаардлагуудтай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, Д.Эрдэнэчимэг, хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд Ж.А, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.О миний бие 2015 оны 01 сараас эхлэн Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016.08.01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралтын хугацаа дууссан учир 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах хүсэлтээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. ээлжийн амралт олгох эсэх талаар хариу өгөхгүй байсан тул тус газарт 2017.02.01-ний өдрөөс ажилдаа орох тухай хүсэлтийг 2017.01.19-ний өдөр бичгээр гаргасан боловч “түр хүлээж бай” гэсэн хариу амаар өгсөн боловч өнөөдрийг хүртэл ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байна. Очиж уулзахад хоёр хэлтэс нийлсэн тул орон тоо цомхотгосон гэсэн хариуг мөн амаар өгдөг. Хоёр хэлтэс нийлсэн боловч миний хийж байсан Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо одоог хүртэл байгаа бөгөөд өөр хүн ажиллаж байна. Тухайн үед миний оронд ажиллаж байсан хүн хоёр хэлтэс нэгдэхэд тэтгэмжээ аваад ажлаасаа гарсан байдаг. Харин намайг ажлаас чөлөөсөн болон ажлаас халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Энэ тухай гомдлоо Ховд аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2017.04.16-ны өдөр гаргасан боловч таны өргөдлийг Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн гэсэн хариуг 2017.04.18-ны өдөр өгсөн. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл нь таны өргөдлийг харьяалах салбар зөвлөл буюу Ховд аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд шилжүүллээ гэсэн хариуг 2017.05.09-ний өдөр шуудангаар ирүүлсэн байна. Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс шилжүүлсэн миний өргөдлийг 2017.05.06-ны өдөр хүлээн авсан байдаг ба энэ тухай албан бичиг хүлээн авсан бүртгэлдээ тэмдэглэсэн байна. Төрийн байгууллага албан тушаалтан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд иргэдийн өргөдлийг төрийн байгууллага 30 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хугацаа сунгах тохиолдолд өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн болон хугацаа сунгасан эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүй байна. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь төрийн албан хаагч миний бичгээр гаргасан өргөдөл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийддэггүй, хуульд заасны дагуу ажлын байрыг хадгалаагүй, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, хууль бусаар орон тооны цомхтголд оруулсан, ээлжийн амралтыг олгоогүй, төрийн албан салбар зөвлөлүүд нь харьяалах асуудлын талаар маргадаг, хугацаа алдуулдаг зэрэг үйлдлүүдээс болж иргэн миний хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй Төрийн албаны тухай  хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж байна.

      Иймд миний “2016 оны ээлжийн амралт олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, мөн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий ажил албан тушаалд томилохыг даалгуулах, хариуцагчийн жжлжийн амралт олгоогүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүйн улмаас учирсан хохирол / 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл авах ёстой байсан цалин, хөлс 9530039 төгрөг,  төгрөг, амралтын нөхөн олговор 376127 төгрөг/ нийт 9972420 төгрөг гаргуулах мөн 2017 оны 9 дүгээр сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

     Нэхэмжлэгч Х.О-ны өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн эхний нэхэмжлэлийн шаардлага нь “Х.О-д 2016 оны ээлжийн амралт олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох  шаардлага байгаа. Ер нь хоёр байгууллагыг нэгтгэх үйл явц нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн тогтоол байгаа. Энэхүү тогтоолоор Засгийн газрын зарим агентлагуудыг татан буулгаж, нэгтгэх арга хэмжээ авах тогтоол гарсан байдаг. Халамжийн үйлчилгээний ерөнхий газар, хөдөлмөрийн ерөнхий газрыг нэгтгээд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэсэн Засгийн газрын агентлагийг байгуулах шийдвэр гарсан байгаа. Уг Засгийн газрын тогтоолын дагуу 2 байгууллага нэгтгэгдээд “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар” гэсэн Засгийн газрын агентлаг байгуулагдсан байдаг. Үүний дагуу Ерөнхий газрын даргын тушаалаар аймаг, нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тоо бүтцийг баталсан байдаг. Энэ хугацаанд Х.О нь Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байх үедээ хуульд заасны дагуу жирэмсний амралт авсан байдаг. Ингээд 2 байгууллага нэгтгэгдсэний дагуу Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудын орон тоо бүтэц цалингийн санг ерөнхий газрын даргын тушаалаар шинээр зохион байгуулагдсан Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн байдаг. Үүний дараа Х.О-ны жирэмсний амралт дууссан тул үргэлжлүүлэн ээлжийн амралтаа авах хүсэлтийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад бичгээр өгсөн байдаг. Хоёр байгууллагыг нэгтгэх нь үйл ажиллагааг нь зогсоогоод бүтэц орон тоог нэгтгээд нэг байгууллага бий болгож байгаа асуудлыг хэлж байгаа. Түүнээс биш байгууллага татан буугдаад орон тооц бүтцийн хамт үгүй болж байгаа асуудал яригдахгүй. Хөдөлмөрийн амралт тооцох аргачлал журам 55-р тушаалаар батлагдсан журам байдаг. Энэхүү журмаар өмнөх ажиллаж байсан байгууллагаасаа ээлжийн амралтаа авч чадаагүй бол үйл ажиллагаа чиг үүрэг бүтцийн хувьд нийлүүлэн нэгтгэгдсэн шинэ байгууллагаас ээлжийн амралтыг үргэлжлүүлэн олгоно гэсэн зохицуулалт байгаа. Энэхүү зохицуулалтын дагуу Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хуулиар хүлээсэн үүрэгтэй боловч ээлжийн амралтыг тооцож олгоогүй учраас 2016 оны ээлжийн амралт олгоогүй эс үйлдэхүй нь хууль бус байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ээлжийн амралтын нөхөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага уялдан гарч байгаа. Дараагийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтийг шийдээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа нь хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хариуцагч хариу тайлбараа гаргасан байгаа. Х.О-ны өмнө нь ажиллаж байсан орон тоо байхгүй болсон гэсэн тайлбарыг ирүүлдэг. Байгууллага нэгтгэгдэх талаар урьд тайлбарласан байгаа. Төрийн албаны тухай хуулинд зааснаар нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан тушаалтан. Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй хөдөлмөрийн бусад харилцааг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэсэн иш татсан заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн хуулийн зохицуулалтай байгаа. Ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байна гэдэг нь хууль зүйн агуулгын хувьд ажлаас халсантай адилтгаж ойлгоно. Х.О-ны хувьд Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын ажлаас халсан чөлөөлсөн тушаал байхгүй байдаг. Ийм учраас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал шийдвэр гараагүй байхад ажлыг нь гүйцэтгүүлэхгүй байна гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл байдаг. Х.О жирэмсний амралтаа дуусаад хүүхэд асрах чөлөөгөө авах хүсэл зоригийг илэрхийлээгүй гэж мөн хариуцагч талаас үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар бол жирэмсний амралтаа дуусгаад 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асрах, чөлөө авах эрх нь хуулиараа олгогдсон байдаг. Гэхдээ Х.О нь өөрөө шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш учраас өөрөө, өөртөө хүүхэд асрах чөлөө олгох тушаал гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр орон тоо бүтцийн хувьд шилжээд ирчихсэн нэг ажилтаны жирэмсний амралтын хугацаа дуусаад ээлжийн амралтаа авах хүсэл зоригоо илэрхийлсэн байхад ээлжийн амралтын асуудлыг шийдээгүй үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө олгох эсэх асуудлыг байгууллага шийдээгүй үйлдэл нь хууль бус үйлдэл юм. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч байгууллага Х.О-ыг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэх баримт нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулж хэрэгт баримтаар өгсөн баримт байгаа. Энэхүү баримтаар нийгмийн даатгалын дэвтэр дээр Х.О-ны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний байгууллага нь 2017 оны 9 сар хүртэл хуулинд нийцүүлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөлтийг хийж байсан нь Х.О-ны хүүхэд асрах чөлөөтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан үйлдэл байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. Мөн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалт томилуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. Х.О-ны ажиллаж байсан албан тушаал энэ нэршилээр батлагдаж ирсэн нь нотлогдсон болохоор ажилд зуучлал гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн асуудал биш юм. Ингээд хариуцагч байгууллагаас баримтыг ирүүлэхдээ зөвлөгөө өгөх, зуучлал хариуцсан мэргэжилтэн дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан гэсэн үг нэмээд оруулаад ирдэг. Гэтэл Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын хэрэгжүүлэх эрх үүргийг холбогдох хууль тогтоомжоос харахад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад өөрөө бүтэц орон тоогоо батлах эрх хуулиар олгогдоогүй байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан гэдэг үгийг өөрсдөө нэмсэн үгүйг тайлбарлах байх. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар бүтэц орон тоог батлахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад байгаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоог баталж өгсөн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байгаа. Гуравдагч этгээдийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан шаардлага болох албан тушаал дээр ажиллаж байгаа юм байна. Ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэх асуудал нь өмнө нь гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэг шинээр батлагдаж нэршил өөрчлөгдсөн ажлын байр тэр хэвээр хадгалагдан үлдсэн. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн энэ ажлын байрны тодорхойлолтыг харахад өмнө нь нэхэмжлэгчийн ажил үүрэг гүйцэтгэж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан албан тушаалтны ажлын байрны чиг үүрэг тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн. Одоо ажиллаж байгаа гуравдагч этгээдийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны тодохойлолтыг харахад зөвхөн нэг сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцаж ажиллаж байсан байдаг. Нэхэмжлэгч Х.О-ны өмнө нь ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт, гуравдагч этгээдийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан дүгнэж үзэхэд Х.О-ны өмнө нь гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг шинээр өөрчлөгдөн батлагдсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан ажлын байрны тодорхойлолтонд чиг үүрэг тэр хэвээр хадгалагдан үлдсэн байдаг. Харин гуравдагч этгээдийн өмнө нь ажиллаж байсан Манхан сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүргийн хувьд явцуу хамрах хүрээний хувьд зөвхөн нэг сумыг хариуцан ажиллаж байсан гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Ийм учраас Х.О-ны ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Х.О-ны Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд томилуулахаар даалгахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн албаны тухай хуультай нийцэж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

       Дараагийн шаардлагын тухайд ээлжийн амралт олгоогүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс учирсан хохирол 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хойшхи цалин, амралтын мөнгийг хариуцагчаас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа тооцооллыг гаргасан байдаг. Ээлжийн амралтын тооцооллоор өмнөх ээлжийн амралтаас дараагийн ээлжийн амралт авах хүртэл хугацааг тооцож гаргасан байгаа.

     Ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс өөрт учирсан хохирол гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хугацааны хувьд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи гэж тооцсон нь 2017 оны 02 дугаар сарын 01-нээс ажилдаа оръё гэж хүсэл зоригоо илэрхийлсэн учраас тухайн өдрөөс энэ өдөр хүртэл тооцоолон гаргасан байгаа. Өнөөдрийн байдлаар ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, ээлжийн амралт олгоогүйгээс учирсан хохирол 9,972,420 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч байгууллагаас ажил үүрэг гүйцэтгүүлээгүй үеийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хэрэгт авагдсан баримтанд тулгуурлаад 2017 оны 8 сарыг дуустал хариуцагч байгууллага Х.О-ны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон байгууллага төлөөд явж байсан байгаа. Иймд эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлээ 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийн шүүх хуралдааны өдрийг хүртэл олгогдвол зохих цалин хөлсөөр тооцон олгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Өмнө нь ажил үүрэг гүйцэтгэж байхдаа авч байсан цалингийн дунджаар тооцоолон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 5 дугаар сарын 05-ны өдрийн 55-р тушаалаар батлагдсан журмыг үндэслэн дундаж цалин хөлсөө тодорхойлж сард ногдох дундаж цалин хөлс, 1 хоногт ногдох дундаж цалин хөлсөөр тодорхойлж үндэслэлтэй гаргасан. Төрийн захиргааны байгууллагын хувьд бүх үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хууль чиг үүрэг нь хэрэгжиж байгаа тухайн салбарынхаа холбогдох хууль тогтоомж, яамнаас баталсан хэм хэмжээ тогтоосон актууд хууль тогтоомжид нийцсэн дотоод дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа нь явагдах ёстой. Х.О нь тухайн байгууллагад бүтэц орон тоо болон цалингийн сантайгаа шилжиж очсон байгаа. Гэтэл ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлдэггүй. Өөрт нь эрх олгогдоогүй байхад ажлын байрны чиг үүргийг өөрчилж оруулж ирж байгаа нь холбогдох хууль тогтоомжоо зөрчсөн асуудал гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж бүхэлд нь дэмжиж байна.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 53-р тушаалаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмийн хэлтсийг нэгтгэсэн байдаг бөгөөд ажилтнуудын орон тоог цөөрүүлээгүй гэж үзэхээр байдаг. Тухайн үед Х.О нь жирэмсний амралттай байсан бөгөөд жирэмсний амралтын хугацаа дуусаад 2017 оны 02 дугаар сарын 01-нээс ажилдаа эргэж орох гэхэд ээлжийн амралтыг нь өгөөгүй ажилдаа орох гэхэд нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж өнөөдрийг хүргэсэн. Ажилтны хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн, хохироосон эс үйлдэхүй явагдаад байна гэдэг үндэслэлээр эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад хандан ажилдаа орох хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж тодорхой арга хэмжээ аваагүй. Ийм учир Х.О-ны гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.О-ны ээлжийн амралтыг нь олгохгүй байгаа. Төрийн байгууллагуудыг нэгтгэж бүтцийн өөрчлөлт хийгдэн орон тоо хасагдсан, цөөрсөн тохиолдолд байгууллагын зардлаар сургах, өөр ижил төрлийн ажилд авч ажиллуулахаар Төрийн албаны тухай хуульд тусгагдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажлаас халахгүй гэсэн заалтыг зөрчиж Х.О-ны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Хариуцагчийн зүгээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж уг орон тоо байхгүй болсон гэж тайлбарладаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн гэж батлагдаж ирсэн. Х.О-ны урьд эрхэлж байсан ажил дээр ажилд зуучлал гэсэн нэршил нэмэгдсэн байгаа учраас Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

       Хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.О-ны нэхэмжлэлийн 4 шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгч Х.О-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед ажлын байрны санал тавьсан боловч нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Б 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан. Мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг харгалзан үзэж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүргийг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод нэмж баталж өгсөн. 2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний албан тушаалд хуучин бүтцээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Нямхүү ажиллаж байсан. Энэ хугацаанд Ж.А нь Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжих хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн хийж байсан гэжээ.

       Хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О-ны хувьд Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаад жирэмсний амралт авахдаа тухайн үеийн удирдлагадаа мэдэгдээгүй, өргөдөл хүсэлт өгөөгүй, ажлаа хүлээлцээгүй гэх мэт зүйл байхгүй. Хөдөлмөрийн хэлтэс, халамжийн хэлтэс нэгдээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон. Энэ нь дотроо захиргаа удирдлагын хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй болсон. Хуучин Хөдөлмөрийн хэлтэст 24 ажилтан албан хаагч ажиллаж байсан. Харин одоо хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст даргаасаа тусдаа 5 мэргэжилтэн ажилладаг. Өмнө нь төсөл хөтөлбөр хариуцсан 3 мэргэжилтэн байсан бол одоо 2 мэргэжилтэн ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн хэвээрээ, бусад 20 мэргэжилтэн нь 2 хүний ажлын байран дээр хуваагдаж явж байгаа. Монгол Улсын Засгийн газраас баталсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний яамны чиг үүрэг нь өөрчлөгдөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай болсон. Яамны чиг үүргийн дагуу халамж үйлчилгээний газар, хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс хөдөлмөрийнхөө асуудлыг дангаараа хариуцаж авч явж байгаа. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэний ажлын байран дээр зуучлалаа хариуцдаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаа хариуцдаг, ажил мэргэжлийн чиг баримжааг олгодог, шилжилт хөдөлгөөн давхар хариуцдаг, сургалтаа хариуцдаг, мөн 21 аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар байдаг. Түүний 8 аймагт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв гэж бий болсон. Энэ төв нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний дэргэд байдаг. Энэ төвийн үйл ажиллагааг мөн хариуцаж энэ төвд ирж байгаа залуучуудад зөвлөгөө мэдээллийг бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр өгч хөдөлмөрийн асуудлын статистикийн тоо баримт гаргадаг, е-баримтын үйлчилгээ үзүүлдэг гэсэн ажлын байрыг хариуцдаг байгаа. Ингээд хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаад жирэмсний амралт авсан Отгонбаяр, Одгэрэл нар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргатай уулзсан байдаг. Жирэмсний амралттай байгаа ажилд орох эсэх талаараа асууж зөвшилцөөд та 2-ыг ямар нэгэн байдлаар ажлын байраар хангана хугацаа болохоороо хүрээд ирээрэй гээд явсан байгаа. Нийгмийн халамжийн хэлтсээс Даваажаргал гэж хүн жирэмсний амралтаа авсан байсан учраас мөн тухайн үед ирж зөвшилцөж уулзаж ярилцсан байгаа. Х.О-ны хувьд ямар нэгэн байдлаар огт ирж уулзаагүй, мэдэгдээгүй, амралттай байсан талаар мэдэгдээгүй байгаа. Ээлжийн амралтын хувьд 120 хоногийн хугацаа өнгөрчихсөн. Өөрөөр хэлбэл ээлжийн амралт олгох хугацаа өнгөрсөн. Мөн төсөв дээр ээлжийн амралтын илүү зарлага суугдаагүй байгаа. Х.О-нд эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан байгаа. Нэхэмжлэгчийн талаас тавьсан бүх шаардлагыг биелүүлсэн эвлэрлийн гэрээг байгуулахыг санал болгосон байдаг. Гэтэл эвлэрэх боломжгүй гэсэн. Дараа нь 3 ч ажлын байрны саналыг тавьсан байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд загвар төвийн ажилтнаар авч ажиллуулъя гэхэд зөвшөөрөөгүй. Дараа нь 2017 оны 12 сарын 03-нд тус төвийн захиргааны ажилтнаар цалингийн шатлалыг бууруулахгүйгээр ажиллуулъя гэхэд ажиллахгүй гэсэн. Жаргалант сумын хөдөлмөр халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн ТЗ-5 зэрэглэлээр цалинждаг өмнө нь авч байсан цалингийн өөрчлөлтгүй байсан боловч мөн ажиллахгүй гэсэн хариу өгсөн. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, зуучлал хариуцсан мэргэжилтэн нь олон ажил давхар хариуцдаг өргөн цар хүрээтэй ажил байгаа. Урьд Х.О нь ерөнхий мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгдөг байсан бол одоо өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг ялгаатай байгаа учраас ажлын байрны орон тоо байхгүй гэж үзэж байна гэв.

      Гуравдагч этгээд Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А миний бие улсад 23 жил ажиллаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 3 дахь жилдээ ажиллаж байна. Хуучин нэрээр Хөдөлмөрийн хэлтэст сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр байгаад 2016 онд 2 яам нэгдсэнтэй холбогдуулан орон тоо бүтцийн өөрчлөлтөнд орж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/79 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр, 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

       Миний хийж байгаа ажил урьд нь Хөдөлмөрийн хэлтэс гэж байхад Ажлын байрны зуучлал хариуцсан мэргэжилтэн, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, ХАБЭА хариуцсан мэргэжилтэн гэсэн гурван мэргэжилтний ажлын байрууд байсан бөгөөд орон тоо, бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж дээрхи ажлууд нэгтгэгдэж шинэ орон тоо болсон. Өөрөөр хэлбэл Х.О нь зөвхөн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байсан бол одоо би энэ орон тоон дээр ажиллахдаа Ажлын байрны зуучлал, АМЧБО, ХАБЭА хариуцсан ажил үүргийг гүйцэтгэж шинэ орон тоон дээр ажиллаж байгаа гэж бодож байна. Энэ утгаараа би хүний ажил хийж байгаа гэж бодохгүй байна. Би ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Ажлын байрны зуучлал, АМЧБО, ХАБЭА хариуцсан үйлчилгээг 16 суманд хариуцаж ажлын байрны зуучлал, бүртгэл мэдээлэл цахим үйлчилгээг үзүүлдгээрээ илүү давуу талтай.  Миний ажиллаж байгаа ажлын байр нь Х.О-ны урьд эрхэлж байсан ажлаас өөр болсон. Хуучин ажлын байран дээр чиг үүрэг маш их нэмэгдсэн. Одоо миний эрхэлж байгаа ажлыг өөр өөр хүн хийж байсан гэдгийг хэлмээр байна.

        Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн 3 хүний хийж байсан ажлыг ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу хийж байгаа. Ерөнхийдөө олон хүний хийж байсан ажил нэгтгэгдээд шинэ ажлын орон тоо бий болоод хийж байгаа гэж үзэж байна. Х.О хэлэхдээ нэг суманд хийж байсан ажил явцуу байсан 16 сум хариуцаж ажиллаж байсан гэж хэлдэг. 16 сум хариуцаж байсан ажил нь ажил мэргэжлийн чиг баримжаа өгөх үйлчилгээг 16 суманд хариуцаж явуулж байсан болохоос суманд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх чиг баримжаа үзүүлэхээс гадна нэмээд ажлын байрны зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, харилцаа, бүртгэл мэдээллийн цахим үйлчилгээ гээд хөдөлмөр эрхлэлтийг цогц үйлчилгээг үзүүлж байсан учраас давуу талтай байсан гэж үзэж байна.. Орон нутгийн хэмжээнд эрэлт нийлүүлэлтийн байдлын талаарх судалгаа гаргаж дүн шинжилгээ хийдэг. Ажил хайгч иргэн ирвэл ажилд авч болзошгүй иргэдийг бүртгэж мэдээлэлжүүлээд ажилд ороход нь зөвлөгөө өгч ажлын байранд нь зуучлаад цогц үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн тухайн иргэнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэж юу болох, яаж ажлын байран дээр зөв эрүүл аюулгүй ажиллах талаар зөвлөгөө өгнө, хөдөлмөрийн харилцаа талаас нь зөвлөгөө мэдээлэл өгдөг. Тэгэхээр ажилгүй хүнийг ажилд аваад бүх цогц үйлчилгээг нэг хүн хийж байгаа. Урьд нь бол зөвлөгөө мэдээллийг чиг баримжаа гэдэг ойлголтоор өгч байсан гэж ойлгож байгаа. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн загвар төвд ажилладаг. Дээрээс нь хөдөлмөр эрхлэх төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах үйл явц болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг бүгдийг нь хийж байгаа. Тиймээс зөвхөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажил биш хөдөлмөр эрхлэлтийг цогцоор нь хамарч хийж байгаа шинэ ажлын байр бий болсон гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргаж байна. Ажлын байрны чиг үүрэг шилжсэн гээд байгаа. Харин ч ажлын байрны чиг үүрэг маш их нэмэгдсэн байгаа. 2017 оны 2 сарын 01-ний өдрөөс энэхүү ажлыг авсан. Тэгэхээр эдгээр олон хүний ажил нэгтгэгдээд миний ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил бий болсон гэж үзэж байна. Чиг үүргийнхээ дагуу ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил хийж байгаа. Ажлын байрны шаардлага стандартад нийцүүлж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ явагдах ёстой. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний дагуу 2 сертификат авсан. Эндээс ажлын байрны туршлага стандартын үйлчилгээг хэрхэн хангаж үйлчилгээ үзүүлж байгааг нотлох үүднээс нотлох баримтаар өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

     Гуравдагч этгээд Ж.А-ийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа ээлжийн амралт олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтооолгох, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтийг шийдээгүй ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 2 сарын 01-ний өдрөөс ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс учирсан хохирол болох 2017 оны 2 сараас хойшхи цалин, 2016 оны амралтын мөнгө, улсын тэмдэгтийн хураамжийн хамт олгох тушаал гаргахыг даалгах, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тушаал гаргахыг даалгах гэсэн 4 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Сүүл 7 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан гэж ойлголоо. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нэхэмжлэлээ ойлгомжтой байдлаар тайлбарлаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт нэхэмжлэгч өөрийнхөө зөрчигдсөн эрх ашгийг ямар ажлын байр ямар албан тушаал дээр ажиллах ёстой байсан эрх ашиг хөндөгдөж зөрчигдөөд байгаа гэдгээ шүүхэд тайлбарлахгүй байна. Үүнээс болж хариуцагч болон гуравдагч этгээдэд энэ байдал нь ойлгомжгүй болчоод өмнөөс нь гаргаж байгаа тайлбар нь шүүхэд ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. Ажлын байрны тодорхойлолт бүтцээрээ Х.О-ны эрхэлж байсан ажил албан тушаал өөрчлөгдсөн байгаа. 2016.01.22-ны өдрийн А/17 дугаартай Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын тушаал байгаа. Энэхүү тушаал дээр аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал дээр Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн орон тооны бүдүүвч уг тушаалын 19-р хавсралт дээр байна. Энд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаал юу бэ гэхээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн 1 гэсэн байгаа. Энэ ажил албан тушаал дээр ажиллаж байсан гэж миний хувьд ойлгож байна. Гэтэл дээрх сайдын тушаал дээр ажилд зуучлагч, ажил хайгч ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалга, бүртгэл тайлан хариуцсан мэргэжилтэн 2, хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн 1 гэсэн байна. Ингэхээр 4 мэргэжилтэний хийж байсан ажлын байр байгаа. Өнөөдөр ажлаас чөлөөлж ажилд шилжүүлэх тухай тушаал хүчин төгөлдөр байгаа. Яагаад гэвэл энд миний эрх ашиг хөндөгдөж зөрчигдлөө гэж нэхэмжлэгч Х.О шүүхэд хандаагүй учраас 2016.08.17-ны өдрийн Б/18 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэх тухай тушаал хүчин төгөлдөр байна гэж үзэж байна. Нийтдээ 22 хүнийг Хөдөлмөрийн хэлтсээс чөлөөлсөн байгаа. Ингээд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 4 орон тоо бүтцээрээ орж ирсэн байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс 6 орон тоотойгоор батлаад хэлтсийн дарга, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хариуцсан мэргэжилтэн, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг ажлын байрны тодорхойлолтоороо хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нэмж оруулсан байгаа. Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн, гадаад харилцаа төсөл хариуцсан мэргэжилтэн гэсэн Хөдөлмөрийн хэлтсээс 6 орон тоотойгоор 20 хүнээс орж ирсэн байгаа. 6 орон тоон дотроо би ажиллах ёстой чөлөөлж байгаа тушаалаар миний эрх ашиг хөндөгдлөө гэх давуу тал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100-д зааснаар байгаа. Яагаад гэвэл жирэмсэн амаржсан амралттай байгаа гэдэг байдлаар хандсан зүйл байхгүй. Нэгэнт хөдөлмөрийн хэлтэс гэдэг байгууллага байхгүй бүтэц орон тооны хувьд 22 хүнээс 5 болж буурсан. Энэ 5 орон тоон дотор би ажиллах ёстой миний ажлын байр хадгалагдах ёстой шүү гэдэг байдлаар Х.О шүүхэд хандаж эрх ашгаа хамгаалуулсан зүйл байхгүй байгаа. Дараа нь хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар тайлбарлаад байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд хүүхэд асрах чөлөө олгох асуудал ажил олгогчийн үүрэгжсэн заалт гэж ойлгож болно. Гэтэл 106 дугаар зүйлийн 106.1-д эцэг эх өөрөө түүнд чөлөө олгож болно гэсэн байгаа. Ажил олгогчид үүрэгжүүлсэн боловч эрх нь нэхэмжлэгчид байх ёстой. Тийм учраас хүүхэд асрах чөлөөгөө авах талаар өргөдөл хүсэлт ерөөсөө гаргаж байгаагүй. Үүнийг нэхэмжлэгч урьдны хурал дээр ч тайлбарладаг. Нэхэмжлэгч 2016 оны 9 сарын 3-ны өдөр амаржсан байдаг. Үүнээс хойш 11 сарын 03-ны өдөр буюу жирэмсний амралтын хугацаа буюу 120 хоногийн хугацаа дууссан байгаа. Ингээд 11 сарын 03-ны өдрөөс хойш хүүхэд асрах чөлөөгөө эдлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй.Харин 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлт гаргасан байгаа. Тэгэхээр хүүхэд асрах чөлөө аваагүй буюу ажлаас чөлөөлөгдсөн нөхцөл байдал үргэлжлээд явсан гэж үзэхээр байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийг нэхэмжлэгч тал тайлбарлаад байгаа. 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар ажил олгогчид нэг талаар үүрэгжүүлсэн боловч нөгөө талаар эрхийн олгосон зохицуулалт гэж үзэж байна. Яагаад гэвэл ажил албан тушаалын хувьд хуучин 22 бүтэцтэй байсан боловч мэргэжилтний хувьд 5 орон тоотой орж ирсэн байгаа. Ингэхээр ажилтны тоо цөөрсөн орон тоо хасагдсан гэж үзэх нөхцөл байдал бий болж байгаа. Энэ тохиолдолд ажил олгогч өөр ажил албан тушаал санал болгосон байдаг. Гэтэл санал болгосон ажил албан тушаалыг гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд шүүхээс энэ байдлыг нь харгалзаж үзнэ үү гэж хэлмээр байна. Х.О-ны хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт биш хэлтэст ажиллаж байсан. Хэлтэст ажиллаж байхдаа жирэмсний амаржсаны амралтаа авсан боловч үргэлжлүүлж чөлөө аваагүй. Өөрөөр хэлбэл ажлын байраа хадгалагдах нөхцөл боломжийг өөрөө үгүйсгээ ажилдаа хайнга хандсан нөхцөл байдал байдаг. 2 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох хүсэлт гаргаад шийдээгүй тохиолдолд Төрийн албаны салбар зөвлөлд хандах эрх зүйн боломж байсан ч хэтрүүлж хандсан. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавих шаардлага гэсэн стандарт байгаа. Энэхүү стандартын 6 дугаар зүйлийн 2.1 дээр Хөдөлмөрийн сайдын баталсан хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны ажилтнуудад тавигдах шаардлагыг хангасан байна хүний нөөцийн хувьд. 10 дээр нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төрөл хэлбэр гэсэн байгаа. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилд зуучлах, нэгдсэн бүртгэл мэдээллийн үйлчилгээнд хамруулах, бусад үйлчилгээ гэсэн үйлчилгээний төрөл байгаа. Энэ шаардлагын 8-9 дүгээр хуудсанд байгаа. Ажил мэргэжлийн чиг баримжаа үйлчилгээг мэргэшсэн зөвлөхийн эрх авсан ажилтан батлагдсан сургалтын хөтөлбөр арга зөвлөмжийн дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлнэ гэсэн байгаа. Эдгээр шаардлагыг гуравдагч этгээдийн хувьд хангасан байгаа учраас 2 сертификатаа стандартын хамт гаргаж өгсөн байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага гэсэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/161 тоот тушаалын 2 дугаар хавсралтанд үнэлгээ мэдээллийн төвийн хөндлөнгийн үнэлгээнд хамрагдан үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээтэй байх албан хаагчид дараах шаардлага чиг үүргийг хангаж ажиллана гээд нийтлэг шаардлага дээр байгаа. Энэ дээр мэргэжлийн чиг баримжаа өгөх ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн зөвлөх нь ажил мэргэжил боловсрол хөдөлмөрийн зах зээлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр ажилд зуучлах арга замуудын талаар мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлнэ үйлчлүүлэгдчийн нас хүйс сэтгэхүйн онцлог байдлын хэрэгцээнд нийцүүлэн үнэн зөв бодитой зөвлөгөө мэдээлэл өгөх чиг үүргийг хариуцлагатай гүйцэтгэнэ гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр зуучлагч гэдэг нь нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа шиг зүгээр нэг үг тавиад ороод ирсэн асуудал биш. Ажил мэргэжлийн чиг баримжаа өгөх, зөвлөгөө өгөх, зуучлал хариуцсан мэргэжилтэн мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцаж байгаа энэхүү ажлын байр нь тодорхойлолтоороо ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх ажил дээр зуучлал гэсэн үг нэмчихсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 10 үндсэн чиг үүргийг гүйцэтгээд байгаа. Энэхүү чиг үүрэг дээр 5 дугаарт иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлнэ гээд 10 ажлын нэг нь нэхэмжлэгч Х.О-ны хийж байсан ажил байгаа. Тэгэхээр нэг ажил байгаа тохиолдолд ажлын байр өөрчлөгдөөгүй гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны асуудал дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хугацаа хэтрүүлж шүүхэд хандсан нөхцөл байдал харагдаж байна. Ажлын байрны тодорхойлолт болон бүтцэд байхгүй орон тоон дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад байгаа. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй хирнээ тодруулж байна гэдэг байдлаар өөр ажил албан тушаалд орохоор нэхэмжлэгч тайлбарлаад байгааг анхаарч үзнэ үү. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ гэхээр энэ ажил албан тушаал дээр оръё гэдэг нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа гэснийг уншихаар ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн дээр томилуулахаар тодруулж байна гэж оруулж ирсэн байгаа. Тэгэхээр ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаал өмнө нь ямар байсан бэ гэдгийг шүүхээс бүтцийн анхаарч үзнэ үү. Үүнийг 2 хүн хийж байсан ажил албан тушаал байгаа. А-ийн эрхэлж байгаа ажил албан тушаал өнөөдөр өмнөх бүтцээрээ 3 нэр томъёо бүхий 4 хүний хийж байсан ажил албан тушаалыг энэ нөхцөл байдал үүссэн байгаа тохиолдолд ганцхан миний ажил албан тушаал мөн юм гэдэг байдлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын ойлгомжгүй байдал гаргаж өгөөд байгаа нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа учраас эдгээр баримтуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагын тухайд мөн ойлгомжгүй байдал байгаад байгаа. Жишээ нь 2016 оны амралтын мөнгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт олгох тушаал гаргахыг даалгах, 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс ажилд орох хүсэлтийг шийдээгүй ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд тогтоолгох тушаал гаргахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад тодруулахдаа эдгээр шаардлагуудаа дэлгэрүүлж тайлбарлах юм байна гэж ойлгосон чинь өөрчлөх байдлаар тайлбарласан байгаа учраас шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэхгүй байх гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй хуучин нэхэмжлэлийн шаардлагаараа явж байгаа учраас зуучлал бол өөр ажил албан тушаал юм. Өмнө нь эрхэлж байхад өөр ажил албан тушаал байсан. Өнөөдөр бол А-ийн ажил албан тушаал гүйцэтгэл дээр байгаа. Үүнийг анхаарч үзнэ үү. Ээлжийн амралт олгоогүй эс үйлдэхүй нь 2016 онд ээлжийн амралт эдлэх ёстой байсан. Х.О 2016 онд ээлжийн амралт эдлээгүй миний эрх ашиг хөндөгдлөө гэж үзэх юм бол 2017 оны 1 сарын 30 гэхэд нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд хандаж гаргах ёстой байсан гэж үзэж байна. Тэгэхээр эрх ашиг сонирхол хөндөгдсөнөөс хойш дээд шатны байгууллага эсхүл шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас ээлжийн амралт олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Үүнийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Дараа нь 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд орох хүсэлтийг шийдвэрлээгүй ажилд томилохгүй байгаа хариуцагчийн үйлдэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хөдөлмөрийн хуулийн 104 дүгээр зүйлд заасан 120 хоногийн амралтын хугацаа дууссан тул 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажилдаа буцаж орох хүсэлтээ гаргах ёстой байсан. Гэтэл дараа оны буюу 2017 оны 2 сарын 01-нд ажилдаа буцаж орох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учраас Хөдөлмөрийн хуулийн 104, 106 дугаар зүйл заасан үндэслэлүүдээр ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс учирсан хохирол болон улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тушаал гаргахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2 дахь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна. 4 дэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн  104, 106-д заасан үндэслэлүүд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д үндэслэлүүд, бүтэц орон тоо, стандартууд, сертификат, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслээд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай тушаал хүчин төгөлдөр байгаа зэрэг баримтуудыг үндэслээд 4 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Иргэдийн төлөөлөгчийн дүнэлт: Х.О нь шүүхэд гомдол гаргах үндэслэлтэй гэж бодож байна гэжээ.

      Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч  Х.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагуудаа тодруулж, “Хариуцагчийн 2016 оны ээлжийн амралт олгоогүй эс үйлдэхүй, мөн “2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох” тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа /ажилд томилоогүй/ эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгон Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий ажил, албан тушаалд томилохыг болон 2017 оны 9 дүгээр сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгуулах, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол / 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш авах ёстой байсан цалин, хөлс 9530039 төгрөг,  амралтын нөхөн олговор 376127 төгрөг / нийт 9972420 төгрөгийг гаргуулах”ыг хүссэн байна.

       Хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасныг баримтлан хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд шийдвэрлэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шинээр өмгөөлөгч авах болон шүүх хуралдаан хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт санал гаргаагүй болно.

     Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.О-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгч Х.О “Намайг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй. Байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр миний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа ээлжийн амралт авах тухай болон ажилдаа орох тухай өргөдлүүдийг шийдвэрлээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа” гэж маргасан байна.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч “Бүтэц, орон тооны өөрчлөлтөөр хуучин Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байруудыг нэгтгэсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны чиг үүргийн дагуу Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажил үүрэг дээр эрүүл ахуй, сургалтыг нэмж хариуцуулан ажиллуулж байгаа. Х.О-ны ажлын байрны орон тоо байхгүй болсон. Х.О-нд 3 удаа ажлын байр санал болгосон” гэж тайлбар гаргажээ.

      Гуравдагч этгээд Ж.А “ 3 мэргэжилтний ажлын байрны чиг үүргүүд нэгтгэгдэж би шинэ орон тоон дээр ажиллаж байгаа гэж бодож байна. Миний ажиллаж байгаа ажлын байр нь Х.О-ны урьд эрхэлж байсан ажлаас өөр болсон” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгуулахыг хүсжээ.

     Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасан байна.

    Урьд нь анхан шатны шүүх Х.О-ны нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

      Давж заалдах шатны шүүх “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар 03-ны өдрийн хариуг нэхэмжлэгч гардан авсан үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа /30 хоног/ тоологдож эхэлнэ” гэж үзжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл нь миний өргөдлийн хариуг 2017.05.09-ны өдөр шуудангаар ирүүлсэн” гэсэн  байгаа бөгөөд тэрээр шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 07-нд нэхэмжлэл гаргасан, мөн хариуцагч ээлжийн амралт олгох эсэх тухай шийдвэрийг гаргаж нэхэмжлэгчид мэдэгдсэн нь тогтоогдохгүй байх тул “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

        Нэхэмжлэгч Х.О нь 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/16 тоот тушаалаар анх Хөдөлмөр эрхлэлтийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон ба 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн тус хэлтсийн даргын Б/02 тоот тушаалаар Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс жирэмсний амралтаа авч 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр амаржсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

      Х.О-ыг жирэмсний болон амаржсаны амралттай байх үед түүний ажиллаж байсан Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг, Халамжийн хэлтэстэй нэгтгэн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” нэртэй хэрэгжүүлэгч агентлагийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан байна.

     Үүний дагуу 2016 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/18 дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх” тухай тушаал гарч нэр бүхий 22 албан тушаалтан, ажилтныг тус өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн байна. Ажил мэргэжлийн чиг баримтжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Х.О-ны нэр уг тушаалын хавсралтанд дурдагдсан 22 албан тушаалтны 8 дугаарт бичигджээ.

       Дараа нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан байх ба Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийг 6 орон тоотойгоор баталжээ. Уг тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд Х.О-ны урьд нь эрхэлж байсан албан тушаалын нэршил дээр “ажилд зуучлал” гэсэн  томьёолол /нэршил/ нэмэгджээ. Ч.Одгэрэл, О.Батзориг нар нь “Ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн” –ээр ажиллаж байсан бөгөөд Х.О, Ч.Одгэрэл, О.Батзориг нарын эрхэлж байсан ажил, албан тушаалуудын чиг үүргүүдийг нэгтгэж нэг ажлын байр болгон баталсан гэж үзэхээр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ажлын байрууд нэгтгэгдсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна.

     Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.О-ны шилжин очсон Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтцийн  өөрчлөлтөөр Х.О-ны ажлын байр /орон тоо/ хасагдаагүй байх ба, харин дээр дурдсан гурван ажлын байрыг нэгтгэж орон тоог цөөрүүлсэн байна.  

     Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах” аар зохицуулж өгчээ.

     Хариуцагч нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд Ч.Одгэрэл, О.Батзориг, Х.О нараас хэн нэгийг нь хуульд заасан шалгуур, үзүүлэлтээр шалгаруулж авах ёстой байсан боловч уг албан тушаалд хуучин бүтцээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн байсан Б.Нямхүүг томилон ажиллуулсан байгаа ба түүнийг өөрийнх нь хүсэлтээр  ажлаас нь чөлөөлж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс гуравдагч этгээд Ж.А-г түр томилсон байна.

      Хариуцагч Б/12 дугаар тушаалаар гуравдагч этгээд Ж.А-г ажилд томилохдоо албан тушаалын нэршилийг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн” гэж тодорхойлсон нь бүтэц, орон тоо баталсан харьяа дээд шатны албан тушаалтны шийдвэрт нийцээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар хариуцагч нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг. Дээд байгууллагын бүтэц, орон тоо баталсан тушаалаар Б.Нямхүүгийн эрхэлж байсан “Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн”- ий ажлын байр /орон тоо/ хасагдсан байхад уг албан тушаалын чиг үүргийг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” –ий албан тушаалын чиг үүрэгтэй нэгтгэн ажлын байрны тодорхойлолт гаргасныг зөвтгөх боломжгүй юм.

       Нэг. “хариуцагчийн 2016 оны ээлжийн амралт олгоогүй эс үйлдэхүй, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгох, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд томилохыг, мөн 2017 оны 9 дүгээр сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудын талаар:

        Х.О нь жирэмсний болон амаржсаны амралтын 120 хоногоо дуусгаад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт “2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт олгох” тухай өргөдөл, хүсэлтээ гаргажээ. Захиргаа түүний өргөдлийг хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгууллагынхаа Өргөдөл, хүсэлт бүртгэх дэвтрийн 41 дугаарт  бүртгэсэн байх ба өргөдөл дээр тус байгууллагын дарга нь “ Бүтцийн өөрчлөлтөөр ажлын байр нь цомхотгосон тул амралт олгох боломжгүй, судлах “ гэж П.Батнасанд цохолт хийж шилжүүлсэн байгаа боловч ээлжийн амралт олгох эсэх асуудлаар шийдвэр бичгээр гараагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

       Захиргаа ажилтныхаа жирэмсний болон амаржсаны амралтын хуудсыг үндэслэн жирэмсний болон амаржсаны амралтыг эдлүүлэх тухай шийдвэр гаргах үүрэгтэй. Хэдийгээр  Х.О-нд жирэмсний болон амаржсаны амралт олгох эсэх тухай шийдвэр гараагүй байгаа боловч түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл байгууллага  төлсөн нь  түүнийг жирэмсний болон амаржсаны амралттай байсныг хүлээн зөвшөөрсөн хэлбэр юм. Ажлаас нь чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр байхгүй байна. Тэрээр  төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д заасан баталгааг эдэлж Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх эрхтэй. Х.О-нд ээлжийн амралт олгохоос татгалзах хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс шүүх Х.О-нд ээлжийн амралтыг биечлэн эдлүүлэх, амралтын олговор олгох тухай шийдвэр гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзлээ.

       Мөн Х.О 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр өргөдөл гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн ажилдаа орох хүсэлтээ илэрхийлсэн байна. Өргөдлийг байгууллагын 2017 өргөдлийн бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн байна. Захиргаа өргөдлийг хүлээж аваад нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон талаар хариуцагч тайлбар гаргасан. Хариуцагчийн зүгээс “байнгын бус ажлын байр эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах санал тавьсан учраас саналыг хүлээж аваагүй” гэж нэхэмжлэгч тайлбарладаг.  

       Хариуцагч нь гуравдагч этгээд Ж.А-г 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий ажлын байранд түр хугацаагаар томилсон байна. Гуравдагч этгээд Ж.А нь урьд нь хуучин бүтцээр Манхан сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан ба бүтэц, орон тооны өөрчлөлт орсны дараа  2016 оны 11 дүгээр сарын 07-ний Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/79 тушаалаар Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаад дараа нь маргаан бүхий ажлын байранд дээр мөн түр томилогджээ. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий  газрын бүтэц, орон тоо баталсан тушаалаас үзэхэд түүний урьд нь эрхэлж байсан ажлын байр нь “сумын хөдөлмөрийн эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэсэн нэршилтэйгээр батлагдсан байна. Уг тушаалаар сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтний 2 тусдаа байсан ажлын байруудыг нэгтгэсэн байдаг.

       Хариуцагчийн тайлбарласнаар бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны дараа буюу Х.О-ыг ажилд орох өргөдөл гаргах үед “ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан О.Батзориг бүтэц, орон тооны өөрчлөлтөөр, маргаан бүхий ажлыг эрхэлж байсан Нямхүү өөрийн хүсэлтээр тус тус ажлаас чөлөөлөгдсөн, Ч.Одгэрэл өөр ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан байна.

       Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд захиргаа Х.О-ны өргөдлийг хүлээн аваад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заалтуудыг хэрэгжүүлэн ажиллаж түүнийг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд томилон ажиллуулах боломжтой байсан гэж үзэхээр байна.

        Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

      Иймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасныг баримтлан  нэхэмжлэгчийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох тухай Х.О-ны хүсэлтийг шийдвэрлээгүй, ажилд нь томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх,  хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул түүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд  томилохыг, мөн нэхэмжлэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэлээ.

        Хоёр. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирол /2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг  хүртэл авах ёстой байсан цалин, хөлс 9530039 төгрөг, амралтын нөхөн олговор 376127 төгрөг/ нийт 9972420 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

       Ажилдаа тухай орох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, ажилд томилоогүй мөн ээлжийн амралт олгоогүй зэрэг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш авах ёстой байсан цалин, хөлс,  амралтын нөхөн олговор хэлбэрээр нэхэмжилсэн байна. Тэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9530039 төгрөг, амралтын нөхөн олговор 376127 төгрөг нийт 9972420 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.  

        Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн хуулийн этгээд шаардах эрхтэй.

        Иймээс шүүх нэхэмжлэгчийн  2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 9426762 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын нөхөн олговор 384874 төгрөг нийт 9811636 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүх Х.О-ны 2016 оны 5,6,7 сард авсан гурван сарын цалингийн дундажаар цалинтай тэнцэх нөхөн олговрын тооцооллыг хийв. /493353+538887+538887= 523709x18=9426762/

        Х.О 2015 оны 08 сард амарсан байх тул 2016 оны амралтын нөхөн олговрыг тооцохдоо 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 08 сар хүртэлх цалингийн нийлбэрийг 11 сард хуваан нэг сарын цалингийн дундажийг гаргаж, улмаар нэг өдрийн цалингийн хэмжээг гарган ээлжийн амралтын 15 хоногоор үржүүлэв.

/6068189:11=551654:21.5=26658x15=384874/

      Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын ихэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.6, 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1,46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-ны нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, Х.О-д 2016 оны ээлжийн амралт олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүй, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа орох тухай түүний өргөдлийг шийдвэрлээгүй, ажилд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, Х.О-ыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий ажил, албан тушаалд томилохыг, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад тус тус даалгаж, 2016 оны ээлжийн амралтын олговор 384874 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 2018 оны 08 дугаар сарын 02 хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 9426762 нийт 9811636 төгрөгийн хохирлыг хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч Х.О-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 160784 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас/ 70200  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.О-нд буцаан олгосугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар    хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЛТАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                        С.ЕРКЕШ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Т.ОЮУНГЭРЭЛ