Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01530

 

 

 

 

Б.Цэрэнхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01103 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Цэрэнхандын нэхэмжлэлтэй хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Цэрэнханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаяр, өмгөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Цэрэнханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс тус банктай 54 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан Дотоод аудитын газрын Аудиторын албан тушаалд ажиллаж, өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ямар нэг алдаа дутагдал гаргаагүй байсан боловч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тус банкны ТУЗ-ийн тогтоолын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Тус банкны ТУЗ-ийн Т/18-11-01 тогтоолын үндэслэх хэсэгт ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул гэж заасан боловч ямар шалтгааны улмаас сунгахгүй болсон нь миний хувьд тодорхой бус байгаагаас гадна аудиторын ажлын байр нь байнгын орон тоо болно. Б.Цэрэнханд миний бие Тээвэр, хөгжлийн банк ХХК-д Аудитороор ажиллаж байгаад хууль бусаар, үндэслэлгүйгээр гэрээний хугацаа сунгах боломжгүй гэсэн шалтгааны улмаас ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олгогдох байсан хөдөлмөрийн хөлсөө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаяр, Ю.Дөлгөөн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Т/01-39-01 дугаартай тогтоолоор Б.Цэрэнхандыг Дотоод аудитын газарт Аудитор албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар томилсон. Туршилтын хугацаанд нь Б.Цэрэнхандын зан харилцааны талаар хэд хэдэн гомдол ирсэн ба аудитороор ажилласан туршлага багатай, цаашид үндсэн ажилтнаар томилогдож, бие даан хяналт шалгалт хийх боломжтой гэж үзэхэд эргэлзээтэй байсан. Ажилтныг үндсэн ажилтнаар ажиллуулах эсэх асуудлыг газрын удирдлагын саналыг үндэслэн ТУЗ-өөс шийдвэрлэдэг бөгөөд Дотоод аудитын газрын удирдлагын зүгээс Б.Цэрэнхандыг ажлын гүйцэтгэл хангалтгүй, санаачилгагүй ажилласан гэж үзэж, үндсэн аудитороор томилохгүй байх санал гаргасан тул ТУЗ-ийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Т/18-11-01 тоот тогтоолоор ажилтныг ажлаас чөлөөлсөн ба тогтоолыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр түүнд гардуулан өгсөн. Ажилтантай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалттай нийцэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.269 дүгээр зүйлийн 69.1 дах заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Цэрэнхандыг Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн Дотоод аудитын газрын аудиторын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.869.565,22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэнхандад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Цэрэнхандын болон хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Тээвэр хөгжлийн банк ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 92.863 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54-01 тоот Хөдөлмөрийн түр гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Ажил олгогчийн байгууллагын дотоод журам, ажил олгогчийн үйл ажиллагааны онцлог, ажилтны өөрийн хүсэл сонирхлыг харгалзан талууд хөдөлмөрийн түр гэрээг хугацаатайгаар байгуулахаар харилцан тохиролцов" гэж тусгасан ба уг заалтад талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хангалттай тодорхой тусгагдсаны зэрэгцээ талууд харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалттай нийцэж байна. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуульд талууд харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрсний зэрэгцээ гэрээнд хугацаатай байгуулах болсон үндэслэл, шалтгааныг тайлбарлан тусгах шаардлагыг тусгаагүй. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад "Гэрээний хугацаа дуусмагц жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэсэн заалт байгаа шалтгааны талаар хариуцагчийн төлөөлөгч нараас тодруулахад техникийн алдаа гэж тайлбарласан гэж тусгажээ. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүхэд бичгээр тайлбар гаргаж, уг тайлбартаа нэхэмжлэгч үндсэн ажилтнаар томилогдоогүй байсан, ажилтантай 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээ нь ажилтан туршилтын хугацаанд ажилдаа тэнцээгүй учир түүнийг үндсэн ажилтнаар томилоогүй, түүнд дахин боломж олгох үүднээс өөртэй нь харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэрээ гэдгийг хариу тайлбарт тодорхой тусгасан. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбарыг анхаарч үзэлгүй, хуулийн мэдлэггүйн улмаас хэт мэргэжлийн нэр томьёог өөрийнхөөрөө тайлбарлаж, "туршилтын хугацаа дууссан" гэсэн утгаар хэлсэн үгсийг нэхэмжлэгч үндсэн ажилтнаар томилогдсон мэтээр буруу ойлгосон ба уг ойлголтоо шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт буюу "энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна" гэсний дагуу нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр хугацаатай гэрээ байгуулсан. Ажилтантай хугацаатай гэрээ байгуулах талаар гаргасан банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэсэн. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шаардлагыг хангаагүй тул үндсэн ажилтнаар томилолгүй ажлаас чөлөөлсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зйүтэй.

Нэхэмжлэгч Б.Цэрэнханд нь хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэнханд нь Тээвэр хөгжлийн банк ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус банкны Дотоод аудитын газрын аудиторын ажлын байранд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 54-01 дугаартай хөдөлмөрийн түр гэрээ нэртэй гэрээг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаагаар байгуулсан байна./ хх-ийн 5-16/

Хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Т/18-11-01 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр Б.Цэрэнхандыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. /хх-ийн 20/

Нэхэмжлэгч Б.Цэрэнханд дээрх тогтоолыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхаас гадна цаашид сунгагдахгүй болсон гэсэн 2 нөхцөл бүрдсэн байхыг шаарджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно гэж, мөн зүйлийн 231.2 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж заажээ.

Хөдөлмөрийн гэрээний талууд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай хөдөлмөрийн түр гэрээ хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн ба хариуцагчийн төлөөлөгч ажилд тэнцэх эсэх, цаашид ажиллах боломжтой эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулахаар хугацаатай гэрээ байгуулсан зорилгоо тайлбарласан байна. Уг гэрээний 3.3-т гэрээний хугацаа дуусмагц жинхлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд туршилтын хугацаа 3 сар хүртэл байхаар хуулиар тогтоосон байхад ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин 1 сар нэмж туршилтын хугацааг тогтоож 3 сараас илүү хугацаанд туршилтаар ажиллуулах гэрээ байгуулаад, үүнийхээ дагуу гэрээг цуцалсан нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлд хамааруулах боломжгүй.

Ийм учраас 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 54-01 дугаартай Хөдөлмөрийн түр гэрээг 1 сарын хугацаатай байгуулж, улмаар уг гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Б.Цэрэнхандыг ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дотоод аудитын газрын удирдлагын зүгээс Б.Цэрэнхандыг ажлын гүйцэтгэл хангалтгүй, санаачилгагүй ажилласан гэж үзэж, үндсэн аудитороор томилохгүй байх санал гаргасан гэж тайлбарлаж, Б.Цэрэнханд аудиторын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлт гэсэн баримтыг гаргаж ирүүлсэн /хх-ийн 31, 32/ боловч уг баримтыг ажлаас чөлөөлсөн тогтоол гарахаас өмнө түүнд танилцуулсан гэх баримтгүй, уг үнэлгээ, дүгнэлтийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тогтоолын үндэслэл болгоогүй тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх Тээвэр хөгжлийн банк ХХК нь Б.Цэрэнхандыг ажлаас буруу халсан гэж үзэж, Б.ЦэрэнхандыгТээвэр хөгжлийн банк ХХК-ийн Дотоод аудитын газрын аудиторын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв болно.

Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д заасны  дагуу Б.Цэрэнхандын нийгмийн даатгалын дэвтрийн бичилтэд үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 4 869 565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн төлсөн 92 865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ