Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00471

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 02 12

210/МА2018/00471

 
 

 

 

Монголын цахилгаан холбоо ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Жи Мобайл ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 579 224 826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, Д.Болдбаатар, Г.Энхмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монголын цахилгаан холбоо ХК-ийн зүгээс Жи-Мобайл ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЖМ-11/1068 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулан сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээг үзүүлж ирсэн. Уг гэрээний 1.4.7, 1.4.8, 1.4.9-д заасны дагуу манай компани олон улсын ярианы үйлчилгээ буюу Улс хоорондын дуудлага хүлээн авах, гарах, орох дуудлага дамжуулах харилцан холболтын үйлчилгээг өөрийн 001 гэсэн гарцыг ашиглан үзүүлдэг бөгөөд талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байсан. Гэтэл 2014 оны 6, 7 дугаар сард гарсан олон улсын ярианы үйлчилгээний төлбөрөө Жи-Мобайл ХХК нь өнөөг хүртэл төлөлгүй тус компанид тодорхой хэмжээний хохирол учруулж байна.

Тухайлбал, тус компанийн сүлжээнээс манай улс хоорондын ярианы 001 гарцаар 2014 оны 6 сард 196 227 691 төгрөг, 7 дугаар сард 204 193 649 төгрөг, нийт 400 241 340 төгрөгийн олон улсын ярианы дуудлага дамжуулах үйлчилгээ хийгдсэнээс зөвхөн 14 271 455 төгрөгийн төлбөрийг хийгээд үлдэгдэл 386 149 885 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй.

Дээрх олон улсын ярианы дуудлага дамжуулах үйлчилгээний төлбөрийг гадаадын холболтын үйлчилгээ үзүүлж байгаа компанид төлөхгүй нөхцөлд Монгол улсаас гадаад орон руу гарч байгаа олон улсын дуудлага хийх үйлчилгээг хаадаг учраас манай компани бусад үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг бодож арга буюу Жи-Мобайл ХХК-ийн сүлжээнээс гарсан ярианы төлбөрийг гадаадын харилцаа холбооны дамжуулагч компанид төлсөн. Уг төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх үүднээс гэрээнд заасны дагуу Жи-Мобайл ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4/1076 тоот, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5а/17 тоот албан бичгийг тус тус хүргүүлсний зэрэгцээ Жи-Мобайл ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзаж 2 удаа ажлын уулзалт зохион байгуулсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсоны дагуу алданги 193 074 942 төгрөг, үндсэн төлбөр 386 149 885 төгрөг, нийт 579 224 826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Жи Мобайл ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан ЖМ11/1068 тоот харилцан холболтын гэрээний 2.4.1.1 дэх хэсэгт Жи мобайл ХХК-ийн сүлжээний хэрэглэгчийн дугаарлалтыг 98, 93, 97, 53 гэж зааглан тогтоосон байдаг. Гэтэл 2014 оны 7 дугаар сард Жи мобайл ХХК-иас Монголын цахилгаан холбоо ХК-ийн олон улсын гарцаар гарсан гэх дугаарлалт нь 0000000 гэх мэт дуудагдсан эцсийн хэрэглэгчгүй, бодит бус дуудлага байдаг. Дээрх 0000000 гэх мэт дугаарлалт нь ITU /International Telecommunication Union буюу Олон улсын цахилгаан холбооны байгууллага/-ын номерлолтын төлөвлөгөөнд тусгагдаагүй дугаарууд байгаа тул бид дээрх төлбөрийн асуудлыг бодит бус гэж үзэж байна. Монголын цахилгаан холбоо ХК нь холболт бодитой эсэхийг тооцолгүйгээр программ дээр бичигдсэн анхны бичлэгийг шууд төлбөр болгон ирүүлсэнтэй бид санал нийлэхгүй байгаа ба олон улсын харилцагч байгууллагадаа манай компаний өмнөөс төлбөр төлсөн гэх боловч энэ талаар баримт байдаггүй. Бид холболт хийгдсэн дугааруудыг нарийвчлан судалж үзсэн бөгөөд доорх албан ёсны зөвшөөрөгдсөн сайтууд дээрх олон улсын телефоны дугаарлалтын дагуу шалгалтыг явуулж нэхэмжилсэн төлбөр үндэслэлгүй болохыг тогтоогоод байгаа. Манай компанийн хувьд 2014 оны 6, 7 дугаар сарын харилцан холболтын бодит төлбөр болох 14 271 455 төгрөгийг төлж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн ба нэгэнт гүйцэтгэсэн гэрээний үүрэгтэй холбогдуулж алданги нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хариуцагч Жи мобайл ХХК-иас гэрээний үүрэгт 579 224 826 төгрөг гаргуулахыг хүссэн Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 230 031 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх холболт хийгдсэн гэж үзэхээр байгаа боловч эцсийн хэрэглэгч гэх 00000 гэх мэт дугаарлалтууд нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас оноосон угтвар кодын мэдээлэлд бүртгэлгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу. Олон улсын ярианы гарцын хувьд дуудлага хийгдсэн эсэхийг ярианы нарийвчилсан бичлэг CDRZ-ээр тодорхойлох ба энэ нь Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журмын 1.5.11-д харилцан холболтын үйлчилгээний төлбөр гэдэг нь харилцан холболтын үйлчилгээг хэрэглэсэн хэрэглэгчийн төлж буй нэгж үйлчилгээний үнэ гэж тодорхойлсон байгаа ба 2014 оны 06, 07 дугаар сарын Жи-Мобайл ХХК-ийн хэрэглэсэн үйлчилгээ байгааг шинжээчийн дүгнэлт, хэрэгт байгаа МЦХ ХК-ийн 2014.10.09-ний өдрийн 4/1076 тоот албан бичиг, түүнчлэн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5а/17 тоот, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 5а/173 тоот албан бичгүүдээр тогтоогдож байхад олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тогтоосон угтвар кодонд бүртгэлгүй хэмээн хэрэгт авагдаагүй зүйлийг үндэслэл болгож хэт нэг талыг барьж шийдлээ. Түүнчлэн, 2014 оны 06, 07 саруудад МЦХ ХК-ийн олон улсын ярианы гарцаар Жи-Мобайл ХХК-ийн сүлжээнээс холбогдсон, яриа хийгдсэн байгаа болохыг удаа дараа хийсэн шинжээчийн дүгнэлтэд ч тодорхой дурьдсан. Шүүх удаа дараа шинжээч томилсон хэрнээ дүгнэлтийг огт үнэлээгүй.

Шүүх Харилцаа холбооны тухай хуулийн 26.2.1 дэх заалтыг үндэслэн халдлага болж байгааг мэдээлэх, сүлжээний системийн аюулгүй ажиллагааг хамгаалах үүрэгтэй хэмээн нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй. Олон улсын ярианы гарцаар Монгол руу яриа хийгдэж байх, эсвэл Монголоос яриа гарсан байх нь энэ төлбөр тооцоог хийх үед ICJIUI болдог. Харин энэхүү тооцоог хийхэд, Жи-Мобайл ХХК-ийн тайлбарласан, түүнийг шүүх хүчп ш зөвшөөрч дүгнэсэн 00000 гэх дугаарлалтаас хамааран тооцоонд өөрчлөлт оруулдаг үндэслэл байгаа юу гэдгийг шүүх дүгнэж чадаагүй. Иймээс олон улсын бусад байгууллагад төлбөр төлсөн эсэхээс илүү нэхэмжлэгч талын нотлох баримтаар уг төлбөр тогтоогдож байгаа эсэхийг дүгнэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх, санхүүгийн хараат бус аудитын дүгнэлтийг аудитын дүгнэлт нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн санхүүгийн тайлан тооцоог үндэслэн гаргадаг нэг талын баримт бөгөөд гэрээнд заасны дагуу төлбөрийг ялгаж тооцоо нийлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн болно. Монголын цахилгаан холбоо ХК-ийн 001 гарцаар дамжин хийгдсэн улс хоорондын ярианы ачаалал буюу нийт минутыг шинжээчийн дүгнэлтэд дурдсанчлан холболт яриа тогтоогдсон л бол ярианы нарийвчилсан бичлэг нь /CDR/-т бичигддэг бөгөөд бичигдсэн ярианы нийт минутын тооцоог cap бүр МЦХ ХК-ийн биллингийн мэргэжилтэн компьютераас шууд хэвлэн тухайн сард ярьсан яриаг минутаар нь дээрх бичлэгийг үндэслэн тодорхойлж санхүүгийн албанд хүргүүлдэг, уг баримтууд санхүүгийн үндсэн баримт болох бөгөөд санхүүгийн алба нь талуудын байгуулсан гэрээнд заасны тарифаар тооцон төлбөрийг Жи мобайл ХХК-тай тооцоо нийлдэг. Хэрэгт байгаа нэхэмжлэгчийн энэхүү бичлэгийг шүүх үнэлээгүй, хариуцагч Жи мобайл ХХК-ийн томилогдсон шинжээчид өөрсдийн CDR бичлэгээ гаргаж өгөөгүйг мэдсээр байж, баталгаатай санхүүгийн баримтыг үндэслэн гаргасан аудитын дүгнэлтийг нэг талын гаргасан баримт учир тооцоо нийлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Дотоодын оператор байгууллагын харилцаа холбооны сүлжээний тооцоо МЦХ ХК-ийн санхүүгийн баримтаар бүрэн тогтоогддог, уг баримтаар Жи-Мобайл ХХК санхүүгийн өртэй байгааг нотлодог. Талуудын хооронд байгуулсан гэрээнд "гадаадын дамжуулагч компанид ярианы төлбөр төлсний дараа төлбөрийг төлнө" гэсэн тохиролцоо байхгүй, гэтэл шүүхэд өгсөн тайлбар болон хуралдаанд үүнийг үндэслэл болгож буй нь гэрээний үүргээ зөрчиж байгааг харуулсааар байгаа бөгөөд үүнийг ч шүүх "нотлогдохгүй байна" хэмээн зөвтгөж болохгүй.

Шүүх Д.Батцэцэгийн албан компьютерт үзлэг хийх болсон. Энэ үед Батцэцэгийн албан компьютерт байсан материал нь төлбөрийн нэхэмжлэхийг багцлаад хадгалсан файл байсан тул "эх хувь биш" гэдэг үндэслэлээр үзлэг хийгээгүй. Иймээс үүний дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр МЦХ ХК-ийн зүгээс гадаад каррер орнууд руу 2014 оны 06, 07 дугаар саруудын улс хоорондын ярианы төлбөр тооцооr ирүүлэхийг хүссэний дагуу албан мэйлээр ярианы төлбөр тооцоог МЦХ ХК-ийн хамтын ажиллагаа, зохицуулалтын албаны мэргэжилтэн Г.Энхмаад ирүүлсэн. Энэ үйл баримт болж байхад шүүх хуралдаан товлогдсон тул нэхэмжлэгч нь Г.Энхмаад 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1 а/806 дугаар бүхий итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Г.Энхмаагийн компьютерт ирсэн улс хоорондын ярианы төлбөрийн тооцоонд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй атлаа "нотлогдохгүй байна" гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Каррер орнуудаас байнга ирдэг нэхэмжлэх болон 2014 оны 06, 07 дугаар сарын улс хоорондын ярианы тооцоо нь өөр өөр баримт бөгөөд дээрх улс хоорондын ярианы төлбөр нь хариуцагчийн зүгээс үгүйсгээд байгаа Жи-Мобайл ХХК-ийн өмнөөс төлбөр төлсөн эсэх тодорхойгүй гэсэн татгалзлыг нотлох гол баримт юм. Түүнчлэн Г.Энхмаад хэргийн материалтай танилцах боломж олгоогүй хэрнээ хэргийн баримттай танилцуулсан гэж гарын үсэг зуруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК нь хариуцагч Жи Мобайл ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 579 224 826 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч бодит холболтын төлбөр болох 14 271 455 төгрөгийг төлж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ККДАЙ корпорациас Монголын цахилгаан холбоо ХК-д ирүүлсэн холболт хийгдсэн талаарх төлбөрийн нэхэмжлэх гэх баримтыг Бона лекс орчуулгын товчоогоор орчуулга хийлгэж нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтууд нь цахим хэлбэрээр байгаа тул үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. /1-р хх-ийн 96-250, 3-р хх-ийн 33, 114, 122-123/

 

Зүй нь уг баримтуудад орчуулга, үзлэг хийх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Монголын цахилгаан холбоо ХК-д хандаж олон улсын ярианы төлбөр тооцоо гарсан эсэх, төлбөрийг Монголын цахилгаан холбоо ХК төлсөн эсэх, уг тооцоо нь Жи Мобайл ХХК-ийн дугаарлалттай холбоотой эсэхийг тодруулахад ач холбогдолтой юм.

 

Талууд 2014 оны 6, 7 дугаар саруудад Жи-мобайл ХХК-ийн сүлжээнээс Монголын цахилгаан холбооны олон улсын гарцаар гарсан гэх дуудлага дугаарлалт нь эцсийн хэрэглэгчтэй холбогдсон эсэх, уг дуудлагууд бодитой эсэх, харилцан холболтын тооцоо үндэслэлтэй эсэх зэрэг мэдээллийн технологи, шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл зэрэг өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдхүүнтэйгээр шинжээч томилж тодруулах шаардлагатай асуудлуудаар маргасан. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилсон боловч шинжээч асуултад гүйцэт хариулаагүй, ..,хүн хүчний болоод техник хэрэгслийн боломжгүй, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн талаар хариу өгсөөр байхад зохих арга хэмжээг аваагүй. Шинжээчийн 2 удаагийн дүгнэлт гарсан хэдий ч уг шинжээчийн дүгнэлтээр хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдож захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх боломжгүй. /2-р хх-ийн 160-162, 3-р хх-ийн 2-7/

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны холбооны улсын байцаагчид, Шинжлэх ухаан технилогийн их сургууль зэрэг газруудаас бүрэлдхүүнтэй шинжээч томилж дутуу үлдсэн, бүрхэг асуултуудад хариулт авахыг хариуцагч талаас хүссэн нь тухайн хэрэгт ач холбогдолтой байсан. /3-р хх-ийн 24, 25, 115/

 

Хамтарсан шинжээч томилуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 23 дугаар зүйлд заасантай нийцэхгүй, үндэслэлгүй болжээ./3-р хх-ийн 113-114, 122-123/

 

Маргааны үйл баримтад хамааралтай Жи-мобайл ХХК-ийн сүлжээнээс олон улсын ярианы гарцаар холболт хийгдсэн эсэх, холболт хийгдсэн тохиолдолд ямар хэмжээний төлбөр тооцоо гарсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 054 075 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                          Ш.ОЮУНХАНД