Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

 “У” ТӨХК-ийн С төвийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн

 хяналтын газрын улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Н-ын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0065781 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0690 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 577 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч О.А нарыг оролцуулж,

            Гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0690 дүгээр шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч У ТӨХК-ийн С төвөөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Б.Н-д холбогдуулан гаргасан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0065781 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 577 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “У” ТӨХК-ийн С төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 577 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргагч У ТӨХК-ийн С төв нь дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Б.Н-ын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0065781 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлыг шийдвэрлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 32.5-д заасан цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэхдээ эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 32.2 дахь заалтад Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараах тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн бөгөөд 32.2.1-д эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол гэж заажээ. Үүний дагуу У ТӨХК-ийн С төв нь И ХХК-ийн хэрэглээг түдгэлзүүлсэн атал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Б.Н зөвхөн 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг барьж зөрчлийн акт тавьсан нь хуулийг буруу тайлбарласан.

6. Давж заалдах шатны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М намайг оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудаж ирүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн. И ХХК-д урьдчилж 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр У ТӨХК-ийн С төвөөс мессеж явуулсан нь урьдчилж мэдэгдэх нөхцөлийг хангасан. Гэтэл И ХХК нь мессеж хүлээж авсны дагуу төлбөрөө төлөх талаар эргэн У ТӨХК-ийн С төвөөс тодруулж асуугаагүй байдаг.

7. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэв.

9. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0065781 дүгээр шийтгэлийн хуудсаар, “И” ХХК-д “урьдчилан мэдэгдэлгүйгээр цахилгаан эрчим хүчийг хязгаарласан” гэсэн үндэслэлээр У ТӨХК-ийн С төв /цаашид С төв гэх/-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн 3000 мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. 

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд С төв нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “И” ХХК-ийн 99900202 дугаарын утсанд “...цахилгааны төлбөр 2525139 төгрөг. Нийт үлдэгдэл 2508614 төгрөг. Төлбөрийг 7 дугаар сарын сарын 25-ны дотор төлнө үү” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд тус компани нь нэхэмжилсэн төлбөрөөс, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 651869 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1101566 төгрөгийг төлж, төлбөрөөс 755178 төгрөгийг төлөлгүй, гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогдсон, энэ тохиолдолд, С төв нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн нь талуудын хооронд байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” болон Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзлээ. 

11. Тодруулбал, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д  “эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй ...тохиолдолд эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасан, түүнчлэн, “И” ХХК болон С төвийн хооронд байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний 2.2.11-д “хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчийг зүй зохистой ашиглаж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй”, 3.1.6-д “Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан “Эрчим хүчний тухай хууль”-ийн 32.2 дугаар заалтыг үндэслэн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх эрхтэй”, 6.2-д “Хэрэглэгч цахилгаан эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан алдангийг төлөх бөгөөд хуулийн дагуу хангагч нь хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ” гэж тус тус заажээ.

12. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч хэрэглэсэн цахилгааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хангагч байгууллагаас хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх талаар хууль болон гэрээнд урьдчилан тодорхой заасан, түүнчлэн, С төв нь хэрэглэгч  “И” ХХК-нд төлбөрийн үлдэгдэл болон төлбөр төлөх хугацааг мэдэгдсэн байхад төлбөрийг төлөөгүйгээс тус компанийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

13. Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэртээ түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тодорхой заах...”-аар заасан нь тухайн тохиолдолд хэрэглэгдэхгүй, “... 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэх” зохицуулалтын зорилго нь хэрэглэгчээс өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх тохиолдолд буюу хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүй эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх боломжийг хязгаарлах агуулгатай  гэж үзнэ.

14. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс эрчим хүчний хэрэглээгээ түдгэлзүүлсэн “И” ХХК-д “... 48 цагаас доошгүй цагийн өмнө мэдэгдээгүй хууль зөрчсөн” гэж дүгнэн, улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн тус төвд торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

15. Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-т “хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан, тухайн тохиолдолд, хангагч С төв нь “хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан”,  “хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад, эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг, хууль болон гэрээнд заасан үндэслэлээр хязгаарласан С төвд энэ хуулийн заалтыг үндэслэн шийтгэл оногдуулсан нь хууль бус, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна. 

16. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0690 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 577 дугаар магадлалыг хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасныг баримтлан гомдол гаргагч У ТӨХК-ийн С төвийн гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0065781 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

                             ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА