Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ганцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Л.Мөнхбаяр, Ю.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 10 сарын 18-ны өдрөөс тус банктай 54 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан Дотоод аудитын газрын Аудиторын албан тушаалд ажиллаж, өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ямар нэг алдаа дутагдал гаргаагүй байсан боловч 2018 оны 2 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тус банкны ТУЗ-ийн тогтоолын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Тус банкны ТУЗ-ийн Т/18-11-01 тогтоолын үндэслэх хэсэгт “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул” гэж заасан боловч ямар шалтгааны улмаас сунгахгүй болсон нь миний хувьд тодорхой бус байгаагаас гадна аудиторын ажлын байр нь байнгын орон тоо болно. Тус банкнаас аудиторын орон тоонд ажилтан авах тухай ажлын байрны зарыг өдөр тутмын сонин хэвлэлд тавьж байсан, мөн өөрийн цахим хуудастаа байршуулсан байгаа. Мөн надаас гадна тус банкны Дотоод аудитын газрын захирал, ахлах аудиторыг ажлаас халж ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн болно. Б.Ц  миний бие Тээвэр, хөгжлийн банк ХХК-д Аудитороор ажиллаж байгаад хууль бусаар, үндэслэлгүйгээр гэрээний хугацаа сунгах боломжгүй гэсэн шалтгааны улмаас ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олгогдох байсан хөдөлмөрийн хөлсөө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Ц ын нэхэмжлэлтэй, Тээвэр хөгжлийн банкинд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхойлж хариу тайлбар гаргаж байна. Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн Т/01-39-01 дугаартай тогтоолоор Б.Ц ыг Дотоод аудитын газарт Аудитор албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар томилсон. Туршилтын хугацаанд нь Б.Ц ын зан харилцааны талаар хэд хэдэн гомдол ирсэн ба аудитороор ажилласан туршлага багатай, цаашид үндсэн ажилтнаар томилогдож, бие даан хяналт шалгалт хийх боломжтой гэж үзэхэд эргэлзээтэй байсан. Хэдийгээр тухайн үед Хөдөлмөрийн түр гэрээг дуусгавар болгох боломжтой байсан боловч банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ажилтанд дахин боломж олгож, 2018 оны 2 сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд ажиллуулахаар түүнтэй харилцан тохиролцсоны дагуу гэрээ байгуулан ажиллуулсан. Ажилтныг үндсэн ажилтнаар ажиллуулах эсэх асуудлыг газрын удирдлагын саналыг үндэслэн ТУЗ-аас шийдвэрлэдэг бөгөөд Дотоод аудитын газрын удирдлагын зүгээс Б.Ц ыг ажлын гүйцэтгэл хангалтгүй, санаачилгагүй ажилласан гэж үзэж, үндсэн аудитороор томилохгүй байх санал гаргасан тул ТУЗ-ийн 2018 оны 2 сарын 27-ны өдрийн Т/18-11-01 тоот тогтоолоор ажилтныг ажлаас чөлөөлсөн ба тогтоолыг 2018 оны 2 сарын 28-нд түүнд гардуулан өгсөн. Ажилтантай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалттай нийцэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг 2018 оны 3 сарын 1-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 5 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 4,869,565.22 төгрөг гэж тодруулж байна.

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Ц  нь Т ХХК-тай Дотоод аудитын газрын аудиторын ажлын байранд 2017 оны 10 сарын 18-ны өдөр  54 дугаартай “Хөдөлмөрийн түр гэрээ” нэртэй гэрээ /хх-5-10 тал/-г 2017 оны 10 сарын 18-ны өдрөөс 2018 оны 1 сарын 19-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай байгуулан ажиллаж байгаад 2018 оны 1 сарын 19-ний өдөр 54-01 дугаартай “Хөдөлмөрийн түр гэрээ” нэртэй гэрээ /хх-11-16 тал/-г 2018 оны 1 сарын 19-ний өдрөөс 2018 оны 2 сарын 28-ны өдрийг дуусталх хугацаагаар байгуулсан байна.

Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 2 сарын 27-ны өдрийн Т/18-11-01 дугаартай “Аудиторыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр Б.Ц ыг 2018 оны 2 сарын 28-ны өдрөөр  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2018 оны 3 сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч нь 2017 оны 10 сарын 18-ны өдрийн  54 дугаартай “Хөдөлмөрийн түр гэрээ” нэртэй 3 сарын хугацаатай байгуулагдсан гэрээг туршилтын хугацааны гэрээ гэж тайлбарлаж байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дахь заалтад “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.”, мөн зүйлийн 231.2 дахь заалтад “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж заасан тул талууд туршилтын хугацаагаар 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн байна.

2018 оны 1 сарын 19-ний өдөр 54-01 дугаартай “Хөдөлмөрийн түр гэрээ” нэртэй гэрээний талаар шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нараас тодруулахад хариуцагчийн төлөөлөгч нар нь энэ гэрээ бол туршилтын хугацааны гэрээ биш, өмнө байгуулсан туршилтын хугацааны гэрээний хугацаа дууссанаар Б.Ц ыг үндсэн ажилтнаар ажиллуулж эхэлсэн бөгөөд харин талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж байна.

Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад “Гэрээний хугацаа дуусмагц жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалт байгаа шалтгааны талаар хариуцагчийн төлөөлөгч нараас тодруулахад энэ бол өмнөх гэрээний загвар дээр гэрээг байгуулахдаа хасах байсан заалтыг хасаагүй техникийн алдаа гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дахь заалтад зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ба мөн зүйлийн 23.2.2 дахь заалтад байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан байна.

Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцлийг зохицуулсан бөгөөд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан  байх шаардлагатай.

2018 оны 1 сарын 19-ний өдрийн 54-01 дугаартай “Хөдөлмөрийн түр гэрээ” нэртэй гэрээнд гэрээг хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгаан, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой тусгагдаагүй байх ба гэрээг нэг сарын хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгааныг хариуцагчийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тодруулахад нэхэмжлэгчид өөрийгөө харуулах боломж олгох үүднээс хугацаатай байгуулсан гэсэн тайлбар гаргаж байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, санаачлагагүй ажилласан гэж үзэж үндсэн аудитороор томилохгүй байх санал гаргасан гэх боловч анх байгуулсан гэрээний туршилтын хугацаа дууссан, мөн анх байгуулсан гэрээний туршилтын хугацаа дуусч, нэхэмжлэгчийг үндсэн ажилтнаар авч ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан атлаа нэхэмжлэгчид өөрийгөө харуулах боломж олгох үүднээс талууд харилцан тохиролцож нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан бөгөөд тайлбар ойлгомжгүй, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгаан тодорхойгүй байна.

Иймд хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дахь заалтад заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хуулийн шаардлагыг зөрчиж, тодорхой үндэслэлгүйгээр нэхэмжлэгчтэй байнгын ажлын байранд нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дахь заалтад заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хуулийн шаардлагыг зөрчиж нэг сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байгаа нь хуульд нийцэхгүй байх тул Т ХХК нь Б.Ц ыг ажлаас буруу халсан гэж үзэж, Б.Ц ыг Т ХХК-ийн Дотоод аудитын газрын аудиторын ажилд эгүүлэн тогтоож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Нэхэмжлэгч нь 2018 оны 3 сарын 1-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 5 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 4,869,565.22 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж шаардлагын хэмжээг шүүх хуралдаанд тодруулсан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу Б.Ц ын нийгмийн даатгалын дэвтэр /хх-17,18 тал/-т бичигдэн баталгаажсан сүүлийн гурван сарын цалин хөлс буюу 2017 оны 12 сарын цалин хөлс 1,996,230 төгрөг, 2018 оны 1 сарын цалин хөлс болох 1,995,039 төгрөг, 2018 оны 2 сарын цалин хөлс болох 1,990,625 төгрөг, нийт 5,981,894 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 1,993,964 төгрөг болж байна.

Үүнийг ажлын 21.5 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 92,742 төгрөг болж байна.

Хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалсан 2018 оны 3 сарын 1-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 5 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт ажлын 53 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь /92742*53=4915326/ 489158326 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,869,565.22 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Т ХХК-аас 4,869,565.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц ын болон хариуцагч Т ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т ХХК-д даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц ыг Т ХХК-ийн Дотоод аудитын газрын аудиторын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Т ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,869,565.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц ад олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц ын болон хариуцагч Т ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т ХХК-д даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 92,863 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР