Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01511

 

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01511

 

 

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 102/ШШ2017/01299 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нарт тус тус холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүрэгт 29 135 410,31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч Г.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Мэнд-Амар, Г.Өлзий нар нь 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр манай банктай №ЗГ-RCC2015110908-1 тоот зээлийн гэрээ, БГ-RCC20151109081-1-1 тоот гэрээнүүдийг байгуулж 30 000 000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, засварын төв нээх зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Г.Өлзийгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/, ХД-86/2 дугаар байрны 109 тоот 30 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүйгээс банкийг хохироож байх тул үндсэн зээл 27 195 533.96 төгрөг, үндсэн хүү 1 589 817.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 115 925,91 төгрөг, нийт 28 901 276.91 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хуримтлагдсан хүү болох 2 974 133.40 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төлбөрөөс зээлдэгчийн төлсөн 2 740 000 төгрөгийг хасч тооцон, үндсэн зээл 27 195 533.96 төгрөг, үндсэн хүүнд 1 842 240.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 97 635.69 төгрөг, нийт 29 135 410.31 төгрөгийг хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Мэнд-Амар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 30 000 000 төгрөгийн зээлээс 4 728 000 төгрөгийг хамтран зээлдэгч Г.Өлзий авсан учир хариуцах ёстой. Мөн 15 000 000 төгрөгийг М.Даваасүрэн надаар дамжуулан авчихаад хугацаандаа өгөөгүй улмаас би шүүхэд дуудагдаж байна. Уг зээлээс 10 272 000 төгрөгийг л би өөрийн хувийн бизнестээ зориулан авсан. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Худалдаа хөгжлийн банкинд хүүнд 7 383 058.14 төгрөг, үндсэн зээлд 8 821 009.84 төгрөгийг тус тус төлсөн. Г.Өлзийгийн зүгээс уг орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан бөгөөд сард 250 000 төгрөгийг төлж байна, бусад олон зээлтэй учраас зээл нь явж өгөхгүй байна. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлөөд банкинд тавиад өгөөч ээ гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан. Тэгээд Т.Мэнд-Амар бид хоёрт бэлэн байсан 5 728 000 төгрөгийг өгч банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж өгсөн. Ингээд хоорондоо тохиролцсоны үндсэн дээр банкны барьцаанд Г.Өлзийгийн эзэмшлийн 1 өрөө орон сууцыг тавьж 30 000 000 төгрөг зээл авсан. Зээл авсан өдрөөс хойш Т.Мэнд-Амар, Т.Мэндбаяр бид нар Худалдаа, хөгжлийн банкинд 11 560 00 төгрөгийг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 2 804 466 төгрөг, үндсэн хүү 5 793 240 төрөг, нэмэгдүүлсэн хүү 223,303 төгрөгийг тус тус төлсөн гэжээ.

 

Хариуцагч Г.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ах, дүү Мэндбаяр, Мэнд-Амар, тэдний ээж Цолмон нарын банкны зээлэнд байраа тавьж залилуулсан тухайгаа Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Тэд байрыг барьцаалахдаа буцаагаад суллаад өгнө гэдгээ гэрээгээр баталгаажуулна гээд банкин дээр очиж гарын үсэг зуруулсан. Манай орон сууцыг анх банк бус санхүүгийн байгууллагад 5 728 000 төгрөгийн барьцаанд байхад Т.Мэндбаяр, Т.Мэнд-Амар нар барьцаанаас чөлөөлж өгөөд бид засварын газар нээнэ гэж хэлээд Худалдаа, хөгжлийн банкинд 30 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Зээлж авсан 30 000 000 төгрөгөөс манайх нэг ч төгрөг аваагүй. Байрыг банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлсөн 5 728 000 төгрөгөөс манайхаас микер авсан 1 000 000 төгрөг, мөн ээжид маань 500 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Үүнийг хасахад бидний зүгээс 4 000 000 төгрөгийг хариуцагч Т.Мэндбаяр, Т.Мэнд-Амарт төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нараас нийт 29,135,410.31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгож, Талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн RCC2015110908-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний 7.1.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/, ХД-86/2 дугаар байрны 109 тоот 30 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 362,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нараас 362,992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх зээл, түүний олголт, захиран зарцуулсан бодит нөхцөл байдалд болон хариуцагч Т.Мэнд-Амарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж үзэлгүйгээр хариуцагч нараас нийт 29 135 410.31 төгрөгийг хамтад нь хавтгайруулан гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн зориулалт, түүнд бүрдүүлэн өгсөн баримт, зээлийн эргэн төлөлтийн графикт Т.Мэнд-Амарын зурсан гарын үсэг, зээлийг зөвхөн Т.Мэнд-Амарт олгосон шилжүүлэг, зээлийн хүүг зөвхөн Т.Мэнд-Амар төлж байсан баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Т.Мэнд-Амарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Өлзий 4.7 сая төгрөг зээлээс авсан гэж тайлбарласан зэргээр нотлогдоно. Гэтэл шүүх хариуцагч Т.Мэнд-Амарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мэндбаярын зээлийн зарцуулалтын хүлээн зөвшөөрсөн хэмжээг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Зээлийн гэрээний дагуу банк зээлдэгч Г.Өлзийд нэг ч төгрөгийн зээл олгоогүй. Түүнчлэн барьцааны гэрээг зөвхөн зээлийн гэрээний хугацаагаар хийсэн байтал шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна. Иймд шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1-д хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нараас нийт 29 135 410.31 төгрөг гэснийг хариуцагч Т.Мэнд-Амараас 24 407 410 төгрөгийг, хариуцагч Г.Өлзийгээс 4 728 000 төгрөгийг тус бүр гаргуулж гэж өөрчлөн, Г.Өлзийгээс нэхэмжилсэн нэхэмжлэлээс 24 407 410 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэж, "Тогтоох" хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож тус бүр өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн алдаа, зөрчил гаргаагүй ба хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зээлийн гэрээнээс үүссэн зохигчдын хоорондох маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад заасны дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нарт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 135 410 төгрөг гаргуулах, барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Мэнд-Амар зарим хэсгийг зөвшөөрч, хариуцагч Г.Өлзий бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй, засварын төв нээх зориулалтаар зээлдүүлэх, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгч нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх тус тус тохиролцож, зээлийн гэрээнд хариуцагч Т.Мэнд-Амар, Г.Өлзий нар гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж, зээлийн мөнгөн хөрөнгө 30 000 000 төгрөгийг зээлдэгч Т.Мэнд-Амарын дансанд шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хууулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 2 804 466 төгрөг, зээлийн хүүд 5 793 240 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 223 303 төгрөг нийт 8 821 009 төгрөг төлсөн боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь үндсэн зээл 27 195 534 төгрөг, үндсэн хүүнд 1 842 240 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 97 636 төгрөг, нийт 29 135 410 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ RCC2015110908-1 дүгээр зээлийн гэрээнд хариуцагч Г.Өлзий хамтран зээлдэгч тал болон оролцсон нь түүний гарын үсгээр баталгаажсан зээлийн болон барьцааны гэрээний хувиудаар тогтоогдсон \хх-ийн 4-8\ тул хамтран хариуцагч нарт төлбөр ногдуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчдийн үүрэг тэнцүү байх зарчимд нийцжээ.

Зээлийн гэрээгээр хамтран зээлдэгч тус бүрийн хүлээх үүргийг ялгаж тодорхойлоогүй, хариуцагч Г.Өлзийгийн бусдад төлөх 5 728 000 төгрөгийн өр зээлийн гэрээг байгуулахаас өмнө төлөгдсөн байх тул уг гэрээний үүрэгт хамааралгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний үүргийг гаргуулсан нь зөв байна.

 

Хариуцагч Г.Өлзийгийн хувьд хамтран хариуцагч нарын хоорондын тооцооны асуудлаа банкны зээлийн гэрээний үүргээс тусдаа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх боломжтой, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Өлзий давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ