Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 690

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “У” ХҮТ

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Н

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Н-ын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            “У” ХҮТийн дарга Г.А шүүхэд гаргасан гомдолдоо: “... Манай байгууллага нь “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан хамтран ажилладаг. “И” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох цахилгаан эрчим хүчний хэрэглээ болох 2,508,614 төгрөг  гарсан.

            Тус төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 651,869 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,101,566 төгрөг, 2 удаа хувааж төлсөн боловч нийт төлбөрөөс 755,178 төгрөгийг төлөлгүй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан үүргээ зөрчсөн болно.

Мөн “И” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээн дээр бүртгэлтэй 9990.... дугаарт болон nasanjarg......mn мэйл хаягаар төлбөрөө хугацаандаа төлөх талаар анхааруулж байсан.

            Хэрэглэгч “И” ХХК нь сар бүр тогтмол цахилгаан эрчим хүч хэрэглэдэг байнгын үйлчлүүлэгч бөгөөд хэдний өдөр төлбөр гарч хэзээ төлөх талаар тодорхой мэддэг. Мөн тухайн 07 дугаар сарын төлбөрийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийн тулд 2 удаа хувааж төлсөн боловч 755,178 төгрөгийг төлөлгүй үүргээ зөрчсөн.

            Тус үүргээ биелүүлээгүй тул хуульд заасан эрхийн дагуу Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6, 6 дугаар зүйлийн 6.2-т тус тус зааснаар цахилгаан эрчим хүчийг хязгаарласан.

Гэтэл “И” ХХК Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан бөгөөд байцаагч Б.Н тус асуудлыг авч шалгаад Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийг үндэслэлгүйгээр урьдчилан мэдэгдэлгүй цахилгаан эрчим хүчийг хязгаарласан гэж Зөрчлийн тухай хуулиар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Иймд Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв нь цахилгаан эрчим хүч хэрэглүүлсний зүй ёсны төлбөрөө барагдуулахын тулд хуульд заасны дагуу хязгаарлалт хийсэн тул 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *******тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н би “И” ХХК-иас ирүүлсэн “У” ХҮТ урьдчилан мэдэгдэлгүй цахилгаан эрчим хүч хязгаарлан тоног төхөөрөмж шатаасан гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад зөрчлийн шинжтэй байх тул 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1802000380 дугаартай зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу шийтгэврийн арга хэмжээ авсан.

            Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д зааснаар цахилгаан эрчим хүчээр хязгаарлана гэж заасан байдаг боловч тус зүйлийн 32.5-д хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалснаар хүний амь нас, улсын эрх ашиг, эд хөрөнгийн хохирол учруулахгүй байх үүднээс эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэртээ түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, тоног төхөөрөмж, тоолуур, хэмжүүр болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ гэж заасан.         

            Гэвч “У” ХҮТ нь “И” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 18-нд зөвхөн төлбөр төлөх мэдээллийг мессэжээр явуулсан боловч цахилгаан эрчим хүчийг таслах болсон талаар урьдчилан мэдэгдэж анхааруулалгүйгээр 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шууд гадна цахилгаан хангамжид таслалт хийж эд хөрөнгийн хохирол учруулсан байгаа нь зөрчлийн шинжтэй, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь заалт, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь “У” ХҮТийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 21/196 тоот албан бичиг, Авлагын хэсгийн менежер Ц.М гийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг, “У” ХҮТөөс “И” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 21/184 дугаар албан бичиг зураг баримтуудаар тогтоогдсон тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “У” ХҮТ-өөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Б.Н-д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Н-ын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Н 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *******дугаартай шийтгэлийн хуудсаар: “У” ХҮТ нь “И” ХХК-ийн цахилгааныг урьдчилан мэдэгдэлгүй тасалсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-д заасны дагуу нийт 3,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэртээ түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, тоног төхөөрөмж, тоолуур, хэмжүүр болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хүний амь нас, улсын эрх ашиг, бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болохуйц байдал бий болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг урьдчилан мэдэгдэхгүйгээр түдгэлзүүлж болно”, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, “И” ХХК-ийн гаргасан “У” ХҮТ нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан мэдэгдэлгүй цахилгаан эрчим хүч хязгаарласан гэх гомдлын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 07-Б1808060682/1039 дугаартай зөрчлийн  хэрэг нээх тухай тогтоолыг үйлдэж, 1802000380 дугаарыг хяналтын прокурор Ц.Уртнасан олгосон байна.

“У” ХҮТ нь “И” ХХК-тай “цахилгаан эрчим хүчээр хангах” 401645 дугаартай гэрээг байгуулсан байна.

Дээрх гэрээний 3.1.6 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан Эрчим хүчний тухай хуулийн 32.2 дугаар заалтыг үндэслэн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх” гэж заасан байх бөгөөд хэрэглэгчийн 9990.... дугаар утсанд “Код:4191.... Эрхэм хэрэглэгч таны цахилгааны төлбөр 2525139 төгрөг, нийт үлдэгдэл 2508614 төгрөг. 07 дугаар сарын 25-ны дотор төлнө үү” гэсэн сануулах мэссежийг явуулсан гэж гомдол гаргагч шүүхэд маргадаг.

 Зөрчлийн хэргийн холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “цахилгааны эрчим хүчийг төлбөр төлөөгүйн улмаас хязгаарласан болохоо хүлээн зөвшөөрч, ... ийнхүү хязгаарлахаас өмнө төлбөрөө төлнө үү гэсэн мэссежийг хэрэглэгчийн холбогдох утсанд явуулсан” гэсэн мэдүүлгийг өгсөн ба үүнийг шүүх хуралдааны явцад мэдүүлж, түдгэлзүүлэхийг сануулсан мэссеж явуулаагүй гэж тайлбарладаг.

Дээрхээс дүгнэвэл “У” ХҮТ нь “И” ХХК-ийн цахилгааныг таслахаас өмнө Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэртээ түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, тоног төхөөрөмж, тоолуур, хэмжүүр болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжлэх үүргээ биелүүлээгүй байна.

Гомдол гаргагч “У” ХҮТ нь “И” ХХК-ийн цахилгааныг таслах тухайгаа урьдчилан мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан мэдүүлэг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 21/184 тоот албан бичиг болон холбогдох бусад баримтуудаар нотлогдож байх бөгөөд гомдол гаргагчаас хэрэглэгчийн холбогдох утсанд хүргүүлсэн “төлбөрөө төлнө үү” гэх утгатай мессэжийг урьдчилан мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал дээр дурдагдсан мессэжинд зөвхөн төлбөр төлүүлэх талаар дурдсан байх бөгөөд цахилгааныг хязгаарлах талаар огт дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Н 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *******дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Гомдол гаргагч “У” ХҮТ-өөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Б.Н-д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Н 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх бол 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэх үүргээ биеүүлээгүй гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин энэхүү шүүхийн шийдвэрээр гэрээнээс учирсан хохирлын асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд “У” ХҮТ болон “И” ХХК-ийн хооронд байгуулсан “цахилгаан эрчим хүчээр хангах” 401645 дугаартай гэрээний үүргийн биелэлтийн талаар холбогдох шүүхэд хандаж шийдвэрлүүлж болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “У” ХҮТөөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Б.Н-д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “У” ХҮТөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА